logo

Цагаан сараар Цагаанзам “Жангар” хайллаа

“Жангар”-т ч бас цагаалж байсан нь батлагдаж байна

“Жангарт ч бас цагаалж байсан нь батлагдаж байна” хэмээн Халимагийн алдарт туульч Охины Цагаанзам тайлбарласан юм.

Цагаан сар нь ургаад ирэв.

Хайртайхан ноён Гүмбэ

Хан богд Жангартаа

Цагаа барихаар

Хайсан хараан тохуулаад

Элдэнгүүдийн 3000 биеэр

Эзэн Богд Жангараан тэмцээд

Цагаа барихаар

Гүн хар далайн эргээр

Гүйдэг асар тоосоон огторгуйд хадаан

Шуугиан болгоод гарав хэмээн хайлна.

О.Цагаанзам гуай бас ямар хэсгийг хайлж буйгаа товч өгүүлэв.

-Алдарт Богд Жангарын Бумбын цагаан өргөөг магтаад, дараа нь Араг улаан Хонгорын алтан шар байшинг магтаад, Баян Хүнхээн Алтан цээжийн өргөөг магтаад, хайртайхан ноён Гүзээн Гүмбийн Гүр зандан өргөөг магтлаа.

Жангар туульд Богдын 35 баатар, 72 далайн хаад цагаан сарын үеэр Алдарт богд Жангартаа цагаа барихаар баатар болгон 3000 бодонгуудтайгаа шуугин мордоод, тоосоо огторгуйд хүргээд гардаг хэмээн тэр тайлбарласан юм.

Цагаан сарын өмнөхөн Тусгаар тогтнолын ордонд болсон “Жангар хайлах ёслол”-ын үеэр энэ яриа өрнөв.

Жангарч залж, тууль хайлахын өмнөхөн айл хотныхон идээ таваг засаж, гал асааж сүү өргөн ёслол үйлдэж буйгаар ёслол эхэлсэн.

Үүгээр идээ ундаа арвин, гарз хохиролгүй байхыг бэлгэджээ.

“Хатуу хөтүү цагт муу муухайг үргээж тууль хайлдаг бол баяр жаргалтай үедээ буян заяагаа тэгшлэхээр тууль хайлдаг билээ” хэмээн хөтлөгч эмэгтэй хэлсэн шүү.

Ш.Ёолк: Монгол гэдгээ санаж сэрж туульсаар амьсгалах өдөр

Уг ёслолд хүрэлцэн ирсэн, үндэсний телевизийн хөтлөгч гэдгээр нь хүмүүс мэддэг тууль судлаач Ш.Ёолк “Өнөөдөр ёс заншлын өдөр. Монгол гэдгээ санаж сэрж туульсаар амьсгалах өдөр. Монголчууд хурай хэлсэн цагт дийлдэшгүй зүйл гэж байдаггүй юм билээ. “Жангар” тууль монголчуудын гайхалтай өв. 400 жилийн турш хадгалж үлдсэн хүмүүс бол Ижил мөрний хөвөөнд үлдсэн торгуудын үр сад халимагууд билээ. 1900-гаад оны эхээр Халимагийн эрдэмт хөвгүүн Номт Очир Петербургийн их сургуульд багшилж байсан Оросын нэрт монгол судлаач В.Котвич дээр очиж, “Манайд тууль гэж гайхамшиг байна, та очиж судална уу” гэж урьсан байгаа юм. В.Котвич тэр цаг үед морин тэргээр явсаар Халимагийн талд очиж Ээлаан Овлаа, Шараагийн Даваа нартай уулзаад, эхний арван бүлгийг бичиж авснаар “Жангар” тууль дэлхийд алдаршиж эхэлсэн. Үе үеийн олон туульч дамжуулан хайлсаар хөгжүүлсээр өнөөгийн цаг үед ирсэн. Сонгодог төлөөлөгч нь Охины Цагаанзам.

Тууль маань улам өргөжиж байна. Говь-Алтай аймгийн Алтай хотод мянган туульч тууль хайлсан сайхан үйл явдал болсон. Үүний сацуу Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар өөлд өвгөн Тангадын Галсан абугай “Жангар” туулийн шинэ бүлгүүдийг зохион та бидний сонор мэлмийд өргөж байгаа” хэмээн хуучиллаа.


