АНУ-ын нэгэн Ерөнхийлөгч “Та ямар үнэт зүйлтэйгээ надад тайлбарлах шаардлагагүй. Зүгээр л төсвөө аваад ир” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл төсөвт хэн багтаж байна, хэн төсвийн гадна орхигдсон, юунд ач холбогдол өгсөн төсөв гэдгээс тухайн улсын үнэт зүйлийг харах боломжтой байдаг. Монгол Улсын төсөв бас хүний эрхийг төвдөө тавьсан байгаасай гэж “Монголын Эмнести Интернэшнл”-ын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа хэлсэн юм.

УИХ-ын Тамгын газрын хуулийн төслийг “эх барьж” ажилладаг зөвлөх, албан хаагчдад зориулсан ээлжит дотоод сургалтын сэдэв нь “Төсөв ба хүний эрх” байлаа.

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан “Тамгын газрын ажилтнууд бид өдөр тутмын ажилдаа, дотооддоо л анхаараад байдаг. Гадна байгаа иргэнд ямар үр дагавар үүсгээд байна вэ гэдгийг, иргэний нийгмийн байгууллагынхан, судлаачид ямар үзэл бодолтой байгааг сонсох зорилгоор ийм сургалт орж байна” хэмээн ярив.

Монголын Эмнести Интернэшнл”-ын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа “2021 онд Ерөнхийлөгчийн ивээл дор Монгол Улсын Хүний эрхийн үндэсний форум гэж томоохон хурал болж байсан юм. Энэ хурлыг тухайн үеийн хүний эрхийн тулгамдсан асуудал “Төсөв ба хүний эрх” сэдвээр хийх санаачилга гарч байсан. Олон тулгамдсан асуудал байсан учраас зөвхөн нэг салбар хуралдааныг нь “Төсөв ба хүний эрх” сэдвээр хийгээд, ХЭҮК манай хоёр хамтарч гарын авлага гаргасан юм. Тэр үеэс хойш Монголд төсөвтэй холбоотой хоёр ч томоохон дэвшил гарсан гэж бид үздэг. Тэр нь төсвийг иргэдээр хэлэлцүүлэх жишиг, соёл хуульчлагдан баталгаажсан нь том дэвшил. Төсвийн хүрээний бодлогын баримт бичиг аргачлалын хувьд дэвшил гарсан. Бодит амьдралд бууж байгаа эсэхийг нухацтай авч үзэх чанарын дэвшил гаргахад өнөөдрийн сургалт хувь нэмрээ оруулна гэж найдаж байна.

Практикт хэрхэн яаж хэрэглэх арга хэрэгсэл рүү чиглэсэн сургалтыг манай байгууллага хийхийг зорилоо. Дэлхийн эдийн засгийн форумд Олон улсын Эмнести Интернэшнл байгууллагаас өргөн барьсан судалгаануудад үндэслэсэн жишээнүүдээс гадна ХЭҮК-оос гаргасан Монгол Улсын нөхцөл байдалтай холбоотой баримтууд дээр жишээ авч та бүхэнд хүргэж байна гэв.

“Монголын Эмнести Интернэшнл”-ын Хүний эрхийн боловсрол хариуцсан зохицуулагч Э.Энхтайван

Төсөв, хүний эрх ярихаас өмнө Төр ямар үүрэгтэй вэ гэдгийг хэлэх хэрэгтэй. Төр хүний эрхийг хангах, хүндэтгэх, хамгаалах үүрэгтэй. Түүнээс гадна нэгдэн орсон олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх учиртай.

Хүний эрхэд суурилаагүй төсөв, төсвийн буруу бодлого эдийн засаг нийгэм соёлын эрхэд шууд нөлөө үзүүлдэг. Монгол Улс Эдийн засаг, нийгэм соёлын эрхийн тухай олон улсын пактад нэгдсэн орсон.

Гурван зарчим яригдана. Төр төсөвтэй холбоотой үйл ажиллагаанд наад захын түвшинг хангах зарчим. Дотооддоо байгаа санхүүгийн болон бусад нөөц эх үүсвэрийг ард иргэдийнээ амьжиргааны наад захын хэрэгцээг хангахад зарцуулна гэсэн зарчим. Хүний эрх наад захын түвшинд хэрэгжих нь эцсийн зорилго бус суурь түвшин бөгөөд цаашид тасралтгүй ахиулах ёстой гэдэг нь дэвшилттэй, ухрахгүй байх зарчим юм.

