Өмнө
Чингис хаан: Хаан миний бие умар зүгийн их хээр талд аж төрөн сууж, чин сэтгэлээр чигч шударгыг эрхэмлэн тогтоогоод, сүйтгэн бүрэлгэхийг хориглон зогсоож, өмсөх хувцас, идэх хоолоо адуучин үхэрчинтэйгээ хуваалцан, ард иргэдийг үр хүүхэдтэйгээ адил үзэж, цэрэг дайчид, эрдэмтэн мэргэдийг ах дүүгээ мэт хүндэлж, эе эвийг эрхэмлэн энэрэл хишгээ түгээж явна.

Одоо
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус ард түмнийхээ итгэлд оршдог гэж би боддог. Иргэдээ сонсдог парламент бол хамгийн ардчилсан парламент гэсэн зарчимд тулгуурлан УИХ-ын үйл ажиллагааг бүрэн утгаар нь нээлттэй болгож, урд нь эрж сурч байж олдог байсан мэдээллийг ганц товчлуур дарах төдийд танилцах боломжтой болсон.
Монгол төрийн удирдагчдын 820 жилийн өмнө ба одоо хэлсэн үгийг та харьцуулан харж байна. Эхнийх нь “Чанчун бомбо” өрнөдөд зорчсон тэмдэглэл номонд үлдсэн Чингис хааны захидлын хэсэг. Чингис хааны бичгээр үлдсэн үг. Чанчун бомбыг урьж залсан Чингис хааны уг захидлын хэсгээс академич, “Чингис хаан” одонт С.Нарангэрэл Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан “Их засаг ба хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурал дээр уншиж сонсгосон юм. Дараагийнх нь мөн хурлыг нээж УИХ-ын дарга С.Бямбацогтын хэлсэн үгнээс ишлэв.

Чингис хааны Засаг (хууль)-ийг үл өөрчилж, хадгалан баримтлах аваас Мөнх тэнгэр хишгээ хүртээж, өнө мөнхөд гэр хотлоороо энх амар, төрөл саднаараа түвшин жаргалтай байх болмуй хэмээн Персийн их бичгийн хүн Рашид-Ад-дин “Судрын чуулган”-д өгүүлсэн байдаг. Судрын чуулган бол Рашид-Ад-дины хувийн бүтээл бус харин алтан ургийнхан эртний перс хэлээр бүтээлгэсэн монголчуудын албан ёсны түүх хэмээн академич С.Нарангэрэл тайлбарласан юм.

Их засаг хууль олдсон, эсвэл үгүй юу?
Эрдэм шинжилгээний хурлын үеэр зарим судлаач Их засаг хуулийн төдийн төд гэх маягаар иш татаж, зарим судлаач “эх нь олдоогүй” хэмээн ярихаар энгийн сонсогчийн хувьд Их Засаг хууль бодитой олдсон юм уу, олдоогүй юм уу хэмээн эргэлзэхээр. Харин С.Нарангэрэл академич ийнхүү тайлбарласан шүү.
-Гадаад дотоодын судлаачид, одоогийнх шиг бичмэл хууль байсан, эх нь олдохгүй байна гэсэн гаргалгааны үндсэн дээр “Засаг хууль”, “Их Засаг хууль” , “Чингис хааны Их Засаг хууль” хэмээх нэрийн дор судалгаа шинжилгээний ажлыг олон зууны турш хийсээр иржээ. Ингэхдээ “Монголын нууц товчоо”, “Судрын чуулган”, Юань Улсын судар, Гуулин улсын судар зэрэг түүхэн эх сурвалж болон Чжао Хун (1221) он, Плано Карпина(1245-1247), Жувейни (1252-1253), Рубрук, Марко Поло (1271-1295) зэрэг хүмүүсийн бичсэн ном, аян замын тэмдэглэлд буй хуулийн хэм хэмжээ гэж үзэж болохоор зурвас зүйлсийг түүвэрлэн эмхэтгэж, түүнийгээ Их Засаг хуулийн заалтууд хэмээн нэрлэж хэвшжээ.
2010 онд “Монголын хууль тогтоомжийн түүхэн эмхэтгэл”-д ч өмнө дурдсан сурвалжид байгаа зурвасуудыг “Их засаг” нэрийн дор нэгтгэсэн. Бүр дэс дараалалд оруулсан.
Гадаад ба дотоодын судлаачдын өмнөх дам байдлаар цуглуулан түүвэрлэсэн Их Засгийн заалт гэхээр зүйлсийн тоо давхардсан тоогоор 22-оос эхэлж, эдүгээ 160 гартлаа өсөн нэмэгдсэн гэсэн юм.
Харин уг хурлыг хааж үг хэлсэн, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Л.Өлзийсайхан “Их Засаг” бүрэн эхээрээ биш ч дундад зууны түүхийн олон сурвалжид баттай тэмдэглэгдэн үлдсэн Монголын анхны бичмэл хууль гэж үздэг хэмээн онцолсон юм. Гэхдээ “Их засаг” нь өнөөгийн бидний ойлгодог “хууль” гэсэн ойлголтоос илүү өргөн агуулгатай байжээ хэмээн тэр нэмж тайлбарлав. Тодруулбал, хааны зарлигаар хууль болон хуульчилсан актыг, заргаар шүүхийн жишгийг, ёс суртахуунаар хэв хуулийн буюу заншлын хэм хэмжээг илэрхийлсэн харилцан уялдаа холбоо бүхий тогтолцоо байсан гэсэн шүү.
Их засаг хууль өнөөдөр ч ёс заншлын хэлбэрээр үйлчилсээр байна

