УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Л.Өлзийсайхан “Магна Харт” хэмээх эрх чөлөөний тунхаг батлагдсаны 811 жилийн ой буюу зургадугаар сарын 15-ны өдөр энэ сэдвээр лекц уншиж таарав. УИХ-ын Тамгын газрын хуулийн төслийн эх баригч зөвлөхүүдэд хүний эрхийн талаар ээлжит илтгэлээ ийнхүү сонсгосон юм.
Түүний илтгэлийн төгсгөлийг эхлээд онцолъё.
Элсэн цөлд хүнийг уснаас нь салгаж болохгүй
Магна Хартын 20-р заалтыг та бүхэн хараарай. Уг заалтад торгууль, шийтгэл ногдуулахдаа хүнийг амьжиргааны үндсэн эх үүсвэрээс нь салгаж болохгүй гэсэн зарчмыг тусгасан байдаг. Зүйрлэвэл “Элсэн цөлд хүнийг уснаас нь салгаж болохгүй” гэсэнтэй агаар нэг үзэл санаа.
Гэвч 800 жилийн тэртээх энэ үзэл санаа өнөөдөр ч олон улс оронд бүрэн хэрэгжихгүй, зөрчигдсөөр байгаа нь нууц биш юм.
Тухайлбал, Монгол Улсын хууль тогтоомжид хүнийг амьдралынх нь эх сурвалжаас салгах хэмжээнд асуудлыг шийдвэрлэж болохгүй гэсэн нийтлэг зарчим хангалттай тусгагдаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27.2.4-т “өвлийн улиралд орон байрнаас албадан нүүлгэх тухай шийдвэрийг нүүн гарч байгаа этгээдийн амьдралын нөхцөлийг харгалзан өвлийн улирал дуустал тодорхой хугацаагаар” түдгэлзүүлнэ гэсэн зохицуулалтаар л хязгаарлагддаг.
Хүний үндсэн эрхийг хязгаарлахдаа үүнийг бодож байгаарай гэсэн шүү.

Магна Харт эрх чөлөөний тунхаг
Магна Харт нь зөвхөн тухайн үеийн Английн улс төрийн хямралыг шийдвэрлэх зорилготой байгаагүй. Харин эрх мэдлийг хуулиар хязгаарлаж болно гэсэн шинэ ойлголтыг хүн төрөлхтөнд өгсөн гэж үнэлдэг.
Бид хуулийн төсөл боловсруулах явцдаа хүний эрхийн асуудлыг орхигдуулж болохгүй. Орчин үеийн Үндсэн хуульт болон парламентат ёс, хүний эрхийн тогтолцооны үндсийг судлахад Магна Хартаас эхлэх шаардлагатай. Энэ утгаар нь “эрх чөлөөний тунхаг” гэж нэрлэдэг.
Надад нэг хүсэл байсан. Тэр нь хүүхэд залууст зориулж Магна Хартыг гаргах. Оюутнуудад хичээл зааж байхад Магна Хартыг уншсан гэж хариулж байгаа оюутан цөөн байдаг. Энэ түүхэн эх сурвалжийг бараг л мэддэггүй.
Удахгүй “Магна Харт: Он цагийн хэлхээ” эрх чөлөөний төлөөх 800 жилийн түүх нэртэй хүүхэд, залуучууд, сонирхогч хэн бүхэнд зориулсан бүтээлийг эх хэл дээрээ орчуулж, олон нийтийн хүртээл болгоно.
Магна Хартыг бидний хамтран зүтгэгч хууль зүйн ухааны доктор П.Амаржаргал орчуулж, олны хүртээл болгосон байдаг. П.Амаржаргал докторт баяр хүргэе. Бидний дунд чимээгүй хөдөлмөрлөж, судалгаа хийж, бүтээж байдаг хүмүүс олон. Хуулийн төсөл дээр ажиллахад маш их судалгаа хийх шаардлага гардаг. Тиймээс та бүхний нэр тодорхой бүтээлд үлдэх учиртай.
Хямралын өмнөх Англи
Түүхэн эх сурвалжуудад тэмдэглэснээр XII-XIII зууны үеийн Англи улс феодалын тогтолцоотой байсан бөгөөд хаан газар нутгийг ноёдод эзэмшүүлж, харин ноёд цэрэг, татвар болон үнэнч байдлаар хариу барьдаг байв.
