Шиба зохиолч хийгээд Халх голын байлдаан
Р.Болд “Би Шиба зохиолчтой уулзаж байгаагүй. Гэхдээ яагаад ч юм Шиба зохиолчийг шүүмжилдэг улсуудтай уулзаж байсан. Тийм болохоор миний байр суурь тийм байгаа шүү” хэмээн илтгэлийнхээ эхэнд сануулав. Цэргийн түүх, монголын түүх судалдаг тэрбээр доктор цолтой, ТЕГ-ын дарга байсан гэдгийг уншигчид андахгүй.
Шиба Рёотаро зохиолчийн “Тал нутгийн тэмдэглэл”, “Монголд аялсан тэмдэглэл” номын гол баатар Б.Цэвэгмаа гуайн охин Иманагийн нэрийг илтгэгч бас дурдлаа. “Иминатай олон жилийн дараа таарч байна. Ээжтэйгээ манайд ирж байсныг санаж байна. Манай ээж, Б.Цэвэгмаа гуай хоёр хамт ажиллаж байсан” хэмээн оршил хийв. Нухацтай төрхтэй энэ хүний амнаас иймэрхүү “ахуйн чанартай” яриа гарч байгаа нь сонин.
Үүнийг өгүүлэгч миний бие Шиба Рёотарогийн шүтэн бишрэгчийн хувьд “Шиба Рёотаро ба Монгол” эрдэм шинжилгээний хурлын товыг догдлон хүлээж авсан юм. Хурлын хөтөлбөрт илтгэгчдийн дунд Р.Болд докторын нэр дурайж, “Шиба Рёотаро Квантуны арми (Халхын гол)” гэсэн сэдэв “зоосон” нь бүүр ч догь. Алдарт Шибагийн шавь, хурлын хүндэт зочин Койбүчи Шиничи гуайн хэлдгээр япончууд монгол хүнд дуртай, монголчууд ч япон хүнд дуртай гэдэг нь үнэн ч Халх голын дайн гэдэг бодит түүх, дурдахгүй өнгөрч болохгүй сэдэв л дээ.
Шиба зохиолч Монголын түүхийг Хүннү, Сүннүгийн үеэс морь малтай хувцастай юутай хээтэй нь судалсан байхад манай “чекист” ганц хүний намтар түүхийг судлаад гаргаад ирэлгүй л яав гэж.
Р.Болд доктор “Бага дэслэгч Шиба Рёотаро” хэмээн их зохиолчийн цэргийн хувцастай зургийг нь дэлгэцэнд харуулсан төдийгүй Шиба гуайн үүрэг гүйцэтгэж байсан танкын ангийн хөнгөн танкны зургийг хүртэл үзүүлснийг яана. Японы арми дайны эхний жилүүдэд оюутнуудыг цэрэгт татаагүй юм билээ. Байдал бишдсэн 1943 оноос оюутнуудыг цэрэгт татаж, сургалт бэлтгэл хийлгэн, бага дарга цол олгож байсан гэнэ.
Үнэхээр л бидний хүндэлдэг япон зохиолч маань Б.Цэвэгмаа гуайн өссөн Манжуурын талд хориодхон насандаа цэрэг явж дээ. Гэхдээ Халх голд ирж тулалдаагүй, олзны япончуудын хатуу тавиланг тойрсон нь яамай.
-“Тал нутгийн тэмдэглэл” номонд дурдсан Халх гол, Квантуны армийн талаарх Шиба гуайн дүгнэлт өнөөдөр Халх голын талаар бичиж байгаа бусад орны зохиолчдын байр суурьтай үндсэндээ нийлж байна хэмээн Р.Болд айлдлаа.
