Монголын Эмнести Интернэшнл байгууллагын кампанит ажлын зохицуулагч Я.Цэцэнзаяа Түгжрэлийн гэгддэг хуулийг “бут авахынхаа” өмнө иргэдийн яриаг сонсгосон юм. Жилийн өмнөх уг бичлэг дээр дахин төлөвлөлтөд өртсөн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны иргэн М.Энхбат “Газар, байшинг маань үнэлээд нүү гэж шаардсан. Амьдралаа залгуулж арав гаруй жил үр хүүхдээ тэжээж байгаа өрхийн үйлдвэрлэлийг маань үнэлээгүй. Оршин суугчдын 70-90 хувь нь зөвшөөрөөд нүүсэн байхад танайх нүү гээд мэдэгдэх хуудас хүртэл өгсөн. Цөөхөн хэдэн төгрөг аваад хөөгдөхөөр ажлын байртай хашаа авах гэхээр 700-800 зуун сая төгрөг байна. Байр аваад хүүхдүүдээ оруулчихъя гэхээр мкв нь 5 сая гэхээр өрөнд орох гээд байгаа юм” хэмээн ярьж байлаа.

Харин Я.Цэцэнзаяагийн илтгэлийг сонсож байхдаа зүй нь уг иргэнд яаж хандах ёстойг олж мэдлээ.

“Үл хөдлөх хөрөнгө нь оршин суугчийн амьжиргааны эх үүсвэр болдог. Эсхүл бизнесийн болон ипотекийн зээлийн барьцаанд байдаг бол бизнесийн болон амьжиргааны алдагдалыг ч харгалзан үзэх ёстой гэж зөвлөдөг” ажээ.

Хүний эрхийн талаарх олон улсын эрх зүй, хэм хэмжээг мөрдсөн үед л Засгийн газар нийтийн хэрэгцээнд зориулж газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах эрхтэй гэдгийг Монголын Эмнести Интернэшнл сануулж байна.

УИХ-ын Тамгын газрын хуулийн төслийн эх барьж ажилладаг зөвлөхүүдэд зориулсан ээлжит сургалтын илтгэгчид нь Монголын Эмнести Интернэшнл байгууллагынхан байлаа.

Хуулийн төсөл боловсруулахдаа хүний эрхийн баталгааг хангах тухай иргэний нийгмийн сануулгыг УИХ-ын Тамгын газрын ахлах зөвлөх, референт, УИХ-ын гишүүний зөвлөхүүд буюу хуулийн төсөл боловсруулагчид анхааралтай сонсож, илтгэгчийн асуултад хариулж байна лээ.

Энэ бодлогын үр дагаврыг хэн үүрэх юм бэ гэдэгт хариулж байж хүндээ ээлтэй болно

Я.Цэцэнзаяа ийнхүү ярьж байна.

2023 оны арванхоёрдугаар сарын 7-нд батлагдсан Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хэмээх яаралтай горимоор батлагдсан хуулийг өнөөдөр бид ярьж байгаа нь хоёр шалтгаантай.

Нэгдүгээрт Эмнести интернэшнл шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийн асуудлаар 2015 оноос хойш ажиллаж байна. ҮХЦ дээр уг хуулиар маргаан үүссэн байгаа. Газрын асуудал амьжиргаа, утаа түгжрэлийн асуудлыг бид энд ярих гээгүй ээ. Олон улсын эрх зүйн хэм хэмжээ тэр тусмаа Монгол Улс хүлээн зөвшөөрч нэгдэн орсон Эдийн засаг, нийгэм соёлын олон улсын пактад шаардлагад нийцсэн орон байртай байх эрх гэж юуг тодорхойлсон.

Монгол Улсын хуулиудад ямар алдаа дутагдал байгаа талаар ярилцах юм. “Шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийн хамгаалалт, анхаарах асуудлын тойм” гээд та бүхэнд тараасан материалд бий.

Энэ том материалыг бид 2025 оны долдугаар сард Түгжрэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үеэр УИХ-ын гишүүдэд хүргүүлсэн. Харамсалтай нь үүнийг нээж харсан нь хэд бол? Хараагүй учраас оруулсан өөрчлөлтүүд нь дордсон гэдгийг та бүгд мэдэж байгаа.