Яваандаа XII зууны төгсгөлөөс хаадын эрх мэдэл хэт нэмэгдэж эхэлсэн. Хаан хүссэн үедээ татвар нэмэх, шүүхийн үйл ажиллагаанд нөлөөлөх, хүмүүсийг дур мэдэн баривчлах болсон нь ноёд төдийгүй сүм хийд, хотын иргэдийн дургүйцлийг төрүүлэх болжээ.
Энэ нөхцөл байдлаас юу гэж дүгнэж болох вэ гэхээр, Магна Харт бол гэнэт, санаандгүй бий болсон баримт бичиг биш. Харин эрх мэдлийн хэт төвлөрөл, шударга бус байдлын эсрэг нийгмийн өргөн хүрээтэй хариу үйлдлийн үр дүн байсан гэж үзэх боломжтой.
Жон хаан
Магна Хартын түүхийг Жон хаангүйгээр ярих боломжгүй.
Тэр Английн II Генри хааны отгон хүү байсан бөгөөд Франц дахь эзэмшил газрынхаа ихэнхийг алдсан тул "Газаргүй" хэмээх хочтой болсон.
Түүний хаанчлалын үед татварын дарамт нэмэгдэж, шүүхэд улс төрийн нөлөө ихэсч, пап ламтай хүртэл зөрчилдсөн нь ноёд болон сүм хийдийн дургүйцлийг төрүүлэх болсон байна. Үндсэндээ английн сүмүүд шашны хоригт орох болжээ.
Жон хаан Франц дахь алдагдсан газар нутгаа эргүүлэн авахын тулд олон удаагийн дайн тулаан хийсэн боловч амжилт олоогүй байна.
Ноёдын бослого
Магна Харт батлагдахын өмнө хувьсгалын шинжтэй хэд хэдэн томоохон үйл явдал болжээ.
Нэгд, Францтай хийсэн олон удаагийн дайн тулаан бүтэлгүйтэж, эзэн хаан дайнаас буцаж ирэхэд хөрөнгө, мөнгө болон цэрэг, зэвсгийн байнгын дарамтад туйлдсан баронууд (ноёд) түүнийг угтдаг байсан аж. Улмаар түүний хаанчлалын үед англичууд 1214 онд Бувины тулалдаанд ялагдсанаар түүний хязгааргүй эрх мэдэл нь үлэмж хэмжээгээр суларсан байна.
Хоёрт, 1215 оны тавдугаар сард бослого гаргагч ноёд Лондон хотыг эзэлсэн. Лондон хотын захирагч хотын хаалгыг нээхийг тушааснаар босогчид Сангийн яам зэрэг хааны гол нөөц, хөрөнгийг хяналтдаа авсан байна. Энэ нь хаанд маш том дарамт шахалт болсон.
Гуравт, Удалгүй 1215 оны зургадугаар сарын эхээр хаан болон бослого гаргасан ноёд Виндзор ба Лондон хотын дунд орших, төвийг сахисан бүс, одоогийн хэллэгээр бол дайнгүй, цэрэггүй бүс болох Раннимид нугад уулзаж хэлэлцээ эхлүүлсэн.
Долоо хоног үргэлжилсэн хаан болон ноёдын хэлэлцээрийн үр дүнд 1215 оны зургадугаар сарын 15-ны өдөр Магна Харт батлагджээ.

Раннимид дахь нэг өдөр
1215.06.15
Нэгэнт Магна Хартын тухай ярьж байгаа учраас ямар түүхэн учир шалтгааны улмаас, хаана, хэзээ, хэрхэн батлагдсан зэргийг нь судалж үзэх хэрэгтэй. Би өмнө нь“Цаг үе бүр өөрийн гэсэн эрх зүйтэй” гэж хэлж байсан. Товчхондоо тухайн эрх зүй бүтээгдсэн цаг үе нь ямар байв гэдгийг судалж үзээрэй л гэсэн үг.
Магна Харт батлагдсан Раннимид нуга түүхэн газар. Монголд ч имй газар байдаг шүү дээ.
“1206 онд Онон мөрний эх Дэлүүн болдогт болсон их хуралдайгаар Монголын тархай бутархай овог аймгууд нэгдэж, Тэмүүжинг Их Монгол Улсын хаанд өргөмжлөн Чингис хаан цол өргөмжилжээ” гээд монголчууд бүгдээрээ мэддэг.
