Зүйр цэцэн үг бол өвөг дээдсийн маань бидэнд үлдээсэн бичигдээгүй хууль

Чингис хаан одонт, Төрийн шагналт, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич С.Нарангэрэл парламентын сэтгүүлчдэд лекц уншсаныг та бүхэндээ хүргэе.

Юуны өмнө би Монголын хөлгөн судруудаас олонтаа ишилнэ. “Монголын нууц товчоо”-г та нар сайн мэдэж байгаа. Персийн их бичгийн хүн Рашид ад-диний “Судрын чуулган” гэж энэ хүний зохиол юм шиг бичдэг. Хэрэг дээрээ тийм бус. Чингис хааны отгон хүү Толуйн гуравдугаар хүү Хүлэгү бол Их Монгол Улсын баруун урд талын хэсэг одоогийн Иран, Ирак, Сирийн өмнөд хэсэг Дундад Азийг бүхэлд нь хамарсан Ил хаант улсын хаан. Түүнийг залгамжилсан Газан хаан зарлиг гаргаж, өөрийн сайд Рашид ад-динд үүрэг өгч, өвөг дээдсийн маань түүхийг гуйвуулж гутааж магадгүй, Монголынхоо түүхийг перс хэлээр албан ёсоор бичүүлье гэж зарлиг буулгасан. 1300-1311 оны хооронд монгол төдийгүй олон үндэстний түүхч бичгийн хүмүүсийг цуглуулж байгаад Судрын чуулганыг бичсэн. Тийм учраас Судрын чуулган бол монголчуудын албан ёсны түүх.

Монгол ардын зүйр цэцэн үгээс би мөн ишлэх болно.

Суурьшмал тариалангийн соёлтой ард түмэн хойч үедээ үлдээх сургамжаа ном болгож хэвлээд дараагийн үедээ дамжуулдаг.

Бэлчээрийн мал аж ахуйтай нүүдлийн соёлтой ард түмэн үүнээс өөр. Жилдээ хэд хэдэн удаа нүүдэг учраас ном хадгалах боломжгүй.

Үр ачдаа сургамжлах амьдралын хөдөлшгүй үнэн, жам ёсны хууль болсон зүйлийг зүйр цэцэн үг болгож хэдхэн үгэнд багтаан, үр хүүхдэдээ цээжлүүлдэг. Утга учрыг нь ой санамжид нь шингээж өгдөг байжээ.

Тийм учраас Монгол ардын зүйр цэцэн үг бол өвөг дээдсийн маань бидэнд үлдээсэн бичигдээгүй хууль. Цаг хугацааны шалгарлыг давсан, жам ёсны хууль юм шүү.

Түүнчлэн гадаадын олон мэргэдээс ишлэх юм.

Төрийн сүлдэнд залбирна гэдэг улс орныг жолоодож яваа хүний сайхан ёс суртахуунд залбирч байгаа гэсэн утгатай

Агуу их Аристотель бол одоогоос 2500 жилийн өмнө МЭӨ дөрөвдүгээр зууны үед эртний Ромд амьдарч байсан. Энд өнөөдөр ч ач холбогдлоо алдаагүй суут бүтээлүүдээ туурвисан. Аристотелийн бүтээлүүд академик шинжтэй. Түүний бүтээлүүдийг хоёр, гурван өгүүлбэрт багцлан хэлбэл “Хүн гэдэг ёс суртахууны амьтан юм байна, ёс суртахуун гэдэг хувь хүний хувьд заяагдмал зүйл. Харин хэмжээ дамжаа нь хүн болгонд ялгаатай байдаг. Хүн гэдэг оюун бодлын амьтан юм байна” гэдэг гол агуулга нь.

Яг энэ цаг үед Ази тивд одоогийн Бээжингээс баруун тийшээ Шандунь гэж Хятадын том муж байдаг. Энд агуу их Күнз амьдарч байв.

