Э.Батжаргал: Монголчууд үнэхээр 9 эрдэнээр будгаа боловсруулдаг байсан юм билээ

Б.Янжмаа
Sep 4, 2025
11 мин уншина
Соёлын өвийн үндэсний төвийн Сэргээн засварлах газрын дарга Э.Батжаргалтай ярилцлаа.
-Та сэргээн засварлагчаас ажлын гараагаа эхэлсэн гэсэн үү?
- Би 2009 онд энэ байгууллагад ороод эхний гурван жил зөвхөн зургийн бохирдлыг цэвэрлэдэг байлаа. Энэ нь сэргээн засварлалт хийхийн өмнөх дадлага л хийсэн гэсэн үг. СУИС-ийн харъяа Дүрслэх урлагийн дээд сургуулийг монгол зургийн зураач мэргэжлээр төгсөөд, Соёлын өвийн төвд зураг сэргээн засварлагчаар ажилласан юм. Үүнээс хойш сэргээн засварлагч, ерөнхий технологич, 2023 оноос Сэргээн засварлах газрын даргаар ажиллаж байна.
Байгууллага маань 1988 онд анх “Музейн үзмэр сэргээн засварлах урлан” нэртэйгээр одоогийн Дүрслэх урлагийн музейн нэг өрөөнд сууриа тавьж, ажлаа эхэлсэн байдаг. Дараа нь Соёлын төв өргөө баригдахад тийшээ нүүж ороод, 1995 онд Соёлын өвийн төв болсон. Энэ цаг үеэс сэргээн засварлах ажлаас гадна соёлын биет болон биет бус өвийн бүртгэл мэдээллийг хийх болжээ. 2020 онд өөрийн гэсэн байртай болоод Соёлын өвийн үндэсний төв болсон. Одоо долоон газартай. Захиргаа удирдлагын газар, Бүртгэл мэдээллийн газар, Хадгалалт хамгаалалт, технологи, судалгааны газар, Сэргээн засварлах газар, Түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалыг хамгаалах газар, Авран хамгаалах, эрсдлийн судалгааны газар, Мэдээлэл технологийн газартай.
Байгууллага маань 60 гаруй ажилтантай. Үүнээс 15 нь Сэргээн засварлах газрынх. Сэргээн засварлах газар маань уран зураг, монгол зураг, танка зураг, даавуу зөөлөн эдлэл, уран дархан металл эдлэл, модон эдлэл, чулуун дурсгал, баримал керамик, арьсан эдлэл гэх мэт төрлөөр сэргээн засварлаж байна.
Сэргээн засварлах ажлын онцлог нь шууд сэргээчихдэг юм биш.Жишээ нь зураг сэргээн засварлахын тулд эхлээд зураач мэргэжилтэй болж, дараа нь мэргэшиж байж сэргээн засварлагч болдог. Сэргээн засварлагч гэхээр л бүх төрлийн үзмэрийг сэргээгээд байдаг биш л дээ.
-Судалгаа хийж байж сэргээх юм биш үү?
-Тэгэлгүй яахав. Судалгаан дээр үндэслэж сэргээн засварлалтын арга зүйг боловсруулж ахлах болон ерөнхий сэргээн засварлагчийн заавар зөвлөгөө, удирдлагад ажиллана шүү дээ.
-Зураач дээр нь судлаач. Бараг хоёр мэргэжил эзэмшиж байж сэргээн засварлагч болох нь. Тэгэхээр цалин нь жирийн уран бүтээлчийнхээс өндөр байдаг уу?
-Тийм биш ээ. Соёлын өвдөө хайртай, ажиллах дуртай, сэргээж, хойч үедээ өвлүүлэх сонирхолтой хүмүүс л сэргээн засварлагч болдог. Түүнээс биш төрийн үйлчилгээний системээр цалинждаг. Хүн өөрөө цагаа төлөвлөөд амжуулж чадаж байвал, манайд сэргээн засварлагчаа хийгээд, уран бүтээлээ ч орхилгүй зургаа зураад үзэсгэлэнгээ гаргаад яваа хүн ч байдаг л даа. Гэхдээ тун ховор.
-Сэргээн засварлагч нарыг хаана сургадаг вэ?