Шиба зохиолчийн гол гаргалгаа нь Халх голын байлдаан нь япончуудын хувьд “зорилгогүй үйл ажиллагаа” байсан юм. Дундад Иргэн Улсын эсрэг том дайн явуулж байх завсарт өөрөөсөө хүчтэй, том гүрний эсрэг дайтахыг оролдох нь “бодлогогүй” явдал. Энэ бол үндсэндээ Япон, Зөвлөлтийн мөргөлдөөн байсан.
БНМАУ-ын хувьд өөрийнх нь эсрэг чиглэсэн түрэмгий үйлдэл байсан гэж үзэх нь тусгаар тогтносон улсын хувьд зүй ёсны байр суурь байв” гэдэг гаргалгааг зохиолоос нь олж харсан юм хэмээн илтгэгч онцлов.
Шиба гуай Халх голын байлдааны тухай зохиол бичихээр нэлээд материал цуглуулсан. Цэргийн судлаач, түүхчидтэй уулзаж тэмдэглэл хийсэн байгаа юм. Гэхдээ хамгийн сүүлд нь “Би Япон хүн байхаасаа ичиж байна. Ийм тэнэг үйлдэл хийсэн Японы армийг ойлгохоо байлаа” гэж байсныг ч илтгэгч дурдаад авлаа.
Японы цэргийн түүхчдийн гаргаж тавьсан Квантуны армийн гол концепци ийм байсан юм хэмээн зураг заах. Гол цохилт Өвөр байгалийн эсрэг чиглэж байсныг онцлов. Энэ зурган дээр Шиба зохиолч олон тэмдэглэл хийсэн байсныг илтгэгчтэй уулзсан цэргийн түүхч нар ярьсан гэнэ. “Шиба зохиолч цэргийн түүхчийн хувьд мундаг гаргалгаа хийсэн. Зохиолчийн гар бичмэл үнэтэй юм байна” гэж би ойлгосон. Том дүгнэлт хийхгүйгээр баримт дурдах маягаар яриагаа төгсгөе хэмээн Р.Болд товчхон дуусгав. Ажилтай хэмээн гарахаар завдсан түүнд амжиж ганц асуулт тавилаа.
“Шиба гуайн номыг уншихад яах аргагүй Монголд хайртай хүн байсан нь харагддаг. Гэхдээ япон хүний хувьд Халх голын дайн буюу Номун хааны хэрэг явдал гэж япончууд ярьж бичдэг тэр үйл явдлыг хэрхэн тайлбарласан нь сонирхолтой байсан. Саяхан Японы эзэн хаан Монголд айлчлах үеэр ч сошиалд “Бид чинь дайтаж байсан улсууд шүү дээ” гэсэн үзэл бодол явсан. Үүний зэрэгцээ япончууд монгол руу халдах гэсэн юм биш. Зөвлөлт, Японы дайн байсан юм гэсэн хандлага нэлээд байсан л даа хэмээн асуулт маань нэлээд “далийсан” ч илтгэгч тэвчээртэй хүлээж зогслоо. (Ямар олон юм ярьдаг юм бэ, гол юмаа асуугаач” гэж загнасан бол яана аа) Баахан хадуурч байгаад “Мартсанаас мал мэнд үү” гэгчээр “Энэ дайнд бид ямар хохирол амссан бэ” хэмээв.
Р.Болд “Гол дүгнэлт түрэмгийлэл хийсэн үү хийсэн. Халх голын хэсгээр цөмөрч орж ирсэн үү орж ирсэн. Үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Бид эх орноо хамгаалж тэмцсэн үү тэмцсэн. Би бол дайн биш Халх голын байлдаан гэж хэлдэг.
Халх голын байлдаанд Монголын талаас нийтдээ 900 гаруй хүн алагдаж, шархдсан. Энэ бол хамгийн том хохирол” гэлээ.
Цөөнхөөс олонхийг, хязгаар хавиас төвийг эргэцүүлэхүй
Дайн ч яах вэ тийм л юм байж.
Харин япончуудын хамгийн хайртай зохиолч, нийт зохиол бүтээл нь 120 сая ширхэг борлогдож байсан хэмээгдэх Шиба Рёотарог ч бас шүүмжлэл тойроогүй юм байна.
