Э.Ганзул: Тийм ээ, би Засгийн газруудад зөвлөгөө өгдөг ажилтай

Б.Янжмаа
Oct 15, 2025
17 мин уншина
Э.Ганзул хэмээх монгол бүсгүй Дэлхийн банкинд есөн жил ажиллажээ. Тодруулбал, тус банкны засаглал болон төрийн сектор институтийн мэргэжилтнээр Вашингтонд ажилласан байна. Тэр Бээжингийн Олон улсын их сургуулийг эдийн засагчаар төгссөн. АНУ-ын Вашингтон хотноо “BAU” Олон улсын их сургуулийг олон улсын харилцаа, мөн Жорж Вашингтоны их сургуулийг төрийн удирдлагын чиглэлээр төгссөн аж. Дараагийн их аяндаа гарахын өмнө эх орондоо ирээд байхад нь түүнтэй ярилцлаа.
-Таны бага насны тухай эхлээд сонирхъё. Хятад хэлний сургалттай “Үй цай” сургууль төгссөн гэж сонслоо?
-Би нэгдүгээр ангиасаа эхлээд 10 жил “Үй цай” сургуульд сурсан, анхны шавь нарынх нь нэг. “Үй цай”-гаас авсан хамгийн том хичээл бол зөв хүн байх. Ээж аав чинь хэн байхаас үл хамааран чи өөрөө хөдөлмөрлөж байж хүн шиг хүн болно гэдгийг бидэнд багаас маань ойлгуулсан. Д.Баяраа багш маань намайг “Чи бол доктор болох хүн, их хол явах хүн шүү” гэдэг байсан.
-Танай гэр бүлд доктор байдаг юм уу?
-Манайд доктор байхгүй ч инженерүүдтэй айл. Багш нар маань өндөр шаардлага тавьдаг. Ээж аав маань ч түүнийг нь дэмждэг байв. Би бол айлын бага, хэнз хүүхэд. 1989 онд төрсөн. Тэтгэлэгээр урд сурсан. Өөрийнхөө толгой , бор зүрхээр өдий 35 хүртлээ явж байгаа. Бээжинд их сургуульд сурахаар явахад, хожим Америкт сурахаар болоход ч гэр бүлээсээ зардлаа даалгаж байгаагүй. Тийм ч боломжгүй байсан. Сурахынхаа хажуугаар ажил хийгээд амьдралаа босгосон.
-Нийгмийн шилжилтийн босгон дээр төржээ. Ерээд оны хүүхдүүдийг хувиа хичээсэн. Аав ээж нь наймаанд явсан үеийн гэртээ орхигдсон хүүхдүүд гэх мэтээр ярих нь бий. Таны хувьд ямар байсан бэ?
- Манай ээж нэлээд хожуу буюу 40 орчим насандаа намайг төрүүлсэн юм. Манай ангийн хүүхдүүдийн ээж аав залуухан байсан болохоор би өөрийгөө хөгшин ээж аавтай л гэж боддог байсан. Ээж маань намайг төрүүлээд гэртээ суусан болохоор аав маань яах аргагүй наймаа хийж гэр бүлээ тэжээх болсон. Намайг бага гэж эрхлүүлээгүй хатуужилтай өсгөсөн.
-Аав, ээж тань юу хийдэг байв?
-Аав инженер, Ерөөд хөдөө өссөн. Сүүлд Эрхүүд сурсан. Төмөр бетон зовод гэж байхад инженерээс дарга хүртлээ ажилласан. Харин Ээж Худалдааны техникум гэж байхад нярав нягтлан хийдэг байсан. Ээж намайг төрүүлээд гэртээ суусан учраас намайг яг гардаж өсгөсөн. Аав ээжийн хамгийн том хөрөнгө оруулалт бол хүүхдүүдээ сайн боловсролтой болгосон. Юу ч хийж байсан зөвхөн хүүхдүүд рүүгээ хөрөнгө оруулдаг байв. Ахыг орос хэлтэй, хоёр эгчийг герман болон англи хэлтэй болгосон бол намайг хятад хэлний сургуульд оруулаад санаа амарсан. Манайхыг гуравдугаар хороололд байхад “Үй цай” сургууль гэрийн ойролцоо нээгдэж байгааг аав олж мэдээд бөөн баяр болж билээ. Хятад руу наймаа хийдэг байсан болохоор хятад хэл чухал гэж мэдэрсэн байж. “Эрдэм номын суурь сайн тавигдсан, хоёр хөршийнхөө хэлийг сурсан байхад миний охин цаашаа явчихна” гэдэг байсан. “Үй цай” сургуулийг үүсгэн байгуулагчид Д.Баяраа багш, Д.Цэцэгмаа багш хоёр маань биднийг төлөвшихөд их нөлөө үзүүлсэн дээ. Гэр бүлийн нөлөө 50 хувь, сургууль багш нарын нөлөө 50 хувь байдаг гэж би боддог. Сургууль дээрээ хонож өнжих шахуу л хичээл хийдэг байлаа. Надад бараг хүүхэд нас гэж байгаагүй.
