УИХ-ын дарга Н.Учрал чуулганы ирц бүрдүүлэхээр үгээ барж байх зуур парламентын номын сангийн танхимд огт өөр дүр төрхтэй парламентын тухай дурсамж хөвөрч байв.
Монгол Улсын Ардын багш, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Баасансүрэн:
- 1992-1996 оны анхны парламент бол Монголын парламентын засаглалын түүхэнд хамгийн их ажил хийсэн парламент шүү. Амьд гэрч нь би. Манай Ерөнхий нарийн бичгийн дарга Н. Ринчиндорж “Намайг энэ танхимд сууж байхад чи байхгүй байж болохгүй” гэдэг байв. Яг л тэнд хадаатай юм шиг суудаг. Дөрвөн жил даралтаа ихэстэл , суудлын өвчин тусталаа хуралдсан хүмүүс шүү дээ. Ямар их зүтгэлтэй ажилсаг улсууд байсан юм. Чуулган бараг өдөр бүр хуралддаг. Үдэш орой 22.00-23.00 цаг хүртэл хуралдах энүүхэнд. Байнгын хороод харьцангуй цөөн. Байнгын хорооны ачаалал УИХ-д ирдэг байлаа. “Төрийн түшээ гэж хэн бэ” гэдэг миний ном бий хэмээн хуучлав.
УИХ-ын Номын сангийн танхимд “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 35 жилийн ойд зориулсан үзэсгэлэн дэлгэж, уг сэтгүүлийг бүтээх, хэвлэх ажилд оролцож байсан эрхмүүдийг хүндэтгэн залж, талархал дэвшүүлсэн юм.
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах газраас зохион байгуулсан уг арга хэмжээний хүндэт зочдын нэг Т.Баасансүрэн байлаа.
Тэрбээр ярихдаа “Бидний эрхлэн гаргаж байсан сэтгүүлийн 35 жилийн ойг хуучны хэлээр бол үзэл суртлын өндөр зохион байгуулалттай хийж байгаа явдалд УИХ-ын Тамгын газар, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны хамт олонд талархаж байгаагаа илэрхийлье. Үзэсгэлэн гаргасан байна. 35 жил гэдэг урт хугацаа юм байна. Урд нь гаргаж байсан сэтгүүл, сонинуудаа харахад сонин байна. “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн жижиг булан байгаа ч ирээдүйн музейн эхлэлийг тавилаа гэж бодогдлоо. Олон л үйл явдал болж байсан. Хамт ажиллаж байсан бид өнөөдөр уулзсандаа баяртай байна. 1992 онд монголчууд шинэ Үндсэн хуулиа баталсан. Ингэснээр Монгол Улс социализмаас капитализм буюу бидний хэлдгээр хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэмд шилжин орох үүд хаалга нээгдсэн.
1992 оны шинэ Үндсэн хуулийн үзэл санаанд нийцүүлж, тухайн үеийн Бүгд найрамдах Монгол Ард Улсын хууль тогтоомжийг шинэчлэх шаардлага гарсан юм. Ингээд Хэвлэл мэдээллийн албыг шинээр үүсгэн байгуулж, “Төрийн мэдээлэл” сэтгүүлийг гаргаж эхэлсэн. Энд сууж байгаа бид УИХ, Тамгын газартайгаа хэвлэл мэдээллээр холбогдсон улс. Бид ийм шинэ үүрэг хүлээж байхад би 1992-1996 оны УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга хийгээд УИХ-ын дарга Н.Багабандийн хэвлэлийн төлөөлөгч байлаа. Энэ албаны нэг үүрэг “Төрийн мэдээлэл” гаргах байсан.
Өмнөх Бага хурлаас өмчилж бидэнд ирсэн зүйл Б.Чимэд гуайн үед гарч байсан хэвлэл, энэ цагаан толгойтой хүн Ж.Нэргүй.
