COP17 хурлын үеэр сошиалд “Оюу Толгой секундэд 500 литр гүний ус хэрэглэж, малчид ундны усгүй болж байна...”, “Ундны усанд уран нэвчиж, найман худаг хаагдсан...” гэх агуулга нэгэн зэрэг давлагаалав.
Гэхдээ эдгээр мэдээлэл хүчтэй тархаж байсан яг тэр үед баталгаат эх сурвалж болох Монголын талын 34 хувийг эзэмшиж, хариуцаж байгаа “Эрдэнэс Оюу Толгой” ХХК, “Мон Атом” ХХК, түүний толгой компани “Эрдэнэс Монгол” -ын албан ёсны хуудсанд хариу тайлбар харагдсангүй.
Сошиал сүлжээнд чанга дуутын нэг өгүүлбэр хормын дотор хэдэн зуун мянган хүнд хүрч чадна. Худал, төөрөгдүүлсэн байх аваас хариу тайлбар хийхээр төрийн байгууллагын хэвлэлийн ажилтан мэдээгээ бэлдээд батлуулж, гарын үсэг хүлээх зуур худал, гуйвуулсан эсвэл үнэн хэдий ч зөвхөн нэг талыг барьсан мэдээлэл аль хэдийн олон нийтийн ойлголтыг эзэлчихсэн байдаг. Ингэж баримт болон үнэн хэнд ч сонсогдохгүй үлдэж байна.
Үр дүнд нь хэн хохирох вэ? Баримтыг олоход хэцүү болох тусам хүмүүс аль “чанга сонсогдож” буй мэдээлэлд итгэдэг. Тэр орон зайд хэн нэгэн этгээд “дуугаа захиалж”, хуйлруулж чадна. Хуйларсан олны урсгал дундаас оновчтой шийдэл, хөгжлийн тухай яриа цойлж чадахгүй. Тэгэхээр эцсийн хохирогч нь бид бүгдээрээ бөгөөд дөрвөн жилийн циклээр хууртагдан доройтсоор байх болно.
Манипуляцын үед баталгаат мэдээллийн эх сурвалж бүдгэрдэг
Манипуляц гэдэг нь хүний бодол, ойлголтыг ямар нэг чиглэлд хөтлөх арга. Энэ нөлөөлөл давтагдсаар тухайн сэдвийн талаар хүссэн ойлголт, хандлагаа олон нийтэд төлөвшүүлж, пропаганда биелсэн байдаг. “Вакцин хортой”, “Шүүх шударга биш”, “Онгоцны утаа биш хор цацаж байна” гэх мэт мэдээлэлд итгэдэг, түүнээс айдаг, эсэргүүцдэг хүмүүс олширсоор байна.
Оксфорд академид нийтэлсэн тооцооллын суртал ухуулга (computational propaganda)-ын талаар хийсэн системчилсэн тойм судалгаа ч баримт шалгалтыг нэг худал постоор хязгаарлах бус, агуулгыг хэрхэн түгээж байгаа арга, сүлжээ, холбоо хамаарал, нөхцөл шалтгааныг хамтад нь харах шаардлагатайг онцолдог.
Тиймээс аливаа худал мэдээллийг зөвхөн “энэ өгүүлбэр үнэн үү, худал уу?” гэж харах нь хангалтгүй. Ямар агуулга давтагдаж, хэн анх оруулсан нь хэдийд идэвхжиж байна, нэг хаягаар хэдэн бүлэгт зэрэг түгээж байна, бас баталгаатай эх сурвалж хаана байна гэдгийг хамтад нь харах хэрэгтэй.
Оюу Толгойн усны тухай мэдээллийн зөрүү 8:1
“Оюу Толгой секундэд 500 литр гүний ус хэрэглэж, малчид ундны усгүй болж байна...” гэх өгүүлэмж COP17-ийн үеэр хүчтэй давлагаалсан.
2026 оны 03 дугаар сарын 22-ноос 08 дугаар сарын 25 хүртэл хугацаагаар “Оюутолгой ус” гэсэн түлхүүр үгээр хайхад 800 орчим илэрц гарсан юм. Эхний 50 постыг авч харахад нийт үзэлт 1,463,500, реакц 46,256 байв.