Күнз бас ёс суртахууныг судалсан. Энэ хоёр судалгаа ялгаатай. Аристотель академик судалгаа хийсэн гэж түрүүн хэлсэн. Күнз амьдралын бодит жишээ баримтуудад дүгнэлт хийн бясалгаад, шавь нартаа шүлгийн шад хэлбэрээр хэлж өгсөн байна. Шавь нар нь түүнийг нь бичиж тэмдэглэж авдаг. Күнзийн сургаалууд манай үед ингэж ирсэн.

Аристотель болон Күнзийг амьдарч байх үед төрийг амьд организм гэж үзэж байсан. Ард түмэн хаанаа бурхан, мөнх тэнгэрээс биднийг удирдуулахаар илгээсэн хүмүн гэж үздэг байсан.

Хаан нь засаглах хугацаандаа харъяат иргэдээ аз жаргалтай байлгахыг үүргээ гэж үздэг байж. Тийм учраас монголчууд төрийн сүлдэндээ залбирна гэдэг нь зүгээр нэг сүлд юм уу бэлгэдэл, ямар нэг байгууллага бус өөрөөр хэлбэл улс орныг жолоодож яваа хүний сайхан ёс суртахуунд залбирч байгаа гэсэн утгатай.

За би одоо Күнзээс ишилье.

“Эзэн хаан шударга байвал хууль эс баталсан ч эгэл ардууд сүсэглэн дагана. Эзэн хаан шударга бус бол хэчнээн олон хууль баталсан ч эгэл ардууд сахин биелүүлэхгүй” гэсэн 2500 жилийн өмнөх энэ сургаал өнөөдөр ч ач холбогдолтой хэвээр.

Хятадын Даосын шашны лам, их арш, гүн ухаантан Чанчунь бомбо Алтан улсад аглаг газар хийдээ бариад, амьд бурхан мэт байсан хүн.

Их эзэн Чингис хаан түүний тухай сонсоод, эрдэм мэдлэгийн өглөг авъя гэж хүссэн юм. Сүн улсын хаан их аршийг урьсан ч очоогүй, Алтан улсын хаан залаад ч хүлээж аваагүй. Их аршийг урьж ирүүлэх ганцхан арга байна гэж шадар хүмүүс нь зөвлөсөн. Гарын түшмэлээрээ “Алтан гэрэгэ”, сүйх тэрэг, хамгаалах дайчид элч нарын хамт илгээвэл зохино. Чин сэтгэлийн захидал илгээх хэрэгтэй гэж зөвлөсөн байна. Даосын шашин хүн энэ хорвоод ирээд буцдаг, ёс суртахуунлаг амьдарч чадвал сайн нэрээ хойч үедээ үлдээгээд, энэ хорвоогоос аз жаргалтай буцна гэж номлодог. Чанчунь бомбыг дагалдаж ирсэн гарын шавь нь”Чанчунь бомбын өрнө этгээдэд зорчсон тэмдэглэл” аян замын тэмдэглэл бичиж үлдээсэн. Эртний хятад хэлээр бичсэн уг тэмдэглэл арван жилийн өмнө монгол хэлээр орчуулагдсан байдаг. Уг тэмдэглэлд Чингис хааны бичсэн захидал бүрэн эхээрээ бий. Энэ захидлын эхлэл, төгсгөлийг би та бүхэнд хэлж өгье.

Өмсөх хувцас, идэх хоолоо адуучин, үхэрчинтэйгээ хуваалцаж…

“Хаан миний бие умар зүгийн их хээр талд аж төрөн сууж, чигч шударгыг эрхэмлэн тогтоож, бүрэлгэн сүйтгэхийг хориглон зогсоож, өмсөх хувцас, идэх хоолоо

адуучин, үхэрчинтэйгээ хуваалцаж, ард иргэдийг үр хүүхэдтэйгээ адил үзэж, цэрэг дайчид, эрдэмтэн мэргэдийг ах дүүгээ мэт хүндэлж, эв эеийг сахиулж, энэрэл хишгээ түгээж явна”.

Их эзэн Чингис хааны энэ нэг өгүүлбэрт төр гэдгийн үндсэн шинж бүгд бий. Чигч шударгыг эрхэмлэн гэдэг нь шударга ёсыг тогтоож байна гэсэн үг, бүрэлгэн сүйтгэхийг хориглон зогсоож гэдэг нь хөгжил дэвшил авчирч байна, бүтээн байгуулж байна гэсэн үг.

