Миний сэтгэлд хамгийн тод үлдсэн аяллын нэг бол яах аргагүй Филиппин Улсыг зорьсон олон улсын хурал байсан юм. Энэхүү дулаахан, нарлаг орны өнгө төрх, гашуун түүх хийгээд хүмүүсийнх нь аж байдлыг харж, алхам тутамдаа гайхширсаар буцсан сан.

Аяллын эхний өдөр эртний түүхт сүм хийд, музейгээр зочилж, орой нь хамт ирсэн олон орны нөхдийн хамт нэгэн уушийн газарт тухлав. Филиппинчүүдийг ёстой л "дуу хөгжимлөг ард түмэн" гэлтэй. Тайзнаа хижээл насны хоёр эрийн нэг нь гитар, нөгөө нь морин хийл эгшиглүүлэхэд, урд нь час улаан хүрэм, үсний гоёл, дэгжин юбкаар гангарсан эмэгтэй өсгийтэй гутлынхаа товшилтоор хөгжмийн хэмнэлийг төгс мэдрэн бүжнэ. Тэр уушийн газарт толгойгоо гудайлган ганцаардаж суух нэг ч хүн үгүй. Таних, танихгүй нь хамаагүй хөгжмийн хэмнэлд уусан нэгдэж, хамтдаа бүжиж, инээж хөхрөлдөхийг хараад миний сэтгэл санаа баяр баяслаар дүүрэх шиг л болж билээ.

Зочид буудал руугаа буцах замд гудамж дүүрэн байрлуулсан сонгуулийн сурталчилгаанууд миний анхаарлыг ихэд татсан юм. Уг нь сонгууль тавдугаар сард болох товтой ч, тухайн үед дөнгөж хоёрдугаар сарын эхэн үе байлаа. Сонгууль эхлэхээс өмнө "нэр дэвшигчид" албан ёсоор нэр дэвшигч болж амжаагүй тул элдэв нэвтрүүлэгт орж, зураг хөргөө байршуулах зэргээр албан бус сурталчилгаагаа эртнээс эхлүүлдэг аж. Нэг ёсондоо хуулийн цоорхойг ашиглаж буй улс төрийн дүр зураг байв.

Удаах өдөр нь хурлын эхний өдөр байв. Монгол Улсаа төлөөлөн очсоны хувьд өөрийгөө танилцуулж, туршлагаасаа хуваалцан, олон шинэ хүмүүстэй танилцсан үр дүнтэй хурал болж өнгөрлөө.

Хурлын дараа АНУ-д хамт суралцаж байсан филиппин найзууд маань баглаа цэцэг, тор дүүрэн амтат манго жимс барьсаар намайг халуун дотноор угтаж авсан. Бид "BGC" (Bonifacio Global City) төвд байрлах нэгэн номын дэлгүүрийг зорилоо. Дэлгүүрийн үүдэнд буу агссан цэргүүд зогсож, орж гарсан хүмүүсийн цүнхийг нэгд нэгэнгүй шалгах нь анх харахад сүрдмээр. Гэхдээ л их эелдэг, найрсаг хүмүүс байсан болохоор би нэг цэргээс нь “Та ер нь энэ буугаа ашиглаж байсан уу?” хэмээн асуухад “Үгүй дээ” гээд толгойгоо маажин инээмсэглэж байж билээ. Мөнгөн тэмдэгтийг нь сонирхтол нэг дэвсгэрт дээр хэд хэдэн хүний хөрөг байхыг анзаарлаа. Хожим нь улс орныхоо төлөө халуун амь, бүлээн цусаа зориулсан олон баатрын түүхийг сонсоод, тэр их гавьяатныг багтаахын тулд аргагүй л олон хөрөг зэрэгцүүлэн тавьдаг байх хэмээн бишрэн бодсон доо.

Филиппин үндэсний хоол надад үнэхээр таалагдсан. Тарвасаар амталсан "Sinigang na pakwan" буюу тарвастай шөлний исгэлэн атлаа сэнгэнэсэн амт, шаржигнуур гахайн махтай "Sisig" зэрэг хоол нь өвөрмөц гэж. Нил ягаан өнгөтэй "Ube sago" хэмээх амттан бол миний амьдралдаа ууж үзсэн хамгийн гоё уух зүйл байлаа. Мөн Америкт байхдаа ч орж амжаагүй явсан алдарт "Jollibee"-д анх удаа орж санаа амарсан.

Мөн тэнд байх хугацаандаа Японы уламжлалт хоолны газрууд ихэд алдартайг дуулаад, сумочдын зооглодог "Chanko nabe" хоолыг "Ozeki" хэмжээгээр идэж үзэв. 1941-1945 онд Японы эзэнт гүрэн Филиппинийг эзлэн түрэмгийлж, харгис хатуу дэглэм тогтоосны улмаас тоо томшгүй олон хүн өлсгөлөнд нэрвэгдэж, амиа алдсан гашуун түүхтэй. "Хэрэв би филиппин хүн байсан бол энэ хоолыг идэх хүсэл төрөх байсан болов уу?" гэж бодсоноо нуух юун. Өдгөө Японы Засгийн газраас тус улсад зам гүүр барьж, буцалтгүй тусламж үзүүлэх зэргээр хоёр улсын найрсаг харилцаа сэргэж байгаа гэж сонссон.