“Тал нутгийн тэмдэглэл”, “Монголд аялсан тэмдэглэл” номын орчуулагч О.Жаргалсайхан энэ тухай дурдсан юм. Түүнийг 1970 оноос хойших монголчуудын бодит амьдрал, асуудлыг тусгасангүй гэх мэтээр шүүмжилж байжээ. Үнэхээр ч Шиба гуай Монголыг хайрын нүдээр харж байсан нь худлаа ч биш л дээ. Түүний номыг тэврээд, Монголын тал нутгийг үзэхээр ирсэн япончууд Шиба гуайн өгүүлсэн зүүд, мөрөөдлийн орныг олж чадалгүй урам хугараагүй байгаа даа.
Хуралд байлцсан Японы ЭСЯ-ны дэд тэргүүн Кондо Казүмаса лав анх Шиба гуайн номыг уншаад Монголд ирэхийг хүсэж байсан гэсэн шүү.
Үндсэн илтгэл тавьсан Койбүчи Шиничи гуай Шиба Рёотаро оюутан байхаасаа монгол хэлийг хичээнгүйлэн сурч байсныг дурдаад, тэрбээр “Цөөнхөөс олонхийг, хязгаар хавиас төвийг эргэцүүлэх” аргаар зохиолуудаа бичсэнийг тэмдэглэв. “Хятадын иргэншлийн гадна байх Монголоос ажиглахад тариалангийн иргэншил, Хятад, Солонгос, Вьетнам, мэдээж Япон өргөн дэлгэц болж маш сайн харагддаг. Энэ бүхэн монгол хэлний ач” гэж Шиба зохиолч түүнд ярьж байжээ. Шиба гуайн анхны зохиол нь Чингис хааны байлдан дагууллыг харуулсан “Говийн Хүннү” байсан бол 50 жилийн дараа бичсэн сүүлийн зохиол нь энэхүү Тал нутгийн тэмдэглэл байлаа. Шиба Рёотаро Монголыг ихэд хайрлаж ирснийг япончууд ч сайн мэддэг байлаа. Тухайлбал, 1990 онд Япон Улсын Ерөнхий сайдын хувьд анх удаа төрийн албан ёсны айлчлал хийсэн Кайфү Ерөнхий сайд “Айлчлалаар явахдаа ямархуу сэтгэл зүйн бэлтгэлтэй байх талаар Шиба гуйгаас асууж мэдэж авсан” гэж Монголд болсон хүлээн авалтан дээр ярьж байсан билээ. Бас Койзүми Ерөнхий сайд ч, Обүчи Ерөнхий сайд ч Монголд айлчлахынхаа өмнө Шиба гуайн гэрийг зорьж очиж байсан хэмээн дурдлаа. Обүчи Ерөнхий сайд 1999 онд Монголд айлчлахдаа “Хувийн шугамаар Цэвэгмаатай уулзмаар байна” хэмээн, өөрийн авч ирсэн “Тал нутгийн тэмдэглэл” номондоо номын гол баатар эмэгтэйгээр гарын үсэг зуруулж байсан гэнэ.
Койбүчи Шиничи: Монголд ирэх болгондоо нутагтаа ирсэн мэт болдог
Найр хавтгайрна гэдэг шиг олон илтгэл үргэлжилж байх зуур Койбүчи Шиничи гуайтай МУИС-ийн дугуй танхимаас гарч, үүдний зааланд сууж хэсэг хөөрөлдлөө.
-Шиба гуай “Тал нутгийн тэмдэглэл”, “Монголд аялсан тэмдэглэл”-дээ Б.Цэвэгмаа гуайн түүхийг нэлээд тодорхой бичсэн. Харин та яагаад түүний түүхийг дахин өгүүлэхээр шийдсэн бэ?
