Наадмын өдрүүдэд Силвиа Платыг уншсан маань намайг дэн дун болгож орхив. Хааяа зурагт үзэж, бөхийн барилдаан харах зуураа “Хонхон шил”-ээ бас хэсэг уншиж амжсан. Энд хүч, бяр ханхлуулсан хагас нүцгэн эрчүүд нэгийгээ үзэж байхад, тэнд нэг өсвөр насны галзуу охин үе үе өөрийгөө “нухчих” гээд амар заяа үзүүлсэнгүй.

1950-иад онд амьдарч байсан эмэгтэйг хуучны хүн гэж төсөөлж болох ч номыг нь уншихаар харин Gen Z үеийнхнийг санагдуулах юм. Америкийн яруу найрагч эмэгтэйн намтар гэж болохоор энэ номыг уншсаныхаа дараа л өсвөр насны охин маань Силвиа Платыг надаас ч илүү ойлгож хүлээж авахыг ойлгов. Бараг тал хувьд нь сэтгэцийн асуудлын талаар биш байсан бол ерөнхийдөө өсвөр насны охины өдрийн тэмдэглэл гэж болохоор ном л доо, уг нь.

Одоо л амны уншлага болоод буй “сэтгэл зүйн траума”, Gen Z үеийнхний сэтгэл зүйн онцлог хэмээх асуудал Силвиа Платын үеэс моодонд орсон юм биш үү.

Зохиолч Г.Аюурзана “Гарчиг” нэвтрүүлгээрээ “Хонхон шил”-ийг “Уран зохиол сонирхдог хүмүүсийн хувьд алгасаж болохгүй ном” гэж тодорхойлсон. “Бүхэл бүтэн үед нөлөөлсөн роман” гэсэн шүү. “Силвиа Плат мундаг яруу найрагч” гэж Г.Аюурзана үнэлсэн юм. Хойч үеийнхэнд загваргүй сэтгэлгээ, сэтгэлгээний эрх чөлөөг мэдрүүлсэн гэх энэ найрагч эмэгтэйн ном 1960-аад оноос хойш бий болсон өвөрмөц хэл яриа, сэтгэлгээнд нөлөө үзүүлсэн гэж уран зохиолын талаар яриа хөөрөө өрнүүлдэг “Гарчиг” нэвтрүүлгийн хөтлөгч зохиолч Г.Аюурзана болон зочин, утга зохиол судлаач Ш.Баттөр нар дүгнэсэн л дээ.

Өнөө үед нийгмийн бухимдлаас үүдэлтэй гэх сэтгэцийн асуудлууд дайны дараах үеийн хүмүүсийн хувьд тохиолдож болох л зүйл.

Юутай ч Силвиа Плат хүүхэд байхдаа л шүлгээ хэвлүүлсэн алдартай охин байж.

Бага байхад нь эцэг нь өөд болсон нь сэтгэцийн асуудалтай болоход нь нөлөөлсөн гэсэн таамаглалууд ч явсан.

Эцэг эхийн харилцааг нь мэдэрч болохоор хэдэн өгүүлбэр номд байсан л даа.

“Аав, ээж хоёр бал сараараа Реногоос явсан ба тэр үед аав маань “Ёох ингэж нэг санаа амарлаа. Одоо жүжиглэхээ болиод өөрсдийнхөөрөө байж болно биз дээ аан” гэж хэлсэн хэлсэн тэр цагаас хойш ээж амьдралдаа ганц ч хором амар заяа үзээгүй билээ.

Ээж минь өөрөө бүр надад ингэж хэлж байсан юм чинь” хэмээн “Хонхон шил”-д өгүүлжээ. Хэдийгээр эцэг нь ээжийнх нь хувьд хэцүүхэн нөхөр байсан ч охины хувьд сайн аав байсан бололтой.

“Би үргэлж л аавын хайртай охин байсан” гэсэн байна лээ. Сүүлд үхэж хатах гээд явж байхдаа залуу бүсгүй аавынхаа булшийг эрж олоод баахан уйлдаг. Хүний л үр юм хойно.

“Ээж инээмсэглээд л аавын нас барсан явдал бол түүний хувьд бараг л аз тохиол гэж хэлдэг байв. Учир нь хэрвээ аав нас бараагүй бол эрэмдэг зэрэмдэг, насан туршдаа тахир дутуу болох байсан гэдэг юм”.

Ийм нэгэн эв найртай гэхээргүй хосын охин насанд хүрэв.

Ээж шигээ золгүй эхнэр байхыг хүсэхгүй нь тодорхой ч амиа хорлохоор зүтгэх нь осолтой.