Үүнтэй адил дэлхийн хүмүүс Англид 1215 онд Магна Харт батлагдсан гэдгийг мэднэ. Магна Харт батлагдсан Раннимид нуга Лондонгоос баруун тийш ойролцоогоор 32 км зайд орших газар.
Англид очвол Магна Харт хадгалагдаж байгаа сүм болон номын санд очиж үзээрэй.
Виндзорт XI зуунд байгуулагдсан “Windsor Castle” хэмээх хааны ордон байрладаг бөгөөд өнөөг хүртэл ашиглагдаж байгаа дэлхийн эртний бөгөөд хамгийн том хааны ордонд тооцогддог. Виндзор цайз нь хааны гол бэхлэлтүүдийн нэг байсан бөгөөд 1215 онд бослого гаргагч ноёдтой хэлэлцээр хийхийн өмнө Жон хаан энд байрлаж байсан гэдэг. Хаан ноёдод тодорхой хэмжээнд буулт хийн, төвийг сахисан бүсийг сонгож, Магна Харт батлагдсан түүхтэй.
Магна Хартын өөр нэг сонирхолтой зүйл нь, өнөөгийн ойлголтоор гэрээнд гарын үсэг зурах процесс хийгдээгүй. Харин хаан тамгаа дарж баталгаажуулсан байдаг.
Уг баримт бичиг тухайн үеийн хууль зүйн хэл болох латинаар бичигдсэн онцлогтой. Хууль зүйн шинжлэх ухаанд латин нэр томьёо олон байдаг нь ч үүнийг гэрчилнэ.
Магна Хартын дөрвөн эх хувь хадгалагдан үлдсэн. Тэдгээр нь дэлхийн түүхийн үнэт баримт бичигт тооцогддог.
Магна Хартыг батлахад 40 орчим ноёд буюу баронууд оролцсон гэдэг. Хаан болон ноёд долоо хоногийн турш хэлэлцээ хийж, 63 заалттай баримт бичиг баталжээ.
Магна Хартын анхны батлагдсан эхэд өөрчлөлт орсон, тэр байтугай хүчингүй болгосон тохиолдол ч бий. Гэхдээ түүний гол санаа устаж алга болоогүй.
Тодруулбал, Жон хаан 1216 оны аравдугаар сард нас барахаас өмнө III пап лам 1215 оны Магна Хартыг хааны эрх мэдлийг хууль бусаар хязгаарласан гэж үзэн хүчингүйд тооцсон.
Гэсэн ч Жон хааныг нас барсны дараа түүний залгамжлагч III Хенригийн талынхан босогч ноёдын дэмжлэгийг авахын тулд Магна Хартыг 1216, 1217, 1225 онуудад шинэчлэн баталсан байдаг.
Хэдий анхны баримт бичиг хүчингүй болсон ч түүний үндсэн үзэл санаа Английн эрх зүйн тогтолцоонд хадгалагдан үлдсэн гэдгээрээ ач холбогдолтой.
1215 онд Магна Харт олон хувь үйлдэгдэн Англи даяар тараагдсан. Гэвч өнөөдөр дөрөв нь Британийн номын сан, Линкольны сүм, Солсберийн дуганд хадгалагдаж байна.
Миний хувьд улс орнуудын парламентын тухай хууль, дэгийн эмхэтгэлийг цуглуулдаг хоббитой. Мөн хамгийн чухал эх сурвалж тухайн улсын Үндсэн хууль байдаг. Заримдаа өөрөө очиж чадаагүй улс орон руу явж байгаа хүмүүст “Үндсэн хуулийг нь аваад ирээрэй” гээд захидаг. Харин азаар энд дурдагдаж байгаа Солсберийн дуганд очиж Магна Хартын эх хувийг харж байлаа. Арьсан дээр бичсэн байдаг юм билээ. Энэ дуганд хадгалагдаж буй хувилбар хамгийн сайн хадгалагдсан гэдэг. Тэр үед хуульч гэдгээрээ бахархсан.
2009 онд ЮНЕСКО эдгээрийг "Дэлхийн соёлын өв"-д бүртгэсэн байдаг. Ингэснээр энэ нь зөвхөн Английн төдийгүй дэлхийн соёл, эрх зүйн өв болохыг баталгаажуулсан билээ.