Үүнээс усны хэрэглээг шүүмжилсэн буюу сөрөг агуулгатай 29 пост 779,600 үзэлт авсан бол бодит тайлбар өгсөн хэвлэл мэдээллийн байгууллагын хоёр постын нийт үзэлт ойролцоогоор 40 мянга байлаа. Ус ашиглалтын төлбөртэй холбоотой тодруулгыг Элч.мн болон NTV-ийн цахим хаягаар өгсөн байв. Гэхдээ “секундэд 500 литрээр татахад малчид усгүй болно” гэдгийг тайлбарлаагүй.
Зургийн тайлбар: “Оюутолгой ус” түлхүүр үгийн хайлтын эхний 50 илэрцийн үзүүлэлт. Эх сурвалж: Meta Content Library.
Ижил түлхүүр үг, хугацаагаар “Erdenes Oyu Tolgoi”, “Erdenes Mongol”, “Oyu Tolgoi” зэрэг албан ёсны хуудсыг шүүхэд 18 илэрц гарснаас усны тухай 11 постын нийт үзэлт 98 мянга байв. Өөрөөр хэлбэл сөрөг агуулгын 780 орчим мянган үзэлттэй харьцуулахад ойролцоогоор 8 дахин бага байна.
Энд анхаарах нэг чухал зүйл бий. Сөрөг постуудыг баримтаар шалгаж үнэн, худлыг нь тогтоогоогүй, зөвхөн өгүүлэмжээр нь ангилсан. Мөн реакц нь нэг л удаа дардаг тул бодит тоо, харин үзэлт нь зорилготойгоор олон группт хуваалцсаны үр дүн тул хиймэл өсөлт юм. Гэхдээ бас “реакцын тоо бодит” гэдэг нь бодит хүмүүс гэсэн үг биш. Хуурамч хаяг байсан ч нэг л удаа хийж болох үйлдэл. Хамгийн их буюу 7800 реакц дарсан тохиолдолд анхан шатны шинжилгээ хийж үзэхэд ойролцоогоор 70 гаруй хувь нь олон дагагчгүй, шинээр нээгдсэн хаягууд байна. Харин үлдсэн 30 орчим хувийг эзэлж буй хаягуудын цаадах хүмүүст энэ мэдээлэл ямар замаар хүрсэн, түүнд өртөж үзэл бодол нь өөрчлөгдсөн үү гэдэг нь тусдаа томоохон судалгааны сэдэв болох юм.
Тиймээс энэ тоо “сөрөг мэдээлэл бүгд худал байсан” гэж биш, харин мэдээллийн орон зайд ямар өгүүлэмж давамгай хүрснийг харуулна.
Түгээлтийн машин
Хамгийн өндөр хандалттай постын нэгийг 3,200 гаруй удаа цааш хуваалцсаны 87 хувь нь нээлттэй группүүдэд орсон буюу зарим хаягаар нэг постыг олон арван группт богино хугацаанд давтан түгээсэн байна. Зургийн тайлбар: Нэг агуулгыг олон группт давтан түгээсэн хэв шинжийн жишээ.
Бодит хэрэглэгч санал нийлсэн агуулгаа ихэвчлэн хаягаараа нэг удаа хуваалцаад, цөөн хэдэн хамааралтай хэлэлцүүлэгт оролцдог. Харин тодорхой бус хаяг богино хугацаанд олон, хамааралгүй группт нэг ижил агуулгыг давтан оруулж байгаа нь зохион байгуулалттай түгээлтийн шинж юм.
Ийм үед албан ёсны эх сурвалжийн тайлбар хожимдвол хүний анхаарлаас ч, алгоритмд ч хаягдана. Тиймээс эргэлзээ дагуулсан мэдээлэл хүчтэй тархаж эхэлсэн үед боломжтой бол хэдхэн цагийн дотор баримтаа гаргах чадвартай байх нь чухал. Гэхдээ эргэлзээтэй мэдээлэл гаргах хөрсийг бэлдэхгүйн тулд баримт, тайлангаа ил тод, хүртээмжтэй түгээх нь институцийн үндсэн чадамж байх ёстой юм.