- Японы олон уншигчид “Тал нутгийн тэмдэглэл” номыг уншаад Б.Цэвэгмаа гуайн тухай илүү тодорхой мэдэхийг хүссэн юм. Б. Цэвэгмаа гуайн бага насны тухай, гэр бүл, нөхөр Бүрэнсайны тухай, охин Иминаг ганцаараа хэрхэн өсгөж бойжуулсан тухай амьдралын түүхийг мэдэхийг хүсэж байлаа. Энэ бүхнийг тодруулах зорилгоор “Одот талдаа буцах сан” ном бичигдсэн.
-Б.Цэвэгмаа гуайгаас өөр монгол эмэгтэйн түүхийг сонирхож судалж байсан уу?
-Түүхэн хүмүүсийн тухай бичсэн хэрэг шүү дээ. (инээв) Чингис хааны үеэс өнөөг хүртэл монгол эмэгтэйчүүд ажилсаг, хүчирхэг, амьдралаа авч явдаг. Эрчүүд бол морь унаад, нум сум харваад, айраг архи уугаад явдаг. Монгол эмэгтэйчүүдийн хөдөлмөрч ажилсаг, амьдралын төлөө зүтгэдэг байдал нь надад маш их сонирхолтой. Тэр тухай бичсэн юм бол байгаа.
-Та бас Мандухай цэцэн хатны түүхийг орчуулсан байлуу?
-Тиймээ, маш гайхамшигтай ном.
-”Монголын нууц товчоо”-г олдоход хамгийн эхэлж орчуулж судалж байсан хүмүүс нь япончууд юм билээ. Чингисийн үед монголчууд яагаад хүчтэй байсан талаар нь дүгнэлт хийсэн болов уу?
-Монголын хүч чадал олон хүчин зүйлд байсан. Морь, нум сум зэвсэг байна. Түүнээс гадна хамгийн гол зүйл нь мэдээлэл байсан. Монголчууд мэдээллийг маш хурдан түгээдэг. Одоо бид интернэтээр мэдээлэл хүлээж авч байгаа шиг монголчууд XIII зуунд мэдээллийн маш их сүлжээтэй байсан. Тэр бол чухал ач холбогдолтой. Тэгэхэд монголчууд цөөхөн хүн амтай мөртлөө дэлхийн тавны гурван хувийг эзэлж байна гэдэг монголчуудын зохион байгуулалттай мэдээллийн сүлжээ чухал үүрэгтэй байсантай холбоотой болов уу.
-Та япончууд монголчуудад дуртай байдаг. Монгол хүмүүс бас япончуудад дуртай байдаг гэж ярьдаг. Яагаад тийм байдаг нь надад ч гэсэн сонирхолтой байна. Та үүнд хариу олсон уу?
-Маш чухал судалгааны сэдэв шүү. (инээв) Энэ бол тоглоом биш. Үнэхээр судлах ёстой зүйл.
-Та Монголыг жил бүр зорьж иржээ. Өөр улсуудаар хэр аялдаг вэ?
-Индонези, Хятад, Солонгос, Тайланд зэрэг орнуудаар явж байсан. Гэхдээ би Монголд ирэх болгондоо нутагтаа ирсэн мэт болдог. Шиба гуай “Сүүлчийн шёогүн” гэдэг номдоо бичсэн байгаа. “Монгол бол миний төрж өссөн нутагтай адилхан” гэсэн. Би бас Шиба гуайтай адилхан боддог.
-Койбүчи гуай социализмын үед Монголд ирэх гэж Ю.Цэдэнбалд хүртэл захидал бичсэн гэдэг. Шиба зохиолчтой адил Японы ЭСЯ Монголд нээгдмэгц манай эх оронд хөл тавьсан юм билээ. Монгол хэлийг сурах боломж багатай үед ямар их хичээл зүтгэл гаргаж байсныг сонсоод бахархаж хүндэтгэж байсан шүү?
