“Эрх зүй ирээдүйд хаашаа чиглэж байгааг мэдэхгүйгээр сайн бүтээгдэхүүн гаргах боломжгүй болжээ” хэмээн Л.Өлзийсайхан оршил хийв. Парламентын “гал тогоо”, “арын алба” хэмээгддэг УИХ-ын Тамгын газрын гол бүтээгдэхүүн нь мэдээж хууль юм.

Тэрбээр энэ удаа УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд бус багшийн дүрээр хамтран зүтгэгчдийнхээ дунд сууж байлаа. Хууль зүйн ухааны доктор Л.Өлзийсайхан лекцээ асуултаар эхлүүлэв.

Бидний өнөөдөр боловсруулж буй хууль маргаашийн нийгэмд үйлчилж чадах уу?

Тамгын газрынхны хувьд энэ амаргүй асуулт. Чадахгүй гэвэл өөрсдийн “үйлдвэрлэдэг” бүтээгдэхүүнд итгэлгүй харагдах болов уу? Чадна гэвэл хуучинсаг сонсогдох ч юм билүү?

Гэсэн ч “Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй”-гээр эвгүй асуултаас эвтэйхэн бултаж сурсан хүмүүс учраас давгүй “дипломат” хариулт бэлэн “шидлэв”.

“Уг нь чадна гэж бодож байгаа ч таныг ингэж асуухаар эргэлзээд эхэллээ” л гэнэ.

Өөр нэг нь бас “Өнөөдрийн хууль маргаашийн нийгэмд үйлчлэх хуулийн суурь болох байх” гэж дуугарлаа.

“Хуулийг өнөөдөр болоод ирээдүйд үйлчилнэ гэж баталдаг. Гэхдээ шинжлэх ухаан хөгжихийн хэрээр эрх зүйдээ, зарчимдаа нийцүүлж хуулийг өөрчилдөг” хэмээн тов хийсэн хариу ч сонсогдлоо.

Л.Өлзийсайхан УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар дахин томилогдоод ажилтнууддаа ”УИХ-ын Тамгын газрын 2026 оны тэргүүлэх зорилт”-оо танилцуулахдаа “Хуулийн чанарыг сайжруулах эхний алхам нь хуулийн төсөл боловсруулагчийн сургалт” хэмээн онцолж байсан юм. Юутай ч “дотоод сургалт” уламжлал болж, УИХ-ын Тамгын газрын ахлах зөвлөх, зөвлөхүүд болон референт, бусад албан хаагчид нь олон чухал сэдвээр хичээл сонсож дадав.

Өөрсдөө суралцахаас гадна бусдыг ч сургадаг. Хуулийн сургуульд олон жил багшилсан Л.Өлзийсайхан хүүхэд, залууст “Парламентын боловсрол” олгох хөтөлбөрт онцгой ач холбогдол өгч иржээ.

Өмнөх сургалтаар иргэний нийгмийнхний илтгэлийг сонссон хуулийн төсөл боловсруулагчид энэ удаа Тамгын газрынхаа “командлагч”-ийн илтгэлийг сонсож суугаа нь энэ.

Л.Өлзийсайхан “Бид хуулийн төсөл боловсруулахдаа тулгамдсан асуудлыг зохицуулахад голлон анхаарч ирсэн. Тэгээд шийдвэрлэчихлээ гээд хаалгаа хаачихдаг. Гэвч тухайн хууль хэрэгжих хугацаанд технологи, эдийн засаг, хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгддөг” хэмээн онцлов.

Орчин үед энэ өөрчлөлт маш хурдтай болсон.

Өмнө нь бид дэлгүүрт очиж, бараагаа үзээд, төлбөрийг нь бэлэн мөнгөөр төлдөг байсан. Одоо бол гар утсаараа захиалж, цахимаар төлөөд, гэртээ хүргүүлдэг боллоо. Ингэж худалдааг хялбарчилсан ч бараа ирэхгүй байх, зурагтайгаа зөрөх, хувийн мэдээлэл алдагдахад хэрэглэгчийн эрхийг хэрхэн хамгаалах вэ гэсэн асуулт хууль тогтоогчдод хаяглагдаж байна.