Манай сэтгүүлийн ачааны хүндийг үүрч байсан хариуцлагатай нарийн бичгийн дарга, Монголын утга зохиолын том төлөөлөгч, судлаач, доктор Бажуудайн Ганбат байлаа. Энэ хүн маань бурхан болсон. Сан Жаргалсайхан гээд сайхан зохиолч, сэтгүүлч залуу байв” хэмээн дурслаа.
“Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 35 жилийн ой бол зөвхөн парламентын түүхтэй холбоотой биш. Монголын сэтгүүл зүйн том үйл явдал гэж бодож байна гэж Т.Баасансүрэн онцлов.
Ахмад судлаач тэрбээр сонирхолтой бүтээл гаргасан байна.
-Нэгэнт парламенттай холбогдсон учраас олон жил суусан УИХ-ын гишүүн юу ярьдаг юм байна, ажил үг хоёр нь хэр зөрдөг юм байна гээд таван удаа сонгогдсон
УИХ-ын нэг гишүүнийг онцолж, 16 жилийн турш ярьсан ярианд нь анализ хийж үзсэн.
Бүх хүнийг энэ маягаар судалж үзвэл санаанд багтамгүй сонин юм байна гэж бодогдсон.
“Ой санамж”, “Арай өөр гишүүн”, “Тууштай”, “Тулхтай” нэртэй дөрвөн дэвтэр судалгааны ном гаргасан юм. Юу хэлсэн, тэр нь биелэгдсэн эсэхийг л судалсан хэмээн сонирхууллаа.
Түүний дараа индэрт гарсан Ж.Нэргүй ах “ 35 жилийн хугацаанд УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба, ”Төрийн мэдээлэл” сэтгүүлд ажиллаж байсан хүмүүсээс Төрийн соёрхолт нэг, Ардын багш цолтон нэг, гавьяат цолтон тав төрсөн байдаг. Цөөхөн хүнтэй, цомхон хамт олноос ийм олон алдартан гавъяатан төрнө гэдэг ховор. УИХ-ын Хэвлэл, мэдээллийн албаны дарга Б.Цэнддоо Төрийн соёрхол хүртсэн. Т.Баасансүрэн гуай Ардын багш, УИХ-ын Хэвлэлийн албаны дарга байсан С.Батбаатар Соёлын гавьяат зүтгэлтэн. Манай Д.Батмөнх байна. Дууны яруу найргийн хаан гэгдэж байсан З.Түмэнжаргал гавьяат УИХ-ын Хэвлэлийн албанд ажиллаж байсан. Ийм хүмүүс ажиллаж байсан юм шүү, бахархаж яваарай” гэлээ.Тэрбээр мөнөөх таван гавъяатын нэг.
Монгол Улсад хууль тогтоомжийн чиглэлээр анхны сэтгүүл гарсны 100 жилийн ой болж байна
Парламентын номын сангийн сан хөмрөгч В.Түвшинтогтох тус номын санд ойд зориулж дэлгэсэн үзэсгэлэнгийн талаар ийнхүү тайлбарлав.
-Монгол Улсад хууль тогтоомжийн чиглэлээр анхны сэтгүүл гарсны 100 жилийн ой болж байгаа юм. 1926 оны гуравдугаар сарын 20-ны өдөр Бүгд найрамдах Монгол ард Улсын Засгийн газрын албаны сэтгүүл хэвлэгдэж байжээ.