“… өмсөх хувцас, идэх хоолоо адуучин, үхэрчинтэйгээ хуваалцаж” гэдэг өгөөмөр гэдгийг илтгэж байна. Цэрэг дайчид, эрдэмтэн мэргэдийг ах дүүгээ мэт хүндэлж гэдэг энэрэнгүй гэсэн үг. Бидний өнөө залбирч байдаг төр гэдэг ерөөсөө л энэ.

Төгсгөлийн өгүүлбэр ийм.

“Эрхэм багш Та элсэн говь, аагим халуун, тэсгим хүйтнийг даван туулж, муу шавь надад эрдмийн өглөг өгвөл мөхөс би өөрийн биеэр таныг асрангаа мэргэн үг, шидэт сургаалыг чинь сонсъё хэмээн хичээнгүйлэн хүснэм”.

Ёс суртахуун гэдэг нэр томъёог яаж хувиргасныг харуулъя

Нэр томъёо гэдэг бүх эрдэм мэдлэгийн амин сүнс шүү. Хэрэв тодорхой нэр томьёог олон янзаар хэлээд, сүүлдээ учрыг нь олохгүй болоод ирэхээр аливаа нэг ойлголт төсөөлөл завхардаг.

Ёс суртахуун гэдгийг агуу их Аристотель moralis гэж эртний латин хэлээр хэлсэн. Англи хэл дээр ч moral, орос хэл дээр ч мораль гэдгээр нь буулгадаг.

Энэ бол “Хүмүүний сэтгэлийн эерэг энергийн өгөгдлийн цогц” юм.

Гэтэл ёс суртахуун гэдэг ийм ойлголтыг яаж хувиргасныг та бүхэнд харуулъя.

Ийм олон янзаар нэрлэсэн.

Зан суртахуун, сайн хүн, зөв хүн, зарчим, хүн чанар, хүмүүжил хэмээн тайлбарлаж ирсэн. Сүүлийн үед хүн бүхний амны уншлага болсон харилцаа, хандлага гэдэг нэр томъёо баруунаас орж ирэв.

Чингис хааны ач хүү Хубилай хааны дэргэд Италийн Марко Поло түшмэд нь болж суусан. Нутагтаа буцаж очиход нь цаасан барын хэвлэх үйлдвэр анх бий болж байв.

Тэгээд Их Монгол Улсад үзэж харсан бүхнээ хэлж бичүүлсэн нь “Ертөнцийн сонин хачин” нэрээр гарсан. Тэр ном бестселлер болсон. Ялангуяа тэр ном аялал, жуулчлал, шинэ зүйлд сонирхолтой бас олз ашиг хайсан хүмүүсийн сонирхлыг ч их татсан. Уг нь Европыг Ром, Рим Венец хүн төрөлхтний соёл иргэншлийн төв гэгдэж байтал Их Монгол Улсын Юань гүрэн түүнээс дутахгүй сонирхол татах болсон. Испанид нэр цуутай далайчин Колумб эзэн хаандаа бараалхаад, аяллын зардал хүсэж, Их Монгол Улсыг үзээд, танд ирж мэдээлье. Худалдааны зам нээгээд ирье гэж хүссэн. Хаан зөвшөөрсөн. Хөлөг онгоц бүтээж, далайд гарсан. Их Монгол Улсыг алс хол гэж төсөөлж байсан. Гэтэл богино хугацааны дараа нэг том эх газарт хүрч ирсэн нь улаавтар бор царайтай үг хэл ойлгомжгүй хүмүүс гүйлдээд байсан. Эсрэг зүг рүүгээ яваад Америкийг нээсэн байж.

Үүний дараа алт, эрдэнэс газар нутаг, хайсан хүмүүс Америк тив рүү их нүүдэл хийв. Дайн дажин ч гарсан. Тэр олон улсуудыг тогтоон барих, хүн шиг амьдруулахын тулд юу бодож олсон гэхээр алхах гишгэх болгоныг нь хуулиар зохицуулах болсон.

