logo

Б.Батчимэг: Эр хүний дусал барагдвал өнгө зүс доройтож, сүр жавхаа, хийморь лундаа буурч, нас богиносдог

Б.Янжмаа

Б.Янжмаа

Sep 21, 2025

12 мин уншина

Уламжлалт анагаах ухааны их эмч, сэтгэл судлаач Б.Батчимэгтэй хий арвидах үед юуг анхаарах, ямар улиралд хэрхэн хооллох, эр хүний дусал урт наслах, эрүүл мэндэд нь хэрхэн нөлөөлдөг, ад донгийн гаралтай өвчнүүд зэрэг олон сэдвийг хамруулан ярилцлаа.


-Уламжлалтын эмч нар “Хий арвиддаг улирал эхэллээ шүү” гээд хэлж сануулж байдаг даа. Хий нэмэгдэхэд улирлын онцлог байдаг уу?

-Хий арвидах, хямрах, барагдах гурван төлөвтэй байдаг. Зуныг хий хөдөлдөг хийн өвчин сэдэрдэг улирал гэдэг. Хий хөдлөхөөс өмнө өвчин хурдаг улирал нь хаврын сүүл сар байдаг. Намар хий төрлийн өвчин намжих үе гэж үзэж болно.

-Гэхдээ хувь хүний онцлог, идэж ууж байгаа зүйлээс шалтгаалаад хийрхэх тохиолдол байх уу?

-Байгаа. Гантай үед ширүүн бэлгэ чанар байгальд арвидаад түүний нөлөөгөөр хүний биед хий хөдөлдөг гэнэ. Хэт халалтын нөлөөгөөр хий хөдөлдөг. Зуд турхантай үед хийн төлвүүд хүний биед шууд утгаараа нөлөөлдөг гэсэн үг. Энэ зун халуун хуурай бол хий өвчин илүү их сэдэрдэг. Тухайн хүний бие махбодын онцлог нь хий төрлийн темпераменттай байж болно. Ийм хүмүүсийн арьс нь бор, уруул, хумсны толио нь хөхөлбөр, бага зэрэг цус багадалттай, туранхайвтар, үе мөч, зүрх судасны өвчинд өртөх магадалалтай байдаг. Эмзэг, амархан хөөрнө, гутарна. Уйлах инээх нь амархан, сэтгэл санаа нь тогтворгүй байдаг. Үүнийгээ дагаад шийдвэр сонголтууд нь бас унаж боссон байдаг. Тогтворгүй темпераменттай хүний дэргэд байгаа хүмүүс зарим талаар хохирдог. Эргэлзээтэй шийдвэрүүдийг олон дахин гаргаад, түүнд нь гэр бүл, найз нөхөд нь өртөх нь элбэг.


Намар халуун чанартай мах байнга идвэл даралт ихэснэ

-Ийм хүмүүстэй харьцахдаа юу анхаарах вэ, хоол ундан дээр нь юу зөвлөх вэ?

-Хий темпераменттай хүнийг сандаргахгүй, яаруулахгүй, шүүмжлэхгүй байх хэрэгтэй. Хоол унд чухал. Аль болох шөлтэй устай хоол зүгээр. Хонь, үхрийн мах бүлээн чадалтай учраас хүйтэн хийгээр тогтворгүй төлөвт орсон хүнд тохиромжтой. Хий яагаад хөдөлдөг гэхээр хөнгөн хөлбөрөмхий бэлгэ чанар тухайн хүнд байна гэсэн үг. Хөнгөн хөлбөрөнхий бэлэг чанарыг бүлээн шимтэй хоол ундаар дардаг. Маш их хийрхдэг хүн тамирын доройтолд ордог. Цус багадалттай байна. Хонины хар шөл цус төлжүүлэх энгийн арга. Уламжлалт анагаах ухаанд аливаа эмчилгээ энгийн байдаг.

-Монголчууд өвөл адууны мах сайн гэдэг. Зарим хүн зөвхөн үхрийн мах л иддэг гэдэг. Нэг төрлийн мах байнга идэхээр сөрөг нөлөөтэй юу?