Хуулийн төслийн чанарыг өнөөгийн асуудлыг шийдсэн гэдгээс гадна ирээдүйн өөрчлөлтийн нөхцөлд зорилгоо хэрэгжүүлж чадах эсэхээр үнэлэх юм.

Заримдаа бид “Мэдэхгүй ээ мэдэхгүй, өнөөдрийн асуудлаа шийдэж байвал маргааш болох л байлгүй” гэдэг. Гэтэл одоо маргааш бүү хэл ирээдүйн асуудлыг ч тодорхойлоход хүрлээ.

Та ирээдүйд хэн байх вэ гэдэг асуулт хуулийн төсөл боловсруулагчид тавигдаж байна. Хуулийн төсөл боловсруулагчийн ажлын 80 хувь нь бодох, сэтгэх шүү гэдгийг өмнөх сургалтууд дээр ярьсан. Одоо харин юу сэтгэх вэ гэдгийг тодруулъя.

Хуулийн үр дагаврыг урьдчилан мэдэх боломжтой байх ёстой

Яагаад ирээдүйн тухай өнөөдөр ярих ёстой вэ?

Тамгын газраас хэсэг завсарлаад, Үндсэн хуулийн цэцэд очиж, МУИС-ийн Хууль зүйн сургуульд “Эрх зүйн онолын лекц” орох явцдаа би нэг зүйлийг өмнөхөөс илүү мэдэрсэн. Бид чинь эрх зүйн ертөнцөд амьдарч байгаа юм байна гэж.

Гаагийн олон улсын эрх зүйн хүрээлэн, Олон улсын эрүүгийн шүүхийг үүсгэн байгуулалцаж байсан, хуульч, судлаач С.Мюллер, Фришман нар эрх зүйн ирээдүйн тухай ярих дөрвөн үндэслэл гаргажээ. Үүнд:

Нийгмийн харилцаа улам нарийн төвөгтэй, ээдрээтэй болж байна.

Технологийн нэг өөрчлөлт олон салбарын зохицуулалтыг зэрэг хөнддөг болсон. Жишээ нь, хиймэл оюунаар ажилтан сонгон шалгаруулахад хөдөлмөрийн харилцаанаас гадна хувийн мэдээлэл, ялгаварлан гадуурхалт, шийдвэрийн хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуудал үүснэ. Энэ нь асуудлыг салбар хоорондын холбоонд нь авч үзэхийг шаардаж байна.

Өөрчлөлт маш хурдацтай болсон. Нэг өдөр, сар, жилийн дотор юу ч болж мэдэх дэлхийд бид амьдарч байна. Шинээр үүсэж байгаа эдгээр харилцаа хууль шинэчлэхээс хурдан өрнөдөг. Асуудал гарсны дараа зохицуулахад хохирол аль хэдийнэ нэмэгдсэн байдаг.

Эрх зүйн зорилгыг шинээр авч үзэх хэрэгтэй. Өмнө нь бид өнөөгийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийг зорьдог байсан бол орчин үед ирээдүйд ямар эрсдэл үүсэж болох, хэнд нөлөөлөх, хэрхэн, яаж түүнээс урьдчилан сэргийлэх вэ гэдгийг нарийн тооцоолох болж байна.

Тогтвортой байдал уу, дасан зохицох чадвар уу. Үүний тэнцвэрийг олох нь бидний ажил болсон. Эрх зүйн онолд хуулийн үр дагаврыг урьдчилан мэдэх боломжтой байх ёстой гэж номлодог. Бидний мэдэх Америкийн философич, Харвардын профессор Лон Фуллер “Эрх зүйн ёс суртахуун” бүтээлдээ эрх зүйн найман үндсэн зарчмыг тодорхойлсны нэг нь энэ юм. Тэгвэл үүнээс гадна нөхцөл байдал өөрчлөгдөхөд шаардлагатай зохицуулалтыг шуурхай хийж чаддаг, эсхүл ийнхүү нөхцөл өөрчлөгдөхөд хуульд тухайн нөхцөлийг зохицуулах нөөц боломж байх шаардлагатай болж байна.

