“Хууль тогтоох үйл ажиллагаанд AI хэрэглээ нэвтрүүлэх нь: Бусад орны туршлага” сэдвээр УИХ-ын Тамгын газрын референт С.Баясгалан илтгэлээ.

-Олон Улсын Парламентын холбооны “Цахим засаглал-2026” тайлан хэдхэн хоногийн өмнө гарлаа. Дэлхийн парламентуудын цахим шилжилт ямар түвшинд байгаа талаар мэдээлдэг хамгийн бодитой судалгааны эх сурвалж юм. Энэ судалгааны үр дүнгээр судалгаанд оролцсон 118 парламентын дийлэнх нь буюу 88 хувь нь AI-г турших буюу албан ёсоор ашиглаж байна.

48 хувь нь албан ёсоор үйл ажиллагаандаа хэрэглэж байна. Богино хугацаанд эрчтэй өсөж байгаа тоо.

Тайлангийн гол дүгнэлт технологи парламентын үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд засаглалын тогтолцоо, дүрэм журмын бэлтгэл хангаж байж амжилттай хэрэгжиж байна. Шууд технологидоо хөрөнгө оруулбал үр дүн нь хангалттай биш байна гэж үзсэн.

Суурь зарчим: AI нь хуулийн төсөл боловсруулагч, зөвлөхийг орлохгүй. Харин механик ажлаас чөлөөлж, хууль зүйн нарийн дүгнэлт гаргах чадавхыг дэмжинэ.

Хиймэл оюуныг ингэж их хурдтайгаар нэвтрүүлэх шалтгаан юу вэ гэдэгт хариулт өгсөн байна. Энд хурдыг онцолсон. Орчин үеийн нийгэмд дижитал шилжилт эрчимтэй явагдаж байгаа. Нийгмийн харилцаанд дижитал орон зайн эзлэх жин 80 хувь хүртэл өссөн. Уламжлалт энгийн нүүр тулсан харилцаа өдөр ирэх тусам багасаж байгаа. Энэ их өөрчлөлт хэрэгцээ шаардлагыг хангахын тулд технологийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна. Хууль тогтоох үйл ажиллагааг илүү хурдасгах шаардлагатай гэдэг дээр олон улсын парламентууд дуу нэгтэй зөвшөөрсөн. Дунджаар нэг хуулийн төсөл боловсруулагдахаас эхлээд батлагдах хүртэл 3-18 сар болж байна. Олон улсын парламентууд Итали, Бразил хоёрын жишээнээс суралцаж байна. Ялангуяа Бразил үлгэр жишээ болж байгаа. 600 гаруй парламентын гишүүнтэй учраас Тамгын газар нь асар их ачаалалтай ажилладаг. Энэ өндөр ачааллыг хиймэл оюуны технологиор хялбарчлах зайлшгүй шаардлага үүссэн. Зарчмын зөрүүтэй саналыг нэгтгэх, бүлэглэх, шинэ хууль батлах захиалгад хамгийн ойр 12+ өмнөх төсөл, судалгааг автоматаар санал болгоно.

Чилийн парламент өмнөх хэлэлцүүлгийн тэмдэглэл, санал хураалтын үр дүн, хууль тогтоогчийн хүсэл зоригийг AI туслахаар шүүж, шинэ төсөлд ашигладаг.

Италийн парламент мөн Хууль зүйн техник шинжилгээ, харьцуулсан хүснэгтэд AI ашиглаж байна.

Нэмэлт өөрчлөлтийг найруулгын стандартад нийцүүлж, эх хуультай зэрэгцүүлсэн хүснэгт автоматаар үүсгэж ашигладаг байна. Ирсэн дарааллаар бүртгэгдсэн олон зуун саналыг дэгийн дагуу санал хураах дараалалд автоматаар эрэмбэлнэ. Зөвлөх хянана.

Ижил утгатай саналуудыг бүлэглэн, нэгтгэж ялгаатай шийдвэрлэхээс сэргийлнэ.

Хууль тогтоох хяналт хийхэд AI технологийг дараах байдлаар ашиглаж байна.

Хууль хоорондын зөрчил, давхардал шалгах. Шинэ төслийг хүчин төгөлдөр хуулиудтай харьцуулж, зөрчил давхардал хийдэл илрүүлэх, төстэй зохицуулалтын үр дагаврыг шинжлэх,

Эмзэг заалт ба ишлэл автоматаар шүүх. Италийн Сенат хуулийн төслөөс дагалдах журам батлах заалт болон төсвийн зардлын төсөөллийг автоматаар ялгаж, хураангүй хүснэгт үүсгэдэг.

