Зургийн тайлбар: Цагаан дэлийн агуйн ам орчмын 116 га газрыг улсын тусгай хамгаалалтад авсан. Гэвч нийтдээ 5096 га талбайг хамруулж байж агуйг бүрэн хамгаална.
Цагаан дэлийн агуйн аман дээр ирэхэд хамгийн түрүүнд анзаарагдсан зүйл нь ан цав. Хэдэн сая жилийн турш газрын гүнд чимээгүй ургаж ирсэн чулуун тааз өнөөдөр хүний үйл ажиллагаанаас үүдсэн доргилтын өмнө эмзэг болжээ. Бид агуй руу орсонгүй. Амсар дээр нь зогсоод л буцсан. Энд тэсэлгээ бүрийн дараа шинэ ан цав нэмэгдэж байгааг нутгийнхан ярьж байлаа.
Эргэн тойронд жоншны уурхайн овоолго, хүнд даацын ачааны машинууд тоос татуулан өнгөрнө. Тэгэх бүрд газрын гүнд хэдэн мянган жилийн турш бүтсэн нэгэн ертөнц аажмаар ганхаж байж мэднэ.
Дорноговь аймгийн Айраг сумын төвөөс баруун тийш 30-аад км-ийн цаана орших Цагаан дэлийн агуй бол Монголын хамгийн урт, Азийн хэмжээнд ховорт тооцогдох газар доорх мөсөн тогтоцтой . Говийн халуун элсэн дор жилийн дөрвөн улиралд хадгалагддаг мөсөн талст, газрын гүн дэх цэнгэг нуур, судлагдаж дуусаагүй хонгилууд, магадгүй эртний амьтдын үлдэц хадгалсан байгалийн архив гэмээр.
Гэвч агуйг өнөөдөр төр биш, нэгэн малчин айл хамгаалж байна. Тэд бол Л.Баттулгын гэр бүл. Өмнөх нийтлэлдээ уурхайн бүслэлтэд үлдсэн тэр айлын тухай бид өгүүлсэн.
Харин энэ удаа асуулт өөр. Тэд яагаад агуйг хамгаалаад байна вэ?
Судлаачдын тэмдэглэж үлдээснээр 1968 онд хайлуур жонш авч байсан 27 дугаар сувагт дэлбэрэлт хийх үед доргилтоор агуйн ам нээгдсэн гэж үздэг. Жонш олборлолт агуйг хүмүүст анх харуулжээ. Харин өнөөдөр мөнөөх жонш олборлолт агуйн хамгийн том аюул болов. Агуйг жонш нээсэн ч жонш олборлолт сүйтгэж байна. Цагаан дэлийн агуйн хувь заяаны егөөдөл нь энэ.
2002-2010 оны хооронд гар аргаар жонш олборлогчид болон уурхайн компаниудын тэсэлгээнээс болж агуйн ам орчимд нуралт үүссэн. Дотор хананд хагарал гарсан. Таазанд ан цав бий болсон. Агуй орчмын 3687.1 га газар уул уурхайн нөлөөгөөр эвдэрч доройтсон гэж Монголын агуй судлалын холбооны тэргуун, Олон улсын агуй судлалын холбооны гишүүн агсан Доктор Э.Авирмэд, О.Сүхбаатар нарын судалгаанд дурджээ. Биднийг очиход ч шинэ мэт харагдах ан цавууд харагдаж байлаа.
Малчин Л.Баттулга "Бидэнд нэг км-ийн цаанаас тэсэлгээ мэдэгдэж байхад 200 метрийн зайтай байгаа агуйд ямар нөлөө үзүүлэх нь ойлгомжтой шүү дээ" гэж хэлэв.
Уурхайн компаниуд үүнтэй санал нийлдэггүй. Цагаан дэл орчимд гурван ч тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Экилешия” ХХК-ийн төлөөлөл бидэнд “манайх тэсэлгээ хийдэггүй, бусад уурхай тэсэлгээ хийдэг” гэж өөрсдийгөө тайлбарласан. Харин зарим нь одоогийн эвдрэл, ан цавуудыг хуучин “нинжа” нарын олборлолттой холбож ярьдаг. Гэвч нэг зүйл тодорхой. Агуй өнөөдөр урьд өмнөхөөсөө илүү эмзэг болсон. Нурж устахад ойрхон байна.
