-Бодол биелэлээ олж, мөрөөдөл зорилгодоо хүрэхэд тухайн хүний хичээл зүтгэл хамгийн их нөлөөлдөг. Хэлсэндээ хүрдэг, хийсэн нь амжилт дагуулдаг байна гэдэг маш том шалгуурыг давсан зориг бас хөдөлмөрийн үр дүн. Өдөр бүрийн зүтгэл өнөөдрийн “би”-г бүтээж, цаг хугацааны аясаар тодорч бас гэрэлтдэг онцлогтой. Энгийн юм шиг хэрнээ нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй хичнээн саад бэрхшээлийг давж, туулсаныг таашгүй... Ийм агуу “зүрхтэй” олон алба хаагчийн төлөөлөл болгож, энэ удаад Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Холбоо, зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, ахмад Эрдэнэбатын Отгонбаярыг онцолж байна.

- Сургуулийнхаа шилдэг төгсөгч нь болж, томилогдсон офицер үнэмлэхээ аавдаа хамгийн анх үзүүлэхэд нүдэнд нь баярын нулимс цийлэгнэж, маш ихээр баярлаж байгаа мэдрэмж нүүрэнд нь хамгийн тод харагдсан. Тухайн мөчид өөрийнхөө бахархал болсон хүний бахархал нь гэдгийг мэдэх юутай ч зүйрлэмгүй... Би мэргэжилдээ, албандаа эзэн нь байхын төлөө хичээнэ ээ гэж өөртөө амлаж байлаа. Миний бие Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрж, өссөн. Айлын отгон хүүхэд. Айлын бага болохоор ч тэр үү маш их хайр, халамж, энхрийлэл дунд эрх өссөн. Эрх болохоор цэргийн хүн болно гэж хэлэхээр хүмүүс эргэлзэж, зарим нь бүр итгэдэггүй байлаа. Аймгийнхаа улсын тэргүүний I сургуулийг 2015 онд төгсөж, 2019 онд Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн нэгдсэн сургуульд Цэргийн холбооны инженер мэргэжил эзэмшсэн.

-Сургуулиа төгсөөд 2019-2022 он хүртэл Зэвсэгт хүчний Агаарын цэргийн 065 дугаар ангийн 322 дугаар тусгай ротод Холбооны салааны захирагчаар ажиллаж байгаад 2022 оноос хойш Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт Холбоо, зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр үүрэг гүйцэтгэж байна. Төрийн цэргийн байгууллага болгон өөр, өөрийн гэсэн онцлогтой. Онцгой байдлын байгууллага эх орон гэх эрхэм зүйлийг бий болгож байгаа хүн, амьтан, байгаль орчныг аливаа аюул, ослоос хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангах хамгийн хүнд хэрнээ хүндтэй үүргийг хүлээдэг. Энэ утгаараа алба хаагч бүр нь сэтгэлтэй, зүтгэлтэй, чадвартай бас бусдын төлөө гэсэн “том” зүрхтэй байдаг.

-Холбоо, зарлан мэдээлэл гэдэг бол тухайн байгууллагын хамгийн чухал хэсэг. Холбооны мэргэжил хүнээс мэдлэг, чадвар, хариуцлагаас гадна техник технологийн хөгжилтэй зэрэгцэн тогтмол “шинэчлэгдэж” байхыг шаарддаг онцлогтой. Үүнийгээ дагаад мэргэших, мэдлэгээ өргөжүүлэх, цаг үетэйгээ хөл нийлүүлэх гээд мэдлэг, мэдрэмжийг илүү ихээр шаарддаг. Албаны хувьд холбоо гэдэг агуулгад төрөл бүрийн радио холбоо, сансрын холбоо, кибер аюулгүй байдал, мэдээллийн технологи, техник, тоног төхөөрөмж, дронн, мэдээллийн технологи, холбоо, кибер аюулгүй байдлын талаарх хууль, дүрэм, журам гээд маш олон зүйлс багтдаг. Гамшиг, ослын голомтод холбооны станцуудаа үүрээд холбооны тасралтгүй, шуурхай байдлыг хангаж ажилладаг онцлогтой.
-Үүрэг гүйцэтгэснээс хойш Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн олон төрлийн тэмцээн, уралдаанд тогтмол оролцож байна. Онцгой байдлын байгууллагын “Шилдэг офицер шалгаруулах-2023” тэмцээнээс мөнгөн медаль, Төр цэргийн нэрт зүтгэлтэн, дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит “Монгол цэрэг 2025” практик буудлагын спортын II түвшний тэмцээнээс багаараа мөнгөн медалийг хүртэж байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Марш тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн”-д Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн эмэгтэй тасгийн бүрэлдэхүүнд багтаж, 2024 онд хүрэл хүртсэн бол 2026 онд “Шилдэг оролцогч”-оор шалгарсан. Мөн Онцгой байдлын байгууллагын “Тэсвэр 2026” марш тусгай бэлтгэлийн тэмцээнд Төвийн бүсийн эмэгтэй алба хаагчдыг ахлан оролцож, гуравдугаар байрт шалгарч, шилдэг эмэгтэй тамирчдын нэгээр тодорсон амжилттай. Мөн 2025 онд төрийн далбааны өдөрт зориулсан ёслолын жагсаалд алхсан минь хамгийн сайхан мөчүүдийн нэг байсан.
-Зураг зурах бас бүжиглэх дуртай. Мэргэжлийн биш ч сайн “зураач”. Чөлөөт цагаараа бие бялдараа хөгжүүлэх, бэлтгэл сургуулилтаа тогтмол хийдэг. Тэсвэр, тэвчээр, сэтгэлийн хаттай байх шаардлагатай. Хүн бүр өөр, өөрийн чиглэлийн дагуу үүрэг гүйцэтгэдэг. Цэмбэгэр, жимбэгэр цаанаасаа сүр жавхлантай, өнгө нэмсэн “цэцэгс” бол Онцгой бүсгүйчүүд. “Та салхины чиглэлийг өөрчилж чадахгүй ч завиныхаа далбааг хүрэх цэгтээ очих хүртэл залуурдаж чадна” гэдэгтэй адилхан хүн бүр хүсэл, мөрөөдөлдөө хүрэх зориг бас чадвартай байдаг. Хүсэл бүхэн сэтгэлчлэн бүтэж, хүрэх зам нь дардан байхын ерөөлийг дэвшүүлье.