Үүнээс гадна үл ялгаварлал. Төрийн аливаа шийдвэр аль нэг бүлэг, аль нэг хүйсийн, эсвэл аль нэг бүс нутагт амьдарч байгаа хүмүүсийн эрхийг зөрчиж болохгүй гэсэн үг.

Хүний эрхэд суурилсан төсөв гээд ярихаар дээрх гурван зарчмаар төсөв баталчихад хангалттай гэж ойлгож болохгүй. Төсвийг төлөвлөх, батлах хэрэгжүүлэх, хянах бүх үе шатанд хүний эрхийн зарчим, хэм хэмжээг баримтлах ёстой.

Хүний эрхийг хангах бодлого шийдвэрүүдийн санхүүгийн эх үүсвэр , төсвийг нь төлөвлөж өгсөн нөхцөлд хүний эрхэд суурилсан бодлого хэрэгжих юм.

Төсвийг нь Сангийн яам л мэддэг, хууль эрх зүйн асуудлыг Хууль зүйн яам, УИХ гээд тус тусдаа чиг үүрэгтэй гэхээсээ илүү уялдаа холбоотой ажиллаж байж хүний эрхэд ээлтэй төсөв болно.

Дэлхийн эдийн засгийн хямралын үеийн хоёр кэйсийн тухай ярилцъя.

Хүний эрхэд суурилаагүй, хүнээ бодоогүй төсөв ямар үр дагавартай байдгийг харуулсан жишээ юм.

Эхнийх нь Испани. 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын үеэр Испанийн далд эдийн засаг ДНБ-нийх нь 23 хувьд хүрсэн. Испанийн Засгийн газар хямралыг бууруулах зорилгоор төрийн зарлагыг танаж, төсвийн хэмнэлтийн бодлого хэрэгжүүлсэн. Ингээд 2011-2012 онд төсвөөс 27 тэрбм евро танасан. Иргэний нийгмийн байгууллагууд нь далд эдийн засгийг бууруулах, татвараас зайлсхийхтэй тэмцэх, татварын орлогыг нэмэгдүүлэх зэрэг хүний эрхэд бага хор хөнөөлтэй хувилбар зөвлөж байсан. Татвараас зайлсхийх явдлыг бууруулж чадсан бол 38 тэрбум еврогийн нэмэлт орлого бүрдүүлэх боломжтой гэж үзсэн юм.

Гэсэн ч нэг хүнд ногдох эрүүл мэндийн төсвийг бууруулах, зарим эмнэлэгийг хаах, үйлчилгээний хүчин чадлыг хязгаарлах замаар төсвийн хэмнэлт хийсэн. Зарим бүс нутагт мэс заслын тасгийн хүлээлгийн жагсаалт 20 хувиар өсөж, 30.000 гаруй мэс засал болон 60.000 гаруй эмчийн үзлэг хүлээгдсэн.

Грект мөн энэ хямралын дараа төсвийн хэмнэлт хийсэн. Олон улсын санхүүгийн байгууллагуудын тусламжийн хөтөлбөрт хамрагдахаар төсвийн сахилга бат сахих, төсвөө танах шаардлага тавьдаг. Үндэсний хэмжээнд эрүүл мэндийн тогтолцооны хэмжээнд хэмнэлт хэрэгжүүлсэн. Нөлөө нь эмнэлэг болон анхан шатны тусламж, эмийн хүртээмжид илэрсэн. Сэтгэл гутрал гурван жилийн хугацаанд гурван хувиас 8 болж өссөн. Амиа хорлох оролдлого 36 хувиар өссөн байна. Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж багасаж, иргэдийн өөрөө төлөх мөнгөн дүн нэмэгдсэн хэмээн тайлбарлав.

Сургалтын өөр нэг илтгэгч, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид ХЭҮК-ын чиг үүргийг хэрэгжүүлж байхад ямар асуудал гардаг талаар ярьж өгөв.

Хүний эрхийн зөрчил гардаг үндсэн нэг шалтгаан нь төсөв санхүүгийн хуваарилалт, хүрэлцээ гэж бид үздэг.