- Польшид сэргээн засварлагч мэргэжлээр төгссөн, Монголын анхны сэргээн засварлагч, Соёлын өвийн үндэсний төвийг үндэслэгч Д.Хишигбаярын шавь нар болон түүний шавь нарын шавиуд одоо ажиллаж байна.
-Соёлын өв олдлоо гэхээр гадагш нь илгээж сэргээн засварлуулах тухай яригддаг байсан. Сэргээн засварлах чиглэлээр өндөр хөгжсөн газруудад хүнээ бэлддэг үү?
-Мэргэшүүлэх сургалт маш олон удаа хийдэг. Бид өөрсдөө ч гадаадад нэгээс зургаан сараар явдаг. Гадаадад магистр, доктор хамгаалаад судалгаа хийгээд ирж байгаа хүмүүс ч бий. Япон, Солонгос, Герман, Америкаас хүмүүс Монголд ирж мэргэшүүлэх сургалт ч хийдэг. Сэргээн засварлах арга зүй нь тухайн үеийнхээ шинжлэх ухааны ололт, амжилт, технологийн дэвшлээс хамаараад байнга өөрчлөгдөж байдаг.
-Гадныханаас суралцахаас гадна зөвхөн монголчуудын хэрэглэж байсан тусгай арга жор байдаг уу?
-Байгаа шүү. Миний хувьд “Гэмтлийн судалгаанд тулгуурлан танка зургийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах арга зам” сэдвээр 2019 онд магистрын зэрэг хамгаалсан. Одоо докторантаар суралцаж байгаа. Танка зургийн материалын судалгааг хийж, сэргээн засварлах аргачлал боловсруулахаар судалгаа хийж байна.
Сэргээн засварлах ажилд тохиромжтой, олон улсад баталгаажсан будгууд байдаг. Танка зураг гэж шүтээн зургаа хэлээд байгаа юм. Танка гэдэг нь Төвд үг, олон улсын нэршил юм. Монголчууд шүтээн зургийг есөн эрдэнээр бүтээдэг гэдэг. Шүтээн зураг нь утга бэлгэдлийн бүтээл шүү дээ.
Өнгийг нь есөн эрдэнэ гэж нэрлээд байна уу, үнэхээр есөн эрдэнийг боловсруулаад будаг гаргаад бүтээсэн юм уу гэдэг асуулт ургадаг.
Үүнд хариу өгөхөөр судалж байгаа. Яг таг ийм байсан гэж хэлэх аргагүй ч судлаачид таамаглал дэвшүүлдэг шүү дээ. 2022 онд Чойжин ламын сүм музейгээс арван ширхэг танка зураг сэргээн засварлуулсан юм. Тэдгээр зургуудад материалын судалгаа хийгээд, тухайн эд зүйлсийн химийн элемент найрлагыг тодорхойлдог багаж ашиглан судалсан. Энэ багажаар ногоон будгийг оюу чулуу, хөх будгийг номин чулуунаас боловсруулан гарган авсан байна” гэх мэтээр шинжлэх ухааны үндэслэлтэй баталгаажуулах боломжтой. Энэ судалгааны үр дүнд 9 эрдэнээр бүтээсэн гэдэг нь зөвхөн бэлгэдлийн чанартай биш үнэхээр 9 эрдэнийн чулуугаар будгаа боловсруулдаг байсан юм билээ.
Олон улсад ашиглаж байгаа сэргээн засварлахад хэрэглэдэг орчин үеийн будгууд танка зураг сэргээн засварлахад хэр тохиромжтой байгаа талаар мөн судалгаа хийж байна.
Есөн эрдэнийн будгаар бүтээсэн зураг хэзээ ч өнгөө алддаггүй.
Тиймээс судалгаанд туршигдсан сайн чанарын будгийг сэргээн засварлах ажилд хэрэглэх шаардлагатай. Тэгэхгүй бол орчин үеийн муу будаг 10-20 жилийн дараа гэхэд өнгөнд өөрчлөлт ордог. Өнгөө алдаад гандах, эсвэл харлаад ирэх жишээтэй.
-Юань гүрний үе гэх мэтээр Монгол, Хятад харилцан соёлын нөлөөлөлд байсан. Судлаачдын хувьд маргах, манай танайдаа хүрэх үе байдаг уу?
