Үндсэн хуульд заасанчлан Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрхтэй. Харин Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар, иргэн та D-өргөдөл цахим системд өргөдөл гарган, 33.000 иргэн дэмжиж гарын үсэг зурвал ажлын хэсэг байгуулах, 70.000 иргэн дэмжвэл холбогдох Байнгын хороо хяналт шалгалт явуулах, 100.000 иргэн дэмжвэл УИХ-аар шийдвэрлүүлэх боломжтой байдаг.

Хувь хүний орлогын албан татвар 1 хувь болох уу?

Иргэн Р.Шинэгэрэл D-Өргөдөл платформд Хувь хүний орлогын албан татварын 10 хувийг 1 хувь болгох санал байршуулж, 100 мянган иргэний дэмжлэг авч УИХ-аар хэлэлцэх босго давсан юм. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын 32 гишүүн энэ санаачилгыг хуулийн төсөл болгон боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн билээ.

Зургаахан хоногийн дотор 100 мянга гаруй иргэн гарын үсэг зурсан энэ санал гишүүдийн дэмжлэг авч, хуулийн төсөл болсон ч асуулдал шийдэгдсэн гэсэн үг хараахан биш.

Учир нь ХХОАТ-ыг 1 хувь болговол ойролцоогоор 1.2–1.7 их наяд төгрөгийн орлогын зөрүү үүснэ гэсэн тооцоо гарчээ. Өнгөрсөн баасан гаригт сөрөг хүчний тэргүүн О.Цогтгэрэл, Ерөнхий сайд Н.Учралтай чуулганы танхимд мэтгэлцэх үеэр Засгийн газрын тэргүүн ХХОАТ-ыг 1 хувь болгох саналд шүүмжлэлтэй хандсан нь иргэний санаачилсан хуулийн төслийн ирээдүй бүрхэг байгааг илтгэв.


Иргэний саналыг яагаад эсэргүүцэж буйгаа Ерөнхий сайд ийнхүү тайлбарласан юм.

-НӨАТ-ын буцаалт хэрэглээг дэмждэг. Чинээлэг нь илүү хожих бодлого. Нэг лексус авахад буцаан олголт хоёр дахин нэмлээ гээд 9 багшийн цалингаа л алдана шүү дээ. Хувь хүний орлогын албан татвар буюу татварын бодлого гэдэг чинь нийгмийн баялагийн тэгш хуваарилалт. Илүү орлого олсон нь илүү татвар төлдөг, түүгээр нь дамжуулж нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлдэг бодлого учраас хувь хүний орлогын албан татварын 20-80 хувийг аймаг, орон нутаг төвлөрүүлж, түүгээрээ хот нийтийн аж ахуйгаа удирдаж, иргэддээ үйлчилгээ үзүүлж, багш, эмчийн цалингаа тавьж, сургууль цэцэрлэгээ засварладаг шүү дээ. Гэтэл Хувь хүний орлогын албан татварыг 1 хувь болгоё гэхээр өндөр цалинтай хүмүүс л хожно.

Монгол Улс цаашдаа шаталсан татварын тогтолцоо руу явна. Хөдөлмөрийг дэмжнэ. Сул хэрэглээг огт дэмжихгүй.

Олон улсын жишиг ч ийм. НӨАТ-ын буцаалтыг нэмэгдүүлэх тухай ярихаас илүүтэй хөдөлмөрлөж байгаа хүмүүсээ дэмжье хэмээн тайлбарласан.

Цахим өргөдөл гаргасан иргэнд ч бас мэтгэлцэх боломж олгосон бол…

Ерөнхий сайдын адил саналаа олон нийтэд болон хууль тогтоогч нарт тайлбарлах боломжийг өргөдөл гаргасан иргэнд олгох учиртай.

D-Өргөдөл платформыг Монголд нутагшуулах арын албыг толгойлсон УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан “Парламентын шинэтгэл” номдоо Английн жишээг ийнхүү иш татсан байдаг.

“Өргөдлийн хороо нь өргөдөл санаачлагч, нийгмийн төлөөллийг өргөдлийн асуудлаарх хэлэлцүүлэг, мэтгэлцээнд оролцуулах үүрэгтэй”.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр санал бодлоо хуваалцах боломж ч олгодог байна. Вестминстерийн танхимд болдог мэтгэлцээнүүд нь парламентын гишүүдэд, санал гаргасан иргэд болон эсрэг талуудын санаа бодлыг сонсож, асуудлыг хэлэлцэх, мөн Засгийн газраас арга хэмжээ авах, холбогдох сайдаас тодорхой асуултад хариу хүсэх боломж олгодог. Өргөдөл гаргагчид мэтгэлцээнд орсноор олон нийт болон парламентын гишүүдтэй илүү их харилцаж, төрийн бодлогод нөлөөлөхөд дөхөмтэй.