“Хүний эрхийг хамгаална”, “Эмэгтэйчүүдийн эрхийг бодитой болгоно”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг дэмжнэ” гээд материаллаг хуулиудыг та бүхэн өөр өөрийнхөө салбар чиглэлээр маш сайн хийдэг. Процесс руугаа очихоор энэ бүхэн яаж бууж байгаад анхаарал хандуулах ёстой.

Төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг байгууллагууд бий. Тэнд төсвийн тодотголоор хоол, эмийн зардлыг нь хасчихдаг. ХЭҮК-ийн гишүүн хорих анги, цэргийн ангид яваад очно. Эмүүд нь хугацаа дууссан байдаг. Эм авах боломжгүй. Даралт бууруулах, өвчин намдаах хоёрхон эм бид өөрсдөө авч байгаа эсвэл мөнгөөр нь авхуулж байгаа гэнэ.

Салбарын төсвийг харвал том тоо харагдна. Яваад очихоор анхан шатандаа ийм байдалтай. Ийм учраас бид зохистой юм уу, үр нөлөөтэй юм уу? Яаж хуваарилагдаж байна вэ гээд асуугаад байгаа юм.

Хоолны зардал бас хасагдсан. Аж ахуйн аргаар өөрсдөө шийд гээд байгаа юм уу? Гэтэл нөгөө талаас стандарт байдаг. Илчлэг нь тэд байх ёстой гээд шаардлага тавьдаг. Үүнийг нь шаардахаар төсөв байхгүй. Дотор мах 50 хувь, мах 50 хувь байх ёстой гэдэг. Ийм асуудлууд гарч ирдэг юм. Та бүхэн төсвийг боловсруулах, хянах, үнэлэхэд оролцдог, чухал чиг үүрэг хэрэгжүүлдэг. Төсөв анхан шатандаа зохистой, үр нөлөөтэй зарцуулагдсан уу гэдэгт анхаарал тавиач ээ гэж сануулж байгаа юм.

Хүний эрхийн үүднээс төсвийг хэмжихэд зорилтот, эмзэг бүлэгт очих хуваарилалтыг илүү анхаарч хараач ээ гэж хүсдэг. Хөдөө орон нутаг, хамгаалалт шаардлагатай хүүхдүүд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, цөөнх, хүний эрх хамгаалагч, цэргүүд, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хоригдлуудыг харах ёстой.

Төсвийн тухай хуульд хэлэлцэнэ, саналыг нь авна, оролцуулна гээд бүгд бий.

Хоёр жилийн өмнө 23 дахь илтгэлд боловсролын асуудлыг авч үзсэн. Боловсролын салбар дахь хүний эрхийн асуудал гээд. Тэгэхэд дотуур байран дахь хүүхдийн хоол хүнсний зардал гээд нэг төсөв байгаа юм. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардал 2000 төгрөг. Яаж хүргэх юм бол гээд асуулт тавихуйц тоо тавьчихдаг. Юун шим тэжээл…

Төсөвтэй хамааралтай маш олон санал оруулж ирдэг. Жишээлбэл сонгууль дууссаны дараа ХЭҮК сонгох сонгогдох эрх хангагдсан уу гээд дүгнэдэг. Сонгогчдын боловсролд мөнгө зарцуулдаггүй юм байна гэж үзсэн. Комисс сонгуулийн жилээр хязгаарлахгүй, сонгогчийн боловсролд зориулж тогтмол төсөв тусгахыг шаардсан. СЕХ 500 гаруй сая төгрөг төсөвлөсөн ч 2026 онд батлагдсан төсөв нь 9 сая төгрөг. Иймэрхүү л юм болоод байдаг.

Хамгийн сүүлийн илтгэлдээ бид эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар онцолсон. 3000 хүнтэй нэг сум байлаа гэхэд хүний тоогоор нь төсөв өгдөг. Шилжилт хөдөлгөөн ихтэй Өмнөговьд жишээ нь жолооч нар ирээд үзүүлбэл шууд ачаалал нэмэгднэ. Ийм тохиолдолд яах юм мэдэхгүй. Анхан шатанд лаборатори хэрэгтэй гээд байгуулдаг. Урвалжгүй шинжилгээ хийж чадахгүй гэх асуудал түгээмэл.