Магна Хартын агуулга
Магна Харт нийт 63 заалттай.
Эдгээр заалт бүгд хүний эрхийн тухай биш байсан.
Ихэнх нь феодалын буюу хаан ба ноёдын харилцаа, татвар, сүм хийдийн эрх, шүүхийн үйл ажиллагаатай холбоотой байв.
Гэхдээ эдгээр заалтыг нэгтгэж байгаа гол санаа нь эрх мэдлийг хуулиар хязгаарлах зарчим юм.
Магна Хартын үнэ цэн нь заалт бүрдээ бус, харин хаан хүртэл хуульд захирагдах ёстой гэсэн үндсэн үзэл санаандаа оршдог.
Хамгийн алдартай нь 39 ба 40 дүгээр заалт
Магна Хартын хамгийн алдартай хоёр заалт бол 39 болон 40 дүгээр заалт.
39 дүгээр заалт нь шударга шүүхгүйгээр хэнийг ч баривчилж, хорьж, өмчөөс нь салгаж болохгүй гэсэн утгатай.
Харин 40 дүгээр заалт нь шударга ёсыг хэнд ч худалдахгүй, бас үгүйсгэхгүй, татгалзахгүй гэдгийг тунхагласан.
Магна Хартын эдгээр заалт нь хожим Хабеас Корпус акт болон эрх зүйн зайлшгүй процесс (Due Process)-ийн үзэл санааны суурь болсон гэж үздэг. Өнөөгийн ардчилсан, чөлөөт нийгмийн хүнийг баривчлах, хорих, ял шийтгэх, өмчөөс нь салгах зэрэг ажиллагааг зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах ёстой гэсэн эрх зүйн баталгаа. Өөрөөр хэлбэл, шударгаар шүүлгэх эрхийн цөм агуулга, стандартыг тогтоосон үнэ цэнтэй.
Магна Хартаас өвлөгдсөн дөрвөн үндсэн зарчим
Магна Хартаас өнөөг хүртэл өвлөгдөн ирсэн дөрвөн үндсэн зарчим бий гэж эрдэмтэн, судлаачид үздэг.
Нэгдүгээрт, хууль дээдлэх зарчим. Хэн ч, тэр дундаа хаан хүртэл хуулиас дээгүүр байж болохгүй. Хүн бүр шударга хуульд буюу эрх зүйд захирагдана.
Хоёрдугаарт, шударгаар шүүлгэх зарчим. Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг тогтоосон. Хүн бүр хууль ёсны шүүх ажиллагаагаар хамгаалагдах ёстой гэдэг үзэл санааг тунхагласан.
Гуравдугаарт, зөвшөөрөлгүй татвар ногдуулахгүй байх зарчим. Хожим нь АНУ-ын хувьсгалын "No taxation without representation" гэсэн алдартай урианд хүргэсэн.
Үүнийг тодруулбал, XVIII зуунд Америкийн 10 гаруй колони Их Британийн эзэнт гүрний харьяанд байсан боловч Британийн парламент тэдний төлөөлөгчдийг хуралдаанд суулгадаггүй байсан аж. Гэтэл парламент цай, цаас, шил зэрэг бараанд шинэ татварууд ногдуулсан. Үүний эсрэг колончлогчид буюу Америк "Бидэнд төлөөлөл олгоогүй байж татвар төлүүлэх эрх парламентад байхгүй" гэж эсэргүүцсэн байна.
Энэ үзэл санаа нь Магна Хартын "Хаан ноёдын зөвшөөрөлгүйгээр татвар ногдуулж болохгүй" гэсэн зарчмаас улбаатай гэж үздэг.
Дөрөвдүгээрт, хувь хүний эрхийг хүлээн зөвшөөрөх үзэл санаа. Энэ нь хүний эрхийн орчин үеийн ойлголтын эхлэл болсон. Эрх чөлөөний тунхаг гэж нэрлэдгийн бас нэг утга учир үүнд буй.
Бидний үр хүүхдүүд Магна Хартын үнэ цэн, зарчмуудыг мэддэг байх учиртай. Магна Хартын олон зарчим 1992 оны Үндсэн хуульд шингэсэн гэдгийг ойлгодог, Үндсэн хуулиа дээдэлдэг иргэдийг төлөвшүүлэхийн төлөө бид өнөөдөр манлайлал үзүүлэх ёстой.