-Танка шүтээн зураг Буддын шашныг дагаж орж ирсэн. Монголын нэрт зураач Д.Дамдинсүрэн гуайн “Их хүрээний нэрт урчууд” номонд бурхан урлаачид өөрсдөө 9 эрдэнийн чулуу боловсруулан будгаа гаргаж бурхан бүтээдэг тухай өгүүлсэн байдаг.
-Манай өвөг дээдэс ном сударт хүндэтгэлтэй ханддаг байсан учраас Есөн эрдэнэ, алт оролцуулж судар ном бүтээдэг гэсэн ойлголт байдаг. Өөр улс орнуудад ч ном судартаа эрдэнэс ашигладаг уламжлал байдаг уу?
-Ийм уламжлал өөр улс орнуудад ч байсан. Энэтхэг, Түвд, Хятад Монголд ийм уламжлал ижил байгаа. Гэхдээ манайд илүү байх шиг санагддаг.
-Хуучны авдрыг үнэлдэг болсон. Эмээгийн бор авдрын нүүр нь одоогийнхоос өөр. Шороон будагтай байсан гэх юм. Шороон будгаа ингэхэд манайхан гаргаж авч чадаж байгаа юу?
-Боломжтой болж байгаа. 2020 оноос эхлэн Соёлын өвийн үндэсний төв, Богд хааны ордон музей, СУИС-ийн харъяа Дүрслэх урлагийн академын багш, судлаачид хамтран уламжлалт аргаар шороон будаг боловсруулж, гарган авахаар судалгаа эхлүүлсэн. Уг судалгааны үр дүнд СУИС-ийн харъяа Дүрслэх урлагийн академын Үндэсний урлагийн тэнхимийн эрхлэгч, монгол зургийн Г.Амарсанаа багш маань уйгагүй зүтгэсний эцэст монгол уламжлалт аргаараа шороон будаг боловсруулан гарган авч чадсан. “Эрдэс будаг боловсруулах технологийн үндэс” нэртэй ном хэвлүүлсэн юм. Бид эдгээр будгийг сэргээн засварлах ажилд туршиж, хэрэглэж хараахан амжаагүй байна.
Сүүлийн үед дэлхий нийтээрээ сэргээн засварлах ажилд будаг дээр будаг давхарлахаас эрс татгалзах болсон. Байгаа зүйлийг байгаагаар нь бэхжүүлээд, хадгалах хамгаалах хойч үедээ тэр хэвээр нь өвлүүлэх чиглэл баримталдаг болсон.
Жишээ нь Леонардо Да Винчи Милан хотын сүмийн ханан дээр зурсан “Сүүлчийн оройн зоог” хэмээх алдарт зургийг олон удаа сэргээн засварласан болохоор анх зурснаасаа тэс өөр болсон гэж судлаачид дүгнэсэн байдаг.
Будаг давхарлах нь тухайн үедээ дутууг нь нөхөөд бүтэн болгож байсан ч одоо бол өөрөөр үзэх болсон. Сэргээн засварлуулж байгаа захиалагчийн хүслийг бас харгалзах учиртай. Танка зураг нь бурхны дүрслэл байдаг тул шашны номлолоо дагаад биеийн эрхтэн дутуу байж болохгүй гэх мэт үзлээс шалтгаалан заавал будаг засварлах шаардлагатай байдаг. Бид одоогийн байдлаар олон улсад сэргээн засварлах ажилд зөвшөөрөгдсөн будаг ашиглаж байна.
-Шороон будаг онцлогтой юу?
-Монголчууд хоёр төрлийн будагтай байсан. Нэг нь эрдэст шороон будаг. Эрдэс болон өнгийн шорооноос гаргаж авдаг гэсэн үг. Нөгөө нь шимийн будаг. Шимийн будгийг амьтан, ургамалаас гаргаж авдаг. Танай авдрыг шороон будгаар будсан уу эсвэл шимийн будгаар будсан уу гэдгээс шалтгаалаад ижил найрлагатай будгаар сэргээн засвал сайн болно.
-Эко будаг юм биш үү?
-Дэлхийд ХIX зуунаас химийн гаралтай үйлдвэрийн будаг гарсан гэж үздэг. Түүнээс өмнөх соёлын дурсгалт зүйлсэд дан байгалийн гаралтай будаг хэрэглэж байсан.
-Манайхны хэрэглэж байсан байгалийн гаралтай будгууд нь хэр тогтоцтой байв?
