Ухаа худагийн ордоос нүүрс олборлож эхэлснээс хойш Цогтцэций сумын хүн ам дөрөв дахин өсжээ. Уурхайн хэрэгцээнд зориулсан цахилгаан станц, ус, орон сууц, сургууль, ажлын байр аажмаар сумын суурь дэд бүтэц болон хувирсан нь говьд уул уурхай дагасан өөр нэгэн хотжилтын түүхийг бичиж байна.

Арван таван жилийн өмнө Цогтцэцийд нар жаргахад сумын амьдрал дагаад нам жим болдог байлаа. “Өдөрт ердөө гурван цаг л цахилгаантай байдаг байсан” гэж Ухаа худагийн цахилгаан станцын ашиглалт, үйлчилгээ хариуцсан инженер Ц.Хүдэрбаяр дурсав.

Тэр үед сум жижигхэн. Эргэн тойрон ээрэм цагаан тал байв.

Харин өнөөдрийн Цогтцэцийг тэр үетэй харьцуулах аргагүй өөр. Орон сууцны хороололтой. Сургууль, цэцэрлэгтэй. Цэвэр ус, ариутгах татуургын нэгдсэн сүлжээтэй. Сумын үндсэн оршин суугчдаас гадна уурхайн ээлжийн ажилчид, нүүрс тээврийн жолооч гээд өнөр өтгөн, том сум болжээ.

Монголд уурхай дагаж хот боссон хамгийн алдартай жишээ нь Эрдэнэт. 1970-аад онд зэсийн уурхайг ашиглахын тулд орон сууц, сургууль, эмнэлэг, дулаан, цахилгаан, замтай бүхэл бүтэн хотыг төлөвлөж байгуулсан билээ.

Харин Цогтцэцийг ингэж хот болгохоор төлөвлөөгүй билээ. Уурхай тэлж, уурхайг дагаж хүмүүс ирсэн. Хүмүүсийг дагаж хотын хэрэгцээ бий болсон юм.

Тавантолгойн бүлэг ордод өнөөдөр “Тавантолгой” ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи Ресурс” ХХК үйл ажиллагаа явуулдаг. Уул уурхай Цогтцэцийг асар хурдтай томруулсан. Гэвч хүн амын өсөлтийг сумын сургууль, цэцэрлэг, орон сууц, нийтийн үйлчилгээний хүчин чадал ижил хурдаар гүйцсэнгүй. Уурхайд тогтвортой ажиллахын тулд гэр бүлээрээ амьдрах хүмүүс олшров. Суманд гэр бүлээрээ тохитой тухтай аж төрөх орчин бүрүүлэхийн тулд Ухаа худагийн уурхайн үйл ажиллагаанд зориулан байгуулсан дэд бүтэц аажмаар Цогтцэций сумын суурь дэд бүтэц болж хувирсан түүхтэй аж.

Жижиг талбайн том өгөөж

Ухаа худаг зөвхөн нүүрс олборлож, экспортолдоггүй. Ухаа худаг бол олборлолт, баяжуулалт, эрчим хүч, усан хангамж, лаборатори, засвар үйлчилгээ, сургалт, тээвэр ложистикийг нэг дор зангидсан нүүрсний аж үйлдвэрийн цогцолбор юм.

Ил уурхай нь өдгөө 300 гаруй метрийн гүнд хүрчээ. Олборлосон нүүрс бутлах төхөөрөмжид орж, туузан дамжуургаар баяжуулах үйлдвэрт очно. “Ухаа худагийн ордын нүүрсний давхарга 14 үетэй. Тэр бүрд нүүрсний чанар өөр. Баяжуулах үйлдвэрт нүүрснээс чулуу, шавар зэргийг нь ялгаж, шаардлага хангасан бүтээгдэхүүн болгодог” гэж үйлдвэрийн дэд бүтэц хариуцсан захирал Ч.Энхбат тайлбарлав.

2011 онд энд Монголын анхны нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад оржээ. Өдгөө жилд 15 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай гурван модуль 24 цагаар ажиллаж байна. “Үйлдвэр ашиглалтад орсноос хойш нийт 100 сая гаруй тонн нүүрс баяжуулаад байна” гэж үйлдвэрийн дарга Ш.Очбаяр хэлэв.