800 жилийн өв
Магна Хартын нөлөө нэг улсаар хязгаарлагдаагүй. Ингэж тодорхойлох олон түүхэн үйл явдлууд бий. Эдгээрээс онцолж дурдвал:
1297 онд Английн хаан I Эдуард Магна Хартыг албан ёсоор баталж, Английн хууль тогтоомжийн нэг хэсэг болгосон. Ингэснээр Магна Харт нь зөвхөн хаан, ноёдын хоорондын улс төрийн тохиролцоо байхаа больж, улсын хэмжээнд мөрдөгдөх хууль болсон. Энэ үйл явдал нь "Хаан ч хуульд захирагдана" гэсэн зарчмыг Английн эрх зүйн тогтолцоонд баттай суулгаж өгсөн гэж судлаачид дүгнэдэг.
1628 оны Petition of Right буюу Английн парламентын зүгээс хаан I Чарльз-д өргөн барьсан баримт бичигт (i) Парламентын зөвшөөрөлгүйгээр татвар ногдуулахыг хориглосон; (ii) Хүнийг шүүхийн шийдвэргүйгээр баривчлахыг хориглосон; (iii) Энхийн үед цэргийн онц байдал тогтоохыг хязгаарласан; (iv) иргэдийн гэрт цэргийг хүчээр байрлуулахыг хориглосон. Ингэснээр Магна Хартын "Хаан ч хуульд захирагдана" гэсэн зарчмыг сэргээж, парламент хааны эрх мэдлийг хязгаарлахыг дахин шаардсан түүхэн үйл явдал болсон.
Харин 1689 оны Английн эрхийн Билл нь 1688 оны Английн хувьсгалын дараа парламент III Уильям, II Мэри нарт хаан ширээ санал болгохдоо уг баримт бичгийг хүлээн зөвшөөрөхийг шаардсан. Уг баримт бичигт (i) Хаан парламентын зөвшөөрөлгүйгээр хуулийг түдгэлзүүлэх эрхгүй; (ii) парламентын зөвшөөрөлгүйгээр татвар авах эрхгүй; (iii) чөлөөт сонгуулийг баталгаажуулсан; (iv) парламент дахь үг хэлэх эрх чөлөөг хамгаалсан; (v) хэт хатуу ял шийтгэл, торгууль ногдуулахыг хориглосон. Үүний үр дүнд Англид хэмжээгүй эрхт хаант засаг төгсгөл болж, парламентын дээд эрх мэдлийг тогтоосон Үндсэн хуульт ёсны суурь баримт бичиг болсон юм. Товч дүгнэхэд, орчин үеийн үндсэн хуульт ардчиллын суурь тавигджээ.
Улмаар Магна Харт Америкийн Тусгаар тогтнолын тунхаг, АНУ-ын Эрхийн Билл, Францын Хүний ба иргэний эрхийн тунхаг, эцэст нь НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалд хүртэл хүчтэй нөлөө үзүүлсэн гэдгийг дэлхий дахинаа хүлээн зөвшөөрдөг.

Магна Харт Америкт
АНУ-ын Үндсэн хууль болон Эрхийн Биллийн олон заалт Магна Хартаас шууд улбаатай.
Тодруулбал, Магна Хартын 39 дэх заалт нь АНУ-ын Үндсэн хуулийн 5 дугаар нэмэлт өөрчлөлтийн эх сурвалж болсон.
40 дүгээр заалт нь шуурхай, бүх нийтийн, шударга шүүхээр шүүлгэх эрхийг баталгаажуулах гол эх сурвалж болсон.
Мөн зөвшөөрөлгүй татвар ногдуулахгүй байх үзэл санаа нь Америкийн хувьсгалын гол уриа болсон байх жишээтэй.
Тиймээс Магна Хартыг зөхөн Английн баримт бичиг биш, харин Америкийн үндсэн хуулийн уламжлалын эх сурвалж гэж үздэг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалд
Дэлхийн II дайны дараа хүн төрөлхтөн хүний эрхийг дэлхий нийтээр хамгаалах шаардлагатай болсон.
АНУ манлайлж, 1948 онд НҮБ Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсан.
Америкийн Ерөнхийлөгч Э.Рузвельт Тунхаглалыг "Бүх хүн төрөлхтний Магна Харт" гэж нэрлэсэн байдаг.