Баталгаатай мэдээллийг олох нь өвсөн дундаас зүү хайхтай адил
ОҮИТБС-ын 2023 оны стандартын 6.4(b)-д байгаль орчин, нийгэм, жендэрийн нөлөөллийн үнэлгээ, мониторингийн тайлан, хууль эсвэл гэрээгээр нийтэд нээлттэй байх ёстой зөвшөөрөл, лицензүүдийг “бодит байдал дээр олон нийтэд хүртээмжтэй” байлгахыг шаарддаг. Энэ нь “вэбсайтынхаа хаа нэгтээ PDF файл тавьчихад болно доо” гэсэн үг огт биш.
“Гүний усыг секундэд 500 литрээр нь авч ашиглаад малчид ундны усгүй болж байна” гэсэн мэдээлэл сонссон хүн хамгийн түрүүнд “Тэгвэл хэдий хугацааны дараа ус шавхагдах вэ?” гэж асууна. Энэ асуултын хариу ойлгомжтой хэлбэрээр бэлэн байх ёстой.
Оюу Толгойн 2026 оны нэгдүгээр улирлын тайланд ус ашиглалтын төлбөр 8.2 тэрбум төгрөг, нийт төлбөр 226 тэрбум төгрөг, секундэд 918 литр ус ашиглахаар нөөцийг тогтоосон зөвшөөрөлтэй хэдий ч 553–635 орчим литрийг л ашигладаг гэж мэдээлжээ. Өөрөөр хэлбэл, секундэд 918 литрийг авч ашигласан ч гүний усанд нөлөө үзүүлэхгүй гэж мэргэжлийн байгууллага тогтоож өгсөн ба түүнээс 300-400 литрээр бага ус хэрэглэдэг гэжээ.
Тэгэхээр “500 литр” гэх тоо худал биш. Харин мэдээллийг ил тод, хүртээмжтэй өгөөгүйгээс болж “гүний ус шавхагдаж, малчид ундны усгүй болж байна” гэсэн дараагийн дүгнэлт автоматаар гарах боломж олгож байна. Үнэхээр малчдын худаг татарч байна уу?
Оюу Толгой Гүний хоолойн газрын доорх усны ордоос 28 олборлолтын цооногоор ус татдаг. Ус таталтын горимоос шалтгаалан олборлолтын цооногуудын эргэн тойронд газрын доорх усны түвшин нь 3–8 метрээр буурдаг гэдгийг “Оюу Толгой” ХХК-ийн хөндлөнгийн хяналт хийлгэсэн 2024 оны тайлангаас харж болно. Энэ нь 2015 онд гаргаж, холбогдох газруудаар батлуулсан загварын дагуу хэвийн үзүүлэлт аж.
Харин уг тайланд анхаарал татсан нэг зүйл нь A2 цэгийн усны түвшин таамаглаж байснаас хурдан буурсан тухай дурдсан байна. Тайланд үүнийг ус таталтын нөлөөллийн бүсийн өргөжилт болон хаягдлын сангийн ашиглалтын үе шатны өөрчлөлттэй холбон тайлбарлаж, 2015 оны усны дүгнэлтийг шинэчлүүлэх судалгааны ажил эхэлснийг тэмдэглэсэн. Өөрөөр хэлбэл, А2 цэгийн усны түвшин огцом буурсан нь Оюу Толгойн хаягдлын сангийн 1-р хэсгийг ашиглалтаас гаргаж, 2-р хэсэгт шилжих үед шинээр татах усны хэрэгцээ өссөнтэй холбоотой гэж аудитын тайланд үзжээ. Түүнчлэн аудиторын тайлбарласнаар А2 цооногийн байрлаж буй давхарга нь харьцангуй алслагдсан хэсэгт ч усны даралт буурахад дамжин нөлөөлөх онцлогтой гэжээ.
Энэ бол нууж болохгүй, харин илүү сайн тайлбарлаж, үргэлжлүүлэн хянах ёстой мэдээлэл юм.
Зургийн тайлбар: Гүний хоолойн усны орд, хяналтын цэгүүдийн байршил. Эх сурвалж:Оюу Толгойн 2024 оны хөндлөнгийн хяналтын тайлан.