- Энэ нь тухайн будгаас гадна цавууны найрлага, мөн маажин гээд будаг дээрээс давхарладаг хамгаалалтын давхаргаас шалтгаална. Манайхны хэрэглэж байсан будгууд маш сайн байсан. Гэхдээ бас сайн чанартай химийн будаг байж болно шүү дээ. Байгалийн гаралтай ч муу байж болно. Будаг чанараасаа шалтгаална.
Байгаль цаг уур, орчны нөлөөнд илүү тэсвэртэй учраас сүм хийдийн гаднах өнгө төрхийг будахад шороон будаг ашигладаг байж. Өнгөрсөн зууны гуч, дөчөөд оноос өмнөх монгол зургийг мөн байгалийн гаралтай будгаар зурдаг байсан.
-Хадны сүг зурагт зос ашигласан байдаг билүү. Бас л монголчуудын технологи гэсэн үг үү?
- Тэгэлгүй яахав. Монголчуудын технологи. Байгалийн улаан шороо эсвэл улаан чулууг нунтаглаж гаргаж авдаг. Зосын химийн элементийн найрлагыг харахад төмрийн исэл байдаг. Олон зуун жил өнгөрсөн ч ганддаггүй. Бороо ороход улам тодорч байдаг.
-Тэгэхээр монголчууд юу ч мэддэггүй хөдсөн дээлтэй хүмүүс байгаагүй л байх нь. Будгийн жорыг хятад эсвэл өөр улсаас авсан гэхэд хэцүү?
-Археологийн олдвороос хүннүгийн үеийн чий будагтай аяга гарч ирсэн. Өөрсдөө будгаа боловсруулж гаргаж байсан. Бүр хүннүгийн үед монголчууд маажин болох лак гэдэг зүйлийг ч хэрэглэсэн байдаг.
-Чий будаг гэдэг нь лактай төстэй гэсэн үг үү?
-Ерөнхийдөө будаад, өнгөлсөн гэсэн үг. Анхдагч гэдгийг нь батлах хэцүү ч монголчууд хэрэглэж байжээ. Ингэхэд хүннүгээс өмнө хүрлийн үеийн гайхамшигтай олдворууд олон байдаг. Тэдгээр хүрэл олдворуудын хийц нь үнэхээр төгс, ямар ч засвар хийж болохооргүй байдаг.
-Бид шинэ бүтээгдэхүүн зохион бүтээх гэхээсээ өмнө нь хэрэглэж байсан шороон болон шимийн будгаа сэргээж үйлдвэрлэвэл илүү эко бүтээгдэхүүн гэж хүлээн зөвшөөрөгдөх юм биш үү?
-Тийм оролдлогууд хийгдэж байгаа. Булган аймгийн иргэн сүүгээ хатааж цагаан будаг гарган авсан, ургамалаас олон өнгийн шимийн будаг гаргаж ноолууран утсанд өнгө оруулж олон төрлийн хувцас нэхсэн байсныг харсан. Үүнийг төрөөс дэмжээд өгөх хэрэгтэй байгаа юм.
-Ийм нэг шинэ жилийн дуу байдаг даа.
“Ширэн цартай хуурандаа
Шинэхэн дуугаа аялая” гээд.
“Ширэн цартай хуураа бид алдчихлаа” гээд нэг хөгжим судлаач ярьж байсан юм. Ширэн цар эргэж ирсэн үү?
-Урлаач нар маань уламжлалт маягаар ширэн цартай хуур урлаж байгаа үгүйг сайн мэдэхгүй байна. Харин сэргээн засварлах ажилд ширэн цартай хуурын цар нь гэмтсэн, цуурч хагарсан орж ирэхэд бид ширэн цараар л сэргээн засварладаг. Олон улсад баримталдаг сэргээн засварлах зарчим бий. Түүхэн соёлын эд зүйлсийг анхны хэлбэр, дүрс, өнгө, материалыг нь өөрчлөхгүйгээр сэргээн засварлах учиртай.
-Чойжин ламын сүм музейн хэрэм хашааг сэргээн засварлахдаа хөх тоосго байсныг нь улаан тоосгоор сольчихсон гээд нэг хэсэг шуугиад байсан?