“Хархираад эхлэхээр нь “Ээ…” гээд хашгирдаг юм шүү”

Эхэндээ үзэгчийн хувьд тун ч томоотой сууж, туульчийн анхаарлыг сарниулахгүй байхыг хичээсэн ч халимагууд маань харин ч эмоцтой, дуу шуутайхан сонсдог болж таарлаа. О.Цагаанзам гуай “Туульч хүн Жангараа хайлдаг, сонсож байгаа хүмүүс дэмждэг” гэж хэллээ. Бүр “Хархираад эхлэхээр нь “Ээ…” гээд хашгирдаг юм шүү” хэмээн зааж өгөв.

-Оросын зохиолч Н.В. Гоголь халимаг ард түмэн дээр очоод судлаад бичсэн байдаг. Халимагууд олуулаа хураад, дөрөв, таван өдөр дараалан туулиа сонсоно. Туулиа сонсоод сууж байснаа олон дундаас хэсэг нь уйлаад, малгайгаа газар шидээд, хашгираад яг галзуурч байгаа юм шиг байдал гаргах юм гэж бичсэн удаатай гэнэ.

Ингээд жангарч хайлж, үзэгч бид ч хархираа хөөмийн дундуур хурайлж дэмжих үүргээ идэвхтэй гүйцэтгэв.

“Жангар сонсохын тулд ямар бэлтгэл хангах вэ” гэж нэг хүн сошиалд асуусан байна лээ. “Жангар” гэсэн номыг аваад ядаж нэг удаа унших хэрэгтэй: Хоёр удаа уншвал утга нь бүүр ч тодроод ирнэ. Ийм бэлтгэл хийсний дараа “Зарим үг нь ойлгогдохгүй” байна гээд гомдоллож суухгүй. Аль бүлгийн ямар хэсгээс хайлж байгааг багцаалдана шүү.

Тууль сонсохоор танхимд ирсэн үзэгчид дунд хүүхэд залуус ч цөөнгүй харагдав. Тэдний хувьд дуртай YouTuber, сонсох дуртай бичлэгүүдтэй нь тууль өрсөлдөхөд хэцүү ч хөтлөгчийн хэлсэнчлэн цусанд нь, генд нь туулийг таашаах өгөгдөл байж ч мэдэх юм. Юутай ч нэг охин тууль сонсонгоо ChatGPT-гээс Жангар хэмээн хайж хариуг нь уншиж суугаа нь анзаарагдсан. Тууль сонсохоор ирсэн үзэгчид дээл хувцсаараа гангарчээ. Юндэн, Нансалмаа гэлтэй хосууд ч харагдав.


Т.Галсан: Тууль тусгаар тогтнолтой тэнцдэг байна гээд та нар бод доо

Тууль сонссоны дараа танхимд суусан хүндэт зочдын нэг Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар өөлд өвгөн Тангадын Галсан гуай тайзан дээр уригдаж ийнхүү айлдсан юм.

-Монголчууд тэнгэртэй, их хувь заяатай. Энэ дэлхий дээрх таван монгол дор бүрдээ монгол үндэстэнд төдийгүй хүн төрөлхтөнд их гавъяа байгуулжээ. Эзэн богд Чингис хаан маань гэхэд энэ дэлхийд төрт ёсыг багшлаад, одоогийн зах зээл гээд байгааг чинь хоёр тивийн хооронд торгоны замаар атан тэмээгээрээ холбоод, эв найртай байхыг дэлхийд заагаад, 500 жил дайн байлдаангүй байлгажээ. Гэтэл энэ таван монгол дотор өдгөө Тусгаар тогтнолын ордонтой миний монгол болбоос туурга тусгаар тогтнолоо батлан хамгаалж чадаад, НҮБ-ын тэнгэрт алтан соёмботой далбаагаа намируулж чаджээ. Урд хөрш өвөрлөгч нар маань эзэн Чингисийн зарлигласан 800 жилийн түүхтэй монгол бичгээ цаг түүхийн аянгад шатаалгүй, сэлмэнд чавчуулалгүй өдгөө хүртэл хадгалан иржээ. Манжийн луут шар тугийг тархин дээрээ намируулахгүй гээд нүүгээд явсан халимаг түмэн маань Ази тивээс Европт очоод нутаглахдаа хүн төрөлхтний туульсын хаан Жангараа хадгалсаар өнөө хүрчээ. Түүний элч Цагаанзам хүү.