Зургийн тайлбар: A1, A2 цэгийн усны түвшний өөрчлөлтийн хяналтын график. Эх сурвалж: Оюу Толгойн 2024 оны хөндлөнгийн хяналтын тайлан.
Ус ашиглалтыг харьцуулбал...
Зэсийн уурхайд ер нь хэр их ус ашигладгийг судалж, ОХУ-ын Удоканы ордтой харьцуулж үзлээ. Ингэхдээ Оюу Толгойн тайлангууд болон Удоканы 2024 оны тогтвортой хөгжлийн тайланг зэрэгцүүлэн харахад хоёр уурхай хоёулаа гүний ус авдаг ба өндөр хувиар дахин ашигладаг. Оюу Толгойн хүдэр боловсруулах хүчин чадал Удоканаас 29 сая тонноор (70.7%) илүү тул ашигласан нийт усны хэмжээ нь их боловч нэг тонн хүдэрт ногдох усны хэрэглээ ойролцоо түвшинд байна.
| Үзүүлэлт | Удокан | Оюу Толгой |
| Байршил | Забайкальск, ОХУ | Өмнөговь, Монгол Улс |
| Хүдэр боловсруулах хүчин чадал | Жилд 12 сая тонн | Жилд 41 сая тонн |
| Усны эх үүсвэр | Гүний ус | Гүний ус |
| Татсан шинэ ус | 4.4 тэрбум литр | 13.9 тэрбум литр |
| Секундэд дундаж | ≈140 л/сек | ≈442 л/сек |
| 1 тн хүдэрт | ≈367 л/тн | ≈340 л/тн |
| Ус дахин ашиглалт | 87% | 88.4% |
| Усны чанар | Унд, ахуйд хэрэглэх боломжтой | Давсархаг, унданд шууд тохиромжгүй |
Хүснэгтийн тайлбар: Оюу Толгой ба Удоканы усны хэрэглээний харьцуулалт.
Гэхдээ энэ харьцуулалт нь “усны асуудал шийдэгдсэн” гэсэн дүгнэлт биш. Харин зөв асуулт тавихад тусална. “Секундэд хэдэн литр вэ” гэхээс илүүтэй усны эх үүсвэрийн чанар, усны түвшний өөрчлөлт, дахин ашиглалтын хувь, нөлөөллийн бүсийн тэлэлт болон хараат бус хөндлөнгийн хяналт зэргийг хөндөх шаардлагатайг харуулж байна. Тэгвэл эдгээр мэдээллийг олон нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй түгээх нь манипуляцын вирус үржиж болзошгүй орон зайг баримт, хянан баталгаажуулсан мэдээллээр дүүргэн, хамгаалах юм.
“Урантай ус” ба “урантай Орос”
“Урантай ус” түлхүүр үгээр ижил хугацаанд хайхад 80 орчим пост илэрсний эхний 50-ыг ангилахад сөрөг агуулгатай 32 пост нь 70,806 үзэлт, 3,079 реакц авчээ. Эерэг агуулгатай ганц пост нь 349 үзэлттэй, реакцгүй байв. Үүнийг өмнөх судалгааны 8:1-тэй харьцуулшгүй тул 203 дахин их, багын тухай энд дурдаад л өнгөрье.
Зургийн тайлбар. “Урантай ус” түлхүүр үгийн эхний 50 илэрцийн үзүүлэлт. Эх сурвалж: Meta Content Library.
Энд илүү ноцтой зүйл нь ураны усанд үзүүлэх нөлөөллийн талаар бодит судалгаа огт байхгүйдээ биш, харин судалгааны нэг хэсгийг тасалж аваад, “Монголын 330 сумын ундны ус урантай” гэх мэт хэтрүүлсэн, алдаатай тайлбартай түгээж, улмаар “малчдын худаг олноор хаагдсан”, “говь усгүй болсон” гэх дараагийн өгүүлэмжтэй холбосонд оршино.
Зургийн тайлбар: Судалгааны агуулгыг гуйвуулсан мэдээлэл 2025 оноос тархаж, factcheck хийжээ.
