Манай улсын эдийн засгийг бүрдүүлдэг голлох салбар яалт ч үгүй уул уурхай, банк санхүү, барилга, худалдаа. Гэвч эдгээр салбарын бүтээмж, өсөлтийн цаана бодит үнэ цэнийг бий болгож буй гол хүчин зүйл нь хүний нөөц, ажилчид учраас энэ их баялгийг бүтээлцэж буй хүмүүсийн хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй байдал, нийгмийн хамгааллын асуудал мөн компанийн шийдвэр гаргалтад оролцох оролцоо маш чухал.
Амь насны цаана...
Ашиг, орлогоороо тэргүүлдэг салбаруудад хөдөлмөрийн мөлжлөг, хүний эрхийн зөрчлүүд ил, далд хэлбэрээр байсаар байгааг Монгол Улсын 2024 оны үйлдвэрлэлийн осол гэмтлийн судалгаанаас харж болно. Ослын тоогоор манай улсын уул уурхайн салбар харин хүний амь эрсэдсэн тоогоор барилгын салбар тэргүүлжээ. Барилгын салбарын хувьд, нийт ослын 39.4% нь өндрөөс унах, бүдрэх, халтирах, 16.6% нь эд зүйлд хавчуулагдах, 16.1% нь унаж байгаа эд зүйлд цохиулсан гэсэн үзүүлэлт байна. Нэг талаасаа энэ нь ажилтны анхаарал, болгоомжгүй байдалтай холбоотой гэж дүгнэж болох ч ажилтныхаа эрүүл, аюулгүй ажлын орчин, хөдөлмөр хамгаалалд онцгойлон анхаарах ёстой компанийн хариуцлага ямар байгааг илэрхийлж буй үзүүлэлт юм.
Тухайлбал, барилгын компаниуд Хүний эрхийн магадлан шинжилгээ хийлгэж зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчил сэргээх механизмтай байх, ХАБЭА-ын холбогдох хууль, дүрэм, журам, стандартыг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулах буюу тогтолцооны асуудалдаа анхаарах нь үүнийг шийдэх суурь бодлого байх ёстой юм.
Бизнесийн үйл ажиллагаа ажилчдын эрх, хөдөлмөрийн нөхцөл болон байгаль орчинд хэрхэн нөлөөлж байгаа энэ мэт асуудлыг хөнддөг өргөн хүрээний ойлголтыг “Бизнес дэх Хүний эрх ба Байгаль орчны асуудал” гэж тодорхойлдог. Гэвч манайд энэ чиглэлийн мэдлэг, ойлголт компаниуд болон ажилтнуудын аль алинд нь хангалтгүй байгаа нь хүний эрхийн зөрчил үргэлжлэх шалтгаан болсоор байна.
Хөдөлмөрийн маргаанаас шийдэл рүү- Олон улсын сайн туршлага
Энэ асуудал зөвхөн Монголд ч тохиолдож буй хэрэг биш. Олон улсын томоохон компани, үндэстэн дамнасан корпорацууд ч бизнес дэх хүний эрх, байгаль орчны зөрчил гаргасаар байна. Биднээс ялгаатай нь тэд алдаагаа засаж сайжруулахын төлөө арга хэмжээ авсаар байна. БНСУ-ын тэргүүлэгч корпорацын чип үйлдвэрлэлийн салбарт өрнөж буй хөдөлмөрийн маргаан үүний тод жишээ болж байна. Саяхан тус үйлдвэрийн ажилчид эрхийнхээ төлөө, ажлын таатай нөхцөл, эрүүл мэнд, аюулгүй байдлынхаа төлөө олон жил тэмцсэний үр дүнд компаниасаа нийт 40 их наяд вон буюу 26.6 тэрбум орчим ам.долларыг хувьцаа, бэлэн мөнгө гэсэн холимог хэлбэрээр урамшуулал болгон авахаар болжээ.
Энэ үйл явдал нь ажилчдын шаардлага, байр суурь байгууллагын шийдвэрт бодитоор нөлөөлж болохыг харуулсан хөдөлмөрийн харилцааны онцлох туршлага болж байна.
Бид юу хийж чадах вэ ? Дуу хоолойгоо нэгтгэх нь өөрчлөлтийн эхлэл
Хөдөлмөрийн харилцаан дахь хүний эрхийн асуудал нь зөвхөн бие махбодын аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлөөр хязгаарлагддаггүй. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, шударгаар үнэлүүлэх, хөдөлмөрийн үр шимээ тэгш хүртэх зэрэг Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан суурь эрхүүд бүгд үүнд хамаарна. Түүнчлэн ажлын байр дахь сэтгэл зүйн дарамт, стресстэй орчин, үл хүндэтгэсэн харилцаа зэрэг үл үзэгдэх боловч бодит нөлөө бүхий хүчин зүйлс ч мөн хүний эрхийн асуудлын салшгүй хэсэг юм.
Ийм нөхцөлд хүний эрх ноцтой зөрчигдөж буй бизнесийн орчинд, ялангуяа эрсдэл өндөртэй салбарт ажиллаж буй хүмүүс зөвхөн хохирогчийн байр суурьтай үлдэх биш, өөрсдийн эрхийг ухамсарлаж, хамгаалж, дуу хоолойгоо нэгтгэж чаддаг байх нь маш чухал. Ажилтан хүн өөрийн эрхийг мэдэхгүй бол хамгаалж чадахгүй, харин хамгаалахгүй бол зөрчил хэвийн үзэгдэл болон үргэлжилсээр байдаг.
Ажилтнуудын идэвхтэй оролцоо нь байгууллагын соёл, менежментийн чанарыг бодитоор сайжруулах чухал хүчин зүйл болдог. Тухайлбал, ажлын орчинд тулгамдаж буй асуудлыг ил тод гаргах, санал хүсэлт өгөх, хөдөлмөрийн аюулгүй байдлын зөрчлийг мэдээлэх, дотоод журмын хэрэгжилтэд хяналт тавих зэрэг энгийн үйлдлүүд нь компанид “дохио” болж, алдаа дутагдлыг засах боломжийг бий болгодог.
Мөн ажилтнууд хамтран нэгдэх, харилцан дэмжих, шаардлагатай тохиолдолд хууль ёсны хүрээнд эрхээ хамгаалах нь зөвхөн өөрсдийн төдийгүй нийт салбарын соёлыг өөрчлөх суурь болдог. Дуугүй байх нь эрсдэлийг нэмэгдүүлдэг бол дуугарч, оролцох нь өөрчлөлтийг эхлүүлдэг.
Эцсийн дүндээ бизнесийн орчинд “Эхлээд хүнээ.....” гэх хандлагыг төлөвшүүлэхэд зөвхөн ажил олгогчийн хариуцлага хангалтгүй. Ажилтан ч мөн адил идэвхтэй, хариуцлагатай оролцогч байх шаардлагатай. Ийм харилцан оролцоо, итгэлцэл дээр суурилсан тогтолцоо бүрэлдэж чадвал хөдөлмөрийн харилцаа эрүүлжиж, цаашлаад салбар, улсын хөгжлийн чанар илүү тогтвортой, хүртээмжтэй болно.
Б.Үүрцайх