Хүн бүр сошиал сүлжээний платформуудыг чөлөөтэй ашиглан, мэдээлэл хүлээн авч, түгээж, үзэл бодлоо илэрхийлж, сурталчилж, танилцаж, хэлэлцэж, “хэрэлдэж” бас хэн нэгнийг буруутган үзэн ядах зэргээр бүх төрлийн сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг болсон.


Хүн бүрийн үзэл бодол өөр, өөр. Хэлбэр хөөх, хэт их дөвийлгөх эсвэл магтах зэргээр хэн нэгнийг даган дуурайх үзэгдэл нэгэн хэвийн.


Хэвлэл мэдээллийн хэрэглэгчийн судалгааны тайланд дурдсанаар 2015 онд буюу 10 жилийн өмнө цаг үеийн мэдээлэл авдаг хамгийн гол эх сурвалж нь телевиз байсан бол 2025 онд буюу 10 жилийн дараа хамгийн их мэдээлэл хүлээн авдаг эх сурвалж нь фейсбүүк болсон бол телевизийн хэрэглээ 41 хувиар буурсан байна.


Монгол Улсад интернэт болон гар утасны хэрэглээ маш өндөр түвшинд хүрээд байна. Сүүлийн үеийн судалгаагаар 2.9 сая интернэт хэрэглэгчидтэй байсан бөгөөд интернэтийн хэрэглээний түвшин 83 хувьд хүрсэн бол сошиал медиа идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2.7 сая байгаа нь нийт хүн амын 76.5 хувьтай тэнцэж байна.


Харин интернэт хэрэглэгчдийн 92.2 хувь нь нэг сошиал медиа платформ ашигладаг нь сошиал медиа хэрэглээ интернэт хэрэглээтэй тэнцүү шахам болж байгааг харуулж байгаа бол 18 ба түүнээс дээш насныхны дунд сошиал медиа нэвтрэлт 121.6 хувьд хүрчээ.


Сошиал платфоруудаас фейсбүүк хамгийн өргөн хэрэглээтэй хэвээр буюу 2.7 сая идэвхтэй хэрэглэгчтэй бөгөөд хүн амын 76.5 хувийг эзэлж байна.


Харин улсын хэмжээнд 2025 оны байдлаар нийт 451 хэвлэл мэдээллийн хэрэгсэлд /сэтгүүл 43, телевиз 115, сайт 59, радио 46, news 59, www 188/ 4448 хүн ажиллаж байна. Эдгээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 91 хувь нь нийслэлд, 9 хувь нь орон нутагт үйл ажиллагаа явуулж байна.


Мөн Калифорни мужийн Сан Диегогийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар хүн өдөрт (сэрүүн байх 12 цагт) дунджаар 105.000 үг, секундэд 23 үгийг утас, интернет, цахим шуудан, телевиз, радио, сонин, ном зэргээр дамжуулж хүлээн авдаг байна. Харин зураг, бичлэг, тоглоом зэргийг нэмснээр өдөрт дунджаар 34 GB мэдээлэл хүлээж авдаг гэжээ.


Хүний нийгэмтэй адилаар интернэт орчин ч гэсэн харилцан хүндлэл дээр тогтдог. Тиймээс сошиал сүлжээнд түгээгдэж байгаа элдэв янзын худал, үнэн мэдэгдэхгүй мэдээлэл, бусдын үзэл бодолд шууд итгэлгүй өөрийн гэсэн мэдээллийн цензурыг тогтоож, өөрт хэрэгтэй мэдээлэлд цаг зарцуулдаг байх нь чухал байна.


Энэ нь таны үнэ цэнийг илэрхийлж, тайван амгалан байдлыг бий болгож, цагийг үр дүнтэй өнгөрүүлэхэд туслах болно.