Хууль бол хүний төлөөх мэдлэг, ухаан

Бид хуулийн төсөл боловсруулах, эх барьж ажиллахдаа ёс суртахууны үүднээс өөрсдөөсөө ингэж асууя.

Нөхцөл өөрчлөгдвөл энэ зохицуулалт зорилгодоо хүрч, хүний эрхийг хамгаалж чадах уу?

Хууль бол хүний төлөөх мэдлэг, ухаан. Та энэ мэдлэг, ухаанаа хүний төлөө дайчилж чадвал, хууль чанартай, амин сүнстэй болно гэсэн үг.

Хууль хэн нэгний ашиг сонирхлыг хангахын төлөө бүтээгддэггүй. Хууль нэг хүн, нэг хэсэг бүлэгт зориулагддаггүй, Монгол Улсын хэмжээнд, нийт хүн ардад зориулагддаг гэдгийг та бүхэн мэдэж байгаа.

Ирээдүйн эрх зүй ба эрх зүйн ирээдүйн ялгаа нь юу вэ?

Ирээдүйн эрх зүй: Ирээдүйд бий болох нийгмийн харилцаанд ямар эрх зүйн хэм хэмжээ, зохицуулалтын механизм шаардлагатай болохыг судална. Үүнийг бид хийдэггүй биш хийж л байгаа.

Эрх зүйн ирээдүй: Эрх зүйн мөн чанар, тогтолцоо, зохицуулалтын арга хэрэгсэл, хуулийн төсөл боловсруулагчид, хуульчдын ажил цаашид хэрхэн өөрчлөгдөхийг судалдаг чиглэл. Илүү өргөн агуулгатай гэсэн үг. Өнөөдрийн сургалт үүнд илүү чиглэж, та бүхний анхаарлыг хандуулах гэсэн юм.

Товчдоо бол, нэг нь ирээдүйд ямар эрх зүй хэрэгтэйг, нөгөө нь эрх зүй өөрөө хэрхэн өөрчлөгдөхийг авч үзнэ.

Бидний хувьд өнөөдөр “ирээдүйн эрх зүй”-г таамаглах, зөгнөх зорилго байхгүй. Харин эрх зүй ирээдүйд хэрхэн, яаж өөрчлөгдөх вэ гэдэг хандлагыг ярилцаж байгаа юм. Үүнд юу нөлөөлж байна, бид өөрчлөлтөд бэлэн үү гэдгийг хамтдаа тодорхойлно.

Эрх зүйн ирээдүйд нөлөөлж буй таван гол өөрчлөлтийн хүчин зүйл …

Өмнө нь хуульч мэргэжлээрээ гангарахад хангалттай байлаа. Би хуульч юм чинь яагаад эдийн засгийн мэдлэгтэй байх ёстой гэж. Юун хиймэл оюун, технологи вэ гэж боддог байсан. Одоо бол тийм биш. Хуулийн төсөл боловсруулагч байхын тулд технологи, хиймэл оюуны ойлголттой, эдийн засгийн мэдлэгтэй байхгүй бол хоцрогдох гээд байна.

Эрх зүйн ирээдүйд нөлөөлж буй өөрчлөлтийн таван гол хүчин зүйлийг авч үзье.

Нэгд, технологи, хиймэл оюуны хөгжил. Хүний өмнөөс хиймэл оюун шийдвэр гаргахад хэн хяналт тавих вэ? Алдаа гарвал хэн хариуцах вэ? Мөн хүний хувийн болон генетикийн мэдээллийг хэрхэн хамгаалах, биотехнологийн хэрэглээнд бие махбодын халдашгүй байдлыг хэрхэн хангах зэрэг асуудал урган гарч байна.

Хоёрт, даяаршил, дижитал эдийн засаг. Бид нэг улсад амьдарч байхдаа өөр улсын платформоос үйлчилгээ авч, мэдээллээ хил дамжуулан солилцож байна. Гэрээний гүйцэтгэлийг ч автоматаар хангах боломжтой болжээ. Харин маргаан гарвал аль улсын хуулийг хэрэглэх, хэн шийдвэрлэх вэ гэдэг нь чухал.