Өмнө нь Шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийн асуудлаар сонссон хүн байна уу?

Саяхан аравдугаар сарын 31-нд НҮБ Дэлхийн хотуудын өдрийг “Хүн бүрд шаардлагад нийцсэн орон байр” хэмээх уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн.

Өмнө үзүүлсэн бичлэгийг үзээд бодлого боловсруулахад идэвхтэй оролцдог хүмүүсийн хувьд иймэрхүү асуулт гарч ирж магадгүй.

Олонхын төлөө цөөнхийг золиосолж болох уу?

Улаанбаатарт сая 500 мянган хүн түгжрэл утаатай амьдармааргүй байна. Гэр хорооллыг нийслэлээс нүүлгэчихье гэж болох уу?

Нэг иргэний эрхээс илүү нийтийн эрх ашгийг хамгаалах нь Үндсэн хуулийн үзэл санаа мөн юм уу?

Эсвэл хүний эрхийг хязгаарлаж байгаа эдгээр үндэслэл хууль ёсны, зайлшгүй, гарцаагүй, тохиолдол мөн үү?

Ер нь зорилго нь аргаа зөвтгөх юм уу?

Бодлого боловсруулагчдын хувьд зүй ёсны асуудал боловч үүний цаана хүний амьдрал үргэлжилж байгаа. Үр шимийг нь хэн бодитоор хүртэх вэ. Хэн хохирч байгаа юм. “Нийт улаанбаатарчуудын төлөө та нар нүүчих л дээ. Төр нь газраа буцааж авч байна” гээд байдаг. 9000 яндан байхгүй болсон гэдэг. Гэтэл тэр яндангуудын хэд нь Баянхошуунд нэмэгдэж очсон бол?

Энэ бодлогын үр дагаврыг хэн үүрэх юм бэ гэдэгт хариулж байж хүндээ ээлтэй болно. Ямар эрсдэл гарах юм. Түүнийг яаж бууруулах вэ?

Нөлөөлөлд өртөж байгаа Долоон буудлын Должин эмээ энэ асуудлыг мэдэж байгаа юу?

Яг үнэндээ Сэлбэд 100 сая төгрөг аваад хүүхдүүддээ хувааж өгөөд, хүүхдүүдийнхээ гэрээр амьдарч байгаа нэг өвөөгийн кейс бий. Цаана нь энэ хүний эрхийн асуудал байгаа.

Сонсгол болсон тийм ээ. Дөрвөн тэрбум төгрөг өгсөн, дор хаяж 200 сая төгрөг өгсөн гэцгээсэн. Гэтэл 43 сая, 84 сая төгрөгөөр газраа үнэлүүлсэн хүмүүс байгаа шүү дээ. Тэднийг мэдэхгүй. Яагаад гэвэл хүний эрхийн социологийн судалгаа хийгээгүй. Хотоос 20 минутын зайтай шинэ дүүрэг бий болгохын тулд тэнд амьдралаа цогцлоосон хүмүүсийг ядуурал руу түлхэж таарах уу?

Хамгийн чухал нь зөрчигдсөн эрхийг сэргээх хангалттай үр нөлөөтэй хуулийн хамгаалалт байгаа юм уу?

Энэ хуульд эрх нь зөрчигдвөл ингэж сэргээнэ, гомдлыг ингэж авна гэсэн үг ч байхгүй.

Наанаа бид гоё сайхан зорилго тавьж байгаа боловч энэ бүхэн зөвхөн мөсөн уулын орой. Цаана нь ядуурал, албадан нүүлгэлт ялгаварлан гадуурхалт ч байна. Албан тушаалтнууд газраа чөлөөлөхгүй байгаа хүмүүсийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр буруушаадаг.

Эмнести 2015 онд “Төр үүргээ мэд, биелүүл” кампанит ажил эхлүүлж одоо болтол ажиллаж байгаа. Ямар үүрэг билээ?