-Махыг улиралтай нийцүүлнэ. Бидний бие махбод улирал, халуун хүйтний нөлөөгөөр хий шар бадгана дагаж хувирдаг учраас хоолоо тохируулах учиртай. Өвөл бол илчтэй мах идэхээс аргагүй. Үхрийн махыг хавар юм уу намар идвэл тун тохиромжтой. Хонины мах хавар, зун илүү сайн. Намар адууны мах идэж болохгүй. Халуун чанартай мах байнга идвэл даралт ихэснэ. Цөс өтгөрөх, цөсны хана зузаарах эрсдэлтэй. Зун хавартаа жаахан ядрангуй байж байтал намар халуун чанарын мах огцом их идвэл хөшиж хөөрдөг.

-Намар юу идэж уувал тохиромжтой вэ?

-. Дутуу болсон жимсийг их хавагнадаг, хийрхсэн хүмүүс идэж болдоггүй. Бүрэн болсон жимс ногоо, үр тариа иднэ. Намар жаахан сэрүүн чанартай мах идэх тохиромжтой. Тэмээ, ямааны мах идэж болно. Буцалгаж хөргөсөн ус, бор цай уух хэрэгтэй. Халуун чанартай улирлын үед дотроосоо сэрүүн чанартай юм идэж байж халуун хүйтнийг тэнцвэржүүлнэ.


Хийн гаралтай даралт ихсэлт гэж бий

-Хий арвидахад нас нөлөөлдөг үү?

-Наснаас хамаарна. 50-иас дээш насанд хий арвидах нь элбэг. Бодисын солилцоо суларч, тамир багасан, эр эм хүний цагаан, улаан дусал, яс чөмөгний шим барагдна. Тэр чинээгээрээ хүн хийрхдэг байх нь. Түүнийг нөхөх чухал. Хийн гаралтай даралт ихсэлт гэж бий. Хийн гаралтай даралт ихсэхэд даралтны эм уугаад төдийлөн нөлөө үзүүлэхгүй. Хүний биед таван хий байдаг. Ялангуяа зүрхний түгээгч хий арвидаад, түүнээсээ болоод зарим үед зүрх дэлсэх, адгах сандрах, сэтгэл санаа тогтворгүй болж болно. Энэ бол хийрхэж байгаагийн эхний шинж тэмдэг. Үүнийгээ дарахгүй яваад байвал зүрх өвддөг болно. Хий дарах бүлээн шинж чанартай “Агар 8”, хэт их хий арвидсан бол илүү халуун чанартай “Задь 5” танг хий хөдлөх цагуудыг тооцож байгаад өгдөг. Ингэвэл хийн гаралтай даралт ихсэлт бууна. Хийн гаралтай даралт ихсэлт яагаад бий болдог вэ гэхээр ажил амьдралын ачаалал хэтрэх, энергиэ алдахаар хүн хийрхдэг. Хурц гэрэл, дуу чимээнээс ядарч болно. Бидний таван махбод байнгын хэт ачаалалтай явахаар хийрхээд байгаа юм. Анхаарал төвлөрөхгүй бол энергиэ гадагш алдаж байдаг. Гадагш цацраад байгаа энергийг яаж хураах вэ гэхээр бясалгал чухал. Анхаарал төвлөрөхтэй хамт ажиглалт чухал. Хүн сэтгэл хөдлөл мэдрэмжээ ажиглаж анзаарч байж л барьж авна. Анзаарга хөгжихгүй бол анхаарал төвлөрөл байхгүй. Бүх юм рүү үсчээд энерги нь сарниад байдаг. Анхаарал төвлөрөлийг хэрхэн дадуулах вэ гэхээр бясалгал тус болдог.

Өдөрт 10-15 минут бясалгах хэрэгтэй.


