Бөө нар тангараг өргөж, түүнийгээ зөрчвөл гэсгээл шийтгэл хүлээдэг байсныг Б.Галаарид онцлов. Олон улсын монголч эрдэмтдийн их хурлын үеэр тэрбээр “Монгол бөөгийн ёс зүйн асуудал өчигдөр өнөөдөр” сэдвээр илтгэсэн юм.

Бөө мөргөл, тэнгэр шүтлэг судалдаг Б.Галаарид “Монголчуудын язгуурын шашин бөө мөргөл 1990-ээд оны эхээр эргэн сэргэснээс хойш ёс зүйн асуудал яригдаж ирсэн.

Бид угаасаа ёс зүйгүй байсан уу, өнөөдөр ийм болчихоод байгаа юм уу?” хэмээн ярьж байна.

Бөөгийн ёс зүйн асуудал нь бөөгийн андгай авах ёстой холбоотой.

1968 онд академич Б.Ренчин гуайн"Монголын за - андагаар буй заа" гэсэн өгүүллийг “Залуучуудын үнэн” сонин нийтэлжээ.

Үүнд Монголын нууц товчоонд гардаг “Монгол Зэ андагартан” гэдэг үгийн учрыг тайлбарлаж, ам алдсан, амласан бүхнийг андгай гэж хэлж буй хүн ч, сонсож буй хүн ч ойлгодог, түүний биелэлтэд эргэлзэх шаардлагагүй өндөр ёс суртахууны хэм хэмжээ тэр үеийн монголчуудад үйлчилж байсныг өгүүлжээ.

Эртний скифүүд нөхөрлөлийн баталгаа болгож цусан тангараг өргөдөг тухай Херодотын “Түүх”-нд бичсэн байдаг нь андгай өргөх ёс нүүдэлчин ард түмнүүдийн хувьд нэн эртнээс уламжлалтайг харуулдаг. “Андгар” гэдэг үг дундад эртний монгол, түрэг хэлний аль алинд ижил утгатай байгаа нь андгай өргөх ёс түгээмэл шинжтэй шигээ нэр томъёоны хувьд “даяаршмал” байсан бололтой.

Бөө болох хүн сахиус тэнгэрийг залбирч андгай өргөдөг тухай буриадын бөө судлаач М.Н.Хангалов мэдээлсэн.

Тэрбээр ядуу, баян ямар ч хүнд ихийг нэхэлгүй тусалж, санаа талбиж, ядуу баян хоёр хүн дуудахад эхлээд ядууд нь очиж байна хэмээн шинээр бөө болж байгаа хүнээр андгайлуулж цусан тангараг өргүүлэх ёс байдаг тухай тэмдэглэн үлдээжээ.

Доктор Г.Гантогтох “Тэнгэрийг залбирч, бусдын тусыг сэтгэн өргөсөн тангаргийг буриад аялгуунаа шахан гэж нэрлэдэг. Бөөгийн шахан гэж нэрлэн хэлэлцэнэ... Халх аялгуунд шахаа тангараг гэж хоршуулан хэлэлцдэг” гэжээ.

Д.Бум-Очир судлаач дархад бөө ч бас андгай тангараг тавьдаг тухай мэдээлж, бөөгийн андгай тангаргийн дуудлага нь монгол бөөгийн аман яруу найрагт байдаг бие даасан төрөл зүйл гэж үзсэн байна.

С.Дулам абугай бөөгийн андгайг “Бөөгийн шахаа тангараг” гэж нэрлээд “...хүн зоныг өвгөд дээдэс, онгод тэнгэртэй нь холбон зуучилж, онгод тэнгэр, дээдэс шүтээндээ захирагдаж, тодорхой хууль дүрэм, дэг жаягийг дагаж явдаг” учраас бөө нэр тангараг өргөж, өргөсөн тангаргаа зөрчвөл гэсгээл шийтгэл хүлээдэг гэж тайлбарласан.

Бөөгийн “Гэрлийн өргөө” бүлхэмээс эрхлэн гаргасан “Бөөгийн тобчиан” бүтээлд улаач болох гэж байгаа хүн бодлоо тэгшилж, биеэ бэлдэх зуур “Дуудлагат тангараг” гэж өргөдөг, харин яг улаач болох үедээ “Зээ тангараг” гэх хатуу тангаргийг хүсвэл өргөдөг гэжээ.

Илтгэгчийн хувьд бөөгийн андгай нь тухайн бөөгийн насан туршид баримтлах зарчим, орчин цагийн хэллэгээр бол “Ес зүйн код”, бөөгийн хариуцлага бол онцгой хариуцлага учраас бөө болж байгаа хүнээр хатуу андгайг заавал өргүүлж хэвших ёстой гэж үзэж байгаа юм билээ.

УИХ-ын гишүүд “Миний бие энэхүү тангарагаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэдэг бол бөөгийн тангараг амь насаараа төлөх, ураг удмаараа дэнчин тавьдаг айхавтар хатуу үгтэй юм.

Б.Галаарид судлаач энэхүү хатуу тангарагийг танхимд суусан хүмүүст уншиж өгсөн шүү.

Буриад бөөгийн шаханд баян хүнд бялдуучлахгүй, ядуу хүнд янгуучлахгүй, өнгөтний царай, өглөгчийн гар харахгүй гэж этүгэн эхээр гэрчлүүлэн андгайлдаг. Хэрвээ энэ үгээсээ буцвал алдаж гишгэсэн амь нас минь барагдаж, үзүүрээсээ хумигдаж, үндэснээсээ өмхрөг хэмээн өчдөг.

