Баабарын боловсруулсан Үндсэн хуулийн төсөл ч үзмэр болж үлджээ
Үндсэн хууль эхэндээ Монгол Улсын Их Цааз гэсэн нэртэй байсныг Төрийн ордонд дэлгэгдсэн Түүхэн баримт бичгийн үзэсгэлэнгээс харж болохоор байв.
Энд нийтлэлч Баабар буюу Б.Батбаярын боловсруулсан Үндсэн хуулийн төслийг харав. Зөвхөн Баабар ч бус олон хүн Үндсэн хуулийн төсөл боловсруулж, туг, сүлдний загвар гаргаж байсан гэхээр үнэхээр бадрангуй үе байж. Төрийн сүлд далбааны төсөлд олон иргэд саналаа ирүүлсэн байна лээ. Зарим хүн гэр, шонхор, нар, морь ч зурж ирүүлсэн байна. Бага хурлын гишүүдийн ирцийн бүртгэл нь яг л дунд сургуулийн багш нарын журнал шиг гараар бичсэн үзэгдэнэ. Р.Гончигдорж, Д.Жанцан, Д.Лүндээжанцан нарын ирц бүрэн, таслалт чөлөөгүй харагдаж байна. Ер нь анхдугаар Үндсэн хууль батлагчид ирц сайтай байсан бололтой шүү. Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимэд гуайн гар бичмэл, засварууд олон хүний сонирхол татсан үзмэрийн нэг байлаа.
Бичгийн хэвийг нь танихгүй ч засвар бол их хийдэг хүн байсныг гадарлана. Шинэхэн сэтгүүлч байхдаа Б.Чимэд гуайгаас яриа авсан удаатай. Яриаг нь сийрүүлж буулгаад уншуулахаар очиход маань “Засвар хийх зайтай хэвлэх ёстой, би засвар хийдгээрээ зартай хүн” гэж байсан санагдана. Үндсэн хууль баталсан 430 депутатын зураг дунд Ц.Балдорж эрхлэгчийн маань инээмсэглэсэн төрх нүдэнд тусна.
Анхны УИХ-ын даргын ширээн дээр зарим үзэгч сууж үзэж, алх цохиж зураг татуулж байв. Үндсэн хуулийн өдөрт зориулсан уг үзэсгэлэнгийн хүндэт зочид нь 1992 онд шинэ Үндсэн хууль баталсан депутатууд байлаа.

Анхдугаар Үндсэн хууль баталсан “нэг ангийнхан” мэнд мэдэлцэж, дурсамж хөврүүлж, Үндсэн хуулийн чухлыг онцолж сануулсан өдөр байлаа.
Хоёр депутатаас тэр өдрүүдийг тодрууллаа.
Ц.Адъяасүрэн: Эхнэр маань хоол хийгээд бид хэд Үндсэн хуулийн талаар ярилцдаг байв
-Ерээд онд та юу хийдэг байв?
Архангайн 55 дугаар тойргийн депутат Ц.Адъяасүрэн. Би ерээд онд МУИС-ийн багш, тэнхимийн эрхлэгч байсан. Ардчилсан хувьсгалчдын төлөөлөл, Монголын Социал Демократ намыг үүсгэн байгуулагчдын нэг.
Манай нам тэр үед олон хүнийг нэр дэвшүүлсэн л дээ. Тэр үед биднийг таньдаг хүн ч ховор байлаа. Хамгийн анхны чөлөөт ардчилсан сонгууль явуулахаар Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хууль, гурван сард боловсруулсан юм. Тэр хууль батлагдаад сонгууль явуулсан. 1989 онд ардчилсан хөдөлгөөн эхлээд 1990 онд хүчээ авч, гуравдугаар сард нь АИХ-ын чуулган хуралдаж, өөрчлөн байгуулалт өрнөсөн дөө. Бид ардчилсан хувьсгалыг хэлэлцээр, зөвшилцлийн замаар хийсэн. Ардчилсан хувьсгалыг МАХН яг таг эсэргүүцсэн юм байхгүй. Тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрөөд, залуусыг дэмжиж байсан. МУИС дээр ардчилсан хувьсгалын гурван голомт байлаа. МУИС-ийн хоёрдугаар байранд С.Зоригоор удирдуулсан Ардчилсан холбоо байсан. Ардчилсан социалист хөдөлгөөн бол МУИС-ийн гуравдугаар байранд, мөн Шинэ дэвшилт холбоо бас ойролцоо байсан.