Говийн хэвлий дэх шинжлэх ухааны лаборатори
Цагаан дэлийн агуйн тухай ярихад хүмүүс эхлээд гүнийг нь асуудаг. Гэхдээ агуйн гүнээс гадна үнэ цэнийг нь илтгэх зүйл олон. Энд говийн халуун цаг агаарт байх “ёсгүй” олон зүйл бий.
Оксфордын их сургууль, Монгол, Орос, Японы судлаачдын хамтарсан багууд хэд хэдэн удаа хэмжилт хийж, агуйн уртыг 1.2 км орчим, олон салаа хонгил, танхим, босоо ам бүхий цогц тогтолцоотой болохыг тогтоожээ. Судлаачдын үзэж буйгаар энэ бол Төв Азийн хуурай бүсэд үлдсэн байгалийн өвөрмөц тогтоц бүхий цорын ганц байж мэдэх агуйн нэг юм.
Зургийн тайлбар: Агуй судлаач Э.Авирмэд, О.Сүхбаатар нарын судалгаанд үндэслэн бүтээсэн Цагаан дэлийн агуйн план зураг.
Агуйн амнаас 55 метрийн гүнд тунгалаг устай жижиг нуур бий. Кальцит, арагонит, анкерит, хайлуур жонш зэрэг эрдсийн өвөрмөц талстууд бий. Олон арван жилийн турш тогтвортой оршсон мөсөн тогтоц, танхимуудтай талаар судлаачид тэмдэглэсэн байна. Эртний амьтдын яс хадгалагдсан хонгилууд нь олборлож зарах жоншноос хавьгүй урт хугацааны үнэ цэнтэй байж болох юм.
Дэлхийн шинжлэх ухаанд ийм газруудыг зөвхөн агуй гэж үздэггүй. Байгаль эхийн хэдэн мянган жилийн турш “хөтөлсөн түүхийн дэвтэр”, газрын доорх “уур амьсгалын лаборатори”, урт хугацааны байгалийн мэдээллийн сан гэж үздэг.
Өөрөөр хэлбэл, Цагаан дэл бол зөвхөн өнөөдрийн Монголын өмч биш. Хүн төрөлхтний мэдлэгийн төв болсон шинжлэх ухааны өмч юм. Говийн бүс нутаг хэдэн зуун жилийн өмнө ямар байсан бэ? Уур амьсгал хэрхэн өөрчлөгдөв? Хуурайшилт ямар хурдаар нэмэгдэв? Наанадаж эдгээр асуултын хариу агуйн мөсөн тогтоцод хадгалагдсан байх боломжтой. Яг л модны цагариг өөртөө өнгөрсөн үеийн мэдээллийг агуулдаг шиг. Гэтэл ийм чухал “говийн мөсөн архив”-ын ирээдүй өнөөдөр тодорхой бус байна. Нэгэнт уствал дахин байгуулах боломжгүй лаборатори.
Үл тоомсорлол
Агуйд яагаад уурхай ингэж аюул учруулах болов гэдгийг бид сурвалжилгынхаа явцад судалсан. Нэг зүйл ил болов. Тэсэлгээнээс илүү том аюул байгаа нь “үл тоомсорлол” юм.
Цагаан дэл орчмын уурхайнуудын Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний тайлангуудыг шүүж үзэхэд Азийн хэмжээний энэ онцгой ач холбогдол бүхий агуйн тухай ганц ч үсэг алга. Ихэнх тайланд нэр нь ч байхгүй. Нөлөөллийн хүчин зүйл гэж тооцоогүй аж. Монголын хамгийн үнэ цэнтэй геологийн өвүүдийн нэг болох Цагаан дэлийн агуй хуулиар заавал тусгах ёстой үнэлгээний баримт бичгүүд дээр “оршдоггүй” байжээ.
Зургийн тайлбар: Агуйн амсар болох 3.6 га талбайг хашаалсан. Агуйгаас 200м-3 км зайд 8 уурхай үйл ажиллагаа явуулж байна
Энэ бол санамсаргүй алдаа биш. Системийн доройтол. “Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан “Монгол Улс соёлын өв, дурсгалт газруудаа бүртгэдэггүй, бүртгэлээ хуваалцдаггүй учраас тэнд лиценз олгосон байна. Агуйг Кадастрын системд бүртгэж авсан, мэддэг байсан бол лиценз олгохгүй шүү дээ” гэж дүгнэв. Тэрбээр “2014 онд Монгол Улс Соёлын өвийн тухай хуультай болсон. Тэр хуулийн дагуу компани тусгай зөвшөөрлөө авахаас өмнө геологийн, археологийн, угсаатны судалгаа хийж, дүгнэлт гаргуулж зөвшөөрөл авдаг. Өөрөөр хэлбэл, эдгээр судалгааг хийсэн бол агуй бичигдсэн байх учиртай. Угсаатны судалгаанд жишээ нь, нөлөөллийн бүсийн айл агуй, овоо хайрхан, нутаг устайгаа хэрхэн харилцаж ирснийг тусгасан байх ёстой” гэж тайлбарлалаа.