Нийцэл ба нөлөөллийн урьдчилсан хяналт. Чили төслийн ирц хэлэлцэх боломж, нөлөөллийг шалгадаг.

Хууль хэрэгжсэний дараах хяналтад ашиглаж байна. Хууль зорилгодоо хүрсэн эсэхийг (KPI) өгөгдлөөр үнэлэх. Бразил 30.000 хүртэл иргэний саналыг дэмжсэн эсэргүүцсэн байр сууриар ангилж байна.

Энд нэг юм ойлгох хэрэгтэй. Хиймэл оюуны технологи маш өргөн ойлголт байдаг. Бидний өдөр тутамд ашигладаг ChatGPT шиг биш.

Бидний ярьж байгаа хиймэл оюуны технологи гэдэг нь тухайн үйлдлийг хийхэд тусгайлан зориулагдсан хиймэл оюуны моделуудыг хэлж байгаа юм.

Хууль хоорондын зөрчил, давхардал шалгахдаа хиймэл оюуны технологи ашиглах гэдэг нь зориулсан машин сургалтаар өгөгдөл дээр тусгайлан боловсруулсан зөвхөн тухайн үйлдлийг хийдэг хиймэл оюуныг хөгжүүлэх ойлголт юм.

Энэ бол зөвлөн дэмжих зорилготой технолги. Түүнээс биш бүгдийг орлохгүй юм. Жишээлбэл, зүйл заалтуудыг ижил төстэйгээр нь ялгахын тулд тухайн текстийн утгыг ойлгох, нэршил таниулах технологи хөгжүүлэх шаардлагатай болдог. Одоо бидний хэрэглэж байгаа моделиуд маш их өгөгдөл дээр сургагдсан.

ChatGPT энэ мэдээллийг хаанаас юунд үндэслэж гаргаад ирэв гэдгийг тайлбарладаггүй тийм боломж ч байхгүй. Үүнийг “хар хайрцаг” гэдэг. Харин парламентуудын хэрэглэдэг RAG технологи нь”хар хайрцаг” байж болохгүй. Тухайн дүгнэлт яг аль хуулийн заалт, эх сурвалжаас гарсныг шалгах боломжтой байх ёстой. Өгөгдсөн бичиг баримт материал дотроос л AI боловсруулалт хийж, шүүдэг технологи юм. Түүнээс биш хэрэглээний зориулалттай моделиуд төдийлөн үр дүнтэй биш.

Эрсдэл багатай эхлэл- хурлын тэмдэглэл

Парламентууд хиймэл оюуны технологийг ихэвчлэн хуралдааны аудио бичлэг хөрвүүлэх, яриаг бичвэрт буулгах, шуурхай нийтлэх буюу санал хураалт видео линктэй нийтлэхэд ашиглаж байна. Өөр өөрийн аргачлал ашигласан. Хамгийн амжилттай нь Эстонийн жишээ. Хуралдаан дуусахад тэмдэглэл бэлэн болдог. Манайх ч бас хуралдааны тэмдэглэл хөтлөхөд хиймэл оюуны технологи ашигладаг. Монгол хэл бага нөөцтэй хэл гэсэн ангилалд ордог учраас тусгай зориулалттай” Чимэгэ” гэдэг модел ашиглаж байна. Бага нөөцтэй хэлтэй парламентууд дундаа хуралдааны тэмдэглэл хөрвүүлэхэд хиймэл оюуны технологи ашиглах талаар үлгэр жишээ болдог.

Өгөгдөлгүй бол AI үр дүнгүй

Хиймэл оюуны технологи нэвтрүүлэхэд юу чухал вэ?

ОУПХ-ны зөвлөмжид ч дурдагдсан. Эхлээд технологи бус засаглал, дүрэм журам бодлогоо тодорхой болгох хэрэгтэй. Дараа нь өгөгдөл бэлэн болох ёстой. Хиймэл оюуны технологид зориулсан өгөгдөл гэдэг нь өргөн утгатай. Бидний өдөр тутам хэрэглэж байгаа Word, PDF мэдээллийн санг зөвхөн хүн уншиж ойлгоно. Машинд зориулж хөрвүүлэх хэрэгтэй болдог. Машин уншдаг хэлбэр нь XML бүтэц.Өгөгдлийг бүх бүтцээр нь задлаад энэ бол заалт нь, энэ бол үндсэн бичвэр нь, энэ нь өөрчлөлт нь гээд тухайн бичвэрийг бүр кодын түвшинд задалж, бэлдэж өгдөг.