-Тухайн үед шинэ Үндсэн хууль батална гэхээр жирийн хүмүүсийн хувьд ямар ойлголттой байсан бэ?
-Ерээд оны ардчилсан хувьсгалыг хэдэн залуус гарч ирээд, жагсаал цуглаан хийгээд, төр засгийг огцор гэж байгаад өөрчилчихсөн юм шиг бодоод байдаг. Яг бас тийм биш. Манай ардчилсан социалист хөдөлгөөнийг гэхэд өдөр болгон түмэн амьтан дэмжээд, математикийн тэнхимээр хөлхдөг. Өдөрт бид хэд хэдэн удаагийн уулзалт хийдэг байлаа. Нэр хүнд бүхий эрдэмтэн судлаачдыг авчирч, улс төрийн талаар лекц, яриа хийлгэнэ. Уулзалт хийнэ. Мэдээлэл авна. Ардчилсан социалист хөдөлгөөнөөс Үндсэн хууль боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Тэндээ миний бие, хуульч Б.Энэбиш гэж залуу, хожим тэр УИХ-ын Тамгын газрын даргаар ажиллаж байсан шүү дээ. Гадаад харилцааны яаманд ажиллаж байсан дипломат Энхтайван, мөн яаманд ажиллаж байсан дипломат Галбадрах, (Лодойдамба зохиолчийн хүү) бид хэд тэр ажлын хэсэгт оролцож, 30 гаруй орны Үндсэн хуулийг орчуулсан. Орой үдшийн цагаар л энэ ажлаа хийнэ. Манайх 13 дугаар хороололд байсан. Манайд очдог. Эхнэр маань амаржаад удаагүй. Охин маань нэг сар орчимтой л байсан. Эхнэр хоол хийгээд бид хэд Үндсэн хуулийн талаараа ярилцдаг байв. Нам болгон өөр өөрийн Үндсэн хуулийн төсөлтэй болчихсон байсан.
-Баримт бичгийн үзэсгэлэн дээр бас Баабарын бичиж ирүүлсэн Үндсэн хуулийн төсөл тавигдсан байна лээ?
-Баабарын төсөл бүүр сүүлд гарсан. Баабар манай Социал демократ намын дарга байсан. Гэхдээ Баабар бүүр сүүлд Үндсэн хуулийн төсөл хийсэн. Харин бид өөрсдийн боловсруулсан Үндсэн хуулийн төслөө орой болгон нөхдөөрөө хэлэлцүүлдэг байсан, бид хүний эрхийн асуудал дээр голлож анхаарсан.Хоёрдугаар асуудал нь засаглал байсан. Парламентын засаглалтай байх уу Ерөнхийлөгчийн засаглал сонгох уу гээд тухайн үед хэлэлцүүлэг өрнөдөг байв. Манай намынхан хуралдаж хуралдаж байгаад парламентын засагтай байна гэдэг дээр санал нэгдэж байсан юм.