Ном унших ч бясалгал байж болдог

Ном унших ч бясалгал байж болдог. Ном уншихад өөр амьдрал руу орж байгаа гэсэн үг. Хоббидоо цаг зарцуулдаг хүмүүс ч анхаарал төвлөрүүлж байгаа хэрэг. Олон зүйлд анхаарал сарнилгүйгээр хийж байгаа зүйлдээ бүрэн төвлөрнө гэдэг бясалгаж байгаа гэсэн үг. Одоодоо л төвлөрч байгаа хэрэг.

-Аяга угаасан ч бясалгаж болно гэж уншиж байсан санагдлаа.

-Аягаа угааж байхдаа ажлаа бодоод, эсвэл зурагт үзэж байгаа нөхөртөө үг хаяад, хүүхдүүд рүүгээ хашгирч амжаад, зурагтын мэдээг бас хараад байвал бясалгал биш. Анхаарал бүрэн төвлөрүүлж чадвал үр дүн, бүтээмж гардаг. Анхаарал бүрэн төвлөрөхийн өөр нэг үр нөлөө нь тархи амарч байдаг. Хийрхэлээс бүрэн ангижрах боломжтой. Яагаад гэвэл олон зүйлд анхаарал сарнихад тэр хэрээр энерги алдагддаг. Энергиэ алдахгүй хумьж авчрахаар олон ашиг тустай. Одоо цагтаа л анхаар, яг одоо хийж байгаа зүйлээ л мэдэр гэсэн үг.


Секс хэтрүүлбэл нойргүйдэлд хүргэдэг

-Жаахан “далий” юм асууя. Энерги цацах гэснээс Одноо эмчийн пост санаанд орлоо. Нас ахисан үед бол 14 хоногт нэг удаа секс хийх нь хангалттай гэнэ л дээ. Эрэгтэй хүн үрийн шингэнээ тарааж цацаад байвал эрчим хүч, эрүүл мэндэд нь бас асуудалтай гэж ойлгосон.

-Сексийн амьдрал бидний амжилт бүтээл эрүүл мэндэд чухал нөлөө үзүүлдэг. Ганц бие эмэгтэйчүүд асар их хийрхэлтэй байх нь бий. Хүний биеийн долоон том бодисын солилцооны хамгийн сүүлийнх нь үрийн шингэн. Бодисын солилцоо циклээрээ эргэж байх учиртай ч цикл алдагдахаар хүний биед хийн төрлийн өвчин үүсгээд байгаа юм. Гол асуудал нь эрчим хүч энерги тамир тэнхээг хэрхэн зохицуулах вэ гэхээр улиралтайгаа нийцүүлэх нь зөв. Хамгийн их энерги нөөцөлдөг улирал бол өвөл. Зарим амьтан ичдэг. Ажил багасдаг. Хөдөөний айлууд бол өвөлжөөндөө буугаад тайван амгалан болдог. Тийм учраас өвөл долоо хоногт төд гэсэн тоо байхгүй. Хавар, намрын улиралд бол долоо хоногт хоёр удаа бэлгийн ажил хийхэд тохиромжтой гэсэн байдаг. Тамир тэнхээний хувьд дундаж улирал. Зун тамир доод цэгтээ хүрдэг гэж уламжлалт анагаах ухаанд үздэг. Энэ үед 14 хоногтоо нэг удаа “хийдэг”. Уламжлалт анагаах ухаанд 0-16 нас хүртэл хүүхэд нас харин 16-70 насыг залуу нас гэж үздэг.

-Бөхчүүд наадмын өмнө эмэгтэй хүний салхин доогуур гардаггүй л гэдэг. Тэгэхээр энергиэ хадгалж байгаад барилдахдаа зарцуулдаг байх нь?

-Хүч тамирын илэрхийлэл эр хүний чалх байдаг. Ид хав бяр тэнхээ нь үрийн шингэнтэй холбоотой учраас түүнийгээ гадагшлуулахгүй хадгалж байгаад амжилт гаргах шаардлагатай үедээ хуримтлуулсан энергиэ шавхаж гаргадаг байх нь. Маш чухал бүтээл гаргах гэж ажиллаж байгаа хүн тэр энергиэ хувиргаад бүтээлдээ шингээх жишээтэй.