Халх бөө болохоор:“Хэнийг нь ч хээлэхгүй, алийг нь ч алагчлахгүй...Өглөгт шунахгүй, өргөлд автахгүй. Өсөлж мэслэхгүй, бачилж хяхахгүй. Хов хэлэхгүй, хонзон санахгүй...Элбэсийн хүчийг эндүү ашиглахгүй, Эрдэм хишгийг андуу зарахгүй” гэж андгайлаад:

“Өөрийн буруугаас болвол

Өрөөлд гайгаа нялзаахгүй

Хар толгойгоороо хариуцна

Халуун амиараа төлнө.

Ураг удмаараа барьцаалж байна

Удмын заяагаараа дэнчилж байна гэсэн хатуу андгай өргөсөн жишээ байна.

“Шахаа тангарагаа няцвал

Голомт минь ширгэж

Үүд минь хаагдаж

Өрх минь бүтээгдэж

Үс минь унаж, хөл минь гөгийрөг

Зүүд зэрэглээ болж

Зүлд олз минь хаагдаг” хэмээн андгайлдаг.

Илтгэгч мөн Б.Б.Миягашевагийн бичсэн “Присяга бөөгэй шахал как кодекс чести бурятского шамана” өгүүлэлээс иш татав. Онгодын нэр сүрээр далайлган хүнийг хяхахгүй, өс санахгүй, онгодын шид, эрдэм чадлыг буруугаар ашиглахгүй гэж андгайлж байгаа нь бөөгийн ёс зүйн асуудлыг эн тэргүүнд тавьж, бөө болох мөчид нь ам авч буй хэлбэр юм.

Эцэст нь монгол бөөгийн ёс зүйн код нь Шахан тангараг буюу Андгай мөн гэж илтгэгч дүгнэв.

Б.Галаарид судлаач өмнө өгүүлсэн Б.Ринчен гуайн өгүүллээс бас нэг учиг анзаарчээ.

Уг өгүүлэлд “Бидний монголчууд нэг л за гэвэл даруй ам тангараг, андагаар шахаан өргөсөнтэй адил гэсэн утгатай бөгөөд, хүнд юм амлабал, за гэсэн юм чинь цаад хүний өмнө ам өгснөө заавал биелүүлж байх ёстой! гэсэн дээд боловсон зарчим ёс манай өвгөд дээдэдст байжээ” гэж бичсэн.

Нэг зүйл анхаарал татаж байна. Юу гэвэл, монгол хүн бусдад болон өөртөө “За” гэж ам алдахыг буриад бөөгийн “Андагаар шахаан өргөх”-тэй адилтгаснаараа бөөгийн шахан тангараг бол бөө болж буй хүн заавал, хүссэн ч эс хүссэн ч зайлшгүй үйлддэг зан үйл, мөн ёс суртахууны чандлан мөрдөх зарчим байсныг Б.Ринчен абугай батлан өгүүлсэн гэх гаргалгаа эндээс гарч байна гэв.

Бөөгийн андгай нь бөөгөөс онгод тэнгэр шүтээддээ хандан хэлж байгаа үүрэг амлалт гэж Д.Бум-Очир үзсэн бол Г.Гантогтох Мөнх тэнгэрийг залбирч өргөсөн тангараг гэжээ.

Түмэдийн Алтан хан 1577 онд өөрийн эзэмшил нутагт буддын шашныг төрийн шашин болгох явцдаа бөөгийн шашныг “шахаж” орхисон.

Доройтон буурсан монгол бөөгийн олон зүйл мартагдан бүдгэрсний нэг нь бөөгийн андгай ажээ.

1990-ээд оноос монгол бөө эргэн сэргэсэн ч бөө болох үед андгай өргөх ёсонд төдийлөн ач холбогдол өгөхгүй сул орхижээ. 2010-аад оны үе гэхэд Монголд бөө босгох нэрээр залилан луйвар хийх явдал дээд цэгтээ хүрч, бөөгийн ёс зүйн асуудал хурцаар тавигдаж эхэлсэн бөгөөд 2013 онд Монголын бөөгийн нэгдсэн эвлэл” Бөө нарын ёс зүйн дүрэм” гэж гаргасан боловч нийт бөө нэрийн дунд төдийлөн дэлгэрч чадаагүй байна. Гэхдээ шинээр бөө болж байгаа хүнээр андгай авахуулах зан үйл цөөн боловч тохиолдолд хийгдэж, ингэж андгай өргөхийн утга учир, ач холбогдлыг ойлгодог бөө нэрийн тоо бага боловч нэмэгдэж байгааг дурдах нь зүйтэй хэмээн Б.Галаарид өгүүлэв.

Хэдийгээр бөө андгай тангараг өргөх нь цөөн байгаа ч тэглээ гээд дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж болно гэсэн үг ч биш бололтой.

Илтгэгч Б.Галаарид мөн энэ үеэр бөө нарын дундах болгоомжлолыг ч дурдсан юм.

“1990 оноос хойш шинэ үеийн бөө нар хэдэн насандаа нас барж буй талаар нарийн судалгаа байхгүй. Ихэвчлэн 50-иас хэтрэхгүй явчихаад байна, зан үйл буруу үйлдсэнтэй холбоотой гэсэн тайлбар өөр хоорондоо яригддаг” гэнэ шүү.