Гуравт, нийгэм, хүн амын өөрчлөлт. Хотжилт нэмэгдэж, хүн ам насжиж, ажиллах хэлбэр өөрчлөгдлөө. Тухайлбал, цахим платформоор ажил олж хийдэг хүний хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгааллыг хэрхэн хангах вэ? Ахмад настнууд болон цахим үйлчилгээ ашиглахад хүндрэлтэй хүмүүст үйлчилгээг яаж хүртээмжтэй хүргэх вэ?

Дөрөвт, байгаль орчин, тогтвортой хөгжил. Байгалийн баялгийг өнөөдөр ашиглахдаа маргааш ямар үр дагавар гарахыг тооцох хэрэгтэй. Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтлоос сэргийлэхийн зэрэгцээ ирээдүй үеийнхний ашиг сонирхлыг өнөөдрийн шийдвэрт хэрхэн тусгах вэ.

Өнөөдөр хүчин төгөлдөр байгаа хуулиудад энэ талаарх заалт байгаа билүү үгүй юу гэж бодоорой. Гэхдээ дэвшил байгаа. Азаар бид Монгол Улсын Үндсэн хуулийн 2019 оны өөрчлөлтөөр тодорхой заалт тусгасан. Энэ заалт хэрэгжиж, үр дүнгээ өгөх ёстой.

Тавд, засаглал, ардчиллын өөрчлөлт. Иргэд цахимаар санал өгөх, шийдвэр гаргахад оролцох боломж нэмэгдэж байна. Үүнийг дагаад төр мэдээллээ нээлттэй байлгаж, ямар үндэслэлээр шийдвэр гаргаснаа ойлгомжтой тайлбарлан, үр дагаврыг нь хариуцах шаардлага нэмэгдлээ. УИХ “Хуулийн хувийн хэрэг”-ийг нээлттэй болгож байгаа. Яагаад ийм хууль батлагдах болов гэдгийг баримт, нотолгоотой нь ил тод мэдээлдэг боллоо.

“Өнөөгийн эрх зүй, зохицуулалтын арга хэрэгсэл дээр дурдсан асуудлуудыг хангалттай хэмжээнд зохицуулж чадаж байна уу?

Энэ асуултыг дахиад та бүхэнд тавья. Тийм үү, үгүй юу гараа өргөөд хариулаарай. Ихэнх нь “Үгүй” гэлээ. Яг үнэндээ “Тийм” гэж хариулах зоригтой хүн байхгүй болов уу даа.

Харилцан хамаарлын ертөнц

Улс орнууд дангаар хөгжих боломжгүй болсон.

Монголын иргэн гадаадын цахим платформоос үйлчилгээ авахад төлбөр нь нэг улсаар дамжиж, хувийн мэдээлэл нь өөр улсад хадгалагдаж болно. Маргаан гарвал аль улсын хуулийг хэрэглэх, хаана хандах, гарсан шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэсэн асуудал үүсдэг. Тиймээс дотоодын асуудлыг зохицуулахдаа ч олон улсын эрх зүйн орчныг хамтад нь харах шаардлагатай юм.

Олон улсын эрх зүйд тухайн харилцаа аль улстай, ямар нөхцөлөөр илүү нягт холбогдож байгааг тогтоох нь хэрэглэх эрх зүйг тодорхойлоход ач холбогдолтой гэж үздэг. Үүнийг нягт холбооны зарчим гэдэг.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо л олон улсын эрх зүйн асуудлыг мэдэх ёстой гэж бодож болохгүй. Бусад Байнгын хороо, түүний ажлын албанд ажиллаж байгаа мэргэжилтнүүдэд энэ хамаатай.

Үндсэн хуулийн Аравдугаар зүйлд заасан таван үндсэн шаардлагыг ягштал биелүүлэх нь бидний үүрэг. Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэхийн зэрэгцээ Үндсэн хуульдаа харшилсан гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрддөггүй. Ийм учраас хуулийн төсөл боловсруулахдаа олон улсын өмнө хүлээсэн үүрэг болон Үндсэн хуулийн нийцлийг хангах ёстой.