Гуравдугаар сарын 7,8-нд өлсгөлөн зарлаад, Ж.Батмөнх дарга огцрохоо зарласны дараа нам, улстөрийн хүчнүүд зөвшилцөж, Үндсэн хууль боловсруулах холимог ажлын хэсэг байгуулахаар тохирсон юм. Монголын социал демократ намаас Б.Энэбиш бид хоёрыг оруулсан. Үндэсний ардчилсан намаас Д.Дорлигжав, Галсандорж хоёр, Шинэ дэвшилт намаас Даш Ганболд, Сундуй бас Дүгэрсүрэн гуайн Сүх-Эрдэнэ орж байсан. Б.Чимэд гуай өөрөө толгойлж, МАХН-аас Аюурзана, Амарсанаа сайд эд нар орж ирж байсан юм. Ингээд хориод хоног Үндсэн хуулийн төслөө хэлэлцэж тохирсон. Ярьсаар байгаад Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хууль гэдгийг боловсруулж гаргасан юм. Уг хуулиар түр Үндсэн хуулийн төсөл боловсруулъя. Дараа нь АИХ-ын чуулган хуралдуулж жинхэнэ Үндсэн хуулиа боловсруулья. Тэр нь 1992-1993 оны үед л гарах байх гэж төсөөлж байсан. Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулиар Ардын их хурлын төлөөлөгчдийг 430 тойргоос сонгоно. Намуудын авсан саналыг хувь тэнцүүлсэн байдлаар Улсын Бага хурлыг байгуулъя. Бага хурал нь байнгын ажиллагаатай парламент байна. АИХ-ын төлөөлөгчид нь тойргуудаас сонгогдож, жилд нэг юм уу хоёр удаа чуулж байхаар болсон юм. 1990 оны гуравдугаар сард үүнийгээ батлаад, хуучин Үндсэн хуульд байсан МАХН бол удирдан чиглүүлэгч гэдгийг хассан. Тухайн үед байгууллага болгон дээр МАХН-ын хороо байсан. Түүнийг нутаг дэвсгэрийн зарчмаар байгуулъя гэсэн хэд хэдэн өөрчлөлт хийсэн. Ингэж хуучин Үндсэн хуулиндаа жижиг засал хийгээд, Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулиа тавдугаар сарын АИХ-ын чуулганаар баталсан юм. Ингэж шилжилтийн маягаар явсаар 1990 оны долдугаар сард сонгууль болсон. Сонгуулийн үр дүнгээр дийлэнх олонх нь МАХН-ын гишүүд сонгогдсон. Манай депутатуудын олонх нь нутаг орондоо танигдсан сум нэгдэл, сангийн аж ахуйн дарга нар байлаа. Архангайн 20 депутатаас хоёрхон нь Ардчилсан хүчнийх. Р.Гончигдорж бид хоёр л байсан. Манай 1992 оны Үндсэн хууль бол Монгол Улсын түүхэн дэх хамгийн анхны хүн төвтэй хүнлэг ардчилсан хууль. Хувийн өмчтэй байхыг хуулиар хүлээн зөвшөөрсөн. Өмнөх хууль нь нийгэм төвтэй. Хувийн өмчийг зөвшөөрдөггүй, улсын өмч, хоршооллын өмч, нийгмийн өмч л гэж байсан. 1992 оны Үндсэн хуулийн гол онцлог давуу тал нь тэр байгаа юм гэв.
Ж.Бямбадорж: Яагаад гэвэл сонгууль гэдэг хэлбэрийн төдий л байсан

Үндсэн хуулийн цэц болон ХЭҮК-ын дарга байсан Ж.Бямбадорж гуай 1992 онд УБХ-ын гишүүн байжээ. Тэр “нэг ангийнхантайгаа” гар барьж мэндчилээд завгүй ч Ц.Адъяасүрэнгээ шоглож амжив.
- Энэ Ц. Адъяасүрэн бид хэд (Засгийн газрын) арваннэгдүгээр байранд хэдэн жил болсон юм. Өндөр нуруутай болохоороо намайг дандаа “дээрэлхдэг”. Нэг удаа хоёулаа цахилгаан шатанд таараад “Манай үе ирсэн шүү” гэж би хэлсэн юм. Цахилгаан шатанд байсан улсууд гайхаад байхаар нь “Ц.Элбэгдоржийг хар, З.Энхболдыг хар, Н.Алтанхуягийг хар. Бидний үе ирчихсэн байгаа биз дээ” гэсэн чинь бөөн инээд болсон хэмээн хошигнож байх юм.
-Намрын халуун өдрүүд гэдэг шиг шинэ Үндсэн хууль батлагдсан үеийг дурсахаар юуг онцолж хэлмээр байна?
