logo

“Дамбад ирээд залга”

Б.Янжмаа

Б.Янжмаа

Aug 15, 2025

10 мин уншина

Шоу рүүм

“Жорлонгоо өөрчилье” хөдөлгөөнийг санаачлагч Ц.Оюунгэрэлийн нүүр ном руу орж харвал “Дамбад ирээд залга” гэсэн өгүүлбэр олж харах вий. Жорлонгийн хувьсгал ямар шатандаа явааг асууж шалгаахыг хүсвэл Дамбыг зорих ёстой нь тодорхой болов. Гэр хорооллоос хүн хайх амаргүй ч “Google map” ашиглан, жорлонгийн хувьсгалчдын “штаб”-ыг дор нь илрүүлчих юм билээ. Дамбад манай хэд ямар гээчийн “нийгэм журам” байгуулж буйг нүдээр үзэхээр шийдэв. Дарь эхийн “Завсар 2”-ын автобусны буудлын доохон талд гурван урт гонзгой туг дэрвэх хашаагаар шагайвал зорьсон газар мөн. Хашаанд ил задгай байрлуулсан эрэгтэй шээлтүүр хамгийн түрүүнд нүдэнд тусав. Шээс нарийн хар хоолойгоор дамжин жижиг цагаан канистрт хураагдана. Савны амсар хэсэг харагдахуйц байдлаар газарт булжээ.

Мань Ц.Оюунгэрэл шингэн ялгадас бүхий сав руу хамраа шургуулах шахаж байгаа бичлэг хэд хоногийн өмнө сошиалаас харсан. Энэ сав лав мөн дөг.

Дүүрэхээр нь хэд хоног агаар оруулахгүй таглахаар шээс хурц муухай үнэргүй болчихдог гээд байгаа юм. Шээсний хэсгийг канистраас гадна саарал усны байгууламж, септик танк, тэр ч байтугай хөрсөн доор холбох сонголт ч бий гэсэн.

Зам зуур танилцаж, хамтдаа жорлон үзэхээр ирсэн Ч.Бямбасүрэн гуай болон өөр нэг зочны хамт шинэ загварын гурван финланд жорлон эгнүүлэн суурилуулсан жижиг өрөөнд оров. Монголтой төстэй хүйтэн уур амьсгалтай газар “мэндэлсэн” жорлонгууд. Тагийг нь хаачихвал том хар хувинтай төстэй харагддаг “Биолан симплетт” жорлон өдгөө Монголд мянга гаруй ширхэг борлогдоод буй хуучин танил гэхэд болно.

Гэртээ тавьж болдог энэ жорлонг үнэргүй байлгахын тулд агааржуулагч яндан суурилуулдаг юм байна. Гэрт амьдардаг олон айл энэхүү жорлонг үүдний “амбаартаа” залсан юм билээ. Үүдний хэсэгтээ жорлонгийн өрөөтэй болсон гэсэн үг л дээ. Биолан жорлон үнэргүй гэдгээс гадна хүний өтгөн, шингэнийг бордоо болгож хувиргах боломж олгодог. “Ид шидтэй” гэхээргүй энгийн бүтэцтэй юм. Өнгийж харвал өтгөн болон шингэн ялгадас орох хоёр тусдаа хэсэг харагдана. Био жорлон өтгөн, шингэнийг тусад нь ялгадаг учраас эрчүүд заавал сууж “морь харах” дүрэмтэй.

Хоёр дахь био жорлон нь ус татдаг жорлон шиг үрдэс татдаг почкитой. Бие засаад, бараг арван литр цэвэр ус “золигт” гаргадаг орон сууцны шаазан жорлонг бодвол ус шаардахгүй, байгальд ээлтэй эд. Өтгөн ялгадас дээрээ жаахан үрдэс цацаж, далдална. Ийм почкигүй бол үрдэстэй хувин орлоно.