Шинэ Монгол Улс дөнгөж байгуулагдаад хуулиудаа нэгтгэж хэвлэсэн сэтгүүлтэй болох саналыг тухайн үеийн Эдийн засгийн зөвлөлөөс гаргаж байв. Анхны дугаар дээр Го.Бадамжав гэдэг хүний гарын үсэг, оросоор бичсэн тайлбар байна. Энэ хүн 1924 онд Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийг батлахад оролцсон хүн. Тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улсаас Элбэгдорж Ринчино нарын хамт ирсэн хүн. Бадамжав гэдэг нэртэй хоёр хүний тухай яригддаг л даа. Нэг нь Цогт Бадамжав, нөгөө нь Гомбо Бадамжав. Цогт Бадамжав нь Улаанбаатар хотын музей болсон барилгын эзэн байсан. Гомбо Бадамжав нь хууль эрх зүйн чиглэлээр маш их өв үлдээсэн. Буриад хүн учраас орос хэлээр тайлбар бичсэн байна. Уг сэтгүүл 1926-1930 он хүртэл 57 дугаар хэвлэгдэж гарсан. Улаанбаатар хот дахь монгол үсгийн хэвлэлийн газарт хэвлэж байжээ. Хэвлэлийн үнэ нь зузаан нимгэнээсээ шалтгаалаад 10 - 100 мөнгө байжээ. 3000-8000 ширхэг хэвлэгдэж байсан. 224-309 хуудсаар хэвлэгдэж байсан түүхтэй. Энэ сэтгүүлүүдийг бид Монгол Улсын үндэсний номын сангийн сан хөмрөгөөс авчирч дэлгэж тавьж байгаа юм. Энэ 57 дугаарыг манай Парламентын номын сан цахим каталог руу ороод үзэж ашиглах бүрэн боломжтой. 1931 онд энэ сэтгүүлийн үргэлжлэл гэж болох Монгол Ард Улсын бага хурлын тэргүүлэгчид ба Засгийн газрын хуулиуд хийгээд тушаалуудыг эмхэтгэн хавсруулсан сэтгүүл гэж гарч байсан. 1931-1937 оны хооронд 90 дугаар гарсан. Шүүх явдлын яамнаас эрхэлж байж. Энэ сэтгүүл түүхэн явцдаа нэрээ тав, зургаан удаа сольж байсан.
1930-1937 оны хооронд Хууль дүрэм тогтоолуудын эмхэтгэл болсон. 1942 оноос эхлээд монгол бичгийг халж кирилл бичигт шилжсэн. Энэ үеэс сэтгүүл дээр кирилл үсгээр бичсэн хэсгүүд орж ирсэн. Өнөөдөр харин “Төрийн мэдээлэл” сэтгүүл маань хос бичгээр явж байгаа шүү дээ хэмээн тайлбарлав.
"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийг 2020 оноос хос бичгээр хэвлэх болсон
Д.Бадамноров “Төрийн мэдээлэл” хариуцсан референт. Хэл шинжлэлийн ухааны доктор. Монгол хэлний болон эрх зүйч мэргэжилтэй эмэгтэй.
-"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийг 2020 оноос хос бичгээр хэвлэх болсон. УИХ-аас баталсан хууль тогтоомжоо хос бичгээр хэвлэн гаргаж байна. Монгол бичгээр бичих бэлтгэл ажлыг хангасан. Одоо бол жигдэрсэн гэж ярив.
-Монгол бичгээр хууль хөрвүүлэхэд хэр их хугацаа зардаг бол?
-2020 онд өөрсдөө шивдэг байсан.
Хэвлэлийн ажилтан, эх бэлтгэгч биш учраас маш их хугацаа зарцуулдаг байсан. Хамгийн зузаан дугаараа харуулъя. 2024 онд УИХ-ын тухай хууль, Чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Монгол Улсын хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгууд гарсан. 32,5 хэвлэлийн хуудас болсон. Гурван хуулийг дагалдах хуулиудтай нь монгол бичгээр хөрвүүлсэн. Долоо хоногт нэг дугаар бэлтгэж гаргаж байв. Илүү цагаар сууж амжиллана, амралтын өдрөөр ажиллаж байж хугацаандаа амжиж байсан.