Харамсалтай нь, Цагаан дэл дээр энэ хууль журам үйлчилсэнгүй. Хэрэв хэрэгжсэн бол Азийн хэмжээний агуйн тухай үнэлгээний тайлангуудад тусгагдаагүй үлдэх боломжгүй.
ХЭҮК-оос 2026 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатарт явуулсан шаардлагадаа “Цагаан дэлийн агуйн амсар болон хана, шат нурж, хүн орж болохгүй болсон зэрэг нь ашигт малтмал хайх, олборлох зорилгоор газар ухаж, тэсэлгээ хийж, доргилт үүссэнээс нурсан байх магадлал өндөр байна” гээд “агуй орчимд үйл ажиллагаа явуулж буй компаниудын Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг үнэлэх шаардлагатай” гэжээ. Нөлөөллийн үнэлгээ хийдэг компаниуд, түүнийг баталж хүлээн авдаг БОУАӨЯ-ны Мэргэжлийн зөвлөл, Монгол Улсын Тусгай хамгаалалттай газартай ёс зүйн хариуцлага тооцох цаг болжээ.
Гурван удаа хамгаалалтад авсан ч нэг ч удаа хамгаалж чадаагүй
Өнгөрсөн хугацаанд Цагаан дэл агуйг хамгаалах оролдлого огт байгаагүй биш. Харин ч эсрэгээрээ. Төр гурван удаа хамгаалалтад авсан. 2006 онд сум хамгаалалтад авсан. 2011 онд аймаг хамгаалалтдаа авсан. Эцэст нь 2019 онд УИХ-ын 41 дүгээр тогтоолоор Байгалийн дурсгалт газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад авсан. Энэ бүх хугацаанд нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагууд үүний төлөө маш их хүчин чармайлт гаргаж байв.
Гэвч ийн төр хамгаалалтдаа авсан шийдвэр бүр нь уул уурхайн лицензийн өмнө хүчгүйджээ. Учир нь лицензүүд аль хэдийнээ олгогдчихсон байв. Ордын эргэн тойрон дахь тусгай зөвшөөрлүүдийн ихэнхийг 2002-2012 онд олгожээ. Төр эхлээд лиценз олгож, дараа нь агуйн үнэ цэнийг гадарладаг болж. Тэгээд хамгаалах гэж оролдсон нь энэ.
Н.Баярсайхан “Нэгэнт лиценз олгосны дараа хамгаалалтад авах шийдвэр гаргасан тул одоо хамгаалахад хэцүү болоод байгаа юм” гэлээ. Хэрэв Л.Баттулгын гэр бүл нүүсэн бол агуйн хувь заяа өнөөдрийнхөөс өөр байх байсан. Агуйн дэргэд өдөр бүр очиж хардаг, тэсэлгээг нь тоолдог, зөрчлийг нь мэдээлдэг “нийтийн харуул” хүн үлдэхгүй байх байв. Цагаан дэлийн агуйг төр гурвантаа хамгаалалтдаа авсан боловч өнөөдөр ганц айл л амьжиргаагаараа, амь насаараа, нэр төрөөрөө дэнчин тавин манаж байна.
Харин одоо төр агуйг хамгаалахын тулд компаниудад нөхөн олговор өгөх асуудал хөндөгдөж байна. Монгол Улс өөрийн гаргасан алдааны “төлөөс”-ийг өндөр үнээр төлөх нөхцөл үүсчээ. Төр, компани хоёр энэ асуудлыг шийдэх хүртэл дахиад хэдий хэр хугацаа өнгөрөх нь тодорхойгүй. Харин тэсэлгээ үргэлжилсээр, агуйд ан цав гарсаар л байх нь.
2020 онд Австралийн Пилбара мужид орших 46 мянган жилийн настай Жуукан Горжийн агуйг “Рио Тинто” компанийн тэсэлгээ устгаж, дэлхий даяар шуугиан тарьсан. Австралийн Сенатаас шалгалт хийсэн. Компанийн удирдлагууд огцорсон. Өчнөөн тэрбум ам.долларын торгуульд унасан. Энэ бол соёлын өвийн эсрэг үйлдсэн уул уурхайн гэмт үйлдлүүдийн хамгийн том дуулиануудын тун саяхны жишээ.