УИХ-ын Тамгын газарт хуулийн төслийн эх барьж ажилладаг зөвлөхүүд, Хуулийн газар, Эрх зүй, эдийн засаг, төсвийн дүн шинжилгээний хэлтэс, цаашилбал Тэргүүн дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга зэрэг албан тушаал, бүтэц ажиллаж байгаагийн гол утга учир үүнд бий.

Эдгээрээс гадна хуулийн төсөл боловсруулагчид гадаад улсын эрх зүйн зохицуулалтыг мэдэхээс гадна түүний цаадах түүх, эдийн засаг, газар зүйн хүчин зүйлийг ойлгодог байх хэрэгтэй. Өөр улсад үр дүнтэй байгаа зохицуулалт манай нөхцөлд эрх зүйн рецепц хийх нь тохиромжтой эсэхийг үнэлдэг шат дамжлагатай болмоор байгаа юм. Энэ бас л та биднээс мэдлэг, мэдээлэл, үндэслэл шаардана.

Хол сонсогдож мэдэх ч бид өдөр тутамдаа эдгээрийг хийж ирсэн, гагцхүү системтэй, том зургаар нь харж, ухаалгаар сэтгэх дадал, чадварт суралцах л асуудал юм.

Ер нь хуулийн төсөл боловсруулж ажилладаг зөвлөхүүдэд хамгийн түрүүнд логикийн мэдлэг чухал гэж боддог. Ийм мэдлэгтэй хүн хуулийн төсөл боловсруулагч хийнэ шүү.

Саяхан Туркийн парламентын Тамгын газартай санамж бичиг байгуулсан. Тэнд парламентын захиргаа нь өөрийн гэсэн бие даасан хуультай юм билээ. Энэ хуулиараа бүтэц, зохион байгуулалт, хүний нөөцийн асуудлуудаа бие даан шийддэг учраас Тамгын газар нь хүчирхэг юм билээ.

Ирээдүйн эрх зүйн үнэт зүйл: Үндсэн хуульт ёс ба хүний эрх

Технологи өөрчлөгдөхөд төрийн ажиллах арга барил өөрчлөгдөж болно. Харин хүний эрхийг хамгаалах, төрийн эрх мэдлийг хязгаарлах, хариуцлага хүлээх зэрэг эрх зүйн үндсэн шаардлагууд хэвээрээ.

Жишээлбэл, төр хиймэл оюун ашиглаад иргэний тэтгэмж авах хүсэлтийг татгалзсан гэж төсөөлье. Тэр иргэн “Яагаад татгалзсан бэ? Миний ямар мэдээллийг ашигласан бэ? Алдаатай бол хэнд хандах вэ” гэж асуух эрхтэй. “Хиймэл оюун, алгоритм ингэж шийдсэн” гэдэг хариулт өгч болохгүй. Тийм учраас хүний эрхийг хангах процессын баталгаа нь хуульдаа байх ёстой.

Өөрөөр хэлбэл, технологижиж болно, гэхдээ хүний хяналт заавал байх ёстой. Тэр мэргэжилтэн шийдвэрийн буюу хуулийн үндэслэлийг ойлгож, алдааг илрүүлж, засах бодит эрх хэмжээ, чадвартай байх хэрэгтэй.

Ирээдүйд чиглэсэн хууль тогтоох ажиллагаа

Хууль боловсруулахдаа бид ихэвчлэн “Ямар асуудал гарсан бэ, үүнийг яаж зохицуулах вэ?” гэж асуудаг. Энэ бол зайлшгүй хийх ёстой ажил. Гэхдээ өөрчлөлт хурдсах тусам “Цаашид ямар асуудал үүсэж болох вэ, өнөөдөр ямар бэлтгэл хангах хэрэгтэй вэ?” гэж давхар асуух болж байна.