-Тохиолдлын бэлгийн харилцаанд их ордог эрэгтэй бол эрчим хүчээ тараагаад цацаж байгаа юм биш үү?

- Бүр их хэтрүүлбэл нойргүйдэлд хүргэдэг. Яагаад гэвэл хийрхэж байгаа юм. Зохистой харилцаанд байвал нас уртасна.

-Настай бас хамаатай юм уу?

-Энергиэ маш ихээр гадагшуулдаг хүн хүч тамир нь багасна. Хийрхэнэ. Тэр чинээгээр ажил амьдралын бүтээмж буурна. Дусал нь барагдвал зүрхэнд байдаг охь тунгалаг гэдэг зүйл дам байдлаар барагддаг. Зүрхий охь тунгалаг үрийн шингэн буюу дуслаар шимээ авч байдаг. Эх ундарга нь багасвал зүрхний охь тунгалаг шим тэжээлээр дутагдна. Өнгө зүс доройтож, сүр жавхаа, хийморь лундаа буурч, нас богиносдог тухай “Анагаах ухааны дөрвөн үндэс” номонд байдаг. Долоон чухал бодисын солилцооны сүүлийнх нь зүрхний охь тунгалагийг тэжээж, өнгө зүс сүр жавхаа, хийморь лундаа, цог золбоо нүдний гал, нүүрний цогийг үүсгэдэг. Үүнээс эрүүл байдал урт нас шалтгаална.

-Нүдний гал гэснээс “Нүдэндээ галтай нүүрэндээ цогтой” гэж ярьдаг шүү дээ. Хөгшрөх тусам нүдний гал буурдаг. Гэхдээ нас ахисан ч нүдний галаа хадгалах боломжтой юу?

-Нүдний гал өвчнөөс болж буурч болно. Маш их ядрах нь тамир тэнхээ доройтоход хүргэнэ. Хүний бие таван махбодиос бүрддэг. Европ анагаах ухаанд эд эс гээд явдаг. Түүн шиг уламжлалт анагаах ухаанд 5 махбод буюу шороо, ус , гал, хий гээд явдаг. Шороо, усан махбодиос бүтсэн болохоор хүний биед шороон энерги авах хэрэгцээ байдаг. Газар хөрс шороон дээгүүр хөл нүцгэн алхах, газар шороонд ургасан үр тариа жимс ногоо идэх нь хүний биеийн шороон махбодийг тэтгэдэг. Байгалийн зүйлийг ид гээд байгаа нь ийм учиртай. Усны энергийг авахын тулд усанд орох хэрэгтэй. Байгалийн рашаанд орох сайн. Рашаанлаг, эрдэстэй ус уух тустай. Байгалийн хүнсийг идэхгүй бол бие махбод төлжихгүй тамир нь барагдаж нүдний гал буурах эрсдэлтэй.

Уламжлалт анагаах ухаанд мөн гаслант сэтгэлд нэрвэгдэх гэж бий.

Гаслант сэтгэл гэж шаналахыг хэлж байгаа юм. Шаналах нь хийг арвидуулдаг. Уй гашуу тохиолдож болно. Шийдэгдэхгүй байгаа асуудлаас болоод шаналж байж магадгүй. Сэтгэл хөдлөл, мэдрэмж бидний бие махбодид энерги болж хуримтлагдаж байдаг. Уй гашуу, гаслант сэтгэл, дарамт бухимдлаа удаан хугацаагаар тээж явбал аль нэг эрхтэнд нөлөөлж, өвчлөхөд хүргэнэ. Сэтгэл хөдлөл мэдрэмжүүд маань өвчний шалтгаан болж болно. Сэтгэл хөдлөл мэдрэмжээ маш сайн хянаж удирдах хэрэгтэй.

Үүний тулд ажиглах, анзаарах чухал. Би хэнд гомдсон билээ, өнөөдөр яг юу болов гээд эргэцүүлж бодно гэдэг анзаарч сэтгэл хөдлөлөө барьж авна гэсэн үг. Бариад авсны дараа гомдол байлаа гэхэд ярьж сөрөг энергиэ задлах юм уу, уйлж нулимсаараа гадагшлуулах уу, бичиж тайвшрах уу гэдэг хувь хүний сонголт. Хүн болгон өөрийн гэсэн аргатай. Амархан уйлдаг хүн нулимсаараа гадагшуулдаг.