Дэлхий хоёр Чингистэй. Энэ дэлхийн хоёр тивийг эмээл дээрээ тохоод хажуулж явсан Эзэн Чингис, нөгөөдөх нь гал үндэстэн Киргизийн Чингиз Айтмотов. Тэгээд би Чингиз Айтмотовын гурван удаагийн зочноор очиж байлаа. Тэгсэн чинь нэг их онгирсон. “Бид 20 дугаар зуунд анх удаа туурга тусгаар улс болсон. Түүнээс дутахгүй нэг том гавьяа бол үндэснийхээ Манас туулийг бүрэн бүтнээр нь эх дэлхийн соёлын алган дээр тавилаа” гэсэн. Тууль тусгаар тогтнолтой тэнцдэг байна гээд та нар бод доо. Ингээд шинжаан Жангар ч бай, халимаг Жангар ч бай бүгд монгол Жангар шүү. Цаасан дээр бүтээсэн үүх түүхийг нь шатаачихаад байдаг байхад монголчууд цээжиндээ, тархиндаа, цусандаа “пянзлаад” өвөг дээдсийнхээ өнө их соёлыг өнөөд хүргэж чадсан юм. Үүгээрээ бид бахархахгүй юм бол юугаараа бид бахархах юм бэ.

Дөрвөн уулын дундах таван хэлийн мэргэдийг нь шар феодалууд гээд цааш нь харуулчихсан. Энэ дэлхийд төрт ёсыг залсан Чингисийн удмынхныг толгой дараалан хядсан үед монголчуудын хийморь сэргээдэг юм нь үлгэр тууль л байлаа.

Цагаан сарын өмнө Цагаанзам ирээд тууль хайллаа. Монгол түмний хийморийг дэвжээдэг морин жилд монгол түмний маань хийморь наран зүг байх нь ээ гэж би бэлгэшээж байна. Өв соёлоон устгуулсны дараа Жангараан бид мэдэхгүй байлаа шүү, нэг үеийнхэн.

Ц.Дамдинсүрэн багш маань их сургуульд сурч байсан Т.Дүгэрсүрэн гэдэг өөлд шавьдаа халимаг Жангарын 12 бүлгийг авчирч өгөөд “Чи үүнийг халх аялгуунд буулга” гэж. Буулгачихаад манай энд хэвлэж өгөхгүй болохоор нь урд хөршид аваачаад хэвлүүлсэн. Тэгээд тийм улаан морьтой хүн давхиж яваа тууль гараад түүнээс хойш өвөрлөгч нар маань ч хийморь нь бадраад, сайхан цаг ирсний буянаар бид Жангараан дээдэлж эхэлсэн.


Монголын нууц товчоо, Жангар, Гэсэргүй бол ийм оюуны их өв байгаагүй бол монголчууд мохоочууд байх байсан.

Жангарын хэсэг бусаг бүлгүүдийг олоод ботилсон. Д.Сүрьяа гэдэг уг нь нисгэгч хүн орон нутагт амьд байгаа туульчдын хайлсан Жангарын туулиудыг нийлүүлээд үр хүүхэд сайтай хүн сайхан юм гаргавай. Жангарын 37 бүлгийг Т.Дүгэрсүрэнгийн хүү Баяр гэдэг залуу хэвлэлд шилжүүлсэн. Мөдхөн барханаас гараад ирнэ. Жангарын 37 бүлэг замбуулинг эзлэх гэж байна гэхэд нь үзэгчид хурайлж сүртэй хүлээж авав.