Их засаг хуулийн олон заалт монголчуудын өдөр тутмын амьдралд ёс заншлын хэлбэрээр оршсоор байгааг “ Их Засаг” их сургуулийн ректор, Ардын багш Н.Ням-Осор ярьсан. Хээлтэй анг авлаж болохгүй. Гал голомтын үнсийг бохирдуулж болохгүй. Голын эх болоод булгийн усыг булингартуулж болохгүй, ан амьтныг шархдуулж болохгүй гэх мэт олон заалтууд үйлчилсээр байна.
Чингис хааны үед монголчууд байгаль дэлхий, мөнх хөх тэнгэрээ дээдлэн шүтэж байсан нь уламжлагдан ирсэн. Өнөөдөр ч монгол айлын эзэгтэй өглөө эртлэн босож, цай сүүнийхээ дээжийг өргөж, ам бүлийнхээ амь нас, эрүүл мэнд, ажил үйлсийг даатган залбирдаг заншилтай.
Тогоон дотроос хутгаар мах авах, ташуураар газар тулах, галын дэргэд сүхээр мод хагалж болохгүй гэх мэт ёс заншил ч Их засгаас эхтэй гэнэ.
Их Засаг хуульд мөн өтөл настан, үгээгүй ядуусыг алба гувчуур, албан үүргээс чөлөөлөх заалт байсан тухай Монголын нууц товчоо, Судрын чуулганд дурдаж, өнчдөд туслах, үгээгүй ядууст тусламж олгох сан байсан тухай Жувейни тэмдэглэсэн байдгийг тэрбээр иш татсан. Энэ бүхнийг илтгэгч өнөөгийн нийгмийн даатгал халамжийн сангийн эх үүсвэртэй зүйрлэсэн юм. “Албат иргэд нь хэрэг зөрчил гаргавал эзнийг шийтгэнэ. Харин эзэн нь хэрэг зөрчил гаргавал албат иргэдийг нь шийтгэхгүй бөгөөд эзнийг нь шийтгэж, түүний өмч хөрөнгийг нь хураан авч, албат иргэдэд нь тарааж өгөх хэрэгтэй” гэсэн заалт Их Засаг хуульд байсан. Энэ заалтыг өнөөгийн нийгэмд хэрэгжүүлбэл авлига хээл хахуулиас сэргийлэх боломжтой хэмээн Н.Ням-Осор доктор мөн тэмдэглэсэн.
Бодолцох өнцөг
С.Нарангэрэл академичийн ярьсан бас нэг сонирхолтой өнцгийг энд онцолъё.
-Энд би нэг зүйлийг зориуд тэмдэглэж хэлье. Плано Карпинаг хэн Монгол руу илгээсэн юм. Рубрукийг хэн илгээсэн бэ. Францын Людвикийн зараалаар болон Ромын папын тусгай даалгавартай ирсэн шүү дээ. Баруун Европ тэр үед монголчууд ороод ирэх вий гэсэн маш их айдастай байсан. Тийм учраас газар дээр нь очоод монголчуудыг энэ хорвоогийн хамгийн гажигтай, ер бусын муухай ард түмэн байна гэдгийг бичээд ир гэсэн үүрэг даалгавартай байсан.
Гэтэл үнэн юм үнэнээрээ байдаг учраас одоо энэ бүтээлүүдийг судлахад 20-30 хувьд яг үнэнийг бичсэн. 70-80 хувьд нь бараг монголчууд хүний мах иддэг барьдаг гэсэн байгаа.
Плано Карпина, Рубрук нарын зэрэг харийн хүмүүсийн бичсэн ном, аян замын тэмдэглэлд буй хуулийн хэм хэмжээг бид сурвалж болгож ашиглах юм бол нэр хүндтэй Britannica ширээний нэвтэрхий тольд бичсэнчлэн “ус буюу үнсэнд шээгчдийг цаазаар аваачих, оргодол боол хэрэгтнийг олоод эзэнд нь үл буцаан тушаагчдыг үхүүлэх, дайсны цэргийг гүйцэд яллахаас урд хэн хүн олз ашиг олохоор явсан бол хамгийн хүндээр яллан шийтгэх” гэж төсөөлөхөөр болж байна. Хэрэв Их Засаг ийм хууль байсан бол албат иргэдээ толгой дараалан цаазалсаар байгаад монгол үндэстэн дэлхийн тавцангаас аль эрт арчигдах байсан биз ээ.
С.Нарангэрэл: Ёс суртахуун Их Засгийн амин сүнс
Миний бие олон жилийн судалгааныхаа дүнд Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн болно.
Ёс суртахуун бол угтаа Мөнх тэнгэрээс хүмүүний оюун ухаанд байршуулсан эерэг энергийн хуримтлагдсан долгион бөгөөд хүнийг жинхэнэ хүн хэвээр байлгадаг Ертөнцийн мөнхийн хөдөлбөргүй хууль ажээ. Тийм учраас их эзэн Чингис хаан Мөнх тэнгэрийн хүч хэмээж байжээ.
Сайныг гажуудуулж, мууг буй болгосон хэн нэгэн цээрлэл зайлшгүй амсах бөгөөд харин сайны дагуу аж төрсөн хүн аз жаргалтай, сэтгэл тэнүүн амьдардаг жамтай юм байна.
Солонгосоос олдсон “Тогоонтөмөр хааны хуулийн бичиг”