Өдөр их бухимдсан ч орой нь гүйж, дасгал хийгээд хөлсөөрөө сөрөг энергиэ урсгаж гаргаж болно. Хүн болгон өөрийн гэсэн аргатай.


Ялангуяа элэг, хавдар, цусны өвчнүүд ад, лусын гаралтай байж болно

Хүнд ямар ч уй гашуу тохиолдож болно. Энэ хорвоод төрсөн бол үхдэг шүү дээ. Хэн нэгнээс хагацаж шаналж үзээгүй хүн гэж үгүй. Энэ амьдралын мөн чанарыг багаас нь хүүхэддээ ойлгуулах хэрэгтэй байгаа юм. Үхэл ирэхгүй юм шиг явж байтал гэнэт нэг өдөр эмээ өвөө нь өнгөрөхөд шоконд ороод шаналж гаслаад дуусаж болохгүй.

Юу ч тохиолдсон бэлтгэлтэй байх хэрэгтэй. Ямар нэг зүйл, хэн нэгэнд хэт итгэж найдах, харж хүлээвэл эргээд тэр хэмжээгээр урам хугарах магадлалтай. Хэн нэгэнтэй ханилж суухдаа үл ойлголцол хэрүүл маргаан гарна гэдгийг тооцох ёстой. Жаргалд умбах юм шиг санаж байснаа нэг муухай үг дуулангуутаа гомдож, гутраад “Ийм байх ёсгүй” гээд байвал тэр хэрээрээ шанална. Гаслант сэтгэл гэдэг хүний энергийг маш ихээр сорж, нөөц энерги рүү цөмөрч орж шатаадаг.

-Нүдэндээ галтай амьдрахын тулд хэт шаналж болохгүй юм байна. Байгаль газар шорооноосоо эрчим авах ёстой юм байна. Өвдөхөөс сэргийлэх ёстой. Өөр юу анхаарах вэ?

-Уламжлалт анагаах ухаан их онцлогтой.

Өвчин болох дөрвөн нөхцөлийн нэг нь буруу хооллох. Улирлын шалтгаантай даарч хөрч өвдөж болно. Ад донгийн шалтгаанаар бас өвдөж болно гэж үздэг. Хүний сэтгэлийг булаадаг ад зэтгэрүүд гэж байдаг. Ингэснээр хүн солиорч ч магадгүй. Эсэн бусын сэтгэцийн өвчинд өртөх нигууртай. Ад дотор лус ч орно.

-Настай хүмүүс “Лусын хорлол болно” гэж сануулдаг байсан даа.

- Солиоруулагч ад, умартуулагч ад, гариг саа буюу саагийн төрлийн өвчнүүдийг уламжлалт анагаах ухаанд гариг сааны өвчнүүд гэдэг.

-Манба дацангийн сайт руу орж хараад шүлс, нус, цэрээ байнга гудамжинд хаях нь хүртэл ад зэтгэрийн хорлол болоход хүргэдэг юм байна гэж ойлгосон. Биднийг багад мод чулуу авч болдоггүй газрын тухай бас ярьцгаадаг байлаа. Ингэхэд ад зэтгэрийн хорлол болжээ гэдгээ мэдэх боломж байдаг уу?

-Байдаг. Нүдний гал унана. Нүдэнд ус гүйж байгаа юм шиг болдог. Сэтгэл санаа асар тогтворгүй. Нүдний харц нь тогтохгүй гүйлгэнээд байдаг. Гар хөл нь савчаад, утгагүй юм ярих, уймраа болох, сэтгэцийн өвчний шинж тэмдгүүд илэрдэг. Маш их хийрхэж, амьсгал нь давчидна. Айдас хүйдэстэй, цочимтгой болно. Улмаар нойргүйдэж эхэлнэ. Хүндэрвэл солиорох ч эрсдэлтэй.