Товшуур хөгжмийн тухай товчхон

Зохиолч, найрагч Г.Аюурзана 2014 онд туульчийн тухай өгүүлсэн “Цагаан хар улаан” номоо гаргахдаа Ховдын Булганд очиж, настай улсуудаар хэсч, хууч домог сонсож, элдвийн яриа өрнүүлж явсан тухайгаа “Өдрийн сонин”-д ярьсан байдаг. “Булганд очоод хамгийн их харамссан зүйл бол жинхэнэ жангарч тэнд алга. Бүр товшуур гэж ямар хөгжим байдгийг ч хүүхэд, залуус мэдэхгүй өсч байна. “Жангар”-ыг зохиосон ард түмний тусгаар тогтносон Монгол Улсад байгаа хэсэг нь товшуураа залсан айлгүй, “Жангар” хайлдаг хүнгүй байгаа нь их л бэрх санагдсан даа. Миний муу зохиол өчүүхэн ч гэлээ сэдэл санаа өгч, Булган сумынхан мөдхөн туульсын гайхамшигт уламжлалаа сэргээх биз ээ гэж битүү найдаж л сууна. Одоохондоо Ярантаар хил гараад, Ховогсайр ч юм уу, урагшлаад Хэжинд очиход багшлах туульч залаад, өв уламжлалаа сэргээх боломж бий. Гэхдээ одоохондоо л гэдгийг мартаж болохгүй. Ер нь л оройтчих гээд байна шүү дээ” хэмээн зохиолч сануулсан билээ.

Харин Т.Галсан гуайн урт ярианы дундуур нэг сонин юм олж мэдсэн нь товшуур яагаад мартагдсан тухай байв.

Ардын уран зохиолч хэлэхдээ “Манжууд манай өөлдүүдийг нутагпуулахаар Заг байдрагийн хүрэн бэлчирт нутаг өгөхдөө хоёр болзол тавьсан. Нэг та нар эхил, товшуур, морин хууртай байж болохгүй. Хуураа хөглөөд эхэлбэл Жангараа хайлна, Жангараан хайлаад эхэлбэл манжийн толгой бөндгөс. Хуур хөгжмийг аюултай зэвсэг гэж ойлгож байж шүү.

Хоёрдугаарт нум сумтай байж болохгүй гэсэн. Нум сумтай бол Жангарын хоёр бодон (туульд Жангарын баатруудыг бодонгууд, арслангууд гэх мэтээр өгүүлдэг) шиг алтан тэвний сүвэгчээр гаргаад, ар талд нь байгаа атаатны нүдний цөцгийд нь тусгана гэж айдаг байжээ. Дэлхийн соёлын түүхэнд хөгжмөөр сор залсан өөр түүх байдаггүй юм шүү. Ийм гашуун түүхтэй. Түүнээс болоод манай өөлдүүд Цагаанзам шиг товшуур хөгжмийнхөө аялгуунд хайлдаггүй, нууж хайлдаг байлаа шүү” гэсэн юм.


“Бурхан халдунаас бүгд гаралтай гэж би бодно”


Жангар хайлах үед туульчийн арын дэлгэц дээр Бурхан халдун уулын дээгүүр хөх тэнгэрт үүлс нүүж харагдав.

Халимагууд өвөг дээдсийн нутаг Алтайгаа шүтдэг бол О.Цагаанзам гуай Бурхан халдуныг онцгойлж үздэг. Тэрбээр нэг удаа ярихдаа “Монгол гэдэг бас утга учиртай ард түмэн. Миний бодлоор суут богд Чингис хаан шиг зөв, бурууг нь ялгаж, цагаан харыг таньж, сайхан амьдрах зураг заавартай ард түмэн. Бурхан халдун гэдэг нь бурхантай холбоотой гэсэн үг. Бурхан халдун дээр тэнгэрээс юм бууж ирдэг байсан гэж бодож байна. Бурхан халдунаас бүх юм дэлгэрсэн шүү. Хүннү, Сяньби, Кидан, Түрэг, Уйгарууд монголчууд бид бүгд эндээс гаралтай. Газрын хүйс гэж байдаг. Бурхан халдунаас бүгд гаралтай гэж би бодно. Хамгийн гол нь бид эцэг тэнгэртэй хэлхээ холбоогоо тасалж болохгүй. Орчлонгийн ёсоор амьдрах хэрэгтэй. Яаж амьдрах вэ гэхээр хариу нь “Жангар”-т бий” хэмээн ярьсан билээ.