Жишээлбэл, төрийн үйлчилгээнд хиймэл оюун нэвтрүүлэхээр төлөвлөж байна гэж бодъё. Иргэний эрх зөрчигдөж, гомдол гарсны дараа арга хэмжээ авахыг хүлээлгүйгээр ямар мэдээлэл ашиглах, алдааг хэн хянах, иргэн хаана гомдол гаргахыг урьдчилан шийдэж болно.

Эндээс хоёр чухал санаа бий болно. Нэг нь мэдэгдэж байгаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх. Нөгөө нь ирээдүйд нөхцөл хэрхэн өөрчлөгдөж болохыг хэд хэдэн хувилбараар авч үзэж, зохицуулалтаа тодорхойлох юм.

Мэдээж бүх эрсдэлийг урьдчилант тооцоолох боломжгүй. Бид зөнч биш. Тиймээс хуулийн үр дагаврыг ажиглаж, судалж, сайжруулж байх хэрэгтэй. Хууль батлагдсанаар ажил дуусахгүй. Зорилгодоо хүрч байгаа эсэхийг хянах нь энэ ажлын үргэлжлэл юм.

Суурь зарчмаа хадгалж, шинэ нөхцөлд ч зорилгодоо хүрэх чухал

Ирээдүйд нийцүүлнэ гэдэг нь хуулийг байнга өөрчилнө гэсэн үг биш. Харин суурь зарчмаа хадгалаад, шинэ нөхцөлд үр нөлөөтэй үйлчлэх хуулийн тухай ярьж байгаа юм. Ирээдүйд нийцсэн хууль боловсруулахын тулд эхлээд “Бид яг юуг хамгаалж, ямар үр дүнд хүрэх гэж байна вэ?” гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. Зорилго нь тодорхой байвал технологи өөрчлөгдсөн ч зохицуулалтын чиг баримжаа хадгалагдана.

Жишээлбэл, хүний хувийн мэдээллийг хамгаалах зохицуулалтыг зөвхөн нэг аппликэйшн, нэг төхөөрөмжтэй холбож бичвэл шинэ технологи гармагц хамрах хүрээ нь хүрэлцэхгүй болно. Харин мэдээллийг ямар зорилгоор, ямар үндэслэлээр ашиглах, хэрхэн хамгаалахыг тодорхойлбол өөр өөр технологид үйлчлэх боломжтой.

Мөн хуулийн үр нөлөөг юугаар хэмжих, хэзээ дахин үнэлэхээ анхнаас нь төлөвлөнө. Өөрчлөх шаардлага гарвал иргэд, байгууллагад ойлгомжтой байдлаар хэрэгжүүлэх учиртай.

Ирээдүйд нийцэх чадварын гол агуулга нь суурь зарчмаа хадгалж, шинэ нөхцөлд ч зорилгодоо хүрэхэд оршино.

Ажиглаж байхад зарим улс орны парламент бүтэцдээ “инновацын нэгж”-тэй болсон байна. Ерөнхий нарийн бичгийн даргын дэргэд хиймэл оюуны зөвлөл ч ажиллаж байна шүү дээ.

Төгсгөлөөс нь төлөвлө ...

“Төгсгөлөөс нь төлөвлө” гэдэг нь хууль хэрэгжсэний дараа хүний амьдралд юу өөрчлөгдсөн байх ёстойг эхлээд тодорхойл гэсэн утгатай юм.

Жишээ нь, төрийн үйлчилгээний хүлээлтийг багасгах зорилготой төсөл боловсруулж байна гэж бодъё. Тэгвэл иргэн одоо хэд хоног хүлээж байгаа, үүнийг хэд болгож бууруулах, ямар мэдээллээр үр дүнг нь хэмжихээ тогтооно. Дараа нь энэ үр дүнд хүрэхэд ямар зохицуулалт, төсөв, ажилтан, техникийн нөөц хэрэгтэйг тооцно.

Үүнийг зөв тодорхойлохын тулд үйлчилгээ авч байгаа иргэд, хэрэгжүүлэх ажилтнуудын саналыг төслийг боловсруулж эхлэх үеэс сонсох хэрэгтэй. Цахимаар санал авахдаа цахим орчинд оролцож чадахгүй хүмүүсийн дуу хоолойг ч орхигдуулж болохгүй. Авсан саналаа хэрхэн ашигласан, тусгаагүй бол яагаад гэдгээ тайлбарлана. D-Parliament системд маш олон санал ирж байгаа. Хариуг нь тухай бүрт нь өгдөг болмоор байна шүү дээ.