Хүний биеийн эрчим барагдаж ядарч, хийрхсэн үед нэмж хүнд цохилт цочрол давхацвал эргэн тойрон дахь хий биет адууд сэтгэлийн орныг нь булаадаг.

Ялангуяа элэг, хавдар, цусны өвчнүүд ад, лусын гаралтай байж болно. Арьс харшлын өвчин битүү тууралт загатнаа ч бас адын гаралтай байх нь бий. Хүнд усан хавангууд бас лустай их холбоотой байдаг. “Европ эмнэлэгээр их явлаа. Зүрх бөөр зүгээр байна” гэсэн мөртлөө хаван нь тулаад, явж чадахаа байсан хүн надад хандаж байсан.

Өвчин гэдэгт нэг талаасаа нүглийн үйл нөлөөлдөг. Уламжлалт анагаах ухаанд урд болон энэ насны үйлийн үртэй холбоотой өвчнүүд байдаг гэж үздэг. Урд насны өвчин энэ насанд ирэх тохиолдол ч бий гэж судар бичигт тайлбарласан байдаг. Муу үйлийн үр барагдаад буян ихсэх тусам хүн өвчингүй, амгалан тайван жаргалтай байж урт насалдаг гэж үздэг.


Хүсэл ихтэй хүн маш их хийрхдэг

-Үйлийн үрээ үүрч бардаг гэж ярьдаг шүү дээ. Багадаа настай хүнд туслахаар “Буян нь дэлгэрэг” гэж ерөөдөг байсан. Буян дэлгэрэх гэдэг бас чухал байжээ?

-Буян их хийж байж урт насална. Гурван зүйл барагдахад хүний амьдрал төгсдөг гэж үздэг. Нас, үйл, буян нь барагдсан хүн үхдэг. Тэр гурав барагдаагүй бол осолд орсон ч үхэхгүй. Буян нүгэл гэхээр нэг их том юм бодох хэрэггүй юм билээ. Өдөр тутмын сэтгэл, суурь хандлагаа л бодох учиртай. Хүнд тус боллоо гэхэд сэдлээ эргэж харах хэрэгтэй гэсэн үг. Сэдэл хандлага буруу бол буян биш нүгэл болдог.

-Манайхан “Би хэдэн хүүхдэд тус боллоо, ядарсан хүнд гэр өглөө” гээд сурталчилаад байдаг. Энэ бол буян биш сурталчилгаа л юм биш үү?

-Сэдэл, хандлага чухал юм билээ. Өдөр тутамдаа буян, нүгэл хийж байна уу гээд сэтгэлээ дэнслэх чухал. Хүн өөрийгөө л шүүдэг. Өөртөө л дүн тавьдаг. Анзаарахгүй бол сайн, муу юм хийчихлээ гэж мэдэхгүй. Анзаарга чухал. “Өө яанаа би чинь өнөөдөр ямар их хов ярьчихав аа” гэх жишээтэй.

-Хүний шунал, тачаах сэтгэл өвчин болдог гэсэн үү?

- Хүсэл ихтэй хүн маш их хийрхдэг. Хүссэндээ хүрч чадахгүй болохоороо шаналж, түүндээ маш их энергиэ бардаг байх нь. Хийрхэж эхэлбэл нойргүйднэ, зүрх нь өвдөнө. Сэтгэл судлалын ухаанд мөн хүний одоогийн байгаа нөхцөл болон хүсэж мөрөөдөж байгаа оргил хоёрын зай нь холдох тусмаа зовлонтой гэж үздэг. Ийм учраас өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх чухал. Өөрөө дүүрэн байж л бусдад тусална. Өөрийгөө дүүргэхийн тухайтад өөр рүүгээ өнгийх учиртай юм билээ. Өөрийнхөө асуудлыг шийдээгүй байж, бусад руу хандах буруу. Эхлээд өөртөө сэтгэл ханамжтай байх чухал.