Монгол орны ундны усан дахь ураны судалгааны талаар төөрөгдүүлсэн мэдээллийг Монголын баримт шалгах төв (MFCC)-өөс өмнө нь хэд хэдэн удаа шалгасан. Судалгааны зөвлөмжид байгалийн ураны агууламж стандартаас давсан баруун болон зүүн аймгууд, говьд ус цэвэршүүлэх технологи нэвтрүүлэх, цэвэр усны өөр эх үүсвэр судлах зэргийг дурдсан нь асуудал эрсдэлгүй гэсэн үг биш. Харин бодит эрсдэлийг дэгсдүүлж байхад үнэн зөв мэдээлэл баталгаат эх сурвалжаар гарах ёстой гэсэн үг юм.
Монголын баримт шалгах төвийн Оросыг дэмжигч хуурамч мэдээлэл, нарративын талаарх судалгаанд ураны эсрэг агуулга тухайн мэдээллийн экосистемийн тогтмол сэдвүүдийн нэг болохыг тэмдэглэсэн. Энэ нь тодорхой аккаунт, сэдвүүдийн хооронд давхцал байгааг харуулсан бөгөөд тэдгээр хаягийг дараа дараагийн манипуляцын үед хэрхэн идэвхжихийг судлахад суурь болж өгсөн юм.
Зургийн тайлбар: MFCC-ийн судалгаанд бүртгэгдсэн хамгийн идэвхтэй түгээсэн нарративуудын нэгтгэл.
Гол тоглогчдын бусад чиглэл
Уран эсэргүүцэгч бүлгийн гол тоглогчдыг шууд бичлэг, хэвлэлийн хурал, COP17-ийн үеэрх жагсаалаас харж болно. Өөрөөр хэлбэл, бодит хүмүүс бий. Гэхдээ тэдний “итгэл үнэмшлээрээ” түгээж буй мэдээлэл нь тодорхой цаг хугацаанд зэрэг идэвхжиж, мөн ажил тарсан мэт нэг дор намждаг нь сонирхолтой. Үүнээс гадна урантай холбоотой хуурамч мэдээллүүдийг урт хугацаанд тогтмол түгээдэг хаягууд ч бий. Топ үзүүлэлт нь өнгөрсөн долоодугаар сард “бууриа сахиж” үлдсэн хаягаас өдөр бүр өглөөний 06:00 цагаас шөнийн 00:00 цаг өнгөртөл 100 гаруй пост шэйрлэж, шинээр оруулж, сэдвээ олны чихнээс уяатай өнжүүлсэн тохиолдол бий.
Монголын баримт шалгах төвийн гаднын нөлөөллийн судалгаанд дээрх хаягуудын түгээдэг сэдэв, ажилладаг арга барилыг авч үзсэн. Тэд Оросыг дэмжсэн, барууны эсрэг, Украины дайны талаарх олон улсад түгээдэг төөрөгдүүлсөн мэдээллийг орчуулан Монголын мэдээллийн экосистемд “нийлүүлдэг”. Үүнээс гадна дотоод улс төрийн үйл явцад “Х.Баттулга ерөнхийлөгчөө дэмжигчид”, “ЕС Н.Алтанхуягийн дэмжигчдийн групп”, “С.Ганбаатарыг дэмжигчид”, “Баянхонгорын групп”, “БНМАУ”, “Ноцтой.. Шуурхай”, “Эх оронч”, “Босоо хөх” гэх мэт нэршилтэй группүүдэд нэг талыг хэт дөвийлгөж, нөгөө талыг хэт муучилсан сэдвүүдээр зохион байгуулалттай шуугиулдаг нийтлэг шинжтэй.
COP17 дуусахад эдгээр хаягийн ихэнх нь усны тухай санаа зовнилоо орхиж, “казах, монгол үндэстнийг хагаралдуулах” болон “вакцин эсэргүүцэх” ажил руугаа ханцуй шамлан орлоо. Ингэхдээ мөн л “бүх вакцин муу, харин Спутник болон Оросын эмч нарын хийсэн хавдрын эсрэг вакцин сайн” гэсэн өнцгөөсөө огтхон ч хазайхгүй зүтгэсээр...