Эцэст нь, хуулийн хэрэгжилтийг хэзээ, ямар шалгуураар үнэлэх вэ гэдгээ төлөвлөнө. Ингэж зорилго, зохицуулалт, нөөц, үр дүнг нь хэмжих үзүүлэлтээ холбож байж хуулийн төсөл хэрэгжих боломжтой болно. Амьдрах чадвартай хууль бүтээе гээд байгаагийн учир энд бий.

Хамгийн сайн шинэчлэгдсэн хуучин зүйл бол хамгийн сайн шинэ зүйл

Хамгийн сайн шинэчлэл гэдэг заримдаа хуучны сайн талыг хадгалж, шинэ цагийн хэрэгцээнд нийцүүлэхийг хэлдэг. Товчоор бол, хамгийн сайн шинэчлэгдсэн хуучныг хамгийн сайн шинэ зүйл гэдэг.

Тийм учраас хуулийн төсөл боловсруулагчдад дараах уламжлалт юм шиг хэрнээ шинэ чадамжууд илүү чухал болж байна.

Хиймэл оюун туслах биш, хамтрагч. Хуулийн төсөл боловсруулахад их хэмжээний хууль тогтоомж, судалгаа, саналтай ажиллах шаардлага гардаг. Ийм тохиолдолд хиймэл оюун энэ мэдээллийг боловсруулахад дэмжлэг үзүүлж, асуудлыг илүү олон талаас нь харахад туслах боломжтой.

Жишээлбэл, хиймэл оюунд нэг зохицуулалтын хоёр хувилбар боловсруулаад, тус бүрийн давуу тал, хэрэгжүүлэхэд гарах хүндрэл, бусад хуультай зөрчилдөж болзошгүй хэсгийг харьцуулах даалгавар өгч болно. Ингэснээр төсөл боловсруулагч өөрийн анзаараагүй зарим асуудлыг олж харах боломжтой.

Иргэдээс олон санал ирсэн үед ч сэдвээр нь ангилж, давтагдсан болон ялгаатай байр суурийг нэгтгэхэд ашиглаж болно. Өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд хиймэл оюун “туслах биш хамтрагч” болсон гэж дүгнэж болохоор байна.

Энд дурдсан “хамтрагч” гэдэг нь хариуцлагыг хиймэл оюунд шилжүүлнэ гэсэн үг биш.

Түүний дурдсан эх сурвалж үнэн эсэх, хүчин төгөлдөр хуулийг ашигласан эсэх, дүгнэлт нь үндэслэлтэй эсэхийг заавал нягтална. Нууц болон хувийн мэдээллийг ашиглахдаа мэдээллийн аюулгүй байдлын шаардлагыг хангах ёстой.

Хиймэл оюун бас бидний дүн шинжилгээ хийх боломжийг өргөжүүлэх юм. Харин ямар зохицуулалт сонгох, түүнийгээ хэрхэн үндэслэх мэргэжлийн хариуцлага бидэнд үлдэнэ.

Парламтентад хиймэл оюун ашиглахдаа хиймэл оюунаар боловсруулсан мэдээлэл эх сурвалжтай нийцсэн эсэхийг шалгах, төрийн нууц болон хувийн мэдээллийн хамгаалалт, хүний хяналт, мэргэжлийн хариуцлагын шаардлагыг хангах асуудал бий.

Олон Улсын Парламентын Холбоо улс орнуудад ингэж зөвлөж байгаа. БНСУ-ын парламентын туршлага ч бий. Сая ОУПХ-ны ЕНБД нарын ээлжит хурлын гол сэдэв энэ байсан учраас ийм мэдээлэл өгч байгаа юм.