Бидний олон жил даган дуурайсан АНУ-ын бараг бүх муж улс цаазаар авах ялтай. Дэлхийд хамгийн их цаазын ялыг гүйцэтгэдэг улс Америк.

Тэр битгий хэл хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд хэрэг болгонд нь ял өгсөөр байгаад 200 жилийн ял оноох боломж Америкийн хуульд бий.

Ингэж явсаар хүний амьдралын бүх асуудлыг хуулиар зохицуулж болдоггүй юм байна. Хуулиас эрхэм зүйл хүнд байдаг. Хүний зүрх сэтгэлд ёс суртахуун гэж байдаг юм байна. Түүгээрээ хүн бүр илүү сайн сайхан, аз жаргалтай байх боломжтой юм байна. Магадгүй багахан хөрөнгөтэй ч түүнийгээ шударгаар олж авсан бол үүгээрээ бахархсаар энэ ертөнцөөс сэтгэл хангалуун буцдаг юм байна гэдгийг олж мэдэж эхэлсэн.

Тэгээд барууны эрдэмтэд ёс суртахуун гэхээр бусдаас хуулсан болчих гээд оронд нь харилцаа хандлага гэдэг нэр томъёо хэрэглээд, манайхан түүнийг нь орчуулаад ийм шинэ нэр томъёо гаргаж ирсэн байдаг.

Ёс суртахууны асуудал бол хүн төрлөхтөн цаашдаа тэсэж үлдэх үү гэдэгтэй холбоотой

Аливаа зүйлийн хөгжил хөдөлгөөн хувьслыг динамик гэдэг шүү. Ёс суртахуун гэдэг бол динамик нь тодорхой. Ямар ч хэлний ёс суртахууны эрхэм чанарын тухай ярихад бүгд ойлгоно. Шударга ёс, нинжин сэтгэл, итгэл, тэвчээр, нэр төр, жудаг. Энэ бүгдэд тайлбар шаардлагагүй. Хэзээ ч хуучирдаггүй, өөрчлөгддөггүй. Хүн төрлөхтөн бий болсон цагаас хэрэв тухайн хүн ёс суртахуунлаг байх юм бол тэр хүн бусдад ялгуун харагддаг. Бусад нь “Энэ хүн шиг амьдрах юмсан” гэж дуурайдаг, дагадаг.

Харин эсрэгээрээ ёс суртахуунаа уландаа гишгээд, үл тоомсорлоод ирэх юм бол гай барцад салахгүй. Архидалт мансуурал, нойргүйдэл, сэтгэл гутрал дагалдана.

Чанчунь бомбо их эзэнд нэг зүйлийг онцгой анхааруулж хэлсэн байдаг.

Гэнэт олдсон хар муу хөрөнгө мөнгө гэдэг бол үүл нүүж, сүүдэр нь хоромхон зуур газарт тусаад алга болдог шиг түр зуурын үзэгдэл гэдгийг захисан юм билээ.

Ёс суртахуун маш олон шинжлэх ухаантай холбогдоно.

Философчид ёс суртахууныг өмчлөх хандлагатай байдаг. Ёс суртахуун үнэхээр философын асуудал мөн. Гэхдээ философчид ёс суртахууны дотоод мөн чанар, агуулгыг судалдаггүй. Зөвхөн сэтгэлгээний мөн чанарыг судалдаг.

Сэтгэл судлалын шинжлэх ухаан. Сүүлийн үед Хувь хүний сэтгэл судлалын ухаан манайд сайн хөгжиж байна. Харамсалтай нь нийгмийн сэтгэл судлал манайд хөгжихгүй байгаа. Нийгмийн сэтгэл судлал ёс суртахуун хоёр яг давхацна.

Хүн яаж шударга байх вэ, итгэл даах вэ?