Ураны эсрэг манипуляц ба Оросын ашиг сонирхол
Орос бол уран олборлолтоор дэлхийд томоохон тоглогч. Росатомын Монголтой хамгийн ойр орших Хиагда төслийн тайланд газар доор уусган олборлох аргыг ашиглаж буйг харуулдаг. Нөгөө эсэргүүцээд байдаг аргыг нь Оросын нутаг дэвсгэрт аль хэдийн ашиглаад, амар тайван хөгжсөөр иржээ.
Эндээс “Оросын ашиг сонирхол Монголын ураны эсрэг мэдээлэлтэй давхцаж байна” гэж хэлэх үндэслэл гарч ирнэ. Мэдээллийн судалгаанд “давхцал, сүлжээ, ашиг сонирхол”-ыг илрүүлэх боломжтой ч яг хэн удирдаж, чиглэл болон санхүүжилтийг хаагуур өгч байгааг гаргах боломжгүй, таамаглал дэвшүүлж орхидог. Гэхдээ баримт, эрэн сурвалжилга, хамтын ажиллагаагаар энэ сэжүүрийг нотолж болно.
Францын төрийн өмчит Орано болон Монголын төрийн өмчит Мон-Атом ХХК-ийн хамтарсан Зөөвч-Овоогийн төсөл бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд ойролцоогоор 2,500 тонн уран олборлох төлөвтэй. Энэ нь Оросын нутаг дэвсгэр дэх уурхайнуудын 2024 онд олборлосон 2,738 тонн ураны 91 орчим хувьтай тэнцэх юм. Өөрөөр хэлбэл Монголд шинээр бий болох ганц уурхай дэлхийн ураны зах зээлд Оросын дотоодын уурхайн үйлдвэрлэлийн хэмжээтэй дүйцэхүйц шинэ нийлүүлэлтийн эх үүсвэр нэмэх боломжтой гэсэн үг.
Энэ тоо ураны зах зээлд Монголын байр суурь яагаад зөвхөн уул уурхайн төслийн хэмжээнд бус, нийлүүлэлтийн өрсөлдөөн, стратегийн түүхий эдийн геополитикийн хүрээнд үнэлэгддэгийг ойлгоход туслах юм. Оросын дотоодын ураны олборлолт реакторуудынхаа жилийн хэрэгцээг дангаараа бүрэн хангаж чаддаггүй. Харин Росатомын Uranium One-ээр дамжуулан Казахстан зэрэг улсаас нийлүүлэлтээ нөхдөг. Энэ үед барууны хөрөнгө оруулалттай Монголын шинэ эх үүсвэр зах зээлд орж ирэх нь тус улсын ураны салбарын өрсөлдөөний орчинтой давхцах юм. Тиймээс олон жилийн турш монголчуудыг хуурамч, төөрөгдүүлсэн мэдээллээр “цэнэглэн”, энэ төслийн эсрэг тэмцдэг бүхэл бүтэн бүлэгтэй болж чадсан байна. Тэдний түгээдэг 50 орчим хуурамч мэдээллийг баримтаар шалгаж, бодит зөв мэдээллийг олон нийтэд хүргэжээ.
Гэхдээ аль ч тохиолдолд нэг зүйл өөрчлөгдөхгүй. Энэ бол бодит эрсдэлийн тухай асуултыг хариултгүй орхих тусам бусад нь тэр орон зайг манипуляцаар дүүргэнэ.
Манипуляцын хөрсийг бүү бэлд
Тэгвэл манай төрийн өмчит компаниуд яах ёстой вэ?
Хамтарсан компанийн “хуурай” мэдэгдэл олон нийтэд өөрийгөө л өмөөрсөн мэт хардалт төрүүлдэг, тайланг нь хөндлөнгийн хяналтаар баталгаажуулсан эсэхэд эргэлзээ дагуулдаг тул Монголын эрх ашгийг төлөөлж буй төрийн өмчит компаниудын баталгаажсан мэдээлэл хамгийн чухал.
Тиймээс манипуляцын үед ТӨК-ууд баримтаа дэлгэж, байдлыг мухарладаг байх хэрэгтэй. Гэхдээ заавал тархсаны дараа бус, харин өмнө нь хуурамч, гуйвуулсан, дутуу мэдээлэл гарах орон зайгүй болгох нь илүү чухал. Араас нь залруулахад зарцуулдаг нөөцөө өмнө нь бодит мэдээллээ нээлттэй, ойлгомжтой, хүртээмжтэй хүргэхэд зориулах нь оновчтой.