Үндсэн хуулийн чадамж. Үндсэн хуулийн зарчмыг хэрэглэх, хүний эрхийг хамгаалах, зохицуулалтыг тодорхой бөгөөд уялдаатай томьёолох чадвар үргэлж шаардагдана. Харин өнөөдөр энэ суурь мэдлэгийг шинэ мэдлэг, ур чадвараар баяжуулах хэрэгтэй.

Мөн бодлогын шинжилгээ хийх, дижитал мэдлэг, ирээдүйг урьдчилан тооцох буюу эрсдэлийн удирдлагын мэдлэг, чадвар хэрэг болно.

Эдгээрийн зэрэгцээ мэргэжлийн ёс зүй чухал.

Дээр дурдсан шинэ чадамжийг эзэмшсэн төсөл боловсруулагч асуудлыг зөв тодорхойлж, сонгосон шийдлээ нотолгоо, үндэслэлтэй, хууль зүйн хэлээр оновчтой илэрхийлж чадна.

Мэдлэгийн менежментийг сайжруулъя

Хуулийн төсөл боловсруулагчийн шинэ дүр төрхийг төлөвшүүлэхийн тулд таван зүйлд анхаарах нь зүйтэй. Хамгийн эхэнд анхаарах асуудал бол суралцагч байгууллага болох. Суралцагч байгууллагын соёл төлөвшүүлэхийн тулд завгүй ажлынхаа хажуугаар бид хамтдаа суралцаж байгаа.

Нэгдүгээрт, сургалтаа бодит ажилтай холбоё. Нэг хуулийн төсөл дээр асуудлыг тодорхойлохоос эхлээд нөлөөллийг үнэлэх, заалт боловсруулах хүртэл ажиллуулбал бидний олж авсан шинэ мэдлэг ур чадвар болж төлөвшинө.

Хоёрдугаарт, ямар чадамж шаардлагатайг тодорхой болгоё. Төсөл боловсруулагч юу мэддэг, юуг бие даан хийж чаддаг байхыг тогтоовол сургалт, ажлын үнэлгээ нэг чиглэлтэй болно.

Гуравдугаарт, хуулийн төслийн чанарыг шалгах нэгдсэн аргачлалтай болъё. Үндсэн хуулийн нийцэл, хэрэгжих боломж, төсөв, үр дагаврыг системтэй шалгаснаар чухал асуудал орхигдох эрсдэл буурна.

Дөрөвдүгээрт, хуримтлуулсан мэдлэгээ дараагийн ажилдаа ашиглая. Олон улсын хэллэгээр мэдлэгийн менежментийг сайжруулъя л гээд байгаа юм. Өмнөх судалгаа, шинжилгээ, туршлага, сургамжийг хайж олоход хялбар санд нэгтгэх хэрэгтэй.

Эцэст нь, тасралтгүй суралцахыг ажлынхаа нэг хэсэг болгоё. Шинэ туршлага судлах, төслөө хамтран хэлэлцэх, алдаанаасаа суралцах цаг, боломжийг тогтмол бүрдүүлнэ.

Эдгээрийг хэрэгжүүлснээр нэг ажилтны эзэмшсэн мэдлэг байгууллагын нийтлэг чадавх болж, хуулийн төслийн чанар сайжрна. Энэ нь эцэстээ Монгол хүнд, манай улсын нийтлэг эрх ашигт тустай. Учир нь хууль бол Монгол хүний хүний төлөөх мэдлэг, ухаан юм шүү.

Хуулийн төсөл боловсруулагчийг ирээдүйд бэлтгэнэ гэдэг бол УИХ, Тамгын газрын хөгжлийн урт хугацааны бодлого, зорилт байх ёстой.

Вибеке Норгард Мартин болон Маттев Фредрих нарын “Хуулийн сургуульд сурсан 101 зүйл” номын хэсгээс уншиж өгье.

Хэрэв хууль таны талд байгаа бол хуулиараа нүд.

Факт таны талд байгаа бол фактаараа нүд.

Аль нь ч таны талд биш бол ширээгээ нүд.

Гэхдээ хэзээ ч ширээгээ нүдэх хэрэггүй.

Ширээгээ нүдэхэд хүргэхгүй байх нь хуулийн төсөл боловсруулагчийн үүрэг юм.