“Та чинь нутгаасаа гараад олон жил Улаанбаатарт амьдарч байгаа хүн. Нутгийнхаа давсыг хэрэглэсээр байдаг нь бахархмаар юм аа” гэхэд тэрээр инээмсэглэн, “Аймгийнхаа нуурын давсыг олон жил хэрэглэж байна. Сайхан шүү” хэмээн хариулсан юм.


Тэрбээр цааш нь, “Улаанбаатарт ирсний дараа савласан давс хэрэглэхэд амар санагддаг байсан. Харин нэг удаа давсны гарал үүслийн тухай нэвтрүүлэг үзээд хэрэглэж буй бүтээгдэхүүндээ илүү анхаарах болсон. Тэр үеэс нутгийнхаа давсыг дахин хэрэглэж эхэлсэн” гэв.


Мөн тэрээр, “Одоо хэрэглэж байгаа давс маань гарал үүсэл нь тодорхой учраас илүү итгэлтэй санагддаг. Гэр бүлдээ хэрэглэж байгаа болохоор чанар, аюулгүй байдал хамгийн чухал. Нутгийн үйлдвэр ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь бахархалтай” хэмээн онцолсон юм. “Импортын, гарал тодорхойгүй бүтээгдэхүүнээс илүү дотоодын бүтээгдэхүүн хэрэглэхийг бусдад ч зөвлөдөг. Цаашид борлуулалтаа өргөжүүлбэл хэрэглэгчдэд илүү хүртээмжтэй болох байх” хэмээн Б.Эрдэнэчимэг эгч ярилаа.


Энэ богинохон яриа надад Дэвтээр нуурын давс хэрхэн үйлдвэрлэгддэг, юугаараа хэрэглэгчдийн сонирхлыг татдаг болохыг илүү гүнзгий судлах сэдэл төрүүлэв. Ингээд өмнөх өдөр нь сургалтаас олж мэдсэн мэдлэгтээ тулгуурлан судалгаа, баримт цуглуулж эхэллээ.


“Эко”, “цэвэр”, “органик”, “ногоон” ойлголт маркетинг биш байж болох уу?


Судалгааны явцад “эко”, “цэвэр”, “органик”, “ногоон” гэх ойлголтууд нь зөвхөн маркетингийн түвшинд бус, бодит үнэт зүйл болон төлөвших боломжтойг ойлгов. Ингэснээр хэрэглэгчид бүтээгдэхүүнийг илүү итгэлтэйгээр сонгох нөхцөл бүрддэг ажээ. Завхан аймгийн хувьд санаатай төөрөгдүүлсэн сурталчилгаанаас илүүтэй мэдээллийн ил тод бус байдал, мөн органик, ногоон бүтээгдэхүүний талаарх ойлголтын дутагдал зонхилж байгааг мэргэжлийн байгууллага, салбарын төлөөллүүд онцолж байлаа.

Органик ба ногоон бүтээгдэхүүний ялгаа юу вэ?


Органик бүтээгдэхүүн гэдэг нь байгалийн цэвэр аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэлнэ. Өөрөөр хэлбэл химийн бордоо, пестицид ашиглаагүй, генийн өөрчлөлтгүй (GMO биш), байгалийн аргаар тарьж ургуулсан бөгөөд малын тэжээл, арчилгаа хүртэл тодорхой стандартын дагуу хийгддэг. Энэ нь “Хэрхэн үйлдвэрлэсэн бэ?” гэсэн ойлголтод төвлөрдөг.


Харин ногоон бүтээгдэхүүн нь байгальд ээлтэй, тогтвортой аргаар үйлдвэрлэгдсэнийг илэрхийлдэг илүү өргөн хүрээний ойлголт юм.

Тухайлбал, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө багатай, эрчим хүч болон усны хэрэглээ хэмнэлттэй, дахин боловсруулах боломжтой, хүний эрүүл мэндэд аюулгүй байхыг хэлнэ. Өөрөөр хэлбэл “Байгальд ямар нөлөөтэй вэ?” гэдэгт анхаардаг. Гэвч бодит байдал дээр бүтээгдэхүүний түүхий эдийн гарал үүсэл, үйлдвэрлэлийн явц, шошго, сав баглаа боодлын талаарх мэдээлэл хэрэглэгчдэд бүрэн хүрдэггүй. Үүний улмаас “эко” гэсэн шошго зарим тохиолдолд зөвхөн маркетинг мэт ойлгогдох эрсдэл үүсэж байгааг Завхан аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Тунгалагтуяа онцоллоо.

Иоджуулсан давс ба “ногоон шошго”


“Завхан баялаг” ХК-ийн иоджуулсан давс нь өдөр тутмын өргөн хэрэглээний бүтээгдэхүүн бөгөөд “Үндэсний тохирлын тэмдэг”, “Ногоон шошго” хэрэглэх эрхтэй бүтээгдэхүүн юм.


Гэвч тус бүтээгдэхүүний сав баглаа боодол байгальд ээлтэй биш байгаа нь “эко” ойлголттой бүрэн нийцэхгүй байгааг мэргэжилтнүүд онцолсон. Иймээс ногоон шошготой бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид сав баглаа боодлын асуудалд мөн анхаарах шаардлагатай ажээ.


Иоджуулсан давс нь энгийн давснаас ялгаатай нь иод агуулдгаараа онцлог. Иод нь хүний биед зайлшгүй шаардлагатай бичил элемент бөгөөд бамбай булчирхайн үйл ажиллагааг дэмжих, оюуны хөгжилд нөлөөлөх, иод дутлын эмгэгээс сэргийлэх ач холбогдолтой. Иймээс нийгмийн эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүнд тооцогддог.


Ногоон шошго авахын тулд бүтээгдэхүүн дараах шаардлагыг хангах ёстой. Үүнд:


•Үйлдвэрлэл нь байгальд хор нөлөө багатай байх


•Химийн бохирдол стандартын түвшинд байх


•Сав баглаа боодол нь байгальд ээлтэй байх


•Чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан байх


Өөрөөр хэлбэл, иоджуулсан давс ногоон шошго хэрэглэх эрхтэй байна гэдэг нь эрүүл мэндэд тустай, байгальд ээлтэй, чанартай, аюулгүй гэсэн үндсэн утгыг илэрхийлдэг гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

“Дэвтээр” нуурын давсыг яаж иоджуулдаг вэ?


“Завхан баялаг” ХК-ийн технологич М.Алтанцэцэгийн ярьснаар, иоджуулсан давсны үйлдвэрлэл нь тодорхой стандарт, шат дараалсан технологийн дагуу явагддаг байна.


“Манай үйлдвэрт ирж буй түүхий эдийг эхлээд лабораторийн нарийвчилсан шинжилгээнд хамруулдаг. Давсны чийгийн агууламж, химийн найрлага, гаднын хольц зэрэг үзүүлэлтүүдийг шалгаж, шаардлага хангасан тохиолдолд үйлдвэрлэлд оруулдаг. Үүний дараа хатаах, шигших, механик болон гар аргаар үлдэгдэл хольцыг бүрэн цэвэрлэх зэрэг анхан шатны боловсруулалт хийдэг” хэмээн тэр тайлбарлав.