Чөлөөт агентын зах зээл нээгдэх хугацаатай зэрэгцэн Giannis Antetokounmpo тэргүүтэй од тоглогчдын солилцоо эрчээ авсан өдрүүд үргэлжилж байна.
NBA ертөнцөд сүүлийн “72 ЦАГ”-т болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг нэгтгэн хүргэж байна.

- Miami Heat багийн 3 дахь лидер Andrew Wiggins
Miami-н хувьд багийн хамгаалалт, довтолгооны тэнцвэрийг хадгалах хамгийн чухал гарааны тоглогчоо хадгалж үлдэж чадсан маш сайн мэдээтэй. 3 жилийн $64 саяын шинэ гэрээг байгуулж, Giannis Bam хоёрын дэргэд 3 дахь лидерээр үлдээв. Гэрээний онцлог нь ирэх улиралд $30 саяын баталгаат гэрээгээ хадгалж, дараагийн 2 жилд тус бүр $17 саяын цалин авахаар тохиролцжээ. Магадгүй санхүүгийн хувьд Miami Heat энэ жил биш ирэх жилд илүү хүчирхэг бүрэлдэхүүн бүрдүүлэх бодит боломжтойгоо эвлэрсэн бололтой.
- Miles Bridges Phoenix Suns-руу солигдов
Charlotte Hornets баг зуны амралтаараа ойрын хэдэн жилд байгаагүй идэвх зүтгэлтэй ажиллаж байна. Тэд Miles Bridges-н хамт 2029 оны эхний тойргийн эрх, 2027 оны хоёр дугаар тойргийн эрхийг өгч Grayson Allen, Royce O’Neale, 2033 оны эхний тойргийн эрхийг сольж авсан юм. Багийн лидер Lamelo Ball-г явуулж, багийн ирээдүйн төлөвлөгөөгөө Brandon Miller, Kon Knueppel нар дээр суурилан боловсруулж буй тэдний үр нөлөөтэй нүүдлүүд дуусаагүй байх шүү. Харин Phoenix Suns-н зүгээс Green Booker Brooks Bridges Williams гэсэн их л аятайхан бүрэлдэхүүнийг Hornets-н тусламжтайгаар бүрдүүлээд авлаа.
- Oklahoma City Thunder Isaiah Hartenstein-аа авч үлдэв
Аваргаа хамгаалж чадаагүй OKC-н бүрэлдэхүүн задарч эхлэх нь санхүүгийн хувьд хэдийн ойлгомжтой байсан гэхэд буруудахгүй. Гэхдээ ямар ч үнээр хамаагүй авч үлдэх ёстой хүмүүсийн нэг нь I Hart гарцаагүй мөн учраас 3 жилийн 75 сая долларын дүнгээр шинэ гэрээ байгуулав. Түүнийг авч үлдэхийн тулд OKC Aaron Wiggins /Atlanta Hawks/, Isaiah Joe /Detroit Pistons/ нараа тус бүр хоёр дугаар тойргийн хоёр эрхээр солилцоонд оруулсан бөгөөд цаашлаад Lu Dort, Cason Wallace зэрэг чухал хамгаалагчдаа авч үлдэх том ажил үлдэж байна даа.
ЧӨЛӨӨТ АГЕНТЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТОЙРОНД

Багтайгаа үлдэхээр гэрээгээ баталгаажуулж, сунгасан онцлох тоглогчид
- Fred VanVleet $25 сая гэрээгээ баталгаажуулж, Housten Rockets багтайгаа үлдэхээр болов. Гэмтлийн улмаас бүтэн улирлыг өнжсөн тэрээр ирэх улиралд үр нөлөөгөө үзүүлж чадахгүй бол энэ гэрээ хамгийн сүүлийн өндөр дүнтэй гэрээ нь болж үлдэх ч эрсдэл бий. Өөрийнхөө үнэ цэнийг хадгалж үлдэх чухал улирал айсуй.
- Zach Lavine $49 саяын гэрээгээ баталгаажуулж, Sacramento Kings багт үлдэхийг сонгов. Эзэн нь хичээгээгүй байхад заяа нь хичээнэ гэгчээр ямар ч амжилт, ашигтай үр нөлөө үзүүлэхгүй байсан ч Chicago Bulls-тэй хийсэн том гэрээнийхээ үр шимийг хүртсээр л байна даа. Хүн зүгээр өгч байгаа мөнгийг аваад л суухаас яах вэ. Олон багийн лидерээс илүү цалин авч яваа хүн дээ.