Юутай ч түүний номноос сэтгэцийн асуудлын талаар багагүй ойлголт олж авах юм. “Үхлийн өмнөх гялбаа” гээч нь юу болохыг өөр хэн ингэж тодорхой өгүүлэх билээ дээ.

Сэтгэцийн асуудал гээд байгаа нь зүгээр л нэг маяг бус анхаарлын төвд байх оролдлого төдийхэн ч биш байж.

Олон хоногоор унтаж чадахгүй, тэр тусмаа бичгийн хүний хувьд уншиж бичих чадвараа алдана гэдэг үнэхээр гамшиг шүү.

“Шилтэй эмээ задалж балга усаар даруулан нэг нэгээр нь яаран сандран залгиллаа.

Эхэндээ юу ч мэдрэхгүй байсан ч эм дуусахын алдад нүдний минь өмнө улаан цэнхэр гэрэл анивчиж эхлэв. Шилтэй эм гараас гулсан унаж, би өөрөө ч ойчоод өглөө.

Нам гүм нөмрөхөд амьдралын минь бүхий л чухал зүйл гэрэл гэгээтэй өдрүүд бүтэлгүйтэл нүдний өмнүүр үзэгдэв. Төд удалгүй тэдгээр зүйл нэгэн цул болон бөөгнөрснөө далайн түрлэг адил арчигдан алга болж, би ч нойронд умбалаа” гэнэ.

За тэгээд амьдрах хэцүү, үхэх амархан л юм байна даа.

Хэзээ, яаж үхэхээ сонгохыг сэтгэлгээний эрх чөлөө гэж үзэж болох уу?

Энд нэг хүн амьдралаа дуусгах гээд үзээд байхаар тэнд нэг хүн яасан ийсэн ч амьдрах ёстой гээд тэмцээд байсан нь санаанд оров. Сэтгэлгээний хоёр туйл юм уу эсвэл хоёр өөр нийгмийн хандлагын ялгаа гээч нь үү?

Үй Хуагийн “Амьдрахуй” болон Силвиа Платын “Хонхон шил”-ийг хар л даа.

Тариачин эр Фу Гүй улаан түйрэн дунд хамаг навч мөчир нь хуйхлагдсан ч амьд л үлдэх хэрэгтэй, амьдрах л учиртай хэмээн зүтгэх нүцгэнганц мод шиг л төсөөлөгдөх юм.

Зохиолч, судлаачид юу ч айлдлаа гэсэн өсвөр насны охины сэтгэл зүйг эмэгтэйчүүд илүү ойлгох нь дамжиггүй. Гэхдээ л түүний эмзэг сэтгэл зүйг мэдрэхээр шилжилтийн нас гэж бухимдаж амжаагүй, хөл хүнд байхдаа ч сүржигнэж сүйд болоогүй эмэгтэй хүний хамаг эмзэг үеүд маань хэтэрхий “гүндүүгүй” өнгөрчихсөн юм шиг санагдсан.

“Хонхон шил” 40 гаруй хэлээр орчуулагджээ. “Инжир” паблишингийн хэвлүүлсэн сүүлийн хувилбар нь бүүр ч догь. Зураг, чимэглэл нь зохисон гэдэг нь ванлий.

Ном ч зохиолч ч орчин үеийнх юм шиг л мэдрэгдэж байна лээ.

Дараа нь юу болсон бол гэж сонирхож үзэв. Ашгүй нөгөө охин эмчилгээгээ дуусгаад, Английн Кембриж хотын Ньюнхэмийн коллежид Фулбрайтын тэтгэлэгт хамрагдаж чаджээ. Энд суралцах үедээ алдартай яруу найрагчдын нэг Тед Хьюзтэй гэрлэсэн аж. Хоёр хүүхэд төрүүлжээ.

Тэд 1960-аад онд Сартр, Симон Бовуар хоёр шиг алдартай хосууд байж. Гэсэн тэдний түүх үлгэрийн төгсгөл шиг байгаагүй.

Цахилаад өнгөрсөн амьдралдаа Силвиа Плат хүмүүст хэлэх гэснээ хэлж, өгөх ёстойгоо ч өгч амжсан.

Дэлхийн уран зохиолыг “галзуучууд” л чирч явсан гэж Г.Аюурзана наргиа маягаар хэлсэн л дээ.

Стандарт бус сэтгэлгээтэй эмэгтэй зохиолчийн ийм нэгэн содон ном байлаа.

Эхний өгүүлбэрийг нь л хар л даа. Янзтай шүү.

Жигтэйхэн халуун, жир биш тэр нэгэн зун би Нью-Йоркод юу хийж байгаагаа өөрөө ч мэдэхгүй л явсан сан. Розенбергийнхнийг цахилгаан сандалд суулган цаазалсан тэр зун шүү дээ. ..