“Жангар тууль бөөгийн үзэл суртал”


Тууль хайлах ёслол эхлэхдээ Жангарын 12 баатар бөө, улаачийн дүрээр орж ирсэн нь учиртай. О.Цагаанзам “Жангар” туулийг “Бөөгийн үзэл суртал” гэдэг. “Монгол туулийн үүсэл, соёлын давхарга” номын зохиогч, судлаач А.Очир, Б.Нанжид нар “Тууль хайлах” зан үйлийг бөөгийн зан үйлтэй адилтгажээ. Тууль хайлахын өмнө гэрийн үүдийг хааж, хаяа хатавчийг битүүлдэг байна. Мөн тууль хайлж байхад гарч, орохыг цээрлэдэг. Бөөгийн зан үйлийг үйлдэхэд ч мөн ижил байдаг” гэжээ. Г.Аюурзанын зохиолд ч бөө нар жангарч болсон гэдгийг дурдсан байдаг.

“Тууль гэдэг онго тэнгэрийн үг. Жангар бол зүгээр нэг үлгэр биш. Заавал онгод хавсарч байж л Жангар сая бүтнэ” гэхчлэн өгүүлдэг.

Ховдын Булганы сүүлчийн жангарчийн тухай уншаад, жинхэнэ жангарчийн тууль хайлахыг сонсох завшаан тохиох болов уу гэж бодогдсон. “Жангар сонсдог хүн алга болохоор хайлдаг хүн аяндаа дуугаа хураачихдаг юм байна” гэсэн мөрийг уншаад эмзэглэж билээ.

“Цагаан хар улаан” зохиолд Ховдын Булганы сүүлчийн жангарч Намаржаан гуай “Бүх зүйлд Жангарын сахиус оролцож байж л сая бүтнэ, дүүрнэ ээ. Хүний тахал, малын хижиг арилгах, аян замыг амар төвшин болгох, ан гөрөөний ганзага дүүргэх, ган гачигтай үед бороо хур оруулах, айл гэрийг өлзий хутагтай болгох гэж Жангар хайлдаг” хэмээн тайлбарладаг. “Торгууд күмүн Жангаргоо оршиж ирсэн түүх үга” гэдэг нь үнэн бололтой.




Баримт шалгалтын төлөв.

Энэхүү мэдээлэлд хиймэл оюун ухаанаар таних боломжтой хуурамч мэдээлэлд илэрдэг аливаа түгээмэл шинж чанар агуулагдаагүй байна.

* Плюма нь чөлөөт сэтгүүлчдийн ямар нэг цензургүй талбар юм. Тиймээс энд нийтлэгдсэн сэтгүүл зүйн бүтээлүүд баримтын хувьд зөрүүтэй байх боломжтой тул бид эрсдэлийг бууруулах үүднээс хиймэл оюун ухааны тусламжтайгаар мэдээ нийтлэлүүдэд үнэлгээ өгч байна. Энэхүү хиймэл оюун ухаан нь Монголын баримт шалгах төвийн 2020 оноос хийсэн нийт баримт шалгалт болон тандаж илрүүлсэн хуурамч, ташаа мэдээллийн өгөгдлийн санд үндэслэн, хуурамч мэдээлэлд түгээмэл ажиглагддаг шинж тэмдгүүд илэрч байгаа эсэхийг уншигчдад таниулах зорилготой юм.

Ерөнхий Сэнтимент

Оноо 0.90
-1.0 0 +1.0

Тайлбар

Энэхүү нийтлэл нь Цагаан сараар болсон "Жангар" тууль хайлах ёслолыг өгүүлсэн бөгөөд өөдрөг, баяр хөөртэй, үндэсний бахархал төрүүлсэн аястай. Уншигчдад өв соёлоороо бахархах, түүхээ дээдлэх сэтгэгдэл төрүүлнэ. Сэтгүүл зүйн хувьд үйл явдлыг мэдээлэхдээ туулийн ач холбогдол, тусгаар тогтнолтой холбоотойг онцолсон. "Гайхамшигт өв", "тусгаар тогтнолтой тэнцдэг", "хийморь сэргээдэг" зэрэг үгс эерэг сэтгэгдлийг илтгэнэ. Соёл, түүх, үндэсний өв уламжлалын агуулгатай.