Төр иргэнийхээ эдийн засаг нийгэм соёлын эрхийг дэвшилттэйгээр хангах үүрэгтэй шүү дээ.

Эдийн засаг нийгэм соёлын эрхэд нь шаардлагад нийцсэн орон байртай байх эрх гэсэн ойлголт бий. Үүнийг манай төрийнхөн орон сууцжуулах гэж ойлгодог. Гэтэл эдийн засаг нийгэм соёлын эрхийг дагаж гарсан зөвлөмжүүдэд шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийг толгой хоргодох оромж, дөрвөн ханаар хязгаарлаж тайлбарлах нь явцуу.

Хүн аюулгүй тайван, нэр төртэй, амьдралын шаардлага хангасан түвшинд аж төрөх эрх юм.

Шаардлагад нийцсэн орон байртай байх эрх гээд ярихаар өмчийн эрх юм биш үү, наадах чинь газрын эрх юм биш үү гээд байдаг. Үгүй, энэ бол өмчлөх эрхийг ч газрын эрхийг ч багтаасан ойлголт. Халдашгүй байх, хувийн нууцтай байх гээд иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактаар хамгаалагдсан эрхэд хамаардаг ойлголт. Эдгээр эрхийн хамгаалалт нь зөвхөн өмчлөгч эзэмшигчээр хязгаарлагдахгүй, газар, орон байртай холбоотой бүх хүнд хамаарна. Энэ хамгийн чухал.

Гэр хорооллын газар чөлөөлөлт яригдахад өмчлөгчөөс гадна газартай хамааралтай хүмүүсийн эрхийг ч бас ярих ёстой

Гэр хорооллын нэг хашаанд зөвхөн ганц айл амьдардаггүй. Тэнд хадам аав ээж нь эсвэл холын хамаатан нь ч гэрээ барьчихсан байдаг. Гэр хорооллын газар чөлөөлөлт яригдахад өмчлөгчөөс гадна газартай хамааралтай хүмүүсийн эрхийг ч бас ярих ёстой. Даанч бид үүнийг дандаа орхигдуулж байгаа.

Шаардлагад нийцсэн орон байртай байх эрх гэдгийн ард соёлын хувьд тохиромжтой байх, нийгмийн үйлчилгээ хүртээмжтэй байх ч багтана.

Нэг хэцүү хэрэг гарч байсан. Хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөх гээд бага насны хүүхдээ үлдээгээд гарсан хойгуур бага нь гадагшаа мөлхөж гараад, хуруу гараа хөлдөөсөн байсан. Тэднийх үерийн нүүлгэн шилжүүлэлтэд өртсөн айл байв. Хүүхдийн цэцэрлэгээс хоёр буудлын зайтай байсан ч нүүлгэн шилжүүлж байна гээд тог ч үгүй, ус ч үгүй, автобусны буудлаас ч хол газар аваачсан байсан.

Үндсэн хуульд орон байртай байх эрх гэж байхгүй шүү дээ гэж зарим хүн хэлдэг.

Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль гээд олон хууль, тогтоомж, журмууд ч бий.

Гэтэл 2025 онд Улаанбаатар хотын ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр НИТХ дээр 2013 оноос хойш Улаанбаатарт дахин төлөвлөлтийн 445 байршилд хэрэгжиж буй ихэнхи төслүүдийн хэрэгжилт хангалтгүй. 3 хувь, 5 хувь, 10 хувьтай байна гэсэн. 12 жилийн дараа ингэж дүгнэсэн. Зөвхөн нэг өрхийн жишээн дээр авч үзэхэд ээж аав нь нас бараад, хоёр дүүгээ хараад амьдарч байгаа тохиолдол ч бий.

2015 онд сануулсан асуудлаа 2026 онд ч ярьсаар байхад…

2015 онд Монголын Эмнести Интернэшнл “Хангалтгүй хэрэгжүүлж байна” гээд судалгаа хийж, дүнг нь танилцуулж байсан. Энд Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг ярьж байсан.

Юу нь хангалтгүй байгаа юм бэ?