-Тэр үед би Монголын талаар нэг их олон юм мэддэггүй байлаа. Гэхдээ яагаад ч юм монгол хэл сурах юм сан, Монголд очих юм сан гэж бодож байсан. Яагаад тэгдэг байснаа ч өөрөө сайн мэдэхгүй. 1964 онд Токиогийн олимпод монголын тамирчид оролцохоор ирэх үед л анх удаа монголчуудтай уулзаж байсан. Тэр үед би “Сайн байна уу”, “Баяртай”, “Хичээгээрэй” гэдэг гурван үгийг л хэлж чаддаг байсан ч тамирчдын тосгонд очиж тэднийг өдөржин дагаж явдаг байлаа. Тэдэнтэй ярих гээд хонины зураг зурчихлаа гэсэн чинь монголчууд “Ямааны зураг байна” гэж билээ. (инээв) Монголын талаарх миний мэдлэг төдийчинээ л байсан. Гэхдээ монгол хэл сурах чин хүсэл байсан. Хүн ямар нэг зүйлд дурлаж хайртай болоход ямар нэг утга байдаггүй шүү дээ.
-Тухайн үед монгол хэл сурсан ч ажил олоход хэцүү байсан гэсэн. Энэ олон жил Монголыг судалж сонирхсоны эцэст сэтгэл хангалуун байдаг уу?
-Үнэхээр би энэ бүхэнд итгэж ядаж байдаг. Одоо бол Монгол, Японы харилцаа улс төр, соёл, эдийн засаг бүх талаар хөгжиж ажил бол олдож байна. Ирж очиж байна, сайхан болсон үе. Биднийг анх сурч байх үед бол ийм байгаагүй. Хэл сурсан ч ажил олдохгүй. Монголд очно гэж байхгүй. Тэр үед гэр бүлийнхэн “Чи яагаад монгол хэл сурч байгаа юм бэ” гэдэг. Бараг хэрэггүй юм хийж байна гэж үздэг байлаа. Би 60 гаруй жил Монголтой холбоотой байна. Бидний нөхөрлөл хэдэн арван жил үргэлжилж байна. Энэ бол япон, монгол хүмүүст байдаг онцлог.
-Та энэ удаа ирэхдээ Монголоос шинэ юм олж мэдэв үү?
-Би ирэх болгондоо шинэ зүйл олж хардаг. Гэхдээ шинэ юм болгоны үндэс суурь нь монголын уламжлал байдаг. Ирэх болгонд машины тоо нэмэгдсэн байдаг. Өндөр өндөр байшингууд босож байдаг. Эцсийн эцэст замбараагүй давхилдаж байгаа олон машин ч яг монгол л ийм байх ёстойг харуулдаг. Япончууд бол хажууд байгаа хүмүүс эргэн тойронд байгаа бүх зүйлтэй зохицож амьдардаг. Гэтэл монголчууд бол дураараа, бие даасан байдаг. Үүнийг сайн, муу гэж хэлэх шаардлага байхгүй.
-Шиба гуай монголчууд шуналгүй хүмүүс гэж магтдаг. Одоогийн монголчуудыг шуналгүй гэхэд хэцүү. Таны хувьд япончууд ч бас өөрчлөгдсөн санагддаг уу, Японы ирээдүйд санаа зовдог уу?
-Япон, Монгол хүний шунал өөр. Япон хүмүүс бол ажиллаж хөдөлмөрлөж олсон мөнгөө дараагийн үедээ үлдээх гэж хичээдэг. Монголчууд бол мөнгө олдвол дор нь хэрэглэдэг. Сайхан морь унах дуртай байсан бол одоо сайн машин авах дуртай. Монголд бол хүн бүр дарга болохыг хүсдэг. Би би гэдэг. Манай Японд би би гэхгүй, хойшоо суудаг. Би түүнд л санаа зовдог. Япон хүмүүс хамтраад юм хийгээд явдаг нь сайн юм аа. Гэхдээ би би гэдэг зан байхгүй. Монголчууд болохоор би хийнэ, би чадна гээд байдаг. Гэхдээ эргэн тойрныхоо хүмүүстэй зохицож чаддаггүй. Энэ бас санаа зовоох зүйл. Болдогсон бол энэ хоёрын дундуур л байвал сайн. Хоёр улсын хүмүүсийн сайн талуудыг нийлүүлээд дунд нь базаад тавьчихдаг бол зүгээр сэн. (инээв)
Б.Цэвэгмаа гэж….