Төрийн өмчит компанийн мэдээллийн ил тод байдал нь зөвхөн олон нийттэй харилцах нэгжийн үүрэг бус, компанийн засаглалын үндсэн асуудал байх ёстой. Иймээс ТУЗ нь мэдээллийн ил тод байдал, тайлагналын бодлогыг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьдаг тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байна.
Нийтлэлд дурдсан компаниудад төрийг төлөөлөн суугаа ТУЗ-ийн гишүүдийн өгсөн ярилцлага, байр суурь, ТӨК-ийн нээлттэй вебсайтуудаас хайгаад мэдээллийн ил тод байдлын журам, хямралын (манипуляцын) үеийн мэдээлэл хүргэх заавар гэх мэт баримт бичиг олсонгүй. Ер нь Монголын төрийн өмч оролцсон хуулийн этгээдүүдэд ийм бодлогын баримт бичиг байдаг эсэхийг нийтэд нь хайхад цөөн хэдэн компани ийм журам байдаг тухай дурдсан ч нээлттэй байршуулаагүй байна. Харин төрийн өмчит Үндэсний давхар даатгал ХК-ийн ТУЗ-ийн 2022 оны 28 дугаар тогтоолоор баталсан “Мэдээллийн ил тод байдлын журам”-ыг жишиг болохуйц хэмээн үзэж, эшиллээ. Журмын 4.2.5-д “Гүйцэтгэх удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу сөрөг, худал ташаа мэдээлэлд тайлбар өгөх, цаг үеийн бусад шаардлагатай асуудлаар хэвлэлийн бага хурал зохион байгуулж, компанийн албан ёсны байр суурийг илэрхийлэх; (танилцуулах асуудалд тайлбар, тодруулга өгөх зорилгоор захирлын зөвлөлийн гишүүдийг хэвлэлийн бага хуралд оролцуулна)” гэж тодорхой заасан байна. Тэгэхээр Монголын ТӨК-уудын цөөхөн хэд нь мэдээллийн ил тод байдлыг хангах журамтай, харин хэрэгжилтийг дүгнэсэн акт нээлттэй байршуулдаггүй юм байна.
Олон улсын жишээг харъя.
Чилийн төрийн өмчит Коделькогийн ил тод байдлын систем үүнийг боломжгүй зүйл биш гэдгийг харуулна. 2025 оны тавдугаар сард Чилийн Ил тод байдлын зөвлөлөөс Коделькод 100 хувийн үнэлгээ өгсөн. Тэдний ил тод байдлын хэсэгт санхүүгийн тайлангууд, удирдлагуудын туршлага, цалингийн мэдээллээс гадна удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл байрладаг. Мөн “Шүгэл үлээгчийн шуурхай утас” цэсэд олон нийтээс хүлээн авсан санал хүсэлтүүд, шийдвэрлэсэн байдлын датаг хүснэгтээр нээлттэй өгсөн байх жишээтэй.
Казахстаны төрийн өмчит “Казатомпром”-ын жишээ ч бий. 2022 оны тавдугаар сарын 20-нд хувьчлалын жагсаалтад зарим охин компани нь орсон тухай мэдээлэл гарсны дараа гурав хоногийн дотор Казахстаны Хөрөнгийн биржээр дамжуулан албан ёсны няцаалт гаргасан. Өөрсдөө бус хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар баримт гаргуулсан нь хуурамч мэдээлэлд цэг тавьсан юм. Мэдээллийн орон зайг “дараа тайлбарлая” гэж орхилгүй, эргэлзээ үүссэн даруйд эх сурвалжтай хариулсан гэсэн үг.
Эндээс Монголын ТӨК-уудад хэрэгтэй дөрвөн зарчим гаргаж болохоор байна.
Нэгдүгээрт. Өөрөө биш, бусдаар шалгуулах. Хөндлөнгийн аудит, зохицуулагч, мэргэжлийн байгууллагын үнэлгээний дүнг нийтэд ойлгомжтой хэлбэрээр гаргадаг байх.
