Сонгуулийн өмнө таны мэдэх ёстой манипуляцын тухай ойлголтууд
Сэтгүүлч мэргэжлийг эзэмшээд Хөвсгөл аймагтаа ажиллаж, амьдрахаар ирсэн он жилүүдэд мэдээллийн халуун цэгт хамгийн ойр байжээ. Энэ хугацаанд сонгуулийн үеэрх зохион байгуулалттай мэдээлэл, манипуляцад хууртсан зарим иргэн баталгаатай, үнэн зөв мэдээллийг хүлээн авч чадаагүйгээс болж сонголтоо бодитоор хийж чадаагүй байх.
Үүнийг судалгаа тоо баримт ч харуулдаг http://MIT (Массачусетсын Технологийн Институт) судлаачдын Twitter-ийн 2006–2017 оны мэдээлэлд хийсэн судалгаагаар хуурамч мэдээлэл нь үнэн мэдээллээс ойролцоогоор зургаа дахин хурдан хүмүүст тархаж байсан байна.
Тус зургийг GEMINI AI бүтээв
Дээрх судалгаанаас харахад хуурамч мэдээллийн хариу үйлдэлд гайхах, айдас, жигшил зэрэг сэтгэл хөдлөл илүү түгээмэл байсан нь илүү хурдацтай тархахад нөлөөлсөн аж.
Тус зургийг GEMINI AI бүтээв
Таныг мэдээлэлд хэрсүү хандаж, нягтлахад тань саад болдог, цаанаа нарийн зохион байгуулалттай сонгуулийн үеэр явагддаг аргачлалуудын талаар өөрийн судалж мэдсэнээр тодруулан та бүхэнтэй хуваалцъя.
Мэдээллийн урсгалыг ажигласан нь- Сенсаацын цаадах сүүдэр
Сүүлийн жилүүдэд орон нутгийн болон улс орны түвшинд чухал шаардлагатай хууль тогтоомж батлах, улсын төсөв хэлэлцэх зэрэг хариуцлагатай үеүдтэй давхцаж, хаанаас ч юм бэ нэг цочирдом зураг, бичлэг эсвэл улстөрчидтэй холбоотой томоохон дуулиан гэнэт гарч ирдэг болсныг та анзаарсан уу? Гэнэт л нэг сенсац сошиалаар гал мэт тархаж, олны анхаарлыг татдаг. Тэгээд сонирхолтой нь уг мэдээлэл ганц нэг пэйж хуудсаар бус, олон хаягуудаар нэгэн зэрэг цацагддаг. Энэ дүр зураг танд танил санагдаж байна уу? Гэвч яг үнэндээ иргэдийн үндсэн анхаарал хандуулж, санал өгч, хянах ёстой байсан өнөөх улсын төсөв, сонгуулийн үеэр судалж мэдэх ёстой үнэн мөн чухал хуулийн сэдэв маань далд хэлбэрээр, хэнд ч үл анзаарагдам байдлаар шийдэгдээд өнгөрдөг болж. Сонгуулийн өмнөх жил болон тухайн жилд энэ үзэгдэл эрс эрчимжиж зохион байгуулалттай худал мэдээлэл иргэдийн дунд тархаж тэрхүү хөөсрөлийн цаадах далд зорилгын талаар бид мэдэх нь хамгаас чухал байна
Мэдээллийн дайн хэрхэн өрнөж байна вэ?
Манипуляц гэх ойлголтыг анх сонсохдоо би зүгээр л нэг хяналт, нөлөөлөл гэх мэтээр бүдэг бадагхан ойлгож явсан үе бий. Өнөөдөр энэ ойлголтыг мэдэхгүй олон хүмүүс байсаар. Өмнө нь худал мэдээллийн шуурга гэж яригддаг байсан бол ялангуяа сонгуулийн жилүүдэд “мэдээллийн дайн” гэж хэлж болохоор үйл явцууд өрнөдөг болов. Дэлхий дахинд болон Монголд улс төрийн бүлэглэлүүд иргэдийн үзэл бодлыг системтэйгээр өөрийн талд оруулахын тулд маш нарийн аргуудыг ашигладаг. Үүнд: Хуурамч мэдээлэл зохиох, мушгин гуйвуулах: Үнэнийг дутуу хэлэх, нэг талыг барих, сэтгэл хөдлөлөөр удирдах зэрэг арга техникийг ашигладаг. Олон улсад үүнийг “Тооцооллын суртал ухуулга” (Computational Propaganda) гэдэг бөгөөд зохиомол бот хаягуудаар сошиал орчныг бөмбөгддөг.

ОХУ-ын “Троллуудын үйлдвэр” гэгддэг байгууллага АНУ болон Европын сонгуулийн үеэр фэйсбүүк группүүдэд иргэдийг арьс өнгө, үзэл бодлоор нь хагаралдуулах, уур бухимдлыг нь төрүүлэх мэдээллийг системтэйгээр цацаж, нийгмийг нь туйлшруулж байсан нь баримтаар нотлогдсон байна.
Сонгуулийн өмнөх манипуляцын урхи Монгол хэлний Их тайлбар тольд урхинд оруулах гэдэг нь (бусдыг өөрийн муу үйлд башир аргаар оруулах, мэхлэх) хэмээн бичжээ. Үүнээс харвал манай улсад аливаа улс төрийн зөрчил, сонгуулийн кампанит ажлаар дамжуулж олон нийтийн санаа бодлыг чиглүүлэхдээ зохиомлоор тодорхой зорилготойгоор мэдээллийг түгээдэг болохыг Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төвийн Хөтөлбөрийн захирал Лхагвасүрэнгийн Анударийн “90 мянган долларын манипуляц” нийтлэлээс харах боломжтой.