Шиба зохиолчийн номыг хараахан уншиж амжаагүй уншигчдын маань хувьд Б.Цэвэгмаа гэж хэн бэ хэмээн сонирхож буй нь лавтай. Зөвлөлтөд төрж, Манжуурт өсөж, Монголдоо амьдарсан сонин түүхтэй эмэгтэй. Октябрийн хувьсгалын үеэр Манжуур руу дүрвэсэн буриадуудын үр удам бололтой.
Япон дайнд ялагдаж, Манж Го улс бутарсан 1945 оноос хойш хоёр жилийн дараа Өвөрмонголын статусыг шийдэх хурал болжээ. Залуу бүсгүй Б.Цэвэгмаа Хөлөнбуйрын төлөөлөгч болж энэ хуралд ирсэн агаад ирээдүйн нөхөр Бүрэнсайнтайгаа энд танилцсан байна. Тэд дэлхий ертөнцийн байдлыг ч тунгаасангүй. Зөвлөлт, Хятад улсын байр суурийг ч бодолцсонгүй. Өвөрмонголчууд тусгаар улс болж Гадаад Монголтой нэгдэцгээе хэмээх санаа хурлын гол дуу хоолой байжээ. Гэсэн ч Хятад улс үүнээс огт өөр шийд гаргасан юм.
Б. Цэвэгмаа хурлаас буцаж ирээд Хайлаарт бага ангид багшилж, харин Бүрэнсайн нь түүнд дөхөж, дунд сургуулийн багш болжээ. Ингээд Имина охин нь Хайлаарт мэндэлсэн. Хуримаа хийсний дараа Бүрэнсайн нь 1957 онд Өвөрмонголын анхны дээд сургууль болох Өвөрмонголын их сургуульд дэвшин, Монголын утга зохиолын судлаач болжээ. Гэсэн ч удалгүй залуу хосын жаргалтай амьдралд төгсгөл иржээ. Соёлын хувьсгалын улаан түйрэнд Бүрэнсайн нь баруунтан болж цээрлэгдэх болно.
Хэрэг бишдэж байгааг гадарласан залуу эр эхнэр охин хоёроо аюулаас холдуулахыг хүсчээ. Б.Цэвэгмаа “Гол гаталж харайя” гэж шийдсэн гэнэ. “Төрөл садантайгаа уулзана, хурдан буцаж ирнэ” хэмээн засаг захиргаанаас чөлөө зөвшөөрөл гуйжээ. Бүрэнсайнд нь зөвшөөрөл олдсонгүй. Б.Цэвэгмаа харин 1959 онд балчир охиноо хөтлөн Чита руу хөдөлжээ. Төрөл садныхаараа амьдарч байгаад буцахаар Читагийн галт тэрэгний буудлаас хөдөлсөн ч Манжуур руу бус Байгаль руу жирийх галт тэргэнд суусан билээ. Садан төрөл нь Монголоор дайран өнгөрөх виз зохицуулсан юм байж. Улаанбаатар хотын галт тэрэгний буудалд буугаад Зөвлөлтийн ЭСЯ-нд очиж Улаанбаатарт суух зөвшөөрөл олж авч чаджээ. Хятад улсын харьяат иргэний паспорттой явсан хүн шүү дээ. “Монгол хүн монголчуудын эх орондоо ирж яагаад болдоггүй юм бэ. Би зөвхөн энэ хүүхдийг Монголд тушаахаар ирсэн юм” хэмээн учирлаж явлаа. Хятадын Элчин сайдын яамны консул эмэгтэй “Та агуу их Дундад улсын иргэн. Яагаад эх орондоо буцах гэдэггүй билээ” хэмээн шалгааж байжээ.