Цөөн жишээ татахад, Түгээмэл тунхаглалд заасан дур зоргоор баривчлахыг хориглох, шударга шүүхээр шүүлгэх эрх, гэм буруугүйд тооцох зарчим зэрэг нь Магна Хартын үзэл санааны шууд тусгал, үргэлжлэл болжээ.
Эндээс дүгнэвэл, XIII зууны Англид төрсөн санаа XX зууны дэлхийн хүний эрхийн тогтолцоонд нэвт шингэснийг харж болно.
Легаси
Яагаад өнөөдөр ч чухал вэ?
Магна Харт яагаад өнөөдөр ч ач холбогдолтой хэвээр байна вэ гэдэг асуулт урган гарна. Хариулт нь:
Нэгд, хууль дээдлэх зарчим өнөөгийн бүх ардчилсан улсын үндэс хэвээр байна.
Хоёрт, хүний эрхийн олон улсын хэм хэмжээ, тогтолцоо, үзэл санааны үнэт эх сурвалж болсон баримт бичиг.
Гуравт, орчин үед шинэ сорилтууд гарч ирсэн ч үндсэн зарчим өөрчлөгдсөнгүй. Тодруулбал, хиймэл оюун, хувийн мэдээлэл хамгаалах асуудал, дижитал эрх чөлөө зэрэг XXI зууны асуудлуудад ч эрх мэдлийг хязгаарлах, хүний эрхийг хамгаалах гэсэн Магна Хартын үзэл санаа хэрэглэгдсээр байна.
Лекцийг товч дүгнэвэл
“Магна Харт өнгөрсөн үеийн дурсгал бус, өнөөдрийн амьд эрх зүй” гэж дүгнэж болно.
Эрх мэдэл хэдий хүчирхэг байсан ч хууль түүнээс дээгүүр байх ёстой. 1215 онд Англид эхэлсэн энэ үзэл санаа өнөөдөр дэлхийн бараг бүх ардчилсан улсын суурь үнэт зүйл болсон.
Магна Харт хаан ба ноёдын хоорондын гэрээ биш гэдэг нь өдөр ирэх бүр тодорхой болж байна.
Хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс, ардчилсан засаглалын үндсийг тогтоосон чухал ач холбогдолтой баримт бичиг. Энэ утгаараа эрх зүйчид, хуульчид, парламент судлаачид, парламентад ажиллагч хэн бүхний мэдвэл зохих, уншсан байх шаардлагатай түүхэн эх сурвалж.
Түүний хамгийн чухал өв (легаси) бол 63 заалт нь биш, харин төрийн эрх мэдлийг хязгаарлаж болно гэсэн үзэл санаа мөн.
Төрийн эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай бөгөөд тэдний зөвшөөрсөн хэмжээгээр оршдог Үндсэн хуульт ёсон үүнд буй.
Төгсгөлд нь та бүхэнд Магна Хартын монгол орчуулгын “Зогсолтгүй урагшлах Магна Харт” хэмээх оршил хэсгээс уншиж өгье.
Магна Харт хүн төрөлхтний төлөөлөгчдийн дээд байгууллага парламент үүсэж бий болох анхны сэдэл санааг өгсөн нь эргэлзээгүй юм.
Хааны дэргэд татварын асуудлыг зөвлөн тогтоох зөвлөлийг байгуулсан нь парламент бий болох үр хөврөл болсон гэж үздэг.
Нэг гол зүйл. Магна Хартаас эх үндэстэй эрх зүйн энэ шударга зарчмууд Монгол Улсын Үндсэн хуульд зарим нэг стандартыг орхигдуулсан, өргөжүүлснийг эс тооцвол бараг бүрэн хэмжээгээр тусгагдсан гэж үзэж болно гэж хууль зүйн ухааны доктор П.Амаржаргал орчуулж, доктор, профессор Н.Лүндэндорж хянан тохиолдуулсан Магна Хартын оршил хэсэгт бичсэн байна.
Мөн “Английн Магна Харт талын Монголын эрх зүйн тогтолцооны хөдөлшгүй зарчим болж, Монголын ард түмний эрх чөлөөг хамгаалж байгаа нь сонгодог зүйлд хил хязгаар байдаггүйн нотолгоо юм” гэжээ.