Өтгөн ялгадас биолан жорлонгийн арын хэсэгт саванд хуримтлагдана. Байгальд бүрэн задардаг, ургамлаар хийсэн био уут углачихвал султгахад хялбар. Дүүрсэн өтгөн, үрдсээ тэрхүү био ууттай нь газар булчихдаг юм билээ. Хуурай жорлонгийн өтгөн хуримтлуулах сав 28 литрийн багтаамжтай. Дөрвөн ам бүлтэй айлын ийм сав дунджаар 25 хоногт дүүрнэ гэсэн тооцоо байдаг.

Биолан жорлонгийн өтгөн ялгадсыг бордоошуулахад газрын хөрс ч “тусалдаг”. Ууттай нь булсан хаягдал наранд халж, хөрсөн доорх бичил биетэд “идүүлж” задрах тул булсан газраа нэг жилийн хугацаанд дахин сэндийлэхгүйгээр орхих учиртай. Зарим айл хашаандаа био хаягдал булах хэсэг гаргадаг гэнэ. Ууттай нь булах учраас байгальд шингэдэг био уут ашиглахыг зөвлөдөг хэрэг. Өтгөн ялгадсыг хурдан ялзмагшуулахын тулд био бактер, хашааны зэрлэг өвс, ногооны хаягдлаа ч нэмэрлэнэ. “Хаягдал ногоог исгэгч Бокаши савнаас гарсан хаягдлыг хамт булахад байгальдаа илүү хурдан шингэж хар шороо болно. Бокашинаас гарсан шингэн бордоо ч байгальд задрах үйл явцыг түргэтгэж өгнө” гэж Ц.Оюунгэрэл зөвлөж байна лээ. Ийнхүү хамаг хаягдлаа бордоо болгоод хувиргачихаар хог хаягдал ч эрс багасах юм.

“Анхны худалдан авагч маань жорлонгийн ялгадсаа нэг газар овоолж байгаад, удсан хэсгээс нь модны нүхэндээ хийж, услаад байсан юм билээ. Моднууд нь янзтай ургасан” хэмээн жорлонгоо танилцуулсан Ц.Оюунгэрэл “гайхуулав”.Үзүүлэнгийн өрөөн дэх гурав дахь цагаан жорлон үнэхээр онцгой.

“Биолан Айселетт” буюу хүний ялгадсыг хөлдөөх аргаар үнэргүй болгодог аж.

Ийм шинэ технологийн жорлонгийн үнийг сонсоод “Өө базарваань” гэлээ.

Уг жорлонг гэртээ оруулж тавиад, цахилгаанд залгаад л гүйцээ. Агааржуулагч яндан шаардлагагүй, өтгөн шингэн холилдох нь асуудал бус. Бэлтэй эрчүүд бол биолан жорлонд “Морь харахдаа” суух шаардлагагүй болжээ. Тэнгэрийн үнэтэй ч ийм сонирхолтой “хөлдөөгч”-ийг худалдаж авсан айл бий гэнэ. Хаягдал нь мөн л тэр чигээрээ хөрсний тэжээл болно.

“Нүхэн жорлон хөрсийг бохирдуулдаг. Био жорлонгийн хаягдлыг булахад бас л хөрс бохирдож байгаа хэрэг биш үү” гэж лавлаад авлаа.

“Нүхэн жорлонгийн хаягдалдор хаяж хоёр метр, түүнээс ч гүнзгий нүхэнд овоорч цугларч байна. Гүнзгий нүхэнд хүйтэн, харанхуй, чийгтэй. Өнгөн хөрсөнд их хэмжээгээр байдаг ашигтай бактерууд нарны илчээс хол орчинд огт байдаггүй тул өтгөн шингэнийг хэн ч тэнд задалж өгөхгүй.Харин био жорлонгийн хаягдал нь өнгөн хөрснийхөө доор, нарны илчинд ойрхон булагдсан байх тул байгальдаа бичил биетийн тусламжтайгаар шороо болж хөрсийг сийрэгжүүлж, сайжруулдаг. Өөрөөр хэлбэл хөрсөнд нэн их хэрэгтэй байгаа органик масс, азотын бордоог тэд өгдөг юм” гэж Ц.Оюунгэрэл тайлбарлав.