Хууль зүйн шинжлэх ухаантай яаж холбогдох вэ гэхээр хуулийн амин сүнс бол ёс суртахуун. Хүн төрлөхтөн ёс суртахууны сайхан өгөгдлийг уландаа гишгэж, үл тоомсорлож эхлээд тэргүүндээ зугуухан мөнгө хөрөнгө, эрх мэдэл, тансаг хэрэглээг залах болсон. Өнөөдөр хүн төрлөхтөн бүхэлдээ ийм болсон.

Ёс суртахууны асуудал бол зөвхөн монголчуудын ч бус хүн төрлөхтөн цаашдаа тэсэж үлдэх үү гэдэгтэй холбоотой болж хувирсан.

Үүнийг монголчууд “Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо” гэдэг

Байгалийн шинжлэх ухааны тухай олон зүйл ярьж болох ч физикийн шинжлэх ухаан түүн дотроо квантын физик ёс суртахуунтай хэрхэн холбогдохыг хэлж өгье. Квантын физик дээр Нобелийн шагналт дэлхийн суут эрдэмтдийн нэг Альберт Эйнштейн таталцлын хууль нээсэн. Эйнштейний таталцлын хуулиар хүний уураг тархинд энергийн эсүүд байна.

Тархи судлаачид найман тэрбум ёс суртахууны энергийн эс та бидэнд байдаг гэдгийг тогтоосон. Хүн төрөлхтөн шинжлэх ухаан технологийн асар их нээлт хийсэн мөртлөө өөрийнхөө тархин дотор юу байгааг судалж эхлээд дөнгөж 100 жил болж байна.

Хүний уураг тархинд байгаа тэр энергиэ цахилгаан долгион дамжуулж байгаа юм шиг бусдад дамжуулдаг. Заримдаа гэрлийн хурдаас илүү хурдаар нэг нэгэндээ дамжуулдаг. Хариугаа бас хүлээж авдаг. Эйнштейний нээсэн таталцлын хуулиар бол ижил энергүүд таталцдаг.

За би нэг монгол ардын зүйр үг хэлье. Үүнийг монголчууд “Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо” гэдэг.

Биологийн шинжлэх ухаан бас хүн генээрээ аав ээж, эмээ өвөөгийнхөө царай төрхийг хадгалж үлдэх төдийгүй зүрх сэтгэл дэх ёс суртахууны эрхэм чанар нь хүртэл хуулбарлагддаг гэдгийг тогтоосон байна.

Эелдэг найрсаг зан

Ёс суртахууны эрхэм чанарууд дотроос А үсэг нь эелдэг найрсаг зан. Хүнийг хүндэлдэг, мэнд усаа сайхан мэддэг, шаардлагатай үед хүлцэл өчиж чаддаг, баярласан талархсанаа илэрхийлдэг хүн .

Тэр тусмаа ХIII зууны үеэс гадныхан монголчуудыг “Энэ дэлхийн хамгийн зочломтгой ард түмэн” гэж бичсэн байдаг.

Жишээ нь одоо ч манайхан гэр оронд урилгагүй зочин ороод ирвэл цай аягалаад, тавагтай чихэр тавиад, ойр зуурын юм ярьж байгаад гаргана.

Хэрэв Америкт урьдчилж зөвшөөрөл аваагүй хүн шууд хаалгыг нь онгойлгоод ороод ирвэл “шүршүүлнэ” шүү дээ. Яагаад гэхээр АНУ Үндсэн хуульдаа өөрийн орон байр, амь нас эрүүл мэндийн халдашгүй байдлыг галт зэвсэг хэрэглэж хамгаалж болно гэж зааж өгсөн. Сүүлдээ хүүхдүүд нь өнөөх галт зэвсгийг нь хулгайлж, сургууль дээр айхавтар аллага гараад байдаг үүнтэй холбоотой.

Шударга байдал гэдэг өмсөж зүүхтэй ижил хэрэгцээтэй

Хүний хувьд шударга байдал гэдэг өмсөж зүүхтэй ижил хэрэгцээтэй. 2000-аад оны эхээр Монголын нууц товчоог нэгбүрчлэн “шүүж” байгаад Чингис хааны нэг айлдварыг олоод баярласандаа болоод тэр шөнөдөө унтаж чадаагүй. Монголын нууц товчооны 224 дүгээр зүйлд Чингис хааны ийм айлдвар бий.