Хэрхэн ямар аргачлалаар ажиллаж болох жишээг та бүхэнд хүргэе.
- Яаралтай ! урхи: Яг чухал шийдвэр гарах гэж байхад эх сурвалжгүй, баталгаагүй мэдээлэл сошиалаар тархана. Хүмүүс шалгах завгүй, сэтгэл хөдлөлөөрөө цааш нь share хийж, тэдний зорилгыг биелүүлдэг.
- Таалагдаж байгаадаа хууртах урхи: Судалгаагаар үүнийг Confirmation bias буюу “итгэл үнэмшилдээ нийцсэн зүйлдээ амархан итгэх” хандлага гэдэг. Жишээ нь, таны дэмждэггүй улс төрчийн тухай муу мэдээ гарвал та үнэн худлыг нь үл харгалзан шууд итгэчихдэг үү? Уг нь өөрт таалагдсан, эсвэл өөрийн тань үзэл бодолд яг нийцэж байгаа тэр мэдээллийг л хамгийн сайн шалгах ёстой байдаг.
- Сэтгэл хөдлөлөөр тоглох урхи: Тухайн нэр дэвшигч эсвэл намын буруутай үйл ажиллагааны талаар ямар ч баримт нотолгоо, судалгаа байхгүй атлаа зөвхөн хүнийг нь муухай харагдуулах үг хэллэг, дүрс ашигладаг. Ууртай, айсан, бухимдсан үедээ хүн хамгийн буруу шийдвэр гаргадаг. Үүнийг мэддэг тэд зориуд иргэдийн сэтгэл зүйгээр тоглодог.
Сонгууль дөхөхөөр манай улсад “Нэргүй” эсвэл хуурамч профайлтай хаягууд гэнэт олширч, аль нэг нэр дэвшигчийн хувийн амьдрал, гүтгэлгийн чанартай бичлэгийг орон нутгийн сошиал группүүдээр (жишээ нь манай Хөвсгөлийн томоохон зарын болон мэдээллийн группүүдээр) маш зохион байгуулалттайгаар түгээгддэг. Мөн аль нэг намын гишүүнчлэл бүхий иргэд өөрсдийн намаа магтах мөн сөрөг хүчнээ харлуулах мэдээллийг өөрийн хуудсаар тасралтгүй нийтэлсээр байгаа нь анзаарагдав. Энэхүү зохион байгуулалттай системийн хохирогч нь хэн бэ? Мэдээж тэрхүү зорилгод нь хөтлөгдөж, буруу шийдвэр гаргах үр дагаврыг нь амсах та бид өөрсдөө юм. Энэ бүхэн эцэстээ биднийг төр засагтаа ч, бие биедээ ч итгэхээ болиулж, нийгмээрээ хардлага сэрдлэгт живүүлдэг нь хамгийн харамсалтай.
Би мэдээллийг хэрхэн, яаж шалгадаг болсон бэ?
Одоо би сошиалаас ямар ч цочирдом, содон мэдээлэл харахаараа машин улаан гэрлээр зогсдог шиг түр азнадаг болсон. Тэгээд өөрөөсөө дараах 3 асуултыг заавал асуудаг:
- ХЭН хэлж байна вэ? Нэртэй, нүүр царайгаа ил тод харуулсан, хариуцлага хүлээх чадвартай албан ёсны эх сурвалж уу, эсвэл нэргүй, эзэнгүй, групп дамжсан хаяг уу? Анхны эх сурвалж нь хаанаас эхэлсэн бэ?
- Бусад итгэлтэй эх сурвалжууд байна уу? Төвлөрсөн, нэр хүндтэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон баримт шалгах төвүүд үүнийг мэдээлсэн үү гэж харьцуулж үздэг.
- Энэ мэдээлэл надад уур, айдас төрүүлж байна уу? Хэрэв тийм бол миний сэтгэл хөдлөлөөр тоглож, намайг удирдах гэж байна гэдгийг анзаардаг. Сэтгэл хөдлөл нь хуурамч мэдээлэлд итгэх магадлалыг хэд дахин нэмэгдүүлдэг тул шууд итгэж, шэйрлэхээсээ өмнө түр азнадаг болов.
Худал мэдээлэл нь дахин цааш түгээгдэх магадлал 70%-иар өндөр байдаг байна
Зургийг GEMINI AI бүтээв
Энэхүү энэ туршлага, хуваалцсан мэдлэг маань уншигч танд бага ч гэсэн манипуляцын талаарх ойлголтыг өгч, улс төрийн зохион байгуулалттай аливаа мэдээлэлд автахгүй, цаг үргэлж үнэнийг хайх сэдлийг төрүүлсэн гэдэгт итгэж байна. Ирж буй сонгуульд таны гаргах шийдвэр, өгөх санал тань хуурамч шуугиан сенсаацын нөлөөнд автсан биш бодит баримт, үнэн мэдээлэлд суурилсан мэргэн байх болтугай.
Зургийг GEMINI AI бүтээв
Үргэлжлэл болсон цуврал нийтлэлүүд бий..
Хуурамч мэдээлэл, манипуляцын эсрэг “Асуу-2” аяны хүрээнд хийсэн “Баримт нэн тэргүүнд” сүлжээний олон нийтийн төлөөх бүтээл
Нийтлэлийг сэтгүүлч: Н.Отгонжаргал