Ингэж нүүрсийг баяжуулах нь байгалийн нөөцийг сорчлохгүй зүй зохистой ашиглахын зэрэгцээ нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг экспортолж буйгаараа давуу талтай юм. Нүүрс тээврийн замаар шавар шороотой нүүрс бус баяжуулсан, сайн чанарын нүүрс экспортод гарснаар тээврийн зардал ч үр ашигтай болдог байна.

Баяжуулах үйлдвэрийн нэг онцлог нь ашигласан усныхаа 95 орчим хувийг дахин ашигладаг технологитой. Үүгээрээ Монголд төдийгүй олон улсад ч үлгэр жишээ болсон туршлагатай. MMCG компанийн судалгаагаар 1 тонн нүүрс баяжуулахад зарцуулдаг ус нь Австралийн ижил төстэй уурхайнуудаас 2.4 дахин бага байна.

Ухаа худаг Тавантолгойн бүлэг ордын ашиглалтын талбайн ердөө 4 орчим хувийг эзэлдэг. Харин тус ордоос экспортод гарч буй нүүрсний 25 орчим хувийг бүрдүүлдэг байна. Харьцангуй жижиг талбайгаас өндөр өгөөж авч буйн цаана ийм аж үйлдэрийн нэгдсэн тогтолцоо ажиллаж буй юм.

Уурхайн дэд бүтэц сумын суурь дэд бүтэц болсон нь

Уурхайг эрчим хүчээр хангах зорилгоор 2009-2011 онд Ухаа худагийн цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулав. 18 МВт-ын хүчин чадалтай станц удалгүй сумын айл өрх, албан байгууллагуудыг цахилгаанаар хангаж эхэлжээ.

Ингээд өдөрт хэдхэн цаг цахилгаантай байсан Цогтцэций 24 цагийн турш гэрэлтдэг сум болов.

Монгол инженерүүдийн байгуулсан тус станц 2011-2025 онд 1.5 тэрбум кВт.цаг цахилгаан үйлдвэрлэжээ. Өвлийн оргил ачааллын үед бүрэн хүчин чадлаараа ажиллавал улсын эрчим хүчний ачааллын нэг орчим хувийг үүрдэг аж. “Монгол Улсын нийгэм, эдийн засагт Энержи ресурс компанийн оруулсан хувь нэмэр” судалгаагаар дотооддоо цахилгаан үйлдвэрлэснээр 118 сая ам.доллартай тэнцэх валютын гадагшлах урсгалыг дотооддоо үлдээжээ. 2025 оноос сумын хэрэглээг өмнөд бүсийн сүлжээнд шилжүүлсэн” гэж Ц.Хүдэрбаяр ярилаа.

Уурхайг дагаж сумын хүн ам нэмэгдэхийн хэрээр усны хэрэглээ ч өсөв. 2012-2025 онд иргэдийн унд, ахуйн усны хэрэглээ хоёр дахин, аж ахуйн нэгжүүдийнх 5.7 дахин нэмэгджээ.

“Бид Цогтцэций сумын хүн амын унд, ахуйн хэрэгцээний усыг Монгол Улсын стандартын дагуу шүүж, боловсруулаад шугам сүлжээнд нийлүүлдэг” гэж “Энержи ресурс” ХХК-ийн Ус цэнгэгшүүлэх байгууламжийн сантехникийн ахлах инженер Д.Мөнгөншагай ярив. 2026 онд байгууламжийн хүчин чадлыг дахин нэмэгдүүлжээ. Ингэснээр сумын хүн ам одоогийнхоос хоёр дахин нэмэгдсэн ч хэрэгцээг нь хангах боломжтой болсон талаар тэрбээр тайлбарлалаа. 2025 онд 188 мянган шоо метр цэвэршүүлсэн усыг сумын иргэдэд нийлүүлжээ. Мөн ногооны талбайд 24.2 мянган шоо метр усыг хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүй өгсөн байна.

Цэвэр усны араас бохир усны асуудлыг ч “Энержи Ресурс” ХХК хариуцаж ажилладаг аж. Сумын төв, ажилчдын хотхон, “Цэций” хороолол гээд ариутгах татуургын нэгдсэн системд холбогджээ. Хоногт 1,200 тонн бохир ус хүлээн авах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж 2025 онд 132 мянган шоо метр ахуйн бохирыг цэвэрлжээ. Ус цэнгэгшүүлэх болон бохир ус цэвэрлэх үйлчилгээний бодит зардал, орлогын зөрүү жилд дунджаар 5 тэрбум төгрөг орчим болдог талаар тус компани 2025 оны Тогтвортой хөгжлийн тайландаа бичжээ.

