Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодол дээр “натурал”, “органик”, “эрүүл”, “байгальд ээлтэй” гэх үгс харагдах нь элбэг болж. Бүтээгдэхүүний тоо, нэр төрөл, эрэлт нэмэгдэхийн хэрээр сүүлийн жилүүдэд “greenwashing” гэж нэрлэдэг нэг ойлголт түрж орж ирсэн. Үнэндээ энэ нь компаниуд өөрийн бодит байдлаасаа илүү байгальд ээлтэй , “ногоон” эрүүл мэт харагдуулах маркетинг юм. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүн дээр “эрүүл”, “натурал” гэж бичсэн ч баталгаатай нотолгоо байхгүй, байгальд ээлтэй гэж зарласан ч үйлдвэрлэл нь үнэндээ тийм биш байх гэсэн зөрчлүүд гарсаар байна. Ийм тохиолдолд хэрэглэгч бид буруу ойлголтоор сонголт хийж, эрүүл мэнд, эдийн засаг, байгаль орчинд ч сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй юм.
Бизнес дэх хүний эрх: Яагаад чухал вэ?
Өнөөдөр бизнес зөвхөн ашиг олох биш, хүний эрхийг хүндэтгэх үүрэгтэй болсон. Тухайлбал хүнсний компаниудын хувьд :
- Хүний эрүүл мэндэд аюулгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх
- Орц, найрлагаа үнэн зөв мэдээлэх
- Хуурамч сурталчилгаа хийхгүй байх
- Ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийг хүндэтгэх буюу зөрчихгүй байх
- Байгаль орчинд хохирол багатай ажиллах
- гэх мэт наад захын шаардлагуудыг хангасан байх ёстой гэсэн үг юм.
Энэ бол зүгээр “сайн дурын зүйл” биш, харин хариуцлагатай бизнесийн суурь зарчим юм.
Монгол дахь хариуцлагатай бизнесийн ахиц ...
Сүүлийн жилүүдэд Монголд хариуцлагатай бизнесийг дэмжих чиглэлээр тодорхой ахиц гарсаар байна. Тухайлбал, тогтвортой хөгжлийн тайлан, хүнсний аюулгүй байдлын стандартыг нэвтрүүлэх, бүтээгдэхүүний гарал үүслийг ил тод болгох, үйлдвэрлэлийн хяналт, чанарын баталгааг сайжруулах чиглэлээр төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, мэргэжлийн холбоод хамтран ажиллаж байна. Үүний нэг жишээ нь, Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Бизнес ба хүний эрх төсөл, хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр 2022-2025 онд Монголын Хүнсчдийн нэгдсэн холбооноос хүнсний томоохон компаниудад (Витафит Милк, Милл Хаус, Монос Хүнс, М-Си-Эс Кока Кола, Хүнс групп, Хос Ивээл, Газар Шим, АНУ Болор, Траст Трейд зэрэг) Хүний эрхийн магадлан шинжилгээ (ХЭМШ)-г түргэвчилсэн байдлаар хийсэн явдал байв.
Үнэлгээний үр дүн:
- Сайн туршлага: Шинжилгээний үр дүнд компаниуд үйл ажиллагаанаас үүдэн хүн болон байгаль орчинд үзүүлж буй болзошгүй эрсдэлээ илрүүлж, улмаар хүний эрхийн бодлоготой болох,чанарын удирдлага, санал гомдол барагдуулах үр дүнтэй механизмтай болох эсвэл одоо байгаа механизмаа сайжруулах, хог хаягдлын менежмент, ажлын байрны орчин нөхцөлөө сайжруулж эхэлсэн байна. Тухайлбал, “Витафит Милк” нь үйл ажиллагаандаа HACCP болон ISO стандарт нэвтрүүлж, чанарын хяналтаа нээлттэй мэдээлдэг болсон бол “Монос Хүнс” нь бүтээгдэхүүнүүдийнхээ сахрын агууламжийг бууруулах, шошгыг ойлгомжтой болгох чиглэлд ажиллаж буйгаа тайлагнажээ.
Энд нэг зүйлийг маш тодорхой ойлгох хэрэгтэй. Хүний эрхийн магадлан шинжилгээ гэдэг нь нэг удаагийн арга хэмжээ биш бөгөөд харин бизнесийн байгууллагын үйл ажиллагаанаас хүний эрхэд үзүүлж буй бодит болон болзошгүй сөрөг нөлөөллийг илрүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэх, бууруулах, хүний эрхийн зөрчил гарсан тохиолдолд эрхийг сэргээн эдлүүлэх зорилгоор байгууллага хүний эрхийн төлөв байдлаа үнэлэх, засаж сайжруулах арга хэмжээ авах, хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах цогц арга хэмжээ юм..
Хэрэглэгч танд: Сурталчилгаа бодитой эсэхийг хэрхэн таних вэ?
Та хүнсээ сонгохдоо:
- Шошгон дээрх найрлага, стандартын тэмдэглэгээ (ISO, HACCP)
- Бие даасан аудит, баталгаажуулалтын мэдээлэл
- Компанийн тогтвортой хөгжлийн тайлан болон санхүүгийн бус тайлан дахь бодит үзүүлэлтүүд
- Түүхий эдийн гарал үүслийн ил тод байдал гэсэн 4 зүйлийг заавал нягтлаарай.
Ил тод байдал бол хүнлэг, тогтвортой, хариуцлагатай бизнесийг төлөвшүүлэх, итгэлцлийг бэхжүүлэх суурь соёл юм.
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Сэтгүүл зүй медиа технологийн тэнхимийн 4-р түвшний оюутан Б.Энхням