Бодитоор зөвлөлдөхгүй байна. Албадан нүүлгэхээс сэргийлэхгүй байна. Иргэдэд мэдээлэл өгөхгүй байна. Дахин төлөвлөлтийн хууль журмууд уялдаа холбоогүй байна. Маргаан шийдвэрлэлт хангалтгүй байна.

Зөрчигдсөн эрхийг сэргээж чадахгүй байна. Нөхөх олговор хангалтгүй байна гэдгийг 2015 онд сануулж байсан.

Гэтэл өнөөдөр 2026 онд би Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн талаар дахиад л энэ асуудлуудыг ярьж байна.

Хот төлөвлөлтөд зайлшгүй шаардлагатай аливаа нүүлгэн шилжүүлэлт төлөвлөн хэрэгжүүлэхдээ олон улсын хүний эрхийн эрх зүйн хэм хэмжээнд нийцсэн, цогц стратегид үндэслэх шаардлагатай. Цогц стратегийн хамгийн нэгдүгээрт хүний эрхийн нөлөөллийн үнэлгээг зохих шаардлагад нийцүүлэн хийх.

9000 яндан буулгасан бол өдий тооны яндан Улиастайд ч юм уу, Толгойт эсвэл Тахилтад нэмэгдээгүй гэдгийг баталгаажуулах ёстой.

Нөлөөлөлд өртсөн иргэдтэй бодитоор үр дүнтэй зөвлөлдөх хэрэгтэй. Дэмжлэг эсвэл санал авах байдлаар бус нэг ёсондоо өөрсдийнх нь амьдралд шууд нөлөөлөх шийдвэрт тухайн иргэн эрх мэдэлтэй оролцох ёстой.

Аливаа шийдвэр үйл ажиллагаанд захиргааны болон шүүхийн хяналт хэрэгжих баталгааг хангах хэрэгтэй. Хамгийн чухал нь тухайн газарт амьдарч байгаа иргэдийг дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжсэний дараа уг газартаа үргэлжлүүлэн амьдарч болохгүй шалтгааныг хангалттай, хүлээн зөвшөөрөхүйц үндэслэлтэй ойлгомжтой тодорхойлсон байх учиртай.

Хөгжилд суурилсан нүүлгэн шилжүүлэлтийн үндсэн зарчим болон удирдамжид тэмдэглэснээр нүүлгэн шилжүүлэлтэд өртсөн хүмүүст шударга бөгөөд бүрэн нөхөх олговор авах эрхийн баталгааг хангах нь төрийн үүрэг. Нүүлгэн шилжүүлэлтэд өртсөн бүхий л хөрөнгөд нөхөн олговор олгохын зэрэгцээ ажил эрхлэлт, боловсрол, нийгмийн хамгаалал зэрэг алдагдсан боломж, материаллаг хохирол, орлогын алдагдал, тухайн нөхцөлд тохирсон, зохистой харьцаатай, эдийн засгийн хувьд үнэлэгдэх аливаа хохирлыг төрөөс нөхөн төлнө.

Должин эмээ хорооноосоо 100 хүрэхгүй метрт амьдардаг. Хороо болон өрхийн эмнэлэгийн идэвхтэй үйлчлүүлэгч байсан. Газар чөлөөлөлтөд өртөөд хаана очиж амьдрах болсныг хэн ч мэдэхгүй. Мэдээж төгс юм шаардахгүй.

Нөхөх олговрыг газраар олгох тохиолдолд өмнөх газрын чанар хэмжээ, үнэ цэнд тохирсон эсхүл илүү сайн газар байх шаардлагатай

Амьжиргааг нь дордуулахгүй байх ёстой, амьдралын баталгааг нь дэвшилттэйгээр хангах зарчим ингэж үйлчилдэг. Ер нь олон улсын эрх зүйд мөнгөн нөхөх олговорыг дэмждэггүй. Мөнгөн хэлбэрээр нөхөх олговор нь ямар ч тохиолдолд газар зэрэг бодит нөхөх олговрыг орлохгүй гэж үздэг.

НҮБ-ын Эдийн засаг нийгэм соёлын хорооны зөвлөмжид хэрэв нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүй бол албадлага хэрэглэхээс зайлсхийхийг зөвлөдөг.