Оксфордын их сургуулийн антропологич Ариел Ахерны хэлснээр өнөөдөр дэлхий дээр ийм алдаа давтагдах нь ховор болжээ. Орчин үеийн уул уурхайн төслүүд эхлэхээсээ өмнө эрсдэлийн үнэлгээ хийдэг болсон аж. Соёлын өвийг бүртгэж, орон нутгийн иргэдтэй зөвлөлддөг гэдгийг хэллээ. Харин Цагаан дэл дээр энэ бүхэн бүрэн хийгдээгүй байна.
Доктор Ариел "Агуй хамгаалалтад орсон мөртөө хамгаалагдахгүй байгаа нь үнэхээр гайхмаар" гэж хэлэв.
Айраг сумынхны зардлаар Азийн өвийг хамгаалах уу?
Айраг сумын Засаг дарга С.Ганбаатар Цагаан дэлийн агуйн хамгаалалтыг сайжруулж, тордвол ирээдүйд аялал жуулчлалын зориулалтаар хөгжүүлэх боломжтой гэж үзэж байна. Харин тус агуйг Улсын тусгай хамгаалалтад авахад идэвхтэй хөөцөлдсөн орон нутгийн иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл Л.Лхагва “Төр хосгүй гайхамшигт газар гэж нэрлээд хүмүүс татаад аялал жуулчлал хөгжүүлнэ гэж бодоод байх шиг. Үүнээс урьдаар хариуцлагагүй уул уурхайгаас хамгаалах ажлаа яаралтай хийх учиртай. Улсын тусгай хамгаалалтад оруулахын төлөө бид их явсан. Энэ бол байгалийн биет соёл, судлагдаагүй, гайхамшигтай ховор газар. Агуйн хамгаалалтын хилийг тэлэх хэрэгтэй. Уул уурхай бол том техниктэй, маш их даац эзэлдэг салбар. Газар доогуур нөлөөлөл нь явж байгаа” гэж ярилаа.
Доктор Э.Авирмэд, О.Сүхбаатар нарын судалгаатай танилцсаны дараа яагаад энэ хосгүй байгалийн өвийг хайрлаж, хамгаалах судалгааны төлөвлөгөөгүй, агуйн дотоод орчин, мөсний өөрчлөлт, тэсэлгээнээс үүдсэн доргилт зэргийг хэмжих байнгын мониторингийн байгууламжгүй байгааг нь гайхав. Зайлуул орон нутаг, иргэний нийгмийнхэн өөрсдийн зардлаар агуйн температур, агаарын чийгшил, усны найрлага, мөсний хэмжээ, хөрс, ургамлыг нь мэргэжлийн судлаачдаар судлуулсан байна. Энэ бахархах зүйл биш. Харин эмгэнэл юм. Хөгжингүй орнуудад бол аль хэдийнээ үндэсний хэмжээний судалгааны төв байгуулж, ЮНЕСКО-д бүртгүүлсэн байгаа. Харин Монголд л сумынхны төсвөөр хамгаалах гэж оролддог, хааяа нэг хүн очиж зураг авдаг, хажууд нь харж манаж байгаа айлаа ад үздэг юм байна.
Зургийн тайлбар: Сумын санаачилгаар 6 дугаар сарын 17-оос хэмжилт судалгааны “5D World” ХХК, ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах 09 дүгээр анги хамтран Цагаан дэлийн агуйд хэмжилт, судалгааны ажил хийж эхэлжээ.
Хэдий Цагаан дэл агуй Айраг суманд байрладаг ч үнэ цэн нь тив дэлхийн хэмжээнд, цаг хугацааны хувьд хэдэн сая жилээр хэмжигдэж байна. Египет Пирамидаараа, Вьетнам Сон Дунг агуйгаараа сая сая жуулчид татаж, орлого олдог. Харин Австрали Жуукан Горжийн агуйгаа сүйтгүүлснийхээ дараа үндэсний хэмжээнд хяналт шалгалт явуулсан. Харин Монгол Цагаан дэл агуйгаа хамгаалах уу, устгуулах уу гэдгээ “шийдээгүй” явна. Уг нь ийм газруудыг сум, аймаг биш төр бодлогоороо хамгаалдаг. Яагаад гэвэл, хүн төрөлхтний өв учраас.