Өглөө эрт сургуульдаа очдог. 15:30 гээд тарах ёстой ч сэдвээ цээжлэх ёстой болохоор орой найм, есөн цагийн үед харьдаг байв. Гэртээ ирээд ч хичээлээ шөнөжингөө хийдэг. Яагаад гэхээр өдөрт 10 ханз үздэг. Нэг ханзыг хамгийн багадаа 100 удаа бичих ёстой. Зарим өдөр бүр 1000 удаа бичүүлдэг. Түүний ачаар ханзыг бол хэзээ ч мартдаггүй.
-Ханз бичих цээжлэх үнэхээр амаргүй шүү?
-Даалгавраа хийгээгүй дутуу хийсэн бол шийтгэл нь ахиж бичих. Манай гэр ганцхан бичгийн өрөөтэй. Ах, эгч бид хэд өрөөндөө бүгд нэг нэг хичээлийн ширээтэй. Хувийн орон зай гэж байгаагүй. Хичээл их учраас хичээл хийсээр байгаад ширээгээ дэрлээд унтдаг хүүхэд байлаа. Өглөө хичээлээс хоцорч болохгүй. Орой хувцсаа өмсөөд хувцастайгаа хичээлээ хийж байгаад “тас үсрээд” өглөө сэрэнгүүтээ шууд сургууль руугаа гүйдэг хүүхэд байсан. Хүүхэд байхаасаа л шөнө сууж хичээллэдэг байсан даа.
-Хүүхдийг сууж сургах тухай их ярьдаг. Багаасаа сууж сурчээ?
-Шөнө сууж ажиллах зуршил маань хүүхэд байх үеэс л тогтсон. Өдөрт дунджаар бичгийн ширээний ард суудаг цаг маань 16 цаг. Би угаасаа л өглөө гэхээс илүү шөнө бүтээмж өндөртэй суудаг. Онц сурдаг, ангийн дарга байсан болохоор намайг илүү их шахсан шиг байгаа юм. Олимпиад, шалгалт болоход Э.Ганзул, Б.Батмагнай л гэдэг байсан. Хүүхэд байхаасаа л өндөр хариуцлага ухамсарлаж өссөн. “Үй цай” сургууль өндөр найдвар тавьж сургасан. Ээж аав хоёр маань ч “Чи хөгшин хүний хүүхэд шүү. Бид хоёр удахгүй байхгүй болоход чи өөрийгөө авч явна. Чамд боловсрол мэдлэг л тус болно. Миний охин хол явна. Ээж аав хоёрынх нь чамд өгөх ганц бэлэг бол урам зориг” гэдэг байв. Тэр миний амьдралын хамгийн том бэлэг гэж боддог доо.
-Ерээд оны эхээр нийгмийн шилжилтийн үе болохоор боловсрол сургуульд назгай ханддаг үе байсан даа. Тэр үед ч ийм шаргуу хичээллэх соёл нахиалж байсан гэхээр сонин?
-Би нэг зүйлд их баярладаг. Боловсролын суурь маш сайн тавигдсан. Нэгээс гуравдугаар ангид хүүхдүүдийн суурь сайн тавигдсан байхад цаашаа жаахан даялсан ч бай хичээлээ хийхгүй нэг хэсэг явсан ч бай буцаад жанжин шугамдаа ирдэг. Тэр үед бидэнд монгол хэл, уйгаржин бичиг, математик ордог байсан. Тоо, хэлний хичээлийг хоёр хэл дээр үздэг гэсэн үг. Өнөөдөр ч би монгол бичгээр уншиж бичдэг. Гэтэл орос сургууль төгссөн хүүхдүүд монгол хэлээ үзээгүй хаясан учраас монгол хэлээр бичиж чадахгүй байхыг харсан, их гунигтай санагддаг.
-Зарим хүн бага ангиас нь гадаад хэл сургахад шүүмжлэлтэй ханддаг. Таны хувьд энэ талаар юу хэлэх вэ?
-Хоёр талтай. Би гадаад хэлээр сууриа тавьсан болохоор гадаад хэл сурах хоббитой. Хятад хэлийг сурсан болохоор дараагийн гадаад хэл амархан юм шиг санагддаг. Дараа дараагийн хэлийг хурдан сурах юмсан гэж догдолдог байлаа. Нэг хэлийг төгс эзэмшихэд дараагийн хэл сурахад хялбар байдгийг ойлгож авсан. Бид бүр зургадугаар ангид байхдаа л Хятад хэлний түвшин тогтоох шалгалтын дээд оноог авч байлаа. Биднийг түвшин тогтоох шалгалтад жил бүр оруулдаг байв. Дээд түвшинг хангаад, дараагийн гадаад хэлээ сурах сан гэж бодогдож эхэлсэн. Тэгээд би өөрийгөө сорих гэж англи хэл шаргуу үзэж байлаа. Англи хэл бол орчин үед ус агаар мэт хэрэгтэй, бидний дэлхийд гарах эхлэл гэж боддог. Олон хэлээр ярьж сэтгэдэг маань миний давуу тал болдог. Ажил дээр хамгийн их үнэлэгдэх шатгаан ч мөн.
-Сургалтын машин шиг хүүхэд байжээ.
-Сурах үнэхээр дуртай хүүхэд байсан. Сурахаас өөр зүйл бараг хийгээгүй юм шиг санагддаг.