“Би өөрийнхөө хүсэл зоригоор Хятад улсын иргэн болоогүй, аяндаа л болж орхисон дог” хэмээн тэрс үгээр хариулж, хоёулаа арай л барилцаж авсангүй.
Паспортоо түлхэж “Энэ хэрэггүй ээ” хэмээн гарсан гэдэг. Удалгүй Гадаад Явдлын яамнаас дуудлага ирж, бүсгүй яг яаж орж ирсэн, суурьшсан тухайд ам нээлгүй “Улаанбаатар зочид буудлын жижүүрээр ажилла” гэсэн юм байж. Арван жилийн дараа ээж охин хоёр БНМАУ-ын иргэн болжээ. Бүрэнсайн нь Соёлын хувьсгалын үеэр шоронд орж, хожим 1985 онд л Монголд ирж, эхнэр охин хоёртойгоо уулзах өлзий учрал бүрдсэн. Галт тэрэгний тавцан дээр унаж тусан бусдын дэмээр алхах, бөгтөр өвгөн Иминагийн бага насны төсөөлөлд үлдсэн аавынх нь дүрээс өөр байж. 26 жил хүлээсэн эр нөхрөө хараад Б.Цэвэгмаа өөрийнх нь гар дээр амьсгал хураахаар ирснийг нь ойлгосон гэдэг. Багадаа сурсан япон хэл нь хожим япон хүмүүстэй танилцаж нөхөрлөх гүүр болсон.
Монгол, Японы утга зохиолын нийгэмлэгээс зохион байгуулсан уг эрдэм шинжилгээний хуралд Б.Цэвэгмаа гуайн охин, хүргэн бас зээ хүү нь ирсэн байлаа. Цайны завсарлагаар зээ хүүтэй нь хэдэн үг солив. 40 шахаж буй том эр болжээ. Охинтой гэнэ. Хамт ажилладаг залууст зөвлөгөө өгөх үедээ эмээ шигээ зүйр цэцэн үг ашигладаг гэсэн шүү.
“Цэвэгмаа” кемпээс ирүүлсэн буриад талх, зөөхий, гэрийн боорцгоор хуралд оролцогчдыг дайлсан. Үр хүүхдээ эрх чөлөөт монгол иргэн болгох гэж амь дүйн зүтгэсэн монгол ээжийн сэтгэлийг мэдрэх шиг л санагдав. Нутаг гүйсэн морь шиг Монголоо зориод ирсэн бүсгүйн тухай, Монголыг сэтгэлийн эх орноо болгосон Шиба гуайн тухай өрнөсөн яриа хөөрөө иймэрхүү.
Баримт шалгалтын төлөв.
Энэхүү мэдээлэлд хиймэл оюун ухаанаар таних боломжтой хуурамч мэдээлэлд илэрдэг аливаа түгээмэл шинж чанар агуулагдаагүй байна.
Ерөнхий Сэнтимент
Тайлбар
Энэ нийтлэл нь Шиба Рёотаро зохиолч болон Монгол-Японы соёлын харилцааг хүндэтгэлтэй, өөдрөг өнгө аясаар өгүүлжээ. Уншигчдад түүхэн холбоо, харилцан хүндэтгэлийг мэдрүүлж, бахархал төрүүлнэ. Сэтгүүл зүйн хувьд мэдээлэл өгөх, соёлыг сурталчлах зорилготой. "Хүндэтгэдэг зохиолч", "нутгийн мэт", "гайхамшигтай ном" зэрэг үгс эерэг сэтгэгдэл төрүүлнэ. Түүх, соёл, утга зохиолын сэдэвтэй.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигээгүй байна.