Хариуцлагатай уул уурхай хамгаалдаг
Цагаан дэл агуйн тухай энэ маргаан магадгүй Монголын эдийн засгийг авч явдаг уул уурхайн эсрэг мэт санагдах байх. Гэвч олон улсын шилдэг туршлагууд өөр байдаг. Хариуцлагатай уурхай мод тарьдаг, нөхөн сэргээдэг, хариуцлагатай олборлолт сүйтгэдэггүй харин хамгаалдаг. Австрали дахь Жуукан Горжийн агуйг устгасны дараа ч дэлхийн уул уурхайн салбар том сургамж авсан байдаг.
Ийм жишээг холоос хайх хэрэггүй билээ. Өмнөговь аймгийн Манлай суманд байдаг “Шар цав” үлэг гүрвэлийн мөрт газрыг ЮНЕСКО-ийн байгалийн өвд бүртгүүлэхийн тулд түүнийг судлах, хамгаалах, олон улсад таниулах ажилд “Оюу толгой” ХХК эрдэмтэдтэй хамтран томоохон дэмжлэг үзүүлж ирсэн. Оксфордын их сургуулийн доктор Ариел Ахерн “Олон улсад ингэж агуй нураасан жишээ бараг байхгүй. 70-аад жилийн өмнө бол байсан. Харин одоо бол уул уурхайн ямар ч төсөл хэрэгжүүлэхээсээ өмнө эрсдэл нь юу вэ гэдгийг тооцдог болсон” гэж ярилаа.
Хүн мэдэхгүй зүйлдээ дайсан гэж үг бий. Агуйгаа гүйцэт судлаагүй, үнэ цэнийг нь ойлгоогүйгээс бид хамгаалж чадахгүй байгаа юм биш биз! Ерөөсөө агуйг хамгаалах хамгийн эхний ажил бол судалгаа юм. Монголчуудын, говь нутгийнхны түүх, археологи, геологи, угсаатан, малчдын аж ахуй гээд олон зүйлтэй энэ агуй холбоотой. Судалгааны үр дүн Монголоос хальж дэлхийн дайд зэргэцэхийг үгүйсгэхгүй.
Агуйн хувь заяаг ийн хөндөх нь уул уурхайн компаниудыг ад үзэж, үйл ажиллагааг нь зогсоохын тулд биш юм. Харин Монгол Улс үнэ цэнтэй өвүүдээ хөгжлийн бодлоготойгоо хэрхэн уялдуулахаа анхаарах, арга хэмжээ авах, үйлдэл хийх цаг болсны тод жишээ. Жоншны уурхай хэдэн 10 жил ажиллах байх. Компаниуд нь татвараа төлж, орон нутгийн төсөвт хувь нэмрээ оруулах нь гарцаагүй. Харин Цагаан дэл агуй, мөсөн архив нь, соёлын дурсгал нь, аялал жуулчлалын үнэ цэн нь хэдэн зуун жилийн турш Монголд үлдэх боломжтой билээ.
Эцэст нь, Л.Баттулга, Б.Амгаланбаяр нар агуйг хамгаалж буй учир нь тодорхой. Энэ нутгийн тухай санах ойг хамгаалж буй юм. Өмнө нь энд олон айл байсныг тэд мэднэ. Агуйд малчид мах сүүгээ зуны цагт тавьдаг, говийн хүүхдүүдийн сэрүүцэх газар нь байсныг тэд мэднэ. Б.Амгаланбаяр “Үр хүүхдүүддээ агуйгаа энэ чигээр нь үлдээхсэн, зорьж ирсэн хүмүүст бүрэн бүтнээр нь үзүүлэх юмсан гэж боддог” гэв. Төр хамгаалах ёстой байсан агуйг хамгаалах хүн үлдээгүй учраас тэд үлдсэн. Газрын зураг дээр бол агуй цэг шиг харагдах байх, уурхайнханд тэсэлж дэлбэлж болдог хад чулуунаас өөрцгүй харагдах байх. Харин энэ нутагт өссөн хүмүүсийн хувьд амьдралынх нь нэг хэсэг. Эрдэм мэдлэг, шинжлэх ухааныг дээдэлдэг хүмүүсийн хувьд асар хол цаг хугацаагаар аялах мэдлэгийн ертөнц юм.
Овоо, Агуй, Малчин гурав нийлж энэ нутгийн соёлын газрын зургийг бүтээсэн. Энэ газрын зураг дээр өнөөдөр уурхайн лицензүүд нэмэгджээ. Харин алсдаа энд юу үлдэхийг төр мэдтүгэй!
Үргэлжлэл бий...