-1990 оны тавдугаар сард 1960 оны Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж тухайн үеийн депутатуудаар батлуулсан. Улсын бага хурал, Ардын их хурал, хамгийн анхны ардчилсан сонгуулийн хууль баталж, сонгууль явуулж байсан. Энд би өнөөдөр Б.Чимэд гуай, С.Төмөр хоёроо дурсмаар байна. С.Төмөр бид хоёрыг Б.Чимэд гуай дуудаад, депутатуудад хичээл заасан. Тухайн үеийн депутатуудыг гараа өргөдөг гээд шүүмжлэл явдаг байв. Ардын жүжигчин С.Сарантуяа депутат байсан. Нэг удаа “Яахаараа биднийг гараа өргөдөг гэдэг юм” гээд уйлж байсан. Тухайн үеийн депутатуудад хичээл зааж, хууль батлагдаж, УБХ, Ерөнхийлөгч, АИХ гэдэг институтциуд бий болсон. Үр хөврөл нь тавдугаар сард бий болж, есдүгээр сард сонгууль болсон юм.
Би Үндсэн хууль судлаач, хуульч хүний хувьд Үндсэн хууль гэдэг ард түмэнтэйгээ байгуулсан хэзээ ч зөрчиж болохгүй том гэрээ. Хүн бүр Үндсэн хуулиа дээдэлдэг, биелүүлдэг байх учиртай. Жилээс жилд Ардын их хурлын депутат, Бага хурлын гишүүн байсан хүний тоо цөөрч байна даа. Өчигдөр УБХ-ын гишүүд маань уулзлаа.
-Ингэхэд Бага хурлын гишүүдийг бас сонгосон юм уу?
-Бага хурлыг АИХ-аас байгуулж байсан. Тухайн үед яаж ийгээд байнгын ажиллагаатай байгууллагатай болъё гэсэн юм. 1990 он хүртэл нэг хүн нэр дэвшиж, түүндээ л санал өгдөг байлаа шүү дээ. Ямар юмных нь сонголт байх вэ дээ. Дарга нар, ажил үйлсээрээ шалгарсан хүмүүсийг л сонгодог байлаа. Жилдээ нэг л хуралдаж төсвөө батална. Хуулийг бол АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар баталдаг байлаа. Зарлиг гэдэг хуулийн дор байх ёстой. Ямар сайндаа би “Хүү нь аавыгаа төрүүлдэг” гэдэг байлаа.
-Социализмын үеийн Үндсэн хуульд ч иргэний эрх гээд байна лээ. Гэхдээ иргэний эрхийн талаар нэг их ярьдаггүй байсан санагддаг?
-Зүгээр л харуулах..
-Үзүүлэнгийн зориулалттай гэсэн үг үү?
-Тийм ээ.
-Гадаадын судлаач 1960 оны Үндсэн хуулийг судаллаа гэхэд юм юмтай л харагдах байж?
-Бүх юм байсан. Жагсаал цуглаан хийх, үг хэлэх эрх бүгд байгаа.
- Тогтолцоо нь энэ заалтуудыг амьгүй байлгах нөхцөл бүрдүүлсэн гэсэн үг үү?
-Тийм. Яагаад гэвэл сонгууль гэдэг хэлбэрийн төдий л байсан.
Ардын засагч ч гэж юу байлаа, авдаг өгдөг ч нь хэд байлаа гэдэг шиг Сонгуулийн хуулийг гардаж хийлцсэн хүний нэг шүү дээ. Сонгох хүнээ үлдээгээд бусдынх нь нэрсийг дарж тэмдэглэдэг байя гэсэн юм. Тэгсэн чинь Хан-Уул дүүрэгт 71 хүн нэр дэвшээд, бүгдийг нь даралтай биш. Илүү зураас зурчихвал хуудас нь хүчингүй болоод байсан. Тэгээд нэрийн өмнөх дугаарыг дугуйлдаг болсон гэв
Баримт шалгалтын төлөв.
Энэхүү мэдээлэлд хиймэл оюун ухаанаар таних боломжтой хуурамч мэдээлэлд илэрдэг аливаа түгээмэл шинж чанар агуулагдаагүй байна.
Ерөнхий Сэнтимент
Тайлбар
Энэ нийтлэл нь 1992 оны Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг өгүүлсэн албан ёсны, өөдрөг аястай. Уншигчдад ардчилсан хувьсгалын үеийн бахархалтай үйл явдлуудыг мэдрүүлнэ. Объектив мэдээлэл, ярилцлагад суурилсан бөгөөд "бадрангуй үе", "хүн төвтэй ардчилсан хууль" зэрэг эерэг үгс гол үзүүлэлт болно. Улс төр, түүх, хууль эрх зүйн агуулгатай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигээгүй байна.