“Би гүр улсыг шударга болгож, гагц жолоонд оруулж чадсан”. Эртний нэр томъёоны толь бичигт гүр гэдэг нийт гэсэн утгатай.

Өөрөөр хэлбэл XIII зуунд Их Монгол Улс үүсэн бий болж, 140 жилийн турш монголчууд дэлхий дахиныг удирдсаны нууц нь ерөөсөө энэ. Манай гариг дээр бидний өвөг дээдэс шударга ёсыг тогтоосон. Цэрэг илгээж шударга ёс тогтоох ажиллагаа явуулж байсан. Хорезм, Алтан улс, Европ. Даргач томилж, нутгийн маш сайн шударга улсуудаар орон нутгийг нь удирдуулаад, Их Монгол Улс ерөнхий удирдлагаар хангаж байсан.

Хамаг монгол Улсын үед манай нутаг дэвсгэр ямар байв. Зүүн тал нь Хянганы нуруу. БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны нутаг дэвсгэр. Агуу их Дашдоржийн Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийг бүгд цээжээр мэднэ. Тэр дунд “Алтай, Хянганы завсарт атар баялаг орон” гэсэн мөр бий.

Д.Нацагдорж тухайн үеийн Судар бичгийн хүрээлэнд Түүхийн тасгийн эрхлэгчээр хоёр жил ажиллахдаа эх орныхоо түүхийн асар үнэтэй сан хөмрөгт орсон. Тэндээс олон зохиол бүтээл төрсөн байдаг.

Урд зүг нь Их цагаан хэрэм. Их Цагаан хэрэм бол суурьшмал соёл иргэншилтэй улс үндэстэн, нүүдлийн соёл иргэншилтэй улсын хилийн шугам.

Баруун урд тал нь Байгаль далайн цаана Эрчис мөрөн гэж байдаг. Ийм асар уудам нутагтай. Үндсэн амин зуулга нь таван хошуу мал.

Ийм ард түмэн харийн нутаг дэвсгэрийг эзлэн түрэмгийлж малын бэлчээр болгох шаардлага байхгүй. Бидний өвөг дээдэс энхийг, шударга ёсыг тогтоогоод буцдаг байсан.

Сэтгүүлчдийн хувьд шударга байх чухал. Дээр нь эр зориг хэрэгтэй. Эр зориг гаргасны үр шимийг тухайн ард түмэн хэдэн зуун жил, мянган жил хүртдэг.

За ёс суртахууны талаар яривал олон асуудал бий.

Би зарим УИХ-ын гишүүнд “Монголчуудын ёс суртахуун” гэсэн үндэсний хөтөлбөр боловсруулаад, бүх салбартаа энэ асуудлаа шийдээд өгөөч гээд байгаа юм. Адгийн наад зах нь хэд хэдэн салбарыг зөвхөн ашиг хонжоо хөөцөлддөг байдлаас гаргах ёстой юм. Уг нь зах зээлийн эдийн засаг гэж юуг хэлдэг гэхээр үл үзэгдэх хоёр тэмтрүүл. Эрэлт байвал нийлүүлэлт хийгдэнэ. Нийлүүлэлт өсвөл үнэ буучихна. 1990 онд нэгдүгээр зэргийн үхрийн мах кг нь 5 төгрөг байлаа. Одоо хэд болоод байна. 100 мянган төгрөг болно гэж зарим улс төрч хэлээд байна. Тэгэхээр монголчууд яах юм.

Боловсрол, эрүүл мэндийн салбарыг ашиг хонжоо хөөцөлддөг байдлаас салгах хэрэгтэй. Боловсролтой хүн болгоё гээд маш үнэтэй сургуульд оруулдаг. Тэр дунд хүүхэд чинь жинхэнэ хүн болж байна уу үгүй юу. Эцсийн дүндээ үе тэнгийнхний дээрэлхэлт гэдэг нэр томъёо гараад ирсэн. Энэ бол шинэ үзэгдэл биш. Эелдэг найрсаг ёс туйлдаа хүртэл уначихсаны илрэл.