Монгол Улсын Засгийн газраас баталсан Монгол бичгийн үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд хууль тогтоомжийг монгол бичгээр хөрвүүлээд хос бичгээр гаргаж эхэлсэн. Албан хэргийг хос бичгээр хөтлөх бэлтгэл ажлаа хангасан. Одоо 2025 оноос Монгол хэлний тухай хууль хэрэгжиж байгаа. Уншигчид гарын авлага болох хууль тогтоомжоо хос бичгээр ашиглах чадварыг эзэмшүүлэх ач холбогдолтой хэмээн тайлбарлав. Уг сэтгүүлийнхэн мөн брайл, кирилл хос үсгээр харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан дугаар ч гаргажээ.
“Машин бичгийн товчооныхон”
Үзэсгэлэнд дэлгэсэн 1997 оны “Парламентын мэдээ” сонин дахь “Машин бичгийн товчооныхон” гарчигтай нийтлэл содон. Бичээчид парламентад чухал үүрэгтэй байсан тухай эндээс олж үзэв.
“УИХ-ын Тамгын газрын санхүү зохион байгуулалтын хэлтсийн Машин бичгийн товчоо 7 хүнтэй ажилладаг. Нэг бичээч өдөрт 50 хуудас буюу 1050 мөр материал бичих нормтой ч өдөрт дунджаар 75-100 хуудас бичих нь жирийн үзэгдэл” хэмээн энд өгүүлжээ. Ажилд байнга тохиолддог хүндрэл бэрхшээлийн талаар бичээч нарын ахлагч Ц.Цээсүрэн ярихдаа “Бичээчид өгч байгаа гар бичмэл гаргац муутай, оруулга засварыг балын харандаагаар бүдэг, гаргацгүй бичих зэрэг дутагдлууд гардаг нь ажил хүндрүүлдэг.
Алгын чинээ уранхай цаасан дээр бичиж орж ирдэг хүн ч бий” хэмээн ярьсан байна. Уг нийтлэлд мөн Тамгын газрын хэлтэс албад, УИХ-ын гишүүдийн олонх нь компьютертэй болсон. Нэгдсэн сүлжээнд орох асуудал шийдэгдвэл олон дамжлага хөнгөрч, ачаалал багасах талаар дурдаж, бичээч нарыг компьютерийн сургалтад хамруулах хүсэлт тавьж, өөрсдөө бие дааж суралцсан болохоор тулгамдах зүйл их гардаг хэмээн ярьсан байна.
Биднийг парламентын сэтгүүлч байх үеийн танил Б.Янжинлхам эгч маань үүнийг бичжээ.
Б.Янжинлхам 20 гаруй жил УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн хэлтэст ажилласан. Анх тэрбээр "Төрийн мэдээлэл" сэтгүүлийн утга зохиолын ажилтнаар ажилд орж байсан гэнэ. ОХУ-д Эрхүүгийн их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Ж.Нэргүй ахтай 23 жил нэг хэлтэс албанд хамт ажилласан юм билээ. Танил хүмүүсийн энэ мэт дурсамж намтрыг парламентын номын санд дэлгэсэн үзэсгэлэнгээс олж үзэв.
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн анхны дугаар 10 000 ширхэг хэвлэгдэж байсан талаар Б.Одонжил гэж хүний ярилцлагаас мөн мэдэж авлаа.
Баримт шалгалтын төлөв.
Энэхүү мэдээлэлд хиймэл оюун ухаанаар таних боломжтой хуурамч мэдээлэлд илэрдэг аливаа түгээмэл шинж чанар агуулагдаагүй байна.
Ерөнхий Сэнтимент
Тайлбар
Энэ нийтлэл нь "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 35 жил, хуулийн сэтгүүлийн 100 жилийн ойг тэмдэглэсэн баяр ёслолын, дурсамж сэргээсэн өнгө аястай. Уншигчдад түүхэн үйл явц, хүмүүсийн хичээл зүтгэлээр бахархах сэтгэгдэл төрүүлнэ. Объектив мэдээлэл, ярилцлагад тулгуурласан бөгөөд "зүтгэлтэй ажилсаг", "бахархаж яваарай" зэрэг үгс эерэг сэтгэгдлийг илтгэнэ. Сэтгүүл зүй, парламентын түүх, соёлын ач холбогдлыг онцолсон.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигээгүй байна.