-Соёлын өвийг сэргээн засварлах олон арга зүй, аргачлалууд бий. Ижил материалаар нөхөхөөс гадна өөр материалаар орлуулж сэргээн засварлаж болдог. Тэр нь тухайн соёлын өвийн үнэ цэнэд нөлөөлөхгүй байх ёстой. Хуучин материалыг аваад шинийг хийх биш, зөвхөн дутсан хэсгийг шинэ материалаар орлуулж болно. Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээндээ сэргээн засварлах арга зүйн талаар тохиролцсон, Соёлын өвийг хамгаалах, Сэргээн засварлах тухай хууль, дүрэм журмыг зөрчихгүй, мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх, олон нийтэд соёлын талаарх мэдлэгийг зөв түгээх шаардлагатай байгаа юм.
Италийн Катаниа хотод 13-р зуунд босгосон том цайз байдаг. Үүнийг галт уулын чулуулагаар барьжээ. Сэргээн засварлах ажилд ижил чулууг ашиглах бүрэн боломжтой ч зориуд шар, улаан тоосго ашиглан сэргээн босгосон байдаг.
Үүнийг үзэгчдэд танилцуулахдаа энэ хэсэг анхны хийц, дараа нь хэд хэдэн удаа сэргээн засварласан гээд танилцуулахад үзэгчид “Энэ хэсэг нь нурсан байжээ. Тэр хэсгийг нь сэргээн засварласан, энэ хэсгийг засварлаагүй юм байна” гэдгийг ялгах боломжтой байдаг.
Манайд бол ийм шийдлийг шүүмжлээд байгаа. Гэхдээ мэргэжлийн бус хүн, байгууллага гүйцэтгэсэн тал дээр хяналт тавьж шүүмжлэх нь зөв. Манай улсын хувьд одоогоор мэргэжлийн барилга архитектурын дурсгалыг сэргээн засварлах байгууллага хомс. Сэргээн засварлуулахаар хүлээсэн түүхэн дурсгалт барилга, сүм хийд хөдөө орон нутагт олон байна даа.
-Үндсэн эх, сэргээн засварласан хэсгийг ялгаж харуулах шийдэл байдаг юм байна. Харин манайхан хөх тоосго гаргаж чаддаг уу?
-Хэрлэн барс хотын суврагыг бид Хятад улсын мэргэжилтнүүдтэй хамтарч сэргээн засварлахдаа тухайн газар шатаах зуух бэлдэж, хөх тоосго гаргаад сэргээн засварласан шүү дээ. Манайхан бас гадны мэргэжлийн байгууллагатай хамтарч сэргээн засварлалтын ажил их хийдэг.
-Бид соёлын аялал жуулчлалыг нэмэгдүүлэх талаар ярьдаг. Гэсэн ч гадныханд үзүүлэх, хойч үедээ өвлүүлэх учиртай соёлын өвийг сэргээн засварлахад хөрөнгө гаргадаг уу. Сэргээн засварлах, судлаач нараа сургаж бэлдэхэд анхаарч чаддаг уу?
-Сэргээн засварлалт, хадгалалт хамгааллын чиглэлээр Японд доктор хамгаалсан хоёр хүн бий. М.Оюунтулга, О.Ангарагсүрэн гэсэн хоёр доктортой. М.Оюунтулга доктор манай Үндэсний төвийн Хадгалалт хамгаалалт, технологи судалгааны газрын даргаар ажиллаж байгаа.
Энэ хоёр маань япон монголын мэргэжилтнүүдийг холбож,сургалт зохион байгуулж, маш их зүйл хийж байгаа. Даанч төрөөс дэмжлэг үзүүлэх нь муу. Японоос нэг багш урьж авчирлаа гэхэд хэд хоногийн байр, хоол унд, хөдөө гадаа явах зардал багагүй гарах нь ойлгомжтой, өөрсдөө л зохицуулж байгаа харагддаг.
Гаднаас ирсэн багш нарын сургалтаар бид маш олон зүйлийг мэдэж авдаг, хэрэгжүүлдэг. Харамсалтай нь багш нарын заасан олон улсад сэргээн засварлах ажилд өргөн хэрэглэж байгаа бараа материалыг авах, захиалах мөнгө байгууллагын төсөвт байдаггүй.
Байгууллагын ирэх жилийн төсвийн саналд манай газар гэхэд сэргээн засварлах материалын зардалд 50 сая төгрөг хүсэхэд нийт долоон газрын жилийн төсөв нь зургаан сая төгрөг орж ирэх жишээтэй.