Академич, ШУА-ийн дэд ерөнхийлөгч Ц.Цэрэндорж Солонгосоос олдсон “Тогоонтөмөр хааны хуулийн бичиг”-ийн тухай танилцуулсан нь Их Засагтай шууд холбоогүй ч монголчуудын хуулийн нөлөө гадны улс орнуудад хэзээ хойно ч үргэлжилж байсныг мэдрэх сонирхолтой сэжүүр байлаа.
Тогоонтөмөр хааны хуулийн бичиг нь 2002 онд БНСУ-ын Кйөнжү хотын Сонъ овогтын гэрээс олджээ. Тус хуулийн бичиг нь Юань улсын хамгийн сүүлийн хуулийн эмхэтгэл бөгөөд биет байдлаар үлдэж хоцорсон цорын ганц эх гэдгээрээ үнэ цэнтэй ажээ. Энэхүү хуулийг нангиадаар Чжичжэн тяогэ гэдэг бөгөөд Тогоонтөмөр хааны оны цол юм. Уг оны цолыг 1341-1370 он хүртэл 30 жил хэрэглэсэн байна.
Энэхүү хуульд Юань улсын бусад хуулийн адил монгол нэр томъёог нангиад үсгээр галиглан бичсэн зүйл нэлээд байсан. Тогоонтөмөр хааны хуулийн бичиг хэдийгээр нангиад маягийн хууль боловч тус хуулийг тогтооход монголчуудын уламжлалт хууль, ялангуяа Их засаг тэргүүтэн нөлөө үзүүлсэн хэмээн илтгэгч дурдсан.
Сонирхолтой нь Юань гүрэн Солонгосын Корйө улсад хууль эрх зүйн нөлөөтэй байжээ. 1377 онд Корйө улсын Y ван “Дотоод гадаад гэмт хэргийг шийдвэрлэхдээ гагцхүү ”Чжичжэн тяогэ”-г дагагтун!” гэсэн зарлиг буулгаснаар тус хуулийн бичиг Корйөгийн эрүүгийн эрх зүйн үндэс болжээ.
Тогоонтөмөр хаан 1368 онд нийслэл Дайдугаас хөөгдөн, тал нутагтаа буцаад байсан ч есөн жилийн дараа ийнхүү “Монголын хуулийн бичиг”-ийг даган мөрдөж байсан нь сонирхолтой.
Дашрамд сонирхуулахад Юань гүрний сүүлчийн хаан Тогоонтөмөрийн хатан нь Ки хэмээх солонгос эмэгтэй байжээ. Зарим монгол түүхч Тогоонтөмөр хааны уналтад их үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг Ки хатны талаар солонгосчууд олон ангит кино ч хийсэн нь “Бүргэдийн дэвэлттэй бүсгүй” хэмээн орчуулагдаж, монголын телевизээр гарч байсан билээ.