Б.Янжмаа
Mar 20, 2026
“Төрийн мэдээлэл” бүтээгчдийн яриа
Яг 100 жилийн өмнөх энэ өдөр буюу 1926 оны гуравдугаар сарын 20-ны өдөр "Бүгд найрамдах Монгол ард Улсын Засгийн газрын албаны сэтгүүл " хэвлэгдэж байжээ.
Б.Янжмаа
Mar 12, 2026
Бидний амьдрал дахь парламентын боловсрол...
Сурагч О.Нандин-Эрдэнэ “Өсвөрийн парламент” хөтөлбөрт хамрагддаг. “Ардчилал ба хууль тогтоох засаглал” сэдвээр үе тэнгийнхэндээ сургалт хийжээ. Харин оюутан байхдаа гишүүний уулзалтад очиж байсан Н.Учрал өдгөө спикер болсон.
Б.Янжмаа
Mar 5, 2026
Л.Өлзийсайхан: Хуулиа амин сүнстэй байлгахын тулд Монголынхоо хөрс ус, хүн ардынхаа уламжлал, заншлыг ч мэдэх ёстой
Германы анхны Канцлер Отто фон Бисмарк “Хууль яг зайдас шиг. Түүнийг хэрхэн хийж байгааг хараагүй нь дээр” гэж хэлсэн байдаг. Харин орчин үед эсрэгээр “гэдэс дотрыг” нь ч уудлах шахдаг болсон.
Pluma -с санал болгосон
Б.Янжмаа
Mar 5, 2026
Л.Өлзийсайхан: Хуулиа амин сүнстэй байлгахын тулд Монголынхоо хөрс ус, хүн ардынхаа уламжлал, заншлыг ч мэдэх ёстой
Германы анхны Канцлер Отто фон Бисмарк “Хууль яг зайдас шиг. Түүнийг хэрхэн хийж байгааг хараагүй нь дээр” гэж хэлсэн байдаг. Харин орчин үед эсрэгээр “гэдэс дотрыг” нь ч уудлах шахдаг болсон.
Цэнд
Sep 15, 2025
Монгол Улсын газар нутгийн 75 гаруй хувь нь хөрсний доройтолд өртсөн
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцид 197 улс нэгдэн орсон бөгөөд энэ нь цөлжилт, газрын болон гангийн доройтолд өртсөн бүс нутгийг сэргээх, хамгаалах, нэмж доройтохоос сэргийлэхэд чиглэсэн олон улсын конценц.
Б.Янжмаа
Mar 12, 2026
Бидний амьдрал дахь парламентын боловсрол...
Сурагч О.Нандин-Эрдэнэ “Өсвөрийн парламент” хөтөлбөрт хамрагддаг. “Ардчилал ба хууль тогтоох засаглал” сэдвээр үе тэнгийнхэндээ сургалт хийжээ. Харин оюутан байхдаа гишүүний уулзалтад очиж байсан Н.Учрал өдгөө спикер болсон.
Б.Янжмаа
Sep 25, 2025
Г.Занданшатарын Засгийн газрын 100 хоног дахь хүнд хаяглагдсан “мессеж”
Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлнэ хэмээн “үлгэр” ярихын оронд “Хүний хөгжлийн мега төсөл” ярьсан нь арай л бодитой юм даа. Хүний хөгжил ярьсан Ерөнхий сайд хүндээ хандсан юу хийсэн гэдгийг Г.Занданшатарын Засгийн газрын 100 хоногийн босгон дээр эргэцүүлэв.
Монгол Улсын Ардын багш, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Баасансүрэн:
Д.Бадамноров “Төрийн мэдээлэл” хариуцсан референт. Хэл шинжлэлийн ухааны доктор. Монгол хэлний болон эрх зүйч мэргэжилтэй эмэгтэй.