Нэг өдөр зав гарган Манила дахь цэргийн оршуулгын газраар орлоо. Жон Ф.Кеннедигийн булш дээрх "Мөнхийн гал" (Eternal Flame)-ыг үзэхээр зорьж байсан Арлингтоны оршуулгын газартай их төстэй санагдсан шүү. Ногоон зүлгэн дээр цагаан загалмайнуудыг жигдхэн эгнүүлсэн байхыг хараад "Үүнийг америкчууд л барьж өгсөн байх даа" гэж өөрийн эрхгүй бодов.

Хожим нь судлаад үзэхнээ, миний таамаг зөв байсан юм. Тухайн үед Филиппин Америкийн мэдэлд байсан тул Дэлхийн II дайны үед Номхон далайн бүс нутагт, тэр дундаа Филиппинийг Японы эзэмшлээс чөлөөлөх тулаанд америкчууд филиппинчүүдтэй мөр зэрэгцэн байлдаж, маш олон хүнээ алджээ. Энэ газар бол тэрхүү дайнд амь үрэгдсэн америк болон филиппин цэргүүдийн дурсгалд зориулж, АНУ-ын Засгийн газраас барьсан оршуулгын газар аж. Тэр олон мянган загалмайг хараад "дайн гэдэг ямар ч их гарз хохирол дагуулдаг юм бэ дээ" гэх бодол эрхгүй төрж байлаа. Загалмай болгоны ард нэг хүний амьдрал, нэгэн гэр бүлийн гунигт түүх, гашуун дурсамж байгаа шүү дээ.

Энэхүү аяллын бас нэгэн онцлох үйл явдал бол Манила хотноо байрлах Азийн Хөгжлийн Банкны (ADB) төв оффисоор зочилсон явдал байв. Тэнд ажилладаг М.Маралмаа эгч редактор бид хоёрыг ажил дээрээ урьж, ойр тойрныг танилцуулсан юм. Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжлийн бодлогыг зангиддаг энэхүү нүсэр байгууламжийг бичил хот гээд нэрлэчихэд буруудахгүй л болов уу.

Олон үндэстний шилдэг мэргэжилтнүүд бужигнасан энэ газар ажилтнуудынхаа тав тухыг дээд зэргээр хангасан нь хоолны газар луу нь ороход л шууд мэдэгдэнэ. Маш хямд атлаа олон орны хоолны өргөн сонголт, цэлгэр саруулхан номын сан, алжаал тайлах орчин үеийн спорт заал гээд л ажиллаж, хөгжих бүхий л нөхцөлийг төгс бүрдүүлсэн атаархам сайхан газар байлаа.

Хурал өндөрлөсний дараа би хэдэн өдөр Манила хотоор зугаалж, манайхаар бол "Нарантуул" зах шиг түм түжигнэж, бум бужигнасан "Escolta" гудамжаар орлоо. Тэнд "Bonifacio" гэх эрхмийн нэр, зурагтай цамц, цүнх хаа сайгүй зарагдаж байхыг хараад учрыг лавлавал найз минь: "Энэ хүн бол Филиппиний тусгаар тогтнолын төлөө эцсээ хүртэл тэмцсэн үндэсний баатар юм. Түүнгүйгээр өнөөгийн Филиппиний түүхийг төсөөлөхийн аргагүй" гэлээ.

Хамгийн хоржоонтой нь, бидний өмнө нь зочилсон, зөвхөн хөрөнгөтнүүд л хөл тавьдаг "Bonifacio Global City" гэх тансаг зэрэглэлийн дүүрэг нь энэ хүний нэрээр овоглосон газар байж таарав. "Андрес Бонифаcио өөрөө ядуу зүдүү гэр бүлээс гаралтай нэгэн байсан бөгөөд хэрэв тэр өнөөдөр амьд сэрүүн байсан бол залуудаа өөрийнх нь нэрээр нэрлэсэн энэ тансаг газар луу орох ч эрхгүй байх байсан гээд бод доо" гэж найз минь хэлсэн нь миний сэтгэлд маш тод үлджээ.

Ер нь энэ улсад Испани, Америк, Япон гээд газар газрын соёл холилдсон зүйлс алхам тутамд ажиглагдаж байлаа. Түүх сөхвөл Филиппин нь 1565 оноос хойш 333 жилийн турш Испанийн колони байж католик шашныг нь авсан бол, дараа нь хагас зууны турш Америкийн колоничлолд байж англи хэл, барууны соёлыг нь өвлөжээ.

Дээр нь Дэлхийн II дайны үеэр (1941-1945) Японы эзэнт гүрний түрэмгийлэлд өртөж, сая орчим хүнээ алдсан түүхтэй. Олон жил ард түмнээрээ ийнхүү Европ, Америк, Ази тивийн томоохон гүрнүүдийн колони байж явсан гашуун түүх нь өнөөдөр тэднийг өөрийн гэсэн өвөрмөц, дахин давтагдашгүй соёлтой улс болгосон мэт санагдвай.