Кэмпээс хороолол руу

Уул уурхайн суурингуудад нийтлэг дүр зураг бий. Ажилчид онгоц, автобусаар ирнэ. Уурхайн хашаан дахь кэмпэд байрлана. Ээлжээ дуусгаад буцна. Уурхайн амьдрал, сумын амьдрал хоёр тусдаа өрнөнө. Харин Цогтцэцийд энэ загвар аажмаар өөрчлөгджээ.

2011-2013 онд “Уурхайчин” гэр хороолол, “Цэций” орон сууцны хороолол баригдав. 2025 онд “Цэций” хорооллыг дахин 300 айлаар өргөжүүлэх ажил эхэлж, эхний 150 айлын байр ашиглалтад оруулжээ.

Энд сургууль, цэцэрлэгийн “Мөрөөдөл” цогцолбор бий. Сумын улсын сургуулийн ачаалал нэмэгдэхэд компанийн сургалтын төв, орон сууцны байрыг ч мөн хичээлийн зориулалтаар ашиглуулдаг аж.

Ажилчид ээлж дуусах бүрд хэдэн зуун километрийн цаадах гэр рүүгээ явахгүйгээр эндээ амьдардаг. Гэр бүл нь нэг суманд байна. Хүүхэд нь нэг сургуульдаа тогтвортой сурна. Ажилдаа ирж, буцах зам амьдралынх нь хамгийн их цагийг булаахаа больжээ. Өглөө оройдоо хүүхдээ хүргэх, ажилдаа ирж, очиход 10-20 минут л зарцуулдаг аж.

Уурхайчны кэмпээс гэр бүлд ээлтэй суурин болж өөрчлөгдсөн нь Цогтцэцийг “хот” болгосон хамгийн том ялгаануудын нэг билээ.

Өдгөө компанийн 2,900 гаруй үндсэн ажилтны 35.9 хувь нь орон нутгийн иргэд. Туслан гүйцэтгэгчдийг нэмбэл Ухаа худаг цогцолбор 7,800 орчим шууд болон шууд бус ажлын байр бий болгожээ.

Тогтвортой ажиллах гэрээний хүрээнд 850 гаруй өрх “Цэций” хороололд үнэ төлбөргүй орон сууцтай болсон байна. Цогтцэций сумын хөдөлмөрийн насны таван хүн тутмын нэг нь “Энержи Ресурс”-т ажилладаг гэсэн тооцоо ч бий.

Уурхай хаагдсан ч үлдэх ур чадвар

Ухаа худагт том оврын машин механизмын жолооч, оператор бэлтгэдэг сургалтын төв бий.

Танхимаар хийчээл заахаас гадна симулятор дээр цастай, бороотой, хүчтэй салхитай, халтиргаатай замд, бүр харанхуй шөнөөр ч уурхайн аварга машиныг хэрхэн аюулгүй жолоодох чадварт суралцана. Уурхайд тулгарч болох эрсдэлийг ажилд гарахаасаа өмнө энд туулж сурдаг гэсэн үг.

2010-2025 онд тус төв 85 удаагийн сургалтаар 1,628 хүнийг хүнд машин механизмын мэргэжилтнээр бэлтгэжээ. Суралцагсдын 14.4 хувь нь эмэгтэй. Сургалтын төвд 50 гаруй багш ажилладаг бөгөөд сургалтад салбарын яам хөндлөнгийн баталгаажуулалт хийдэг гэж төвийн менежер Б.Баясгалан тайлбарлав. Түүний хэлж бүгээр төгсөгчдийн 99 орчим хувь нь ажлын байртай болдог.

Энд эзэмшсэн ур чадвар нь Ухаа худагт төдийгүй бусад уурхайд ч эрэлттэй юм. 2025 онд улсын хэмжээнд уул уурхайн машин механизмын чиглэлээр 950 орчим ажилтан дутагдаж байжээ. Харин Ухаа худагийн сургалтын төв тухайн жилд 197 мэргэжилтэн бэлтгэсэн нь энэ хэрэгцээний 20 орчим хувьтай тэнцэнэ.