Өргөдлийг үр дүнд хүргэхийн тулд өргөн хүрээтэй кампанит ажил хийх нь ч бий. Ийнхүү Цахим өргөдөлийн систем нь парламентын хэлэлцэх асуудлын жагсаалтад асуудлаа оруулах боломжийг олон нийтэд олгож байна.

Вестминстерийн танхимд өргөдлийг хэлэлцэх тусгай цаг гаргадаг ажээ.

Хэрэв иргэн татварыг тэглэх санал гаргавал яах вэ?


Татвар төлөгчдийн төлсөн мөнгө үр ашигтай зарцуулагдаж байгаа эсэхэд эргэлзэх шалтгаан өчнөөн байгаа энэ үед татвар тэглэх санал гарвал 100 мянган иргэн дор нь дэмжихийг үгүйсгэх аргагүй. Английн парламент ч иргэний саналд тодорхой хязгаар тавьдаг юм билээ.

Манайхан харин ямар хязгаарлалт хийх бол?

УИХ-ын дарга С.Бямбацогтыг парламентын сэтгүүлчдийн сургалтад танилцуулга хийх үеэр энэ асуудлаар тодруулж амжив.

С.Бямбацогт:УИХ-ын 126 гишүүний зөвлөх туслахууд, УИХ-ын Тамгын газрынхан, Парламентын судалгааны хүрээлэнгийн ажилтнуудаас нэг бүрчлэн санал авсан. 30-аад гишүүнээс санал ирсэн. Гишүүдийн ажлын албанаас 70-аад санал ирсэн. УИХ-ын Тамгын газар, Парламентын судалгааны хүрээлэнгийнхэн бүгд санал өгсөн. Энэ саналуудыг нэг бүрчлэн уншиж судлаад нэгтгэж ангилаад, авахыг нь авсан.


Төсвийн байнгын хорооны дарга болон гишүүдээс “Төсөв санхүүтэй холбоотой саналууд дээр тодорхой зохицуулалт хязгаарлалт хэрэгтэй байна” гэсэн санал ирүүлсэн хэмээн тайлбарлав.

Тэгэхээр өдгөө чуулганаар хэлэлцэгдэж буй Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд энэхүү хязгаарлалт тусах нь.

Иргэдийн “захидлыг” зөөх Өргөдлийн байнгын хороо


С.Бямбацогт УИХ-ын дарга гэдгээс гадна таван удаа сонгогдсон туршлагатай гишүүний хувьд парламентын ой санамжийг тээгчдийн нэг.

Иргэдийн хувьд чухалд тооцогдох Өргөдлийн байнгын хороог УИХ нэг байгуулаад, заримдаа татан буулгаад байдаг нь ямар учиртайг сонирхож байсан юм. Харин тэрбээр “Өргөдлийн байнгын хороо хэрэгтэй юу гэдэг асуудал яригдсан. Урьд нь Өргөдлийн байнгын хороо байгуулагдаж байсан. “Ажил хийдэггүй байнгын хороо" гэгдэж байгаад, дараа нь "Бүх сэдэв рүү ороод, асуудалд үзэмжээрээ хандаад байна" гээд татан буулгасан юм. Сая дахин байгуулахдаа бусад байнгын хорооны асуудал руу орохгүй байх зохицуулалт хийж өгсөн.

Иргэдийн оролцоог дэмжих, иргэнд ээлтэй хэлбэрээр ажиллахад илүү төвлөрч, d.parliament.mn, petition.parliament.mn системээр санал авах ажлыг Өргөдлийн байнгын хороо хариуцахаар болсон гэсэн юм.

Нам болоод төрийн нэр хүнд дэлхийн улс орнуудад унаж, иргэдийн оролцоог нэмэх замаар олон нийтийн итгэлийг хүлээхээр парламентууд хичээж байгаа энэ цаг үед иргэдтэй холбогдох гүүр болсон Өргөдлийн байнгын хороо улам бүр үнэлэгдэх нь зүй.

Дашрамд дурдахад иргэдийн тодорхой хэсэг хууль санаачлах эрхийг хуулиар зөвшөөрдөг өөр бусад улс орнууд ч бий.

Тухайлбал, Киргиз, Македонд -10 000 иргэний саналаар хууль санаачлах эрхтэй байдаг бол Серби- 30.000, Финлянд, Итали 50.000-аас доошгүй иргэн, Испанид 500.000 иргэн нэгдэж хууль санаачлахыг зөвшөөрдөг гэнэ шүү.