Б.Янжмаа
1 followers

Б.Янжмаа
Oct 15, 2025
Э.Ганзул: Тийм ээ, би Засгийн газруудад зөвлөгөө өгдөг ажилтай
Дэлхийн банкинд есөн жил ажилласан Э.Ганзул хэмээх монгол бүсгүйтэй ярилцлаа. Тэрбээр дэлхийгээс Ази руу Азиас Монголоо зорьсон нүүдэл хийж буй. Бага нас, хүсэл мөрөөдөл, алсын хараа энд багтсан. Улс орнуудын удирдагч нарт зөвлөдөг хүн Монголоо хэрхэн дүгнэдэг бол?


Б.Янжмаа
Sep 25, 2025
Г.Занданшатарын Засгийн газрын 100 хоног дахь хүнд хаяглагдсан “мессеж”
Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлнэ хэмээн “үлгэр” ярихын оронд “Хүний хөгжлийн мега төсөл” ярьсан нь арай л бодитой юм даа. Хүний хөгжил ярьсан Ерөнхий сайд хүндээ хандсан юу хийсэн гэдгийг Г.Занданшатарын Засгийн газрын 100 хоногийн босгон дээр эргэцүүлэв.


Б.Янжмаа
Sep 21, 2025
Б.Батчимэг: Эр хүний дусал барагдвал өнгө зүс доройтож, сүр жавхаа, хийморь лундаа буурч, нас богиносдог
Уламжлалт анагаах ухааны их эмч, сэтгэл судлаач Б.Батчимэгтэй хий арвидах үед юуг анхаарах, ямар улиралд хэрхэн хооллох, эр хүний дусал урт наслах, эрүүл мэндэд нь хэрхэн нөлөөлдөг, ад донгийн гаралтай өвчнүүд зэрэг олон сэдвийг хамруулан ярилцлаа.

Pluma -с санал болгосон


Б.Янжмаа
Sep 25, 2025
Г.Занданшатарын Засгийн газрын 100 хоног дахь хүнд хаяглагдсан “мессеж”
Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлнэ хэмээн “үлгэр” ярихын оронд “Хүний хөгжлийн мега төсөл” ярьсан нь арай л бодитой юм даа. Хүний хөгжил ярьсан Ерөнхий сайд хүндээ хандсан юу хийсэн гэдгийг Г.Занданшатарын Засгийн газрын 100 хоногийн босгон дээр эргэцүүлэв.


Ц.Санчирмаа
Jun 30, 2025
ХӨХ ТЭНГЭР СОНСОЖ БАЙ
Аргалын хөх дөлийн илч дулаан, агь гангын үнэр ханхийхийг энэ номоос мэдэрнэ. Тэр мэдрэмж заримдаа үр ач нартаа хайраа дэвсэх эмээ нарыг өрөвдөх хөнгөн зөөлөн гунигаар дүүрч, заримдаа нялх балчир ухаандаа ямархан ихийг тунгаан эргэцүүлэх хэрсүү жаалын түүхийг өмрөн ухаажих мэдрэмжээр солигдож, сүлж бодохуйд дүүрэн хайраар ивлэх болно.

Densmaa
Jun 24, 2025
ХОРИН МИНУТЫН ХОТ ХОРИН МИНУТЫН БОРООНД УСАНД АВТЛАА
Энэ зун 16 км борооны ус зайлуулах шугам шинээр угсарна.


Ц.Санчирмаа
Jul 3, 2025
ОЛОН ХҮҮХЭД ТӨРҮҮЛЭХЭЭС ТАТГАЛЗАХ ИРЭЭДҮЙ
1980 онтой харьцуулахад нэг эмэгтэй нөхөн үржихүйн насандаа төрүүлэх хүүхдийн тоо 3 дахин буурчээ.