Бусад хоёр зочны хамт жорлонгийн шоу рүүм дэх гурван бүтээгдэхүүнтэй ийнхүү танилцсаны дараа “хувьсгал”-ын явцтай танилцах ажилдаа орлоо.

Мөрөөдлийн байшин

Жорлонгийн хувьсгалыг гардан удирдагч “хоёр загал”-ын нэг болох Б.Дашням “Жорлонгоо өөрчилье” төслийг удирдах болжээ. Нөгөө “загал” Ц.Оюунгэрэл харин жорлонгийн “нүүр царай” хэвээрээ. Нөлөөлөгчийн хувиаршагнал хүртсэнийг нь яана.

“Нөлөөлөгч баатар” (Impact Hero) шагналыг 2023 онд авсан Ц.Оюунгэрэл шагналын мөнгөөрөө “Мөрөөдлийн байшин” барьжээ.

Хэрэв таны мөрөөдөл гэр хорооллын олон иргэдийн адил “Хашаандаа сайхан амьдрах” бол мөрөөдлийн байшин чинь энэ яг мөн.

Дээвэр дээрээ нарны эрчим хүч цуглуулах хавтангууд байрлуулжээ. Ийм хавтан бүхий дээвэртэй гэр хорооллын айл өвлөөс бусад үед цахилгаанд мөнгө бараг зарцуулахгүй. Сэргээгдэх эрчим хүч суурилуулах зардал өндөр ч хэрэглээний зардал багатай.

“Таван киловаттын систем суурилуулахад нарны хавтан, цэнэг хураагуур, хувиргагч гээд тоног төхөөрөмж суурилуулах юм. Тэр нь 7-8 сая төгрөг болно. Бидний зорилго гурваас наймдугаар сард цахилгаан дулаанд нэг ч төгрөг гаргахгүй байх. Өвөл бол сэргээгдэх эрчим хүчээр хэрэглээгээ хангах боломжгүй. Нүүрс түлнэ. Түлэхдээ 3 тонн биш 1 тонн түлэх, ингэхдээ хар утаа гаргахгүй байх юм” гэж төслийн удирдагч Б.Дашням тайлбарлав.

Тэр бас “Зуухаа өвөлдөө нэг л удаа галлана” гэхэд нь чихэндээ итгэж ядав.

“Цахилгаанд холбоод, цогоо унтраахгүй, бункерээс түлшээ татдаг зуух юм. Өглөө гэр хорооллын айлууд галлахад нүүрснээс хар тортог яндангаар ялгарч, хотын агаарын бохирдолд хувь нэмэр оруулдаг. Айлууд өдөрт гурван удаа галлахад өдий тооны хар утаа агаарт хаяна. Харин энэ зуух бол нэг удаа хар утаа хаяад, хоёрдугаар сарыг дуустал унтрахгүйгээр бага багаар галлах юм. Гурван сар галлалаа гэж бодоход одоо айлууд өдөрт гурав галлаж, 90 удаа хар утаа гаргаж байгаа. Харин улиралдаа нэг галладаг зуух ашигласнаар 90 удаагийн хар утааг 1 болгож бууруулах юм. Гал таслахгүйн тулд түлшийг бункер руу долоо хоногтоо нэг удаа хийнэ. Түлшийг 50 хувиар хэмнэх тооцоо хийж, байшингийн ханыг зузаалсан” гэсэн л дээ.

Харин Ц.Оюунгэрэл Английн жишээг иш татав.

-Англид 1950-иад онд агаарын бохирдлоор баахан хүн нас барахад Черчилль Цэвэр агаарын тухай хууль гаргасан. Тэр нь “Яндангаар хар утаа гаргахыг хориглоно” гэдэг бараг ганц үндсэн заалттай хууль шүү дээ.