Шүүх шинжилгээний асуудал төсөвтэй шууд хамаатай юм билээ. Шүүхэд нотлох баримт хангаж өгдөг шинжилгээний ганц л байгууллага Монголд бий. Энэ байгууллагын нөхцөл байдалтай танилцаж байхад байр сав, хүний нөөц, цалин хөлс, лаборатори гээд олон юм хангалтгүй юм билээ. Шүүх шударга байх ёстой л гээд байдаг. Гэтэл нотлох баримт бүрдүүлдэг байгууллага нь нэг ийм байдалтай.

Хүүхэд хамгаална гэж бүх хуулиас харж болно. Хамтарсан багт тавьж байгаа зардал 50 мянган төгрөг. Эрсдэлтэй ангилалд орсон дахин дахин очих ёстой хүүхэд дор хаяж 110 бий. Суманд алслагдсан газрууд ч байгаа. Сум, аймгийн төсөвт энэ зардлыг суулгах ёстой гэж бид байнга л шаарддаг. Сургуулийн орчинд дотуур байрны асуудал бий. Стандарт шаардлага хангахгүй, актлагдсан байранд, ус бороо дусдаг, тэр битгий хэл өвөл гадуур хувцастайгаа сууж байдаг дотуур байр таарч байсан. Үе шаттайгаар шийдэж байна гэсэн хариу өгдөг. УИХ-ын тогтоолд туссан, Засгийн газраас бид хэрэгжилтийн мэдээллийг авдаг. Жилдээ таваас долоон дотуур байрыг засдаг энэ хурдаар хэзээ засварлагдаж дуусах нь ойлгомжгүй.

ХЭҮК-ийн илтгэлийн мөрөөр УИХ тогтоол гаргадаг. Хэрэгжилт нь дунджаар 50 хувьтай л байгаа. Яагаад хэрэгждэггүй юм бэ гээд асууна. Төсөвтэй хамаатай. Үе шаттай шийдэж байна. Нэг амьсгаагаар шийдэх боломжгүй гэж хариулдаг.

Бид нэг асуудал тавиад араас нь үүнийхээ төсвийг шийдээч гэдэг. Хүүхэд хамгааллын бодлого байна. Сайн хэрэг. Одоо төсвийг нь тавь гэнэ. Манай байгууллагуудын уялдаа холбоогүй байдал үүн дээр гарч ирдэг.

Нөгөө байгууллага нь манайхаас хүсэж байгаа юм. Та нар шаардаад төсөв тавиач гээд байхаар нь бид 10 сая төгрөгийн төсөв тавьсан чинь аудитаас буруу гээд акт тавьчихлаа. “Зориулалтын бус зарцуулалт” гэж үзэж байна гэсэн. Үүнийг яах юм бэ та нар тайлбар өгөөч гэдэг. Энэ асуудлыг бид аудитад танилцуулсан. Гэхдээ хуулиар шийдэхгүй бол яриа хэлэлцээрээр шийдэх асуудал биш шүү дээ.

Бид жилдээ 1400 гомдлоор зуун хяналт шалгалт хийгээд, 110 орчим шаардлага зөвлөмж явуулдаг. Үүний 50 хувь нь төсөвтэй холбогддог. Боловсролын орчинд дэд бүтэц чухал юм байна. Хүүхэд хамгааллын асуудал байнга орж ирдэг. Та нар урьдчилан сэргийлэх ажил хийсэн юм уу гэдэг. Бидэнд тийм боломж байгаа юм уу гэж өөдөөс асуудаг.

Та нар санаж байгаа бол Хөвсгөлийн нэг суманд цагдаа нэг иргэнийг шонгийн модонд гавлачихсан зураг байсан.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гээд байхаар нь шонгийн модонд гавласан гээд сошиалаар зураг нь яваад байсан. Үүний цаана ч төсвийн асуудал байсан. Олон суманд баривчлах, саатуулах байр байхгүй. Цагдаагийн ажилтан хэсгийн төлөөлөгч кабонд ажиллаж амьдардаг.