Б.Янжмаа
Jan 15, 2026
УИХ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд “За” гэж хэлэх үү?
Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө юу, хүний нэр төр алдар хүнд илүү чухал уу хэмээх сэдэв тойрсон хэлэлцүүлэг өрнөсөөр байна. Аль аль нь чухал бас яруухан сонсогдох ч…
Б.Янжмаа
Jan 14, 2026
Баабарын боловсруулсан Үндсэн хуулийн төсөл ч үзмэр болж үлджээ
Энд нийтлэлч Баабар буюу Б.Батбаярын боловсруулсан Үндсэн хуулийн төслийг харав. Зөвхөн Баабар ч бус олон хүн Үндсэн хуулийн төсөл боловсруулж, туг, сүлдний загвар гаргаж байсан гэхээр үнэхээр бадрангуй үе байж.
Б.Янжмаа
Oct 15, 2025
Э.Ганзул: Тийм ээ, би Засгийн газруудад зөвлөгөө өгдөг ажилтай
Дэлхийн банкинд есөн жил ажилласан Э.Ганзул хэмээх монгол бүсгүйтэй ярилцлаа. Тэрбээр дэлхийгээс Ази руу Азиас Монголоо зорьсон нүүдэл хийж буй. Бага нас, хүсэл мөрөөдөл, алсын хараа энд багтсан. Улс орнуудын удирдагч нарт зөвлөдөг хүн Монголоо хэрхэн дүгнэдэг бол?
Pluma -с санал болгосон
Ariuntuya Enkh
Dec 5, 2025
Технологи хүйсээр ялгаварладаг уу?
Дэлхий даяар технологийн салбар дахь ажилчидын жендерийн тэгш бус байдал анхаарал татаж буй бөгөөд технологийн салбарын топ 15 компанийн ажилчдын эмэгтэйчүүдийн эзлэх хувь ойролцоогоор ердөө 30% бол Европт энэ дүн 10% ч хүрдэггүй байна.
Ц.Санчирмаа
Jun 23, 2025
ЭС МЭДЭХ Ч ЦЭЦЭРХЭХ, ҮЛ ЧАДАХ Ч БАРДАМНАХ
Эс мэдэх ч цэцэрхэх, үл чадах ч бардамнах хүмүүсээр бидний нийгэм дүүрч дээ. Үүнд л Михайл Булгаковын “Нохойн зүрх” зохиолын утга учир оршиж байна...
Adiya Ajv
Nov 7, 2025
Тaobao 11.11 – Жилийн хамгийн том хямдрал, зөвхөн Монголын хэрэглэгчдэд зориулсан онцгой урамшуулал эхэллээ!
Жил бүрийн 11 сар юугаараа онцлог болохыг та мэдэх үү? Тийм ээ, энэ бол Таоbao платформ жил бүрийн 11.11-нийг угтан хамгийн том хямдрал, урамшууллаа зарладаг сар. “Taobao 11.11 Global Shopping Festival” буюу 11.11 Олон улсын худалдааны баярын талаар өмнө нь сонсож байгаагүй хүн маш ховор биз ээ. Хэрвээ таны эргэн тойронд энэ баярын тухай сонсоогүй, мэдээгүй хүн байвал яг одоо энэ мэдээг хуваалцаарай.
Ч.Болортуяа
Dec 23, 2025
Г.Гантуяа: Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудын жагсаалтыг шинэчлэхээр ажиллаж байна
Кибер аюулгүй байдлын тухай хуульд 17 салбарыг онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллага гэж заасан байдаг. Мөн 2022 онд үүнд хамаарах 216 байгууллагыг жагсаасан. Өөрөөр хэлбэл, кибер аюулгүй байдал нь алдагдсанаар хэвийн үйл ажиллагаа нь доголдож, улсын үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засагт хохирол учруулж болох мэдээллийн систем, сүлжээ бүхий байгууллагыг онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй гэж үзнэ