Хар утаа гаргахыг л хориглосон. Түүнээс биш утаа гаргахыг хориогүй. Өөрөөр хэлбэл ноцоох үед ялгардаг хар утааг л хориглосон. Тэр үед өвөлдөө ганцхан удаа галладаг, өвлийн турш хар утаа ялгаруулддаггүй зуух бүтээсэн юм билээ. Энэ зуухыг хүмүүс аль хэдийн оруулж ирээд Монголд зөндөө зардаг. Сурталчилдаггүй. Төр нь баахан зуух, түлш “шахаад” зуух ярихаар хүмүүс уурладаг болсон. Зуухны компаниуд зуух ярихаас айдаг. Энэ байшинд байгаа бүхэн Монголын бэлтгэн нийлүүлэгчдийн шийдлүүд. Утаатай тэмцэх гэж тал талд хийсэн ажлуудыг бид нэг байшинд оруулж ирж, санал болгож байгаа юм хэмээн Ц.Оюунгэрэл ярилаа.

Гэр хороололд түгээмэл байдаг 7х8 хэмжээгээр барьсан энэ жижигхэн байшин энгийн хэрнээ урам зориг өгөх шидтэй юм аа.

Байшин хараахан бүрэн дуусаагүй тул зургийг нь нийтлэхийг төслийн багийнхан зөвшөөрөөгүй.

-Хүмүүс хэрэглээний зээлтэй байгаа учраас жорлонгийн зээл авч чадахгүй байгаа юм. Байшингаа ашиглах зардал бага л байвал зээл төлөх магадлал их гэсэн үг. Зээлээр 10 сая төгрөгийн халаагуур авч тавиад сард сая төгрөг цахилгааны төлбөрт өгвөл яаж буцааж төлөх вэ. Банк ийм хүнд жорлонгийн зээл өгөхгүй шүү дээ. Та 5 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийвэл өвөлдөө 50 000 төгрөгийн цахилгааны зардал гаргаж, зун зардалгүйучраас зээлээ эргүүлээд төлж чаднагэсэн схем санал болгож байгаа юм гэж Б.Дашням тооцоолов. “Зүгээр нэг өөрчилье гэж ярих биш үйлдэл хийх учиртай. Энэ бодлогын хариуг зөв гаргачихвал утаа, жорлон асуудал биш болно” гэж тэр өөдрөг байна.

Төр ч биш, том компаниуд ч биш иргэд л шийднэ

-Арван жилийн дараа япончууд та нараас туршлага судлахаар ирнэ дээ гэж манай ажилтай танилцсан япончууд хэлсэн гэж Б.Дашням хуучлав.

-Жорлонгоор дамжуулаад соёл өөрчилж байна. Жорлонгоо өөрчилсөн айл ямар олон өөрчлөлт хийсэн юм бэ гэж зочин япончууд гайхсан гэнэ. Тэд жорлонгоо өөрчилсөн айлуудад очиж судлаад “Олуулаа ингэж өөрчилбөл япончууд та нар дээр ирж туршлага судлах юм байна даа” гэжээ.

“Манай жорлонд бие засаад ирэхээр бордоо гардаг. Бордоогоо яах вэ гээд бодоод эхлэхээрээ хүмүүс хашаандаа мод, зүлэг тарьж эхэлдэг. Мод зүлэг тарьж эхлэхэд жорлонгийн хаягдал нь бага санагдана. Хүнсний ногоо, хоолны хаягдалдаа менежмент хийж эхэлдэг. Жорлонгийн хаягдлаас их юм байна гээд “Бокаши” хоол, хүнсний ногооны хаягдал ялзмагшуулагч сонирхдог. Хашаандаа зүлэг ногоо тариад эхлэхээр байшингаа өөрчилмөөр санагддаг. Байшингаа эрчим хүчний хэмнэлттэй, саарал усны шийдэлтэй болгодог. Нэг мэдэхэд төвлөрсөн ус дулаан цахилгаанаас хараат бус маш үнэ цэнтэй хашаа, үл хөдлөх хөрөнгөтэй болсон байдаг хэмээн Б.Дашням бахархав.

Ц.Оюунгэрэл “Бид гайхамшигтай жорлон санал болгоогүй. Иргэд өөрсдөө үнийг нь төлж, угсарч, арчилж, цэвэрлэж чадах жорлон л санал болгосон. Иргэд л том өөрчлөлт хийх учраас иргэнд хялбар байхаар бүтээгдэхүүн нийлүүлсэн. Жорлон бол гэр хороололд байгаа нэг л асуудал. Төр шийдэж чадахгүй байгаа гэр хорооллын олон асуудал бий. Шийдэх эзэн нь төр биш, том компаниуд биш, иргэн шүү дээ. Шийдлүүдийг хашаанд нь авчрах ажлыг бид цогцоор нь хийж байгаа юм” хэмээн тайлбарлав.