Гэр бүлийн хүчирхийллийн хэрэг гарна. Хаана аваачих вэ гэдэг асуудал тавигдана. Цагдаа яадаг вэ гэхээр хэдэн цаг хамт суудаг юм билээ. “Чи ингэж болохгүй” гээд бараг тайвшруулж эрүүлжүүлдэг. Дараа нь явуулна, өөр арга байхгүй. Саатуулах боломж байхгүй. Бүүр болохгүй бол аймаг руу аваад явдаг гэж байгаа юм. Зарим ойрхон газар болоод байдаг. Хөвсгөлд бол хэцүү. Машин байхгүй гээд дээс томж найзыгаа аварна гэдэг үлгэр шиг юм болдог.

Бид болохоор цагдаагийн буруу, гавлах ёсгүй гэдэг. Цагдаа “Би яах байсан юм бэ. Энэ хүнийг явуулахаар агсам тавиад, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод осол гаргах гээд байна шүү дээ” гэдэг. Ийм учраас л бид хүндээ ээлтэй байх тухай яриад байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын төсөвт бас анхаарах учиртай.

Тэгш хамран сургалт гэж зарласан. Мэргэшсэн туслах багшаа одоо бэлдэж байна. Мэргэжил арга зүй эзэмшсэн байх ёстой. Хэрэгцээнд нь тохирсон сургалтын хөтөлбөр байхгүй. Ийм байдлаар хийгээд байдаг. Материаллаг эрх зүйн зохицуулалт нь түрүүлж яваад байна. Асуудал үүсэхээр буруутан нь багш эцэг эх болоод байдаг. Зохион байгуулалтыг нь төр хийсэн юм уу гэхээр үгүй.

Ахмадын асрамжийн үйлчилгээний ихэнх хувийг хоол эзэлдэг юм билээ. Бусад хөгжлийн асуудал орхигдож байна гэж манайх дүгнэдэг.

Сэтгэцийн өвчтэй хүмүүсийн асрамжийн газрыг бий болгооч гэж гэдэг асуудлыг ХЭҮК 2007 оноос хойш тавьсан юм билээ.

Ийм учраас том тоон дээр ажиллахын сацуу зорилтот бүлэгт, ялангуяа суманд яаж тусах бол гэдгийг бодох ёстой. Гэмт хэргийн гаралт нөхцөл байдал нь ч ондоо. Зарим суманд хүнд гэмт хэрэг дандаа гардаг. Шалтгааныг судлах, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан ажиллах хэрэгтэй болдог. Ийм асуудлууд тулгарч байдаг. Та бүхэн бодлого боловсруулах, төсвөө хянах, шийдвэр гаргах туслах дэмжих үүргээ хэрэгжүүлэхдээ энэ бүхнийг бодолцоорой гэв.

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан: Бид ч цаашдаа төсөв боловсруулахдаа иргэдэд нөлөөлөх талаас нь бодож шийдвэр гаргах учиртай.

“Эмнести Интернэшнл бол хүний эрхийн төлөөх даян дэлхийн хөдөлгөөн бөгөөд нэг хүнд тохиолдох шударга бус явдал ч бид бүгдэд хамаатай” гэж энд бичсэн байна. Нэг хүнд тохиолдох шударга бус явдал ч бид бүгдэд хамаатай гэдэг зарчим өнөөдөр энд ажиллаж байгаа УИХ-ын Тамгын газар болоод Парламентын судалгаа хөгжлийн хүрээлэнгийн ажилтнуудад ч хамаатай гэж хэлмээр байна. Монголын Эмнести Интернэшнл УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлуудыг шинжилж үзээд, ямар хуулийн төсөлд хүний эрхийн талаар ямар үр дагавар үүсгэх талаар бодлогын зөвлөмж гаргадаг.

Манай Эрх зүйн дүн шинжилгээний хэлтсийн ахлах зөвлөхүүд болоод тухайн хууль тогтоомжийн төсөл дээр ажиллаж байгаа зөвлөхүүд ойр нягт ажиллах зорилготой байгаа юм.

Бид эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчдөөс гадна гадаадаас олон улсын байгууллагуудаас ч хүн урих, цахимаар сургалт авахаар бэлдэж байгаа. Хуулийн төсөл боловсруулагчийн сургалтыг бид олон улсын түвшинд хийхээр төлөвлөж байна. Дараагийн удаа Хуулийн төсөл боловсруулагчийн сургалтад Энэтхэгийн парламентын олон улсын сургалт ордог зочин багш нарыг урихаар ярилцаж байна гэсэн шүү.