Ийм нөхцөлд бид “Урд хормойгоороо хойд хормойгоо нөхөх” маягаар л явж байна.
Гэтэл жил ирэх тусам шинэ материалууд гарч байна, цавуу хүртэл сайжраад, олон төрлөөр өөрчлөгдөөд байхад бидэнд тэр бүхнийг оруулж ирэх, худалдаж авах боломж байдаггүй.
Бидний хэдэн судлаач нар 2023 онд Монголын соёлын өвийн хадгалалт, хамгаалалт сэргээн засварлалтын холбоо байгуулсан. Уг холбоо нь Монгол Улсын соёлын өвийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын ажилд дэм болж, хүч нэмэх зорилготой. Соёлын өвийг хадгалж хамгаалах ажилд дэмжлэг хэрэгтэй байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигээгүй байна.

Б.Янжмаа
0 followers

Б.Янжмаа
Sep 4, 2025
Э.Батжаргал: Монголчууд үнэхээр 9 эрдэнээр будгаа боловсруулдаг байсан юм билээ
Соёлын өвийн үндэсний төвийн гоёмсог байшинг зорьж очлоо. Энд Сэргээн засварлах газрын дарга Э.Батжаргалтай ярилцав. Бид сэргээн засварлах ажлын онцлог, дэмжлэг байдаг эсэхийг мөн монголчуудын өв соёлын өвөрмөц “жор”-ын талаар ч хуучилсан.


Б.Янжмаа
Aug 15, 2025
“Дамбад ирээд залга”
“Жорлонгоо өөрчилье” хөдөлгөөнийг санаачлагч Ц.Оюунгэрэлийн нүүр ном руу орж харвал “Дамбад ирээд залга” гэсэн өгүүлбэр олж харах вий. Жорлонгийн хувьсгал ямар шатандаа явааг асууж шалгаахыг хүсвэл Дамбыг зорих ёстой нь тодорхой болов. Гэр хорооллоос хүн хайх амаргүй ч “Google map” ашиглан, жорлонгийн хувьсгалчдын “штаб”-ыг дор нь илрүүлчих юм билээ.

Pluma -с санал болгосон


Амаржаргал
Aug 16, 2025
Энэтхэгээр аялсан нь 2-р хэсэг
Зузаан гэгчийн телевизороо ханандаа тогтоож яг доор нь мотоциклоо байрлуулжээ. Гэхдээ бас өөр тавилга гэх зүйл ч алга бололтой. Ийм аж байдлын онцлог нь над мэтийн жуулчдад л анзаарч ажиглаж, харж зогсох онцгой үзэгдэл мэт боловч нутгийн иргэдийн хувьд энгийн нэг “зүйл” нь мэдээж.


Densmaa
Jun 24, 2025
ХҮРЭЭ ЦАМ ДАНШИГ НААДАМ ИРЭХ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД БОЛНО
Жил бүрийн даншиг намар болдог. Харин энэ жил Улсын баяр наадмын өмнөхөн болох юм. Даншиг наадам нь манай улсын шашин, өв соёлыг шингээсэн уламжлалт баяр билээ.


Цэнд
Sep 1, 2025
9 сарын 1: Баярын өдөртэй зэрэгцсэн “бяцхан” зөвлөмж
Баярт энэ өдөртэй зэрэгцэн аюулгүй байдал, анхаарал татах олон асуудлууд санаа чилээдэг нь нууц биш. Тиймээс асран хамгаалагч, аав, ээжүүд болон хүүхдүүддээ зориулсан “бяцхан” зөвлөмжийг хүргэж байна.


Б.Янжмаа
Aug 15, 2025
“Дамбад ирээд залга”
“Жорлонгоо өөрчилье” хөдөлгөөнийг санаачлагч Ц.Оюунгэрэлийн нүүр ном руу орж харвал “Дамбад ирээд залга” гэсэн өгүүлбэр олж харах вий. Жорлонгийн хувьсгал ямар шатандаа явааг асууж шалгаахыг хүсвэл Дамбыг зорих ёстой нь тодорхой болов. Гэр хорооллоос хүн хайх амаргүй ч “Google map” ашиглан, жорлонгийн хувьсгалчдын “штаб”-ыг дор нь илрүүлчих юм билээ.