Энэ шийдлүүдийг гэр хорооллын жижиг хашаан дахь сургалтын төвдөө хүмүүст үзүүлж харуулах юм. Шинэ байшинд амьдрах гэр хорооллын нэг өрхийн цахилгаан дулааны зардал “шилэн” байна. Юу зарцуулж, яаж амьдарч байгааг сонирхсон хүмүүст харуулахаар төлөвлөжээ.

“Манай төсөл хэрэгжүүлж байгаа жижиг хашаа 0,7-г гурав хуваасны нэгтэй тэнцэх хэмжээтэй. Ийм газрыг яаж ногооруулах вэ, яаж дулаан байшинтай, хажуудаа гараштай, зуны оффистой болох вэ, яаж хаусанд амьдарч байгаа юм шиг тухтай амьдарч болох вэ гэдгийг харуулна гэж Ц.Оюунгэрэл хэлсэн.

Газраа, шийдвэр гаргах эрх мэдлээ авч үлдэх чухал

Ц.Оюунгэрэл жорлон ярьсаар байгаад НҮБ-д хүртэл залагдаж, илтгэл тавьж амжсан хүн. Саяхан Тайландад явж туршлагаа ярьсан “Жорлонгоо өөрчилье” багийнхан хашааны газартай байхын чухлыг, хашаандаа сайхан амьдрах эрх чөлөөг магтан дуулагч болж орхижээ. “Газартай иргэн танд зориулав” хэмээх тодотголтой “Хашаанд болсон яриа” номынх нь оршил “Хашаагаа өмөөрье” гэсэн гарчигтай байна лээ. “Газаргүй иргэд ядууралд илүү түргэн автаж байна” гэж дэлхийн ядуурлын эсрэг хурлуудад яригдах болсон гэнэ.

-Азийн орнуудын дахин төлөвлөлтөд гарч байгаа хүндрэл асуудлуудын тухай хуралд манай “Жорлонгоо өөрчилье” төслийнхнийг урьсан юм. Огт дахин төлөвлөлт шаардахгүйгээр Монголын гэр хороололд иргэнийг гоё амьдруулах боломжийн талаар бид илтгэл тавьсан. Бусад орнуудад жорлон гэдэг асуудлыг авч үзэхгүйгээр газрыг нь хурааж аваад, газарт оруулаад, жижиг зайтай байшинд чихэж оруулаад байгаа юм. Үүнийгээ дахин төлөвлөлт, хөгжил гэдэг. Гэтэл иргэн газаргүй болохоор ажилгүйдэл ядуурал нэмэгддэг. Газаргүй иргэн гэдэг гарашгүй, засварын цехгүй, оёдлын газаргүй, орлого олох эх үүсвэргүй болдог.

Газаргүй болсон иргэдийн ядуурал эрс нэмэгдэж байна гэж үзээд дахин төлөвлөлт гэдэг ядуурал руу хөтлөөд байна гэсэн “Улаан гэрэл” асаж байгаа юм билээ.

Дахин төлөвлөлт хийхгүйгээр газартай нь авч үлдээд хийж байгаа ажлууд гэсэн чинь ганцхан манай “Жорлонгоо өөрчилье” төсөл л байж. Хашаандаа сайхан амьдрахаас гадна газартайгаа, шийдвэр гаргах эрх мэдлээ авч үлдэх чухал. Хашаанд амьдрах эрх мэдлээ авч үлдсэн иргэн яаж шийдвэр гаргаж, юунд хөрөнгө оруулах тухай ном юм хэмээн “Хашаанд болсон яриа” номын зохиогч Ц.Оюунгэрэл ярилаа.