Өгөгдөл бэлэн биш бол AI -ийн бэлэн байдал гэж байхгүй. Хэрэв эрх зүйн өгөгдөл нь зөрчилтэй, стандартчилагдаагүй, харилцан ажиллах чадваргүй бол AI тэр алдааг сурч улам томруулдаг.

ChatGPT монгол хэлээр хариулт өгч чадаж байна гээд байдаг. Интернэтнэд байсан бэлэн өгөгдөлд тулгуурладаг. Монголд интернэт нэвтэрснээс хойш манайхны интернэтэд тавьсан пост бичвэр, мэдээлэл агуулгууд байдаг. Тэнд ямар асуудал байдаг гэхээр хэл найруулга, үг сонголт маш явцуу хүрээнд бэлтгэгдсэн монгол өгөгдөл дээр тулгуулаж сургагдсан модел учраас хязгаарлагдмал хариулт л өгдөг.


Ийм учраас хууль эрх зүйн ойлголтуудыг машиндаа тусгайлан сургахын тулд парламентад байгаа өгөгдөл буюу бидний өдөр тутам хэрэглэдэг бүх мэдээллийг машин уншиж ойлгох хэлбэрээр боловсруулж байна. Энэ өгөгдөл дээрээ хиймэл оюуны моделоо сургаж бидний хэрэгцээг хангах техникийн нөхцөл бүрдэх юм.

Өгөгдлийн суурийн хувьд Германы Bundesrechtsdatenbank сайны жишээ болдог. Манайхаар бол legalinfo маягтай. Гэхдээ legalinfo-д батлагдсан хууль л ордог.

Германы энэ тогтолцоо бол өвөрмөц юм билээ. Төрийн хувь эзэмшилтэй хувийн компани. Төрийн байгууллагуудын дундын өгөгдөл боловсруулалт болон систем хөгжүүлэлт хийдэг. Хууль тогтоомж, эрх зүйн актууд төслөөсөө авхуулаад манайхаар бол “Хуулийн хувийн хэрэг”, хэлэлцүүлгийн явц, тайлан мэдээлэл, батлагдсан хүчин төгөлдөр хуулиуд гээд бүгд байдаг. Хууль эрх зүйн орчинтой холбоотой бүх өгөгдлийг нэгтгээд, нэг систем үүсгээд эндээсээ парламент, Засгийн газар, шүүх нь авч хэрэглэдэг.

Өгөгдлөө машин унших хэлбэрээр хөрвүүлэх чиглэлээр олон улсад стандарт тогтоосон. Гарцаагүй үнэн бодит мэдээлэлд тулгуурласан үр дүн гарч ирдэг. Манай legalinfo ингэж ажилладаг. Ямар нэг үг хайхаар тухайн үг орсон текст хаана байгааг хайгаад харуулдаг. Машин ойлгодог өгөгдөл бэлдвэл “Хүүхдийн аюулгүй байдал хамгаалал” гэж хайхад эхлээд хүүхэд гэж хэн бэ гэдгээ тодорхойлоод насанд хүрээгүй хүн, сургуулийн өмнөх насныхан, сурагч гэх мэтээр текстүүдээ бүгдийг эрэмблээд, жагсаалт гаргаж ирдэг.

Өгөгдөл л сайн байх учиртай.

АНУ-ын Конгрессын Доод танхим хуулийн төсөл боловсруулах ажилд AI нэвтрүүлэх төсөл хоёр жил хэрэгжүүлээд, энэ хавар зогсоосон. Бодитой үр дүнд хүрэхийн тулд өгөгдлөө эхлээд бэлдэх хэрэгтэй гэсэн асуудал яригдсан юм билээ.

Өгөгдлөө бэлдэхгүйгээр машинаа боловсруулсан ажлын үр дүнд хүний хяналтад гаргах зардал өндөр гарсан учраас бүтэлгүйтжээ.

Хууль тогтоох үе шатанд хиймэл оюунаас юу хүлээх вэ?

Төсөл боловсруулалт, урьдчилсан хяналт

Хүчин төгөлдөр хуультай тулгаж, зөрчил давхардал, дагалдах өөрчлөлт шүүх. Нэр томъёоны нэгдмэл байдлыг хянах. Дагалдах журам ба төсвийн нөлөөтэй заалтыг ялгах. Төслийн бүрдэл, Үндсэн хууль, Олон улсын гэрээний нийцлийг урьдчилан шүүх.

Байнгын хороо, ажлын хэсэг, хэлэлцүүлгүүдийн уялдаа

Зарчмын зөрүүтэй саналуудыг утгаар нь бүлэглэх, дотоод зөрчлийг хянах. Харьцуулсан хүснэгт ба Байнгын хорооны дүгнэлтийн анхны ноорог бэлдэх.