-Бид буян нүгэл, үйлийн үр гээд Буддын гүн ухааны ойлголтуудын тухай бас нэлээд ярьчих шиг боллоо. Өөрөө бас “Бодь мөрийн зэрэгт суралцахаар хамба багшийнхаа хичээлд суухаар боллоо” гээд пост оруулчихсан байв уу?

-Буддын гүн ухааны арван ухааны нэг нь тэжээхүй ухаан уламжлалт анагаах ухаан байдаг учраас сууриндаа энэ хоёр нэгддэг. Ад донгийн гаралтай өвчин байдаг гээд дээр ярьсан. Энэ бол зөвхөн гүрэм, ном заслаар анагаагддаг гэж үздэг. Түүнээс бол эм тан уугаад эдгэхгүй юм билээ. Тийм учраас ад донгийн гаралтай өвчнийг анагаахын тулд эмч нь бас нэг шинэ салбар руу орохоос аргагүй. Ад донгийн гаралтай өвчнийг анагаахын тулд бурхны номыг судлах ёстой юм байна. Тийм учраас лүүжин номыг сурч эхэлж байгаа юм.




Баримт шалгалтын төлөв.

Энэхүү мэдээлэлд хиймэл оюун ухаанаар таних боломжтой хуурамч мэдээлэлд илэрдэг аливаа түгээмэл шинж чанар агуулагдаагүй байна.

* Плюма нь чөлөөт сэтгүүлчдийн ямар нэг цензургүй талбар юм. Тиймээс энд нийтлэгдсэн сэтгүүл зүйн бүтээлүүд баримтын хувьд зөрүүтэй байх боломжтой тул бид эрсдэлийг бууруулах үүднээс хиймэл оюун ухааны тусламжтайгаар мэдээ нийтлэлүүдэд үнэлгээ өгч байна. Энэхүү хиймэл оюун ухаан нь Монголын баримт шалгах төвийн 2020 оноос хийсэн нийт баримт шалгалт болон тандаж илрүүлсэн хуурамч, ташаа мэдээллийн өгөгдлийн санд үндэслэн, хуурамч мэдээлэлд түгээмэл ажиглагддаг шинж тэмдгүүд илэрч байгаа эсэхийг уншигчдад таниулах зорилготой юм.

Ерөнхий Сэнтимент

Оноо 0.10
-1.0 0 +1.0

Тайлбар

Энэ нийтлэл нь уламжлалт анагаах ухаан, сэтгэл судлалын мэргэжилтний ярилцлага бөгөөд эрүүл мэндийн асуудлууд, тухайлбал "хий" болон "дусал"-ын тэнцвэргүй байдлын сөрөг үр дагаврыг болгоомжлуулах өнгө аястай. Гэвч бясалгал, зөв хооллолт, сэтгэл хөдлөлөө удирдах зэрэг шийдлүүдийг санал болгосноор уншигчдад эрүүл мэндээ сайжруулах боломжтойг мэдрүүлж, сэрэмжлүүлэг өгч байна. Нийтлэл нь мэдээлэл өгөх, зөвлөх шинжтэй.


** Энэхүү сентимент шинжилгээний хэсэг нь уншигчид тухайн нийтлэлд дурдагдаж байгаа аливаа агуулга Монголын хэвлэл мэдээллийн орчинд ямар хэмжээнд түгсэн тухай мэдээлэл авах, улмаар өөрийн байр суурь, дүгнэлтээ мэдээлэлд суурилан гаргахад чиглэсэн мэдээллийн хэсэг юм.
AI-ээр шинжилсэн
AI алдаа гаргах боломжтой.

Сэтгэгдэл (1)

Unknown User

Зочин

4 weeks ago

Үнэхээр гоё яриа болжээ. Өөрийгөө дүүргэе ээ.
1
0
Author Image

Б.Янжмаа

1 followers

Author Image

Б.Янжмаа

Oct 15, 2025

Э.Ганзул: Тийм ээ, би Засгийн газруудад зөвлөгөө өгдөг ажилтай

Дэлхийн банкинд есөн жил ажилласан Э.Ганзул хэмээх монгол бүсгүйтэй ярилцлаа. Тэрбээр дэлхийгээс Ази руу Азиас Монголоо зорьсон нүүдэл хийж буй. Бага нас, хүсэл мөрөөдөл, алсын хараа энд багтсан. Улс орнуудын удирдагч нарт зөвлөдөг хүн Монголоо хэрхэн дүгнэдэг бол?