Хоёрдугаарт. 3–5 хоногийн цонхыг бодит үйл ажиллагаа болгох. Мэдээллийн эрсдэлийн хариу өгөх хугацааг зөвхөн хэвлэлийн албаны дотоод журам биш, удирдлагын KPI болгон мөрдөж, ТУЗ-өөс хэрэгжилтэд хяналт тавьдаг байх.
Гуравдугаарт. Дүгнэлт биш, эх өгөгдлөө нээх. Жишээ нь, усны түвшин, хэрэглээ, дахин ашиглалт, мониторингийн хэмжилт зэрэг өгөгдлийг хүснэгт, график, интерактив хэлбэрээр сайнтай, муутай нь нийтэд хүргэдэг байх.
Дөрөвдүгээрт. Хуулийн доод шаардлагаас давж мэдээлэх. Хуулиар заасан тайлангаа тавих нь зөвхөн эхлэл. Иргэдийн бодит асуултад хариулах мэдээллийг тусад нь, ойлгомжтой хэлээр бэлдэх нь чухал байна.
Өнөөдөр уул уурхайн салбарын зөрчилдөөнтэй мэдээллийг хэрхэн залруулж, бодит нөхцөл байдлыг олон нийтэд хүртээмжтэй, ойлгомжтой хүргэх талаар Монголын ТӨК-ууд олон улс дахь төрийн өмчит компаниудын ил тод нээлттэй байдлын туршлагыг хэрэгжүүлж ажиллах цаг болсныг энэхүү нийтлэлээрээ дэвшүүллээ.
Тэгэхээр энэ юуны тухай байсан бэ?
Энэ бол усны тухай биш. Ураны тухай ч биш.
Секундэд хэдэн литр ус ашиглаж байгаа, худгийн усанд уран байгаа эсэх, уурхай байгальд ямар нөлөө үзүүлж байгаа нь бүгд бодит, чухал асуулт. Үүнийг хэн ч тойрч болохгүй. Харин эдгээр бодит асуултын дунд өөр нэг тулаан давхар өрнөөд байна. Баримттай бодит мэдээлэл, хэт нэг талыг барьсан дутуу мэдээлэл, худал мэдээлэл хоёроос аль нь иүрүүлж олон нийтийн ойлголтыг эзлэх вэ?
Нэг тал нь анхаарал татаж, айдас, сэтгэл хөдлөл дагуулсан агуулгыг олон группэд хуваалцаж, богино хугацаанд хэдэн зуун мянган хүнд хүргэж байна. Нөгөө тал нь баримт бүхий PDF тайлангаа сайтынхаа буланд тавиад, хэн нэгэн өөрөө хайж олоод уншина гэж хүлээж байна.
Тиймээс үнэн зөв мэдээлэлтэй байх нь өнөөдөр хангалттай биш. Үнэн зөв мэдээллийг хурдан хүргэдэг, ойлгохуйц, шалгаж болдог, цааш хуваалцдаг “дур булаам” байлгах ёстой болоод байна.
Мэдээллийг шүүгээнд түгжиж хадгалаад “сэтгүүлч асуугаад ирвэл даргаасаа асууж байгаад өгье” гэдэг туршлагаа одоо больё. Хүмүүст асуухаас нь өмнө мэдээллээ өгч, эргэлзэхээс нь өмнө баримтаа түгээ. Манипуляц эхлэхээс нь өмнө хоосон орон зайг нь баримтаар дүүргэ.
Өнөөдөр усны тухай эргэлзээт орон зайг зохион байгуулалттайгаар дүүргэж байна. Маргааш газар нутаг, мал, хөрс, эрүүл мэнд, гааль, татвар, экспорт эсвэл өөр ямар нэг сэдэв байж болно. Төрийн өмчит компани мэдээллийн бодлогоо дараа нь залруулах биш, урьдчилж бэлтгэхэд чиглүүлэх хэрэгтэй.
Тэгж чадвал дараагийн удаад бид “ундны усгүй болж байна” гэсэн гарчиг хараад айдаст автаж, худгийн тоон дээр маргахаасаа өмнө усныхаа тухай бүхий л баримтыг олж чаддаг, бодит байдлыг үнэлж чаддаг, түүндээ тулгуурлан зөв шийдлийг гаргаж чаддаг болох учиртай юм.