Говийн ойн зурвас

Тавантолгойн уурхайн овоолгыг эс тооцвол Цогтцэцийн ойр орчимд салхи хаах уул толгод бараг үгүй. Баруун хойноос салхи үлээнэ. Элс тогтоох мод бутгүй, салхинд нээлттэй тал сумын захаас цааш нүд алдан үргэлжилнэ.

Элсний нүүдлийг сааруулахын тулд “Энержи Ресурс”-ийн байгаль орчны мэргэжилтнүүд 2011-2012 онд сумын баруун хойд тал ойн зурвас байгуулж эхэлсэн нь өдгөө 1 км үргэлжлэх шим ертөнц болж хувирчээ.

Энд 23 га талбайд найман төрлийн 12 мянга орчим мод ургаж байна. Моддын захад тогтсон элсний зузаан зарим хэсэгтээ 70 см хүрчээ. Шувууд олширч, урьд нь энд үзэгддэггүй төрөл ч ирэх болсон гэж байгаль орчны мэргэжилтэн Г.Амаржаргал ярив. Бараг 1000 гаруй бодгаль шувуу бүртгэгдээд буй аж.

Модноос гадна сумын иргэдийн амьжиргааны ногооны талбай ч бий. Ногоон талбайд 2025 онд 52 өрх, нэг байгууллага, хоёр хоршоо 27 нэр төрлийн хүнсний ногоо тариалж, 15 тонн ургац авчээ.

Энэ газрыг салхи хаах юмгүй задгай тал байхаас нь мэдэх хүн бол Г.Баттулга. “Тэр үед машин техник бужигнаад, анхны мод бут суулгах нүхээ хүрзээр ухаж байлаа. Усны машинаар ус зөөж усалдаг байсан” гэж тэр дурсав. Өдгөө Г.Баттулга мод төглөө, эхнэр нь иргэдийн жимс, ногооны талбайг харж хамгаалдаг. Эндэхийнхэн ойн зурвасаа “мини боловч мега нөлөөтэй төсөл” гэж бахархдаг юм билээ.

Сүүлийн жилүүдэд энд бас нэг туршилт үргэлжилж байна. 2020 оноос говийн баянбүрд дагаж ургадаг торой модыг үрээр тарьж, нутагшуулах болжээ. Анхны үрийг Баянхонгорын Жинст сумын Эхийн голоос авчирсан байна. “Одоо 5,000 орчим торой мод тариалалтад гарч, нутагшсан” гэж байгаль орчны ажилтан А.Мөнхчулуун ярив.

Торой буюу Populus diversifolia нь хөрсний чийгийг хадгалж, ууршилтыг багасгахад тустай. Залуудаа нарийхан урт навчтай байснаа нас ахих тусам өөр өөр хэлбэрийн навч гаргадаг учраас “элдэв навчит улиас” гэж нэрлэдэг аж. Байгальд залуу торой сэргэн ургах нөхцөл хязгаарлагдмал болсон тул үрээр бойжуулан нутагшуулах аргыг туршиж буй нь энэ юм. 2024 онд компани Өмнөговь аймгийн Байгаль орчны газрын зөвлөмжөөр Номгон сумын Ноён богдын байгалийн торойн төгөлийг хашиж хамгаалжээ.

Ингээд анх салхинд туугдах элсийг тогтоохоор байгуулсан зурвас мод төгөл, ногооны талбай, ховор модны үржүүлэг, шувуудын амьдрах орчин болон тэлжээ.

…Арван таван жилийн өмнө оройдоо гэрэл тасардаг байсан говийн жижиг сум өнөөдөр 20-иод мянган хүний амьдрал буцалсан суурин болжээ. Нэрээрээ сум хэвээр ч хөл хөдөлгөөн, амьдралын хэмнэл нь хэдийнэ хотын дайтай аж.

Эрдэнэтийг уурхай дагаж боссон хот гэдэг. Харин Цогтцэций бол уурхай дагаж хот хэрхэн бий болдгийг одоо цагт харуулж буй өөр нэгэн шинэ түүх юм.

2026.10.03

Өмнөговь аймаг, Цогтцэций сум