News Image
Author Image

Б.Янжмаа

Sep 25, 2025

Г.Занданшатарын Засгийн газрын 100 хоног дахь хүнд хаяглагдсан “мессеж”

Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлнэ хэмээн “үлгэр” ярихын оронд “Хүний хөгжлийн мега төсөл” ярьсан нь арай л бодитой юм даа. Хүний хөгжил ярьсан Ерөнхий сайд хүндээ хандсан юу хийсэн гэдгийг Г.Занданшатарын Засгийн газрын 100 хоногийн босгон дээр эргэцүүлэв.

News Image
bookmark more
Author Image

Б.Янжмаа

Sep 21, 2025

Б.Батчимэг: Эр хүний дусал барагдвал өнгө зүс доройтож, сүр жавхаа, хийморь лундаа буурч, нас богиносдог

Уламжлалт анагаах ухааны их эмч, сэтгэл судлаач Б.Батчимэгтэй хий арвидах үед юуг анхаарах, ямар улиралд хэрхэн хооллох, эр хүний дусал урт наслах, эрүүл мэндэд нь хэрхэн нөлөөлдөг, ад донгийн гаралтай өвчнүүд зэрэг олон сэдвийг хамруулан ярилцлаа.

News Image

Pluma -с санал болгосон

News Image
Author Image

Ц.Санчирмаа

Jun 24, 2025

ДУРСАМЖ ХЭЗЭЭ Ч СААРАЛ БАЙДАГГҮЙ

Одоогоос 4 жилийн өмнө эхэлсэн Орос, Украины хооронд үүссэн зөрчил мөргөлдөөн улам хурцадсаар буй өнөө цаг үед хоёр улсын хилийн бүсэд амьдардаг жирийн ард иргэдийн амьдрал ахуй хэрхэн хэлмэгдэн доройтож байгааг энэ номын үйл явдлаас харж болно.

News Image
Author Image

Б.Янжмаа

Sep 4, 2025

Э.Батжаргал: Монголчууд үнэхээр 9 эрдэнээр будгаа боловсруулдаг байсан юм билээ

Соёлын өвийн үндэсний төвийн гоёмсог байшинг зорьж очлоо. Энд Сэргээн засварлах газрын дарга Э.Батжаргалтай ярилцав. Бид сэргээн засварлах ажлын онцлог, дэмжлэг байдаг эсэхийг мөн монголчуудын өв соёлын өвөрмөц “жор”-ын талаар ч хуучилсан.

News Image
Author Image

Цэнд

Sep 16, 2025

Нарны хэт ягаан туяаны хорт нөлөөнөөс хамгаалдаг байгалийн “бамбай” бол озоны давхарга

Энэ өдөр нь 1987 оны 9-р сарын 16-нд Улс орнууд озоны давхаргыг гэмтээдэг бодисуудыг хязгаарлах тухай "Монреалын протокол"-ыг байгуулсан өдрийг сануулах зорилготой бөгөөд 1994 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр албан ёсоор тэмдэглэх болжээ.

News Image
Author Image

Цэнд

Jul 24, 2025

Үг урсаад, хайрын тухай баримтууд уншаад л ....

Хайр гэж атганд баригдахгүй, нүдэнд үзэгдэхгүй хэрнээ сэтгэл дүүргэдэг шидтэн. Аав, ээжийн, ахан, дүүсийн, амраг ханийн, анд, найзын, ажлын хамт олны гээд ангилаад байвал урсаад л байхаар... Бүгд өөр, өөрийн өнгө, мэдрэмж, бодролыг бий болгож, тэр хэрээр өвдөлтийг өгдөг “хор” гэж тодорхойлмоор ч юм шиг. Сонин ертөнц шүү.