- Lu Dort-н сүүлийн жилийн $17.2 саяын гэрээг OKC баталгаажуулж, Lakers тэргүүтэй түүнийг сонирхож байсан өрсөлдөгчдөдөө алдах аюулаас мултарлаа. Аргагүй урд шугамын хамгаалалтын гол хүч болсон Dort шиг зуудаг нохойг бүсийнхээ өрсөлдөгчдөд алдвал эргээд өөрсдийнхөө л даалгаврыг улам хүнд болгох нь тодорхой. Санхүүгийн маш эгзэгтэй байдалд ирсэн OKC ёстой л чухлын дараалал гэгчийг үзүүлэх шиг болж байна даа.
- Kristaps Porzingis Golden State Warriors багтайгаа 2 жилийн $40 саяын гэрээг байгууллаа. Сүүлийн 3 улиралд боломжит 246 тоглолтоод 76 тоглолт буюу нийт тоглолтын ердөө 30%-д оролцсон тоглогчид энэ хэмжээний гэрээг өгч байгаа нь Warriors-т үнэхээр өөр сонголт байхгүй болсон уу гэлтэй. Юутай ч биеийн онцлог, тоглолтын арга барил нийцнэ гэсэн итгэлийн үр дүнд Kristaps Porzingis 2 жилийн баталгаат гэрээг хийж чадлаа.
Гэрээгээ цуцалж чөлөөт агент болсон онцлох тоглогчид
- James Harden өөрийн мэдлийн $42.3 саяын гэрээгээ цуцлан чөлөөт агент болов. Гэхдээ Cleveland Cavaliers багтайгаа арай бага дүнгээр олон жилийн гэрээ хийх тохиролцоонд хүрсэн нь тодорхой. Багт ашигтай байлгах үүднээс чухам хэр хэмжээний гэрээ хийхээр тохирч чадахыг харъя даа.
- Draymond Green өөрийн мэдлийн $27.7 саяын гэрээгээ цуцалснаар Golden State Warriors баг чөлөөт агентын зах зээлд идэвхтэй ажиллах том боломж нээгдэв. Цөөнгүй эх сурвалжийн дурдаж буйгаар Anthony Davis-г солилцоогоор авч чадсан тохиолдолд Lebron James-г чөлөөт агентаас нэгтгэх боломжтой гэж үзэж байгаа гэх таамаг байна. Урт удаан хугацаанд нэр холбогдоод буй Их гурвал эсвэл Дөрвөл San Francisco хотод нэгдэж чадах эсэх их л сонирхолтой байна даа.
- Jonathan Kuminga-н сүүлийн жилийн $24.3 саяын гэрээг Atlanta Hawks баг цуцалж, чөлөөт агент болголоо. Хоёр тал шинэ гэрээ хийхээр тохиролцож буй эсэх талаар одоогоор мэдээлэл байхгүй байна. Цалингийн цэс харьцангуй уян хатан байгаа тэдний хувьд Kuminga-г авч үлдэх боломжтой л харагдаж байна. Эсвэл бүр Jaylen Brown-г төрөлх хотод нь авчрах Sign and Trade-р ч ашиглах боломжтой гэсэн таамаг бий.
- Marcus Smart өөрийн мэдлийн $5.4 саяын гэрээгээ цуцалж, албан ёсоор чөлөөт агент болов. Houston Rockets баг түүнд олон жилийн илүү дүнтэй гэрээ санал болгохоор бэлтгэсэн байгаа тул Smart-н хувьд явах шийдвэр аль хэдийн гарсан бизээ. Lakers Marcus Smart-г алдвал Luka Doncic-н хүсэж буй хамгаалдаг, шиддэг тоглогчид цуглуулах даалгавар улам л хүндрэх нь дээ.
Лигийн эргэн тойронд эрчээ авч буй таамаг
- Lebron James, Anthony Davis нар Golden State Warriors-т эргэн нэгдэх боломжтой юу?
- Kawhi Leonard хэрэв Toronto Raptors багруу солигдвол шинэ урт хугацааны гэрээ байгуулах боломжтой.
- Jaylen Brown-н солилцоонд Portland, Atlanta, Denver тунаж үлдэх үү?