Бодитоор зөвлөлдөх боломжоор хангах, шаардлага хангасан үндэслэл бүхий мэдэгдэл өгөх, эрхээ хамгаалах боломжоор хангах ёстойг өмнө дурдсан.

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулиар шийдвэр гаргах этгээд нь Засгийн газар, НЗДТГ.

Иргэдтэй урьдчилан тохирно гэдэг.

Зөвшөөрөл бус дэмжлэг авдаг. 70 хувийн дэмжлэгээр үлдсэн 30 хувийг нь албадаж байгаа шүү. Нэг ёсондоо дэмжиж байна уу “Дэмжиж байна” гэхээр нь “За тэгвэл хэдүүлээ процессоо яръя” гэдэг.

Яаралтай горим нэртэй иргэдийн оролцоог хязгаарласан хуулийн төсөл

Нөлөөлөлд өртөх олон мянган айл өрх, хувь хүмүүст учрах хүний эрхийн ноцтой сөрөг үр дагаврыг үл хайхран “үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангах” гэсэн тодорхой бус өргөн хүрээтэй нэр томъёог ашиглан, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг олон нийтээр хэлэлцүүлэхгүйгээр яаралтай горимоор баталсан нь Хууль тогтоомжийн тухай хуульд заасан ил тод нээлттэй байх, олон нийтийн оролцоог хангах, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, судалгаа шинжилгээнд үндэслэсэн байх зарчмыг ноцтой зөрчсөн.

Хүний эрхийг өргөн хүрээнд зөрчих боломж олгосон тодорхой бус, ойлгомжгүй заалтуудтай.

Яг энэ хуульд газар чөлөөлөх зайлшгүй хэрэгцээ гэдэг дээр явган хүний зам тавих, дугуйн зам тавих гэсэн байгаа.

Газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх процесс тодорхой биш.

70 хувийн дэмжлэг авсан бол үлдсэн 30-ийг албадан чөлөөлөх шийдвэрийг нийслэлийн Засаг дарга гаргана.

Таны хөрөнгийг үнэлсэн байгаа. Хөрөнгийн тайлан гэж ийм тайлан бий. Хангалттай хугацаанд та үүнтэй танилцаарай. Санал нийлэхгүй бол гомдол гаргаж болно шүү гээд процесс явагдах ёстой.

Гэтэл иргэнд ийм газар ийм обьектийг төдөн төгрөгөөр үнэлсэн гэсэн хагас хуудас цаас л өгч байгаа. Тэгээд 14 хоног өгдөг. Энэ хугацаанд өөрийн хөрөнгөөр дахиж үнэлгээ хийлгэхгүй бол НЗДТГ-аас хийсэн хөрөнгийн үнэлгээг эцсийн шийдвэр гэж үзнэ.

Тэгээд та хоёр долоо хоногийн хугацаанд хөрөнгөтэй боломжтой хүн хайсаар байгаад үнэлгээ хийлгэчихлээ гэж бодоход энэ хоёр үнэлгээ зөрвөл яах вэ?

Гэтэл Должин эмээ яах ийхээ ч мэдэхгүй заасан хугацаа нь өнгөрсөн хойно “Хүүе ээ, энэ чинь одоо миний газрыг ингэчихлээ” гэвэл “14 хоног өнгөрсөн, энийг ав, авахгүй бол одоо яах вэ дээ” гэсэн хариу сонсоно.

Зөрчигдсөн эрхийг сэргээх үр нөлөөтэй хуулийн хамгаалалт байхгүй.

Ийм учраас энэ хуульд оноо өг гэвэл бид “ноль” оноо өгнө. Энэ хууль ҮХЦ дээр үндсэн эрхийн маргаан үүсгэсэн. Одоо бид amicus бичиж байгаа гэв.

Amicus гэдэг нь тухайн хэргийг шударгаар шийдвэрлэхэд тус болох чухал мэдээлэл, мэргэжлийн дүгнэлт, хууль эрх зүйн дүн шинжилгээг шүүхэд сайн дураараа гаргаж өгч буй хөндлөнгийн шинжээчийг хэлдэг аж.