Ц.Оюунгэрэл Дамбад даашинзны хормой дэрвүүлэн алхана. Түүний фэйсбүүкийн “краш” “Жорлон зарж байж юун их гангалдаг юм бэ” гэж “хардсан” чинь хариуд нь “Жорлонгоо хүндэтгээд сайхан хувцаслахыг хичээдэг юм” гэсэн байна лээ.

Сэтгэгдэл (3)

Unknown User

Зочин

3 weeks ago

Well done 👍
0
0
Unknown User

Зочин

3 weeks ago

Гайхалтай нийтлэл болжээ. Мөрөөдлийн байшингаа өөрийн газар дээрээ барих дүүрэн итгэл өглөө. Баярлалаа
0
0
Unknown User

Зочин

3 weeks ago

Хөөөөх, ямар гоё мэдээ вэ? Мөрөөдлийн байшин гэж үүнийг л хэлэх байх 😍
2
0
Author Image

Б.Янжмаа

0 followers

Author Image

Б.Янжмаа

Sep 4, 2025

Э.Батжаргал: Монголчууд үнэхээр 9 эрдэнээр будгаа боловсруулдаг байсан юм билээ

Соёлын өвийн үндэсний төвийн гоёмсог байшинг зорьж очлоо. Энд Сэргээн засварлах газрын дарга Э.Батжаргалтай ярилцав. Бид сэргээн засварлах ажлын онцлог, дэмжлэг байдаг эсэхийг мөн монголчуудын өв соёлын өвөрмөц “жор”-ын талаар ч хуучилсан.

News Image
Author Image

Б.Янжмаа

Aug 15, 2025

“Дамбад ирээд залга”

“Жорлонгоо өөрчилье” хөдөлгөөнийг санаачлагч Ц.Оюунгэрэлийн нүүр ном руу орж харвал “Дамбад ирээд залга” гэсэн өгүүлбэр олж харах вий. Жорлонгийн хувьсгал ямар шатандаа явааг асууж шалгаахыг хүсвэл Дамбыг зорих ёстой нь тодорхой болов. Гэр хорооллоос хүн хайх амаргүй ч “Google map” ашиглан, жорлонгийн хувьсгалчдын “штаб”-ыг дор нь илрүүлчих юм билээ.

News Image
bookmark more

Pluma -с санал болгосон

News Image
Author Image

Батцэцэг

Jun 19, 2025

“Хамтарсан Засгийн газрыг олон нийт дэмжиж буй” гэх судалгааг зөвлөх үйлчилгээний компаниас зохион байгуулалттай түгээсэн шинжтэй байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газарт УИХ-аас итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж буй үед Sancrox Political Advisory гэх Их Британид бүртгэлтэй улс төрийн зөвлөх үйлчилгээний компаниас хийсэн

News Image
Author Image

Ц.Санчирмаа

Jun 23, 2025

ЭС МЭДЭХ Ч ЦЭЦЭРХЭХ, ҮЛ ЧАДАХ Ч БАРДАМНАХ

Эс мэдэх ч цэцэрхэх, үл чадах ч бардамнах хүмүүсээр бидний нийгэм дүүрч дээ. Үүнд л Михайл Булгаковын “Нохойн зүрх” зохиолын утга учир оршиж байна...

News Image
Author Image

Р.Оюунцэцэг

Jun 26, 2025

$4.8 их наяд болж тэлэх AI-ийн зах зээлд Монгол бэлэн үү?

Технологи суурьтай эдийн засгийг хөгжүүлж, бүхий л салбарт бүтээмжийг үйлдвэрлэх ба ёс зүйтэй хэрэглэгчдийг өнөөдрөөс төлөвшүүлэх нь чухал байна.

News Image
Author Image

Цэнд

Jul 23, 2025

Урам бол итгэл, найдварыг төрүүлж, хүсэл мөрөөдлийн оргилд хүргэх “бамбар”

Еврейчүүд хүүхдээ бага наснаас нь хүн гэдэг амьтан бол заримдаа алдаа гаргадаг, заримдаа онодог, алдаагаа засч зөв болгож чаддаг, тийм бүрэн боломжтой гэж сургадаг гэнэ.