** Энэхүү сентимент шинжилгээний хэсэг нь уншигчид тухайн нийтлэлд дурдагдаж байгаа аливаа агуулга Монголын хэвлэл мэдээллийн орчинд ямар хэмжээнд түгсэн тухай мэдээлэл авах, улмаар өөрийн байр суурь, дүгнэлтээ мэдээлэлд суурилан гаргахад чиглэсэн мэдээллийн хэсэг юм.
AI-ээр шинжилсэн
AI алдаа гаргах боломжтой.

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичигээгүй байна.

Author Image

Б.Янжмаа

Feb 19, 2026

Цагаан сараар Цагаанзам “Жангар” хайллаа

Цагаан сарын өмнөхөн Тусгаар тогтнолын ордонд болсон “Жангар хайлах ёслол” биднийг эсгий гэрт маань аваачиж, туульчийн баргил хоолой, товшуур хөгжим, хөг аялгуу, хархираа хөөмий хаанаас эхтэйг маань сануулах шиг.

News Image
Author Image

Б.Янжмаа

Jan 15, 2026

УИХ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд “За” гэж хэлэх үү?

Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө юу, хүний нэр төр алдар хүнд илүү чухал уу хэмээх сэдэв тойрсон хэлэлцүүлэг өрнөсөөр байна. Аль аль нь чухал бас яруухан сонсогдох ч…

News Image
Author Image

Б.Янжмаа

Jan 14, 2026

Баабарын боловсруулсан Үндсэн хуулийн төсөл ч үзмэр болж үлджээ

Энд нийтлэлч Баабар буюу Б.Батбаярын боловсруулсан Үндсэн хуулийн төслийг харав. Зөвхөн Баабар ч бус олон хүн Үндсэн хуулийн төсөл боловсруулж, туг, сүлдний загвар гаргаж байсан гэхээр үнэхээр бадрангуй үе байж.

News Image

Pluma -с санал болгосон

News Image
Author Image

Б.Янжмаа

Sep 4, 2025

Э.Батжаргал: Монголчууд үнэхээр 9 эрдэнээр будгаа боловсруулдаг байсан юм билээ

Соёлын өвийн үндэсний төвийн гоёмсог байшинг зорьж очлоо. Энд Сэргээн засварлах газрын дарга Э.Батжаргалтай ярилцав. Бид сэргээн засварлах ажлын онцлог, дэмжлэг байдаг эсэхийг мөн монголчуудын өв соёлын өвөрмөц “жор”-ын талаар ч хуучилсан.

News Image
Author Image

Oyuh Oyu

Dec 16, 2025

Сурвалжилга: Хайраар амилдаг газар

Эзэнгүй амьтад эмнэлгийн тусламж хэр авч байна вэ? Мал эмнэлэг гэж ямар газар байдаг вэ?

News Image
Author Image

Ariuntuya Enkh

Dec 5, 2025

Технологи хүйсээр ялгаварладаг уу?

Дэлхий даяар технологийн салбар дахь ажилчидын жендерийн тэгш бус байдал анхаарал татаж буй бөгөөд технологийн салбарын топ 15 компанийн ажилчдын эмэгтэйчүүдийн эзлэх хувь ойролцоогоор ердөө 30% бол Европт энэ дүн 10% ч хүрдэггүй байна.

bookmark more
News Image
Author Image

Батцэцэг

Jun 19, 2025

“Хамтарсан Засгийн газрыг олон нийт дэмжиж буй” гэх судалгааг зөвлөх үйлчилгээний компаниас зохион байгуулалттай түгээсэн шинжтэй байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газарт УИХ-аас итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж буй үед Sancrox Political Advisory гэх Их Британид бүртгэлтэй улс төрийн зөвлөх үйлчилгээний компаниас хийсэн