Олон нийтийн оролцоо, тэмдэглэл, эцсийн найруулга.

D-Parliament дахь олон мянган иргэний саналыг байр суурь, сэдвээр ангилах. Хурлын тэмдэглэл, эцсийн найруулга, дугаарлалт шалгах.

Хиймэл оюунаас юу хүлээж болохгүй вэ?

Бодлогын шийдвэр

Нийгмийн зөвшилцөл, ёс зүй, Үндсэн хуулийн үнэлэмж, улс төрийн мэдрэмжийг алгоритм орлохгүй.

Тайлбарлагдах чанар

AI яагаад тухайн дүгнэлтэд хүрснийг нягталж чадахгүй бол хүлээн зөвшөөрөгдөхгүй.

Монгол хэл дээрх өгөгдөл хангалтгүй

Өгөгдөл бага тул хууль зүйн нарийн нэр томъёонд алдах, байхгүй заалт зохиох эрсдэл өндөр.

Олон хүн ярьдаг хэл дээр сургагдсан моделууд тухайн хэл дээрх текстүүдийн агуулга нь хиймэл оюуны логик сэтгэлгээнд нөлөөлдөг. Хиймэл оюуны технологи жендерийн ямар ойлголттой байдаг вэ гээд сонирхож үзэхэд эрэгтэй эмэгтэй хүмүүс гээд хариулж байснаа бурхан баатар бүтээгч, компаний захирлыг эрэгтэй гэж ойлгоод, ширээ аяга таваг зэргийг эмэгтэй хүнтэй холбоод байдаг. Тэр ойлголт хаанаас ороод ирэв гэхээр нийгмийн соёл нь машиндаа сургагдчихсан байдаг. Гэтэл бусад хэлэнд тэр эрэгтэй, тэр эмэгтэй гээд хүйсээр ялгадаг байхад монгол хэлэнд тэр гэхэд хүйс заадаггүй. Гэх мэтээр ойлголт сэтгэлгээний онцлог нь машиндаа суусан байдаг.

Парламентууд ямар ажилд AI хамгийн их нэвтрүүлсэн бэ?

Хурлын тэмдэглэл хөтлөхөд 39 хувь, орчуулгад 30 хувь, баримт хураангуйлахад 24 хувь нь ашигласан байна.

Харин хуулийн төсөл боловсруулах, хүний ур чадвар шаардсан ажилд маш бага түвшинд, ихэвчлэн туршилтын шатанд яваа төслүүд байна. Бодит үр дүн гарсан төслүүд байхгүй юм билээ. Манай хувьд ч хурлын тэмдэглэл, хайлт хураангуйлахаас эхэлж, төсөл боловсруулахад хүний хяналттай туслах хэлбэрээр шилжих боломжтой.

Гол эрсдэлүүд

Өгөгдөл гадагш алдагдах эрсдэл бий.

Хэлэлцэгдэж буй төсөл төрийн болон албаны нууцыг хувийн ChatGPT зэрэг нээлттэй үүлэн системд оруулах эрсдэл.

Өрөөсгөл хандлага ба сохроор итгэх.

Сургалтын өгөгдөл дутуу, эсвэл нэг талыг барьсан бол цөөнхийн эрх ашгийг орхигдуулсан дүгнэлт гарна. Хэрэглэгч AI -ын хариултыг хяналтгүй дагах нь хуульзүйн алдааг хэвшүүлэх аюултай.

Кибер халдлага, мэдээллийн аюулгүй байдал

Хиймэл оюунаар үйлдвэрлэсэн олон мянган хуурамч иргэний санал хэлэлцүүлэгт нөлөөлөх эрсдэл байж болно.

Олон улсын хамгаалалтын жишиг

Сингапурын “Pair” загвар шиг төрийн дотоод сүлжээнд байрших аюулгүй орчин чухал. Үүн дээр байгууллагын AI ёс зүйн дүрэм, ажилтнуудын өгөгдөл, AI бичиг үсгийн сургалт хэрэгтэй.

Өмнө нь нийгмийн харилцааны хэм хэмжээг тогтоогч нь хууль эрх зүй байсан бол одоо дижитал технологи буюу код түүнээс дутахгүй хэмжээнд нөлөөлж байна гэдэг асуудал хурцаар тавигдах боллоо. Хуулийн төсөл боловсруулагчийн хувьд технологийн талаар тодорхой ойлголттой байх шаардлагатай байна.