-Дэлхийн банкинд ажиллахад хятад хэл чинь тус болсон уу?
- Европт хятад хэлтэй гэхээр их үнэлдэг. Хэл сурахад маш их цаг хугацааг зарцуулсан гэдгийг ойлгодог. Хятад хэлээ Дэлхийн банкинд цөөхөн ашигласан. Ихэвчлэн Латин Америк, Ойрхи Дорнод, Африк, Өмнөд Азийн Энэтхэг, Пакистан Малдивт ажиллаж байсан. Зүүн Ази руу бол зориуд ороогүй. Дэлхийн бусад улсыг өөртөө нээхийг хүссэн юм. Зүүн Азид Хятад хэл бол хамгийн түлхүү хэрэглэгддэг.
-Ингэхэд хэдэн хэлтэй вэ?
- Одоогоор би зургаан хэлээр ярьдаг. Англи, хятад монгол гурван суурь хэлтэй. Үүн дээрээ нэмээд солонгос, орос, франц хэл сурч, байнга хэрэглэдэг. Duolingo гэж апп ашиглаад гадаад хэлээ давтдаг. Сүүлийн хоёр, гурван жил үүгээр “нухсан”. Тасралтгүй хичээл хийсэн өдрүүд маань 1252 хоног болсон байна лээ. Өдөр бүр үүндээ цаг зарцуулдаг. Нийтдээ 61 орноор аялажээ. Дэлхийн хаана ч очсон хэл соёлыг нь гадарлаж байна. Амьдралаас хамгийн том кайф авдаг зүйл аялах.
-Олон орноор аялсан юм чинь тэмдэглэл бичдэг үү?
-Би яаруу ажилтай явдаг. Нэг оронд гурав, дөрөв хононо, тэгэхээр бас тухлан сууж тэмдэглэл хөтлөх зав гардаггүй. Ихэвчлэн дээд түвшний хурал уулзалт, хэлэлцээр хийж, илтгэл тавих зэрэгтээ илүү бэлдээд таардаг. Заримдаа өглөө Монголд сэрээд орой нь Европт оччихсон, шөнө нь Америкт буугаад, эргээд маргааш өглөө нь Африк руу нисэх ч удаа бий. Миний амьдрал ер нь аялал, ихэнх цаг нь онгоцонд өнгөрдөг. Өнгөрсөн арван жил ачаалал дунд өнгөрсөн. Манай дарга “Чамд байгаа хамгийн том баялаг олон ажлыг зэрэг амжуулж, ачаалал даах чадвартай. Ямар ч үед гомдоллодоггүй чанар чинь шүү” гэдэг.
-Орчин үед орчуулгын аппууд хөгжөөд хэл сурах ч шаардлагагүй болсон гэцгээдэг?
-Хэл сурахад цаг зарцуулахын оронд өөр ашигтай зүйлд зарцуулъя гэж болно л доо. Хэл сурна гэдэг өдөр тутам булчингаа хөгжүүлж байгаатай адилхан. Давтахгүй бол мартагддаг. Нэг хэл сурахад хоёр жил зарцуулаад ашиглахгүй мартвал хайран. Нэгийг хийхгүй гэвэл нөгөөг амжуулвал үр дүнтэй. Юу ч хийхгүй мөртлөө сургуульд сурч яах юм, хэл сурч хэрэггүй гэсэн хандлага амжилтад хүргэхгүй. Өмнөх үеийнхэн шиг зовох шаардлагагүй гэх мөртлөө шинийг эрэлхийлж, зохион бүтээж чадахгүй байгаа бол буруудна л гэсэн үг. Монголын хилээр гармагц өөрийгөө ойлгуулж чадахгүй ChatGPT үзүүлээд бусдын цагийг үрээд байвал харилцаж байгаа хүн нь залхана биз дээ. Хэл бол хувь хүний хөрөнгө оруулалт юм. Хэлтэй хүн нэмэлт багаж зэвсгээ өвөртөлж яваа л гэсэн үг.
-Өрсөлдөөн тэмцэл дунд буцалж амьдарч ирсэн юм шиг санагдлаа. Зогсоод эргэж хараад би юуны төлөө ингэж амьдарч байгаа билээ гэж өөрөөсөө асуух үе байсан уу?
-Яг үнэн. Миний амьдрал зогсоо зайгүй тэмцэл байсан. Сая бүтэн жил өөртөө асуулт тавиад амьдралаа эргэцүүллээ. Миний амьдрал өөрийгөө таних тэмцэл байсан. Надад буйдан дээрээ тухлаад зурагт үзээд суух цаг зав ер байгаагүй юм билээ. Гурван жилийн өмнө Харвард төгссөн найз маань “Чамтай уулзахаар хоцроод байгаа юм шиг мэдрэмж төрөх юм. Чи бүр хурдны замаар давхиж байгаа юм шиг санагдаж байна” гэж байсан. Эх орондоо байгаа хүн шүү дээ. Хүний нутагт би хурдтай тэмцэхээс өөр арга байгаагүй.
Сая бүтэн жил өөрийгөө эргэцүүлэхдээ би хэн юм бэ, хаашаа явах вэ, юунд дуртай вэ гээд бодож үзсэн. Би ганц бие. Бүх цагаа зөвхөн өөртөө зарцуулдаг болохоор бусдаас илүү хурдтай урагшлах боломжтой байсан. Цагаа дэмий зүйлд үрэх дургүй. Өнгөрсөн жил далаад ажлын байранд өөрийгөө тодорхойлж аппликэйшн явууллаа. Ажлын талбар болгон өөр өөр шаардлага тавьдаг. Түүнийг уншаад Э.Ганзул гэдэг хүн энд тохирох уу гэдгийг би бодсон. Э.Ганзул гэж хэн бэ гэдэгт хариулсан гэсэн үг. Ажлын өргөдөл зүгээр нэг биччихдэггүй. Сайн бодно, дүрдээ орно. Нийгмийн хамгааллын мэргэжилтэн авна гэсэн байвал чи нийгмийн хамгааллын хүн мөн үү, хаана ийм ажил хийсэн туршлага байгаа юм бэ гээд “ухна”. Бүтэн жил өөрийгөө уудалсан. Олон улсын байгууллагууд, банкууд, мөн судалгааны хүрээлэнгүүд рүү CV-гээ явуулж байхдаа өөрийгөө нэг нэгдгүй нээж илрүүлж байлаа. Би ийм юм хийсэн юм байна. Үүнийг хийхдээ би аз жаргалтай байсан уу? Үүнийгээ дараагийн таван жилд хийх үү. Хийвэл яаж утга учиртайгаар үр өгөөжтэй хийх вэ. Хэрхэн үр дүнд хүрэх вэ гэж бодсоор байгаад бүтэн жилийг том байгууллагын, том дарга нарын өмнө ярилцлагын ширээний ард сууж өнгөрүүлсэн байна.
Энэ бүхнийг эргэцүүлэхдээ Америк бол газрын хязгаар биш, Дэлхийн банк бол ажил ажлын дээд нь биш гэдгийг бас ойлгосон. Энэ байгууллагад тултал суралцсан, цаг хором бүр өөрийгөө хөгжүүлсэн. Есөн жил энэ байгууллагад засаглалын мэргэжилтнээр ажиллахдаа олон оронд ажиллаж, ур чадвараа ахиулсан. Ажлыхаа хажуугаар би хоёр мастер төгссөн. Америкт гар хоосон ирээд, өөрийгөө бүтээж чадлаа. Албан тушаал, хөрөнгө мөнгө амьдралын чимхлүүр хэрэгсэл харин утга учир биш гэдгийг олж мэдлээ. Одоо өөр зүйлд өөрийгөө соръё гээд дараагийн ажлаа хайсан юм.
ОУВС-гийн ярилцлагад орж байхад “800 гаруй хүнээс чи бидний урд суугаад ярьж байна. Ажилд орох эсэхээс үл хамаараад бидний өмнө сууж байгаа чинь л амжилт шүү” гэж байсан. Одоогийн ерөнхийлөгчийн огцом шийдвэрээр маш олон төрийн албан хаагч халагдсан учраас ажил хайж байгаа хүмүүс төрийн болон олон улсын байгууллагуудад хандсан байна. Монгол хүн, ийм залуу эмэгтэй энэ олон хүнээс ялгарч байна гэдэг үнэхээр сайн байна. Дандаа л доктор хамгаалсан эдийн засагч, насаараа Америкийн төрийн албанд ажилласан хүмүүс ирж байна гэж байсан.
Түрүү жилээс олон ярилцлагад орсоор саяхан Азийн хөгжлийн банкны засаглалын албаны эцсийн шатны шалгаруулалтад тэнцсэн. Дэлхийн банкинд миний эрхэлж байсан ажилтай адилхан алба гэсэн үг. Энэ ажлыг их хүссэн. Би дэлхийн хэмжээний том төслүүд судалгаанууд дээр ажиллахад өөрийн хувь нэмэр, үр дүнгээ хэмжихэд хэцүү байсан. Гэтэл дэлхийн хүмүүс дундаас Янжмаа гэдэг эмэгтэйн амьдрал миний хийсэн ажлын үр дүнгээр сайжирч байгаа эсэхийг яаж хэмжих вэ гэж эргэцүүлсэн. Дэлхий гэхээсээ бүс нутагт бууж ирмээр байсан. Ингээд Азийн банкинд ирэхийг хүссэн юм. Бүс нутгийнхаа асуудлыг ойлгож шийдлийн нэг хэсэг байхыг хүссэн.
-Та Монгол Улсын иргэн үү?
-Тэгэлгүй яах вэ. Би Монгол Улсын иргэншлээсээ татгалзахыг хэзээ ч хүсэж байгаагүй.
-Ингэхэд өөрөө дэлхийгээс эхлээд, Ази руу наашлаад, эцэст нь Монголдоо ирэх гэж байгаа юм уу?
-Тэр миний алсын төлөвлөгөө. Азийн хөгжлийн банкинд ажиллах дөрвөн жилийн гэрээтэй. Надад маш том боломж олгосон урилга өгсөн. Гэхдээ мөнгө, албан тушаалыг чухалчилж яваагүй. Хэрвээ миний эх орон дуудвал тав тух, өндөр цалин, албан тушаалаасаа татгалзаад шууд ирэхэд бэлэн байдаг.
- Манай дарга нар нэг хэсэг ОУВС сан бидэнд ингэж зөвлөлөө. Үүнийг дагахгүй бол мөнгө өгөхөө болино гэж “айлгадаг” байсан л даа. Гэтэл зөвлөгөө өгдөг том байгууллагыг төлөөлж байгаа хүн нь залуухан монгол эмэгтэй гэж төсөөлөхөд сонирхолтой.
-Тийм ээ, би Засгийн газруудад зөвлөгөө өгдөг ажилтай. Харин одоо ширээний нөгөө талд гарч үзмээр байгаа. Зөвлөх малгайгаа тайлаад, реформэрийн малгай өмсвөл миний сэтгэлгээ хүртэл өөрчлөгдөнө. Дараагийн таваас арван жилээ Монголдоо төлөвлөж байгаа.
-Дэлхийн улс орнуудын удирдагч нарт зөвлөнө, хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг амаргүй. Хамгийн их хүч шаардсан уулзалтын түүх юу байв?
-Дэлхийн банкны уулзалтууд өндөр түвшнийх их амаргүй байдаг. Торгон мэдрэмж шаардна. Африкын Кенид багаа ахлаад очлоо гэхэд ази царайтай залуу эмэгтэй гэж л харна. Дэлхийн банк ямар хүнээ явуулчихав гэж бодно. Ажил урагшлахад хувь хүний ур чадвар, харилцааны техник, хэл маш чухал нөлөөтэй. Ам нээгээд ярьж эхлэхэд хүмүүст хүлээн зөвшөөрөгдөж эхэлдэг. Мэдлэгээрээ л хүлээн зөвшөөрөгдөнө. Түүний дараа энэ дажгүй, ажлаа мэддэг хүн байна гэж үнэлж сонсдог. Африкын орнуудад ази эмэгтэй ажиллах бол амаргүй. Ийм үед хэлэлцээрийн өрөөний уур амьсгалыг маш сайн мэдэрч байх учиртай. Өнөөдөр хэлэлцээр хийгдэх өдөр нь мөн үү? Зөвхөн том дарга нь л яриад байна уу. Бусад хүмүүс нь яагаад ярихгүй байна. Динамик нь буруу бол шийдвэр гаргамааргүй байна.
Олон хүмүүс олон талаас нь хэлэлцүүлэг хийж байж надад шийдвэрээ хэлбэл энэ улс бодлогоо зөв тодорхойлж байна гэж үздэг. Яаж том хурал форум хийж, олон хүний дуу хоолойг тусгаж, бүх талуудын үзэл бодлыг уралдуулах вэ гэж хичээдэг. Том албан тушаалтан ганцаараа яриад байвал бусад бага албан тушаалтай хүмүүс чимээгүй болдог. Ийм нөхцөлд ажил ярих боломжгүй. Эсвэл нэг яам давамгайлж нөгөөгийн оролцоо бага байдаг. Зарим улсад бүр цаашлаад эмэгтэй хүн дуугарах эрхгүй байдаг. Яаж үүнийг тэнцвэртэй байлгах вэ зэрэг нарийн ур ухаан гаргадаг. Уулзалтыг үр дүнтэй болгоход хэрэгтэй бүх талуудыг урих учиртай. Миний урьсан нэг л хүн ирээгүй байхад тэр хэлэлцээр, хурлыг хийх дургүй.
-Улс орон, соёл заншил, шийдвэр гаргагчидаа маш сайн судалдаг байх нь ээ?
-Тэгэлгүй яах вэ. Найзын түвшинд түншилж байж ажил явна. Заримд нь көүч хийнэ. Заримыг нь менторлоно. Хэдийгээр би тэдэнд зөвлөж байгаа ч өөрөө бас тэднээс ихийг сурдаг. Тэд реформын машины суудал дээр өөрсдөө жолоогоо барих учиртай хүмүүс. Би бол тэднийг дэмжих учиртай л хүн. Бусдад заах гээд байж ч бас болохгүй.
Би Дэлхийн Банкны Төрийн санхүүгийн менежмент гээд том сан удирдаж байсан. Европын болон бусад баян донор орнууд мөнгө өгдөг. Доноруудын мөнгийг авах гэж байгаа юм чинь бас л хурлын ширээний ард сууж ятгах хэрэг гарна. Европынхны соёл бас их өөр. Их ярьдаг төрлийн хүмүүс байна уу. Эсвэл би таван минутад багтааж sales pitch хийж, тэднийг сонсох хэрэгтэй юу гэдгийг мэдрэх чухал. Мөн үг сонголт болон ярианы өнгө аяс, биеийн хэлэмжээ хүртэл анхаардаг.
-Дэлхийн банкинд ажиллаж байсан гэхээр Монголдоо хандсан юм хийсэн эсэхийг манай уншигчид сонирхох болов уу. Монголын эмэгтэйчүүдэд хандсан төсөл хэрэгжүүлсэн байна лээ?
- Би Дэлхийн банкны төв оффист ажиллаж байсан. Монголд Дэлхийн банкны төлөөлөгчийн газар ажилладаг. Монголд хийгдэх гэж байгаа төсөл болгон суурин төлөөлөгчийн газраар дамждаг. Би оролцох боломжгүй. Ашиг сонирхлын зөрчилтэй болно. Харин би нэг удаа банкны нэлээн том грант хожсон юм. Дэлхийн банкны “Залуучуудын инновацийг дэмжих сан”-гаас жил болгон 100 мянган ам доллараар залуучуудын инновацыг дэмждэг. Дэлхийн банкны залуучуудад маш олон идеа байдаг. Та нар хүрч ирээд уралд гэдэг. Хамгийн шинэлэг санааг сонгож шагнадаг. Би төсөл бичиж, шагнал аваад түүгээрээ иргэний нийгмийг чадавхжуулахыг хүссэн. Эмэгтэйчүүдийн нийгмийн асуудалд санаа тавьдаг. Эмэгтэйчүүдийг яаж шийдвэр гаргах түвшинд гаргаж ирэх вэ гэж судалдаг.
Багш, эмч нарын олонх нь эмэгтэй. Гэтэл улсын толгойд яагаад эрчүүд “зодолдоод” байгаа юм бэ?
Төрийн санхүү, төрийн мөнгө гэдэг хөшүүргийг ашиглаад, яаж нийгмийн эрх тэгш байдлыг хангах бодлогуудыг урагшлуулах вэ гэдгийг их боддог, судалдаг. Энэ чиглэлээр олон нийтлэл бичиж байсан.
-Үнэхээр Монголд эмэгтэйчүүдийн оролцоо өндөр юм шиг мөртлөө шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд гарч ирж чаддаггүй л дээ.
-Сургуулийн багш судлаач нар дийлэнх нь эмэгтэйчүүд мөртлөө ТУЗ-д нь дандаа эрчүүд байх жишээтэй. Яагаад Монголд ирж ажилламаар байгаа гэхээр яг л үүнтэй холбоотой. Эмэгтэй хүний дуу хоолой, оролцоо Монголын нийгэм эдийн засагт хэрэгтэй. Нийгмийн шийдвэрийг гаргахад эмэгтэйчүүдийн оролцоо дутагдах учиргүй. Эмэгтэйчүүд байгалаасаа даруухан, эрсдэл хийхээс болгоомжилдог, хашир хүмүүс учраас ихэнхдээ хэн нэг лидерийг араас нь дэмнэж гаргаж ирдэг. Өөрсдөө лидер байх гэж зүтгэдэггүй. Хэзээ ч эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй уралдаж “Алив чи байж бай. Би эхлээд...” гэж хэлдэггүй онцлогтой. Хоймортоо дандаа эрчүүдээ залдаг. Ардчилсан нийгмийн эрх тэгш хуваарилалт хаана байна. Ардчиллын замаар явсан 35 жилд энэ талаар учир дутагдалтай байгаад гонсойдог. Эмэгтэй хүн яаж ур чадвар мэдлэгээрээ гадны улс оронд манлайлж чаддагийг би өөрийн биеэр туулсан.
Тэгш нөхцөл бүрдсэн нийгэмд эмэгтэй хүн гарч ирэхэд хялбар байна. Ур чадвар, мэдлэгтэй байхад хэн ч намайг Монголоос ирсэн, залуу гэж ялгаагүй, эмэгтэй гэж гадуурхаагүй.
Боломж бололцоог өгсөн. Ийм боломжийг Монголдоо бий болгохыг хүсдэг.
-ЛЭОС, Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ-ыг сонгож төсөл хэрэгжүүлсэн нь оновчтой санагдсан шүү?
-ЛЭОС хөдөө орон нутагт салбартай учраас орон нутгийн эмэгтэйчүүдэд хүрч ажиллахдаа илүү юм билээ. Сургалт гэхээсээ эмэгтэйчүүдээ сонсох, бие биенээсээ суралцах боломж олгохыг хичээсэн. Эмэгтэйчүүд манлайлахад ямар сорилт тулгардаг талаар хүн бүр ярьж биенээсээ сурсан. Сонгуульд орохын тулд ядаж мөнгөө яаж бүрдүүлэх талаар бэлэн гарын авлагуудыг National democratic institute-с авч орчуулсан. Тэгээд үр дүнгээрээ Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ “Шийдэлмаа” гэх комик ном хийсэн. Нөр их ажил болсон шүү. Үндсэндээ энэ төсөл миний мастерын диссартацийн ажил байсан. Би түүнийгээ амьтай байлгах үүднээс төсөл болгочихсон юм. “Шийдвэр гаргах түвшинд орон нутгийн эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх” гэсэн сэдэв байсан. Энэ сэдвээ төсөл болгоод Монголд хэрэгжүүлсэн л дээ.
-Дэлхийн олон орны удирдагчдад зөвлөдөг хүний хувьд Монголоо хэр анзаарч байдаг вэ. Монголыг бас зарим судлаачид дүр эсгэсэн ардчилалтай гэж дүгнэдэг?
-Монголыг бусад орнуудтай харьцуулахад их өөр. Ардчилсан системтэй мөртлөө хар тамхи, буу шийдэмдээ тулсан орнуудтай хөгжил ярихад хэцүү.
Эсвэл шашны мөргөлдөөнтэй овог аймгаараа талцаж “зодолддог” улс орнууд байна. Английн колони байсан мөртлөө яагаад суга хөгжөөгүй юм бол гэхээр 3 сая хүнтэй арлын улс ч байдаг.
Монголын ардчилал нийгмийн эволюци гэдэг шиг алгуур удаан ч гэсэн аятайхан яваад байна гэж боддог. Эрх чөлөөгүй станы орнуудыг бодвол манайх эрх чөлөөтэй. Орос, Хятадтай харьцуулвал манайхан дэндүү эрх чөлөөтэй. Төрөө хүссэнээрээ харааж болдог. Ардчилсан нийгэм монголчуудад эрх чөлөө, маш их боломж бололцоо авчирсан. Прогресс нь удаан ч гэсэн боломжийн ардчилсан систем бойжуулж байгаа гэж үздэг. Жил бүр Монголд ирэхэд хөгжиж байгаа нь анзаарагддаг. Гол нь нийгмийн хөгжил алгуур явдаг шүү дээ. Нэг удирдагч улсыг хөгжүүлчих юм шиг. Нэг жилийн дотор манайх хөгжих юм шиг хүлээлт байдаг.
Иргэд хүчтэй шүү. Иргэд өөрсдөө ардчилсан системийг хөгжүүлж байгаа гэдгийг ойлгуулах хэрэгтэй санагддаг юм.
Тэгэхгүй бол төр засаг л юм хийх ёстой гээд нэг талын хүлээлттэй байдаг. Ардчилсан улсын иргэн гэдэг том хүч, иргэдийн дуу хоолой нь хамгийн том зэвсэг шүү дээ.
Засаглалын системд алдаа оноо их байна. Ил тод нээлттэй байж чадахгүй байна. Шийдвэр гаргалт хаалганы цаана явагдаж байна. Хүний нөөцөө олигтой бүрдүүлж чадахгүй байна. Энэ олон төрийн өмчийн байгууллагуудад танил тал нөлөөтэй байна. Тав, арван жилээр улс орныг хөгжлийг төлөвлөөд, хянаж чадаж байна уу? Миний ажигласнаар манайх саяхнаас л хөгжлийн бодлогоо төлөвлөж эхэлж байна. Энэ төлөвлөгөөг хийгээд дэлхийн түвшинд жаахан ч гэсэн нийцүүлээд явж байна. Төр өөртөө реформ хийх гэдэг ямар ч улсад хамгийн сүүлийн сонголт байдаг. Хамгийн хэцүү, нэр хүнд муутай реформ нь төр өөрийгөө засах. Үр хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, гэж явсаар өөрийгөө хамгийн сүүлд тавьдаг шиг засаг хэзээ мөнгөтэй болж өөрийгөө засах вэ.
Төр санхүүгийн системээ засварлахгүй болохоор мөнгө нь гоожиж урсдаг.
Дижитал болгочихвол системын алдааг бүгдийг хянах боломжтой. Гэхдээ дижитал шилжилтэд маш их цаг хугацаа болон мөнгө хөрөнгө ордог. Хуулийн хэрэгжилт дараа нь хяналт явах учиртай. Иргэн төрийн үйчилгээг авахаар хаалга татаад ороход хүлээж аваад, дараагийн ямар хаалга руу явуулах нь процессийн хувьд нэг нэггүй тодорхой байх ёстой. Энэ систем хараахан бүрдэж амжаагүй. Эхлээд цаасан дээр систем бий болсны дараа хэрэгжүүлнэ. Цахим хамгийн сүүлд. Цахимд оруулахын тулд эхлээд бүх процессоо цаасан дээр урлаж байдаг. Энэ хаалганаас ийшээ явна. Энэ шийдвэр ингэж явна гээд маш их цаг хугацаа зарцуулагдах олон реформ бий. Үүнийг эхлүүлсэн улс орнууд реформын үе шатуудаар явдаг. Төрийн санхүүгийн хоёр дахь арван жилийн реформоо Тажикстан улс хийж байна. Тэр нь үр дүнд суурилсан төлөвлөлт болон төсөвлөлтийн реформ. Монгол хийж ч эхлээгүй байна гэхээр хоцорсон гэсэн үг.
Засаглалын реформ дээрээ манайх нэлээд хоцорч яваа. Намууд нь ч институтци болж амжаагүй.
Институтци нь төрөөс үл хамаарсан шийдвэрүүд гаргаж бие даасан байх учиртай. Энд бие даасан байдал байна уу. Ил тод үр ашигтай байна уу. Эрх тэгш шударга, хариуцлагатай зарчмаар ажиллаж байна уу. Хүний нөөц хангалттай байна уу, санхүүгийн хувьд сахилга баттай юу. Эдгээр нь ажиллаагүй бол институтци бүрдээгүй гэж үздэг. Институтци бүрдүүлэхийн тулд хүмүүсээ чадавхжуулах ёстой. Сургалт хийх учиртай. Хүний нөөц мерит зарчимтай байх ёстой. Энэ олон мэргэжлийн ур чадвартай хүн, баг бүрдүүлж, хийх ёстой ажлаа хийх ёстой хүн нь хийж байж институтци бүрдэнэ. Зөвхөн системээрээ л явна. Танил тал хамаагүй, ийм байж л хөгжнө.
Хөгжсөн орны ялгаа систем болон журамдаа, мөн бүх процессоо цахим болгосонд бий.
Баримт шалгалтын төлөв.
Энэхүү мэдээлэлд хиймэл оюун ухаанаар таних боломжтой хуурамч мэдээлэлд илэрдэг аливаа түгээмэл шинж чанар агуулагдаагүй байна.
Ерөнхий Сэнтимент
Тайлбар
Э.Ганзулын амжилттай карьер, боловсрол, эх орондоо хувь нэмэр оруулах хүслийг харуулсан эерэг, урам зоригтой нийтлэл. Уншигчдад урам зориг өгч, бахархал төрүүлнэ. Бодит мэдээлэл өгсөн ярилцлага. Дэлхийн банкны амжилт, олон хэлний мэдлэг, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжсэн байдал нь гол үзүүлэлт. Карьер, нийгмийн хөгжил, засаглал, эмэгтэйчүүдийн оролцоог онцолсон.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигээгүй байна.

Б.Янжмаа
1 followers

Б.Янжмаа
Oct 15, 2025
Э.Ганзул: Тийм ээ, би Засгийн газруудад зөвлөгөө өгдөг ажилтай
Дэлхийн банкинд есөн жил ажилласан Э.Ганзул хэмээх монгол бүсгүйтэй ярилцлаа. Тэрбээр дэлхийгээс Ази руу Азиас Монголоо зорьсон нүүдэл хийж буй. Бага нас, хүсэл мөрөөдөл, алсын хараа энд багтсан. Улс орнуудын удирдагч нарт зөвлөдөг хүн Монголоо хэрхэн дүгнэдэг бол?


Б.Янжмаа
Sep 25, 2025
Г.Занданшатарын Засгийн газрын 100 хоног дахь хүнд хаяглагдсан “мессеж”
Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлнэ хэмээн “үлгэр” ярихын оронд “Хүний хөгжлийн мега төсөл” ярьсан нь арай л бодитой юм даа. Хүний хөгжил ярьсан Ерөнхий сайд хүндээ хандсан юу хийсэн гэдгийг Г.Занданшатарын Засгийн газрын 100 хоногийн босгон дээр эргэцүүлэв.


Б.Янжмаа
Sep 21, 2025
Б.Батчимэг: Эр хүний дусал барагдвал өнгө зүс доройтож, сүр жавхаа, хийморь лундаа буурч, нас богиносдог
Уламжлалт анагаах ухааны их эмч, сэтгэл судлаач Б.Батчимэгтэй хий арвидах үед юуг анхаарах, ямар улиралд хэрхэн хооллох, эр хүний дусал урт наслах, эрүүл мэндэд нь хэрхэн нөлөөлдөг, ад донгийн гаралтай өвчнүүд зэрэг олон сэдвийг хамруулан ярилцлаа.

Pluma -с санал болгосон


Амаржаргал
Aug 16, 2025
Энэтхэгээр аялсан нь 2-р хэсэг
Зузаан гэгчийн телевизороо ханандаа тогтоож яг доор нь мотоциклоо байрлуулжээ. Гэхдээ бас өөр тавилга гэх зүйл ч алга бололтой. Ийм аж байдлын онцлог нь над мэтийн жуулчдад л анзаарч ажиглаж, харж зогсох онцгой үзэгдэл мэт боловч нутгийн иргэдийн хувьд энгийн нэг “зүйл” нь мэдээж.


Цэнд
Jul 22, 2025
Гол, уснаас өөрийгөө хамгаалах “дархлаатай” байя
Гэвч...Усанд эндлээ, усанд урслаа, усанд живлээ гэх мэдээллүүд сэтгэл сэртхийлгэж, сайхныг төсөөлсөн бүхнийг хоромхон зуурт үгүй хийх нь тун ч харамсалтай. Гэр бүлийн хүмүүс, бяцхан “зүрх” гээд нас, насны нийт 17 хүн усанд амиа “өргөж”, уй гашууг дагууллаа. Энэ тоо бол дөрөвхөн өдөрт л тохиолдсон мэдээлэл.


Б.Янжмаа
Sep 21, 2025
Б.Батчимэг: Эр хүний дусал барагдвал өнгө зүс доройтож, сүр жавхаа, хийморь лундаа буурч, нас богиносдог
Уламжлалт анагаах ухааны их эмч, сэтгэл судлаач Б.Батчимэгтэй хий арвидах үед юуг анхаарах, ямар улиралд хэрхэн хооллох, эр хүний дусал урт наслах, эрүүл мэндэд нь хэрхэн нөлөөлдөг, ад донгийн гаралтай өвчнүүд зэрэг олон сэдвийг хамруулан ярилцлаа.


Батцэцэг
Jun 25, 2025
“Танилцаж амжаагүй” түлшний золиос болсон тэдний араас ганц эмгэнэл ч илэрхийлсэнгүй
Төрийн шийдвэрээр зааварчилгаагүй албадан тулгасан түлшийг түлэх явцад амь насаа алдсан тохиолдол